ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Өдрийн сонины дугаарт
2017.03.20 11:03

З.Нарантуяа: “Хуралдай” бондын нөхцөл санхүүгийн үр ашгийн хувьд өмнөхөөсөө ашиггүй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотголыг хэлэлцэхгүй болж. Хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна. Евро бондын эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн хэмээн тайвширчихав уу гэж ойлголоо. Та харин ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд төсвийн тодотголыг өргөн барина хэмээн мэдэгдэж байсан ч одоогоор өргөн бариагүй байна. Төсвийн тодотголоо өргөн бариагүй тул ээлжит бус чуулган зарлагдсангүй. Гишүүд ээлжит бус чуулган зарлагдана гэсэн хүлээлттэй байсан ч МаН-ын бүлгийн даргын хэлснээр төсвийн тодотголыг энэ сард хэлэлцэхгүй нь ойлгомжтой боллоо. Тиймээс хаврын чуулганд шилжиж байх шиг байна.

-Эдийн засаг ийм хүнд байхад хугацаа хожих нь эдийн засагтаа л нэмэртэй баймаарсан. Бондын эргэн төлөлтийн асуудлыг өөр бонд босгох замаар шийдсэн нь алгуурлах шалтгаан болох уу?

-Ямар шалтгаанаар төсвийн тодотголоо өргөн бариагүйг мэдэхгүй. Цаана нь өөр учир шалтгаан байх шиг байна. Евро бондын эргэн төлөлтийн нөхцлийг өөр бондоор сольсон нь бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Төлбөрийн тэнцлийн болон төсвийн алдагдал байсаар байгаа тул алдагдлыг нөхөх хувилбарыг шийдэлгүйгээр цаашид эдийн засгаа сэргээх талаар ярих ямар ч боломжгүй. Тиймээс Засгийн газар төсвийн тодотголоо яаралтай өргөн барьж хаврын чуулганы эхний өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх байх гэж найдаж байгаа. -Өнгөрөгч долоо хоногт та болон танай бүлгийн зарим гишүүд ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакертай уулзсан. ОУВС-гийн төлөөлөгч уулзалтын үед ямар байр суурь илэрхийлсэн бэ. Хэдийгээр хөтөлбөрт хамрагдана гэдгээ тохирсон ч төсвийн тодотголоо заавал хийх ёстой гэдгийг хэлж байсан л даа?

-ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлыг дөрөвдүгээр сарын 10-нд хуралдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хурлаас тав хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар нэгдүгээрт, 2017 оны төсвийн тодотгол, дагалдах хуулиудаа баталсан байх, хоёрдугаарт, банкуудын үйл үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт гаргах аудитын байгууллагаа сонгосон байх, гуравдугаарт, Монголбанк төсвийн шинжтэй аливаа санхүүжилтийг гаргахгүй гэдэг баталгаагаа гаргаж, хөтөлбөрт хамрагдах хүсэлт захиагаа Засгийн газарт хүргүүлсэн байх тохиролцоотой гэдгийг хэлсэн. Тиймээс цаг хугацааны хувьд нилээд шахуу болсон байна.

-ОУВС-гийн төлөөлөгчөөс танай бүлгийн гишүүд ямар зүйлсийг илүүтэй сонирхов. ОУВС-гийн суурин төлөөлөгч юу гэж байх юм?

-Хөтөлбөрийн нөхцлийн хувьд Сангийн сайд мэдээлсэн. 440 сая ам.долларыг шууд Монголбанкинд байршуулж төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж байгаа нь зөв гэж бодож байна. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ, Япон улсын засгийн газрын өгөх гурван тэрбум ам.долларын заримаар нь төсвийн алдагдлыг нөхөж, дотоодын өртөг өндөртэй Засгийн газрын бондын хүүгийн төлбөрийг бууруулж байгаа нь яах аргагүй хийх ёстой зүйл.

Харин Солонгос, Японы эх үүсвэрээр тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэж тохиролцож байгаа хэдий ч ямар төсөл гэдгээ тодруулаагүй, Засгийн газрын түвшинд шийдвэрлэнэ гэж байгаад АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Эдийн засгийн хувьд үр ашигтай, экспортын орлогыг нэмэгдүүлэх зөв төслийг сонгох нөхцлийг хөтөлбөртөө тодорхой тусгаж өгөхийг хүссэн.

Мөн ОУВС төсвийн хэмнэлтийн тал дээр бага анхаарсаныг асууж тодруулсан. Тухайлбал, төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулах, бүтцийн өөрчлөлт хийх талаар хөтөлбөрт огт тусгагдаагүй. Эсрэгээрээ нийгмийн халамжийн зардлыг хэвээр хадгалж, татваруудыг нэмж байгаагийн учир шалтгааны талаар харилцан ярилцсан.

Ерөнхийдөө валютын сангийн хөтөлбөрийн үр дүнг дүгнэж харвал Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд эрүүлжүүлэх суурь өөрчлөлтүүдэд бага анхаарч, ойрын хугацааны гал унтраах тал руу илүү анхаарсан харагдаж байгааг хэлсэн.

АН-ын бүлэг ОУВС-ийн хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж байгаа хэдий ч хэд хэдэн зүйл дээр илүү үр дүнд хүргэх хувилбаруудыг анхаарч үзэхийг санал болгосон. Жишээлбэл, урсгал зардлыг танаж, хэмнэхгүйгээр хөрөнгө оруулалтын зардлыг царцааж байгаа нь дунд, урт хугацаанд эдийн засгийг боомилох муу талтай. Тиймээс дэд сайдууд, Засаг дарга нарын орлогчид, бүтцийн хувьд нийлүүлж болох агентлагуудын зарим удирдлагууд, сангууд гээд урсгал зардал их гаргаж байгаа үйл ажиллагаа, хөрөнгийн зардлуудыг танах нь оновчтой бодлого болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн сонгуулиар амласан амлалтуудыг хэрэгжүүлэхээр хийгдэж байгаа нийгмийн халамжийн санхүүжилтүүдийг түр зогсоож, нөхцөл байдал сайжрахын хирээр хэрэгжүүлэх боломж байгаа. Хамгийн гол нь ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, амьжиргааны өнөөдрийн хүрсэн түвшинг аль болох бууруулж, муутгахгүйгээр бусад боломж нөөцөө ашиглахыг хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас шаардах нь зөв юм.

-Евро бондын эргэн төлөлтийг “Хуралдай” бондоор солих нь хэр зөв шийдэл вэ?

-Тулсан төлбөрөөс гарч, нэг удаадаа амьсгаа авч байгаа нь сайн ч яг эдийн засаг, санхүүгийн үр ашигтай байдал талаасаа ашиггүй хувилбар. Учир нь 100, 200 сая ам.долларыг нь ч гэсэн дотоод боломжоосоо төлөөд үлдсэн дүн дээр нь шинэ бонд гаргасан бол ашигтай байх байсан. Хүүгийн зардлын хувьд өмнөхөөсөө дордсон. Өмнө нь бондын жилийн хүү 5.5 хувь байсан бол энэ бондын хүү 7.7хувь болсон. Энэ бондын эргэн төлөлт 2024 онд хийгдэнэ. Нэг үгээр хэлбэл, энэ Засгийн газрын үед амсхийх боломж ч дараагийн Засийн газрын хувьд өрийн хэмжээ тэр хэвээрээ л үлдэж байна.

-Эдийн засаг хямралтай байгаа энэ үед татваруудыг нэмэх нь хэр оновчтой шийдэл вэ. Хувийн хэвшлийнхэн ихээр хаалга барьж байгаа үед дарамт болно гэж харах хүмүүс нэлээд байна?

-Татвар тус бүр дээр ярих нь илүү оновчтой байх. Төсвийн нийт орлогын хувьд татварын болон татварын бус аль аль бааз сууриа нэмэх шаардлагатай байгаа. Зарим төрлүүдийн татварыг нэмэх боломжтой. Гэхдээ тухайн төрлийн татварыг нэмсэнээр хэдэн хүнийг хамрах вэ, татвар төлөх боломжтой хүмүүст татвар тавьж байна уу, боломжгүй хүмүүс дээр нэмэлт дарамт болох гэж байна уу гэдгийг сайн тооцоолж үзэх хэрэгтэй. Жижиг хадгаламж эзэмшигчдийн хувьд татвар төлөх хүнд байх. Бензин, шатахууны импортын татварыг нэмлээ гэхэд шууд утгаараа тээврийн зардал дээр нэмэгдэнэ. Тиймээс шатахууны импортын татвар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг шууд нэмэгдүүлдэг тул өнөөдрийн нөхцөлд нэмэр болохоосоо илүү дарамт болж очно. Хөдөлгүүрийн багтаамж өндөр авто машинуудын татварыг нэмэхэд болно гэх мэт Засгийн газраас төсвийн тодотгол, дагалдаж батлагдах татварын хуулиудын төсөл өргөн баригдаагүй байна. Өргөн баригдсаны дараа нь сайтар судалж байж АН байр сууриа илэрхийлэх болно.

-Төсвийн хэмнэлтийн талаар?

-Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулна гэж ярьж байгаа Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа. Гэсэн ч ярьж байгаа шигээ бодит байдалд хэмнэлтийг дорвитой хийгдэж байна уу гэвэл үгүй. Шилэн дансаа ч хөтлөхөө байсан. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавиад гурван сар болж байна. Таг чиг л байх юм. Хаврын чуулган эхлээд сайдуудын төсвийн зарцуулалтын явц байдлын тайланг Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцүүлнэ гэж төлөвлөж байгаа.

-Эдийн засаг хүнд байгаа ч нүүрсний үнэ нэмэгдсэн гээд сайн мэдээ дуулдах л юм. Эдийн засагт эерэг үр дүнгүүд хэр ажиглагдаж байна вэ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн гээд байгаа шүү дээ?

-Нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед тэдгээрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх бодит боломжоо ашиглаж чадвал их хэрэгтэй байна. Энэ чиглэлийн төслүүдийг хөдөлгөх хувилбар дээрээ бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж чадвал цаг хожино. 2017 оны төсвийг батлахдаа таван том төслийг хөдөлгөн эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэж тооцсон. Гэвч Сангийн сайдын хэлснээр Гацууртын орд хөдөлж, бусад нь хөдлөхөөргүй болж байх шиг байна. Энэ Засгийн газрын хамгийн чухал ажил боловч ахихгүй байгаа нь харамсалтай.

-Сангийн сайдын хэлснээр төрийн албаны данхар бүтцийг багасгах шийдэл нь боловсрол, эрүүл мэнд, онцгой, цагдаагийн алба хаагчдаас хоёр хүн тэтгэвэрт гарахад оронд нь нэг хүн ажилд авах, бусад салбаруудаас тэтгэвэрт гарахад хүн ажилд авахгүй байхаар болсон байна лээ...

-Энэ хувилбарыг дэмжиж байгаа. Гэхдээ хэлбэрийн төдий биш чанарын хувьд төрийн албанд бүтцийн өөрчлөлт хэрэгтэй байгааг илүү анхаарвал сайн. Жилд хэдэн хүн тэтгэвэрт гардаг, тухайлбал 2017-2020 онд тэтгэвэрт гарах хүн хэд вэ, хоёр хүний оронд нэг хүн эргүүлж авахад хэдэн жилийн дараа төрийн алба байх ёстой хэмжээндээ хүрч очих вэ гэдэг тооцоонд суурилж бодох хэрэгтэй. Эрх баригч намынхан маань төрийн албанд сүүлийн дөрвөн жил 40-өөд мянган илүүдэл хүн шургалсан гэж улс төр хийх дуртай. Тэгвэл хөтөлбөрийн үр дүнд 40 мянган илүү орон тоо хэмнэгдсэн байх ёстой болноо доо.

-Төсвийн тодотголыг харж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийг угтчихав уу гэж хардаж болохоор байна. Учир нь халамжийн чиглэлийн мөнгөнүүдээ танаагүй байж нэмээд халамж өгч эхэлсэн байна л даа?

-Хардлага биш. Улс төр ойлгодог хүн бүр үүнийг тэгж харж байгаа. Тиймээс төсвийн тодотголоо хурдан хийж, эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого руугаа шууд орчихож чадахгүй байна. Сонгуулийн үр дүнг бодолгүй Сангийн сайдын хэлсэнчлэн улсаа нэгдүгээрт тавьж чадах байхаа гэж найдаж байна.

-Засгийн газар байгуулагдаад хагас жилээс хавьгүй их хугацааг үдсэн байна. Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Би Засгийн газрыг удаан ажиллаж байна гэж их шүүмжилдэг. Харин сүүлийн үед энэ бодол өөрчлөгдөж байгаа. Засаг нь ажиллах гээд зүтгэж байхад бүлэг нь дэмжихгүй унагаж буй олон асуудал гарлаа. Сая л гэхэд Сангийн сайд төсвийн тодотгол бэлэн, Засгийн газар дэмжсэн, одоо УИХ-ын асуудал гэсэн боловч чуулган зарлагдсангүй. Тиймээс асуудал Засгийн газартаа биш бүлэгтээ байгаа юм уу гэсэн бодол төрөх болсон.

-Гэхдээ процесс өмнөх Засгийн газар, парламентиудын үед байсан л асуудал. Үүнийг шийдэх гарц нь юу вэ?

-Үндсэн хуулиар л шийднэ. Хоёр гурван асуудлын хүрээнд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. Ялангуяа Засгийн газрын эрх мэдэл, Гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж чадах чадамжийн хувьд үндсэн хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох нь чухал байна.

-Ардчилсан намын шинэчлэл явагдаж байна. Намынхаа тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Ардчилсан намынхны хувьд нэгдэж чадаж байна уу?

-Намын гишүүд намын үзэл баримтлал, үнэт зүйлийг тойрч ярилцдаг, олон ургальч үзэлтэй байх нь зөв. Гэхдээ нам бүхэлдээ нэг л байгууллага тул эцсийн бодлого, шийдвэр дээрээ нэгдмэл байр суурьтай байж, зангидагдаж байх учиртай. Намыг дэмжигчид намаас гаргасан эцсийн шийдвэрийг л дэмжиж, сонгуульд саналаа өгдөг. Гэтэл манай намынханы хувьд зангидагдаж чаддаггүй нэг том дутагдал байна. Энэ дутагдал одоо ч ажиглагдаж байна. Өөр өөрийнхөөрөө зүтгэж, бие биедээ тулган шаардлага хүргүүлсэнээр хэн ч хожихгүй, эв нэгдэлгүй, удирдлага зохион байгуулалт муутай нам болгож харагдуулж байна. Ялангуяа дотоод асуудлаа нийгмийн дунд шууд л гаргаж, маргалдсаар нэрээ барж ялагдсан. Зөрчлөө намынхаа тогоон дотроо шийддэг соёл, журамд шилжиж, цаг үедээ тохирсон байдлаар шинэчлэлээ эрчимжүүлэхэд ялангуяа намын нэрийн өмнөөс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, энэ намын нүүр царай болж байсан хүмүүс маань илүүтэй анхаарч, манлайлж, намын удирдлагаа тойрч ажиллаасай гэж уриалмаар байна. Улс төрийн том намын хувьд их ялагдлын дараа намын удирдлагуудаа тойрч ажиллах цаг гэдгийг л ойлговол шинэчлэл шуурхай, үр дүнтэй явагдана. Жирийн гишүүд бидний хувьд намынхаа шинэчлэлд итгэл дүүрэн байгаа.

-Ардчилсан намынхан дотоод сонгуульд нэр дэвшигчдээсээ мөнгө авч эхэллээ хэмээн шуугиж эхэллээ. МАН-ын 60 тэрбум шиг 10 тэрбумыг босгох ажилдаа орлоо гэж шүүмжилж байгаа дээр ямар бодолтой байгаа вэ?

-Намын дотоод сонгуулийн явуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Ямар нэгэн байдлаар сонгуульт албан тушаалд нэр дэвшиж байгаа хүмүүс тодорхой хэмжээний дэнчин тавьж сонгуулийг санхүүжүүлэхгүйгээр ялагдсан намыг дэмжих хандивлагч нар олдохгүй.

Харин дэнчингийн хэмжээ тохирсон хэмжээ мөн үү гэдгийг тооцоон дээр суурилж, дотоод сонгуулийн хороо эргэж харах байх. Намын бүх гишүүдийн татвар гэхэд 268-хан сая л болох учраас сонгууль явуулахад хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Бие биенээ буруутгах өнцгөөс нь биш харилцан ойлголцох талаас нь асуудалд хандвал шийдлийн гарц байгааг дэнчинг эсэргүүцдэг талынхан маань ойлгоосой гэж хүсч байна.


Онцлох нийтлэлүүд