ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.11.19 05:11

З.Энхболдын бусад намуудтай хамтарч ажиллах уриалгын тухай

УИХ-ын дарга, З.Энхболд АН-ын дарга болсон даруйдаа Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг дэмжих талаар УИХ-д суудалтай бусад нам, эвслүүдтэй хамтарч ажиллах урилга хүргүүлэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн даваа гаригт Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход дэмжээрэй гэсэн албан тоотыг Монгол Ардын нам, "МАХН-МҮАН-ын Шударга ёс" эвсэл, Иргэний зориг Ногоон намд явуулсан байна.

Үүний хариуд Иргэний зориг Ногоон нам Ч.Сайханбилэгийг дэмжих хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн бол МАН өнөөдөр Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Харин "МАХН-МҮАН-ын Шударга ёс" эвслийн бүлэг одоогоор албан ёсны хариугаа өгөөгүй байгаа ажээ.

Намын дарга З.Энхболд ийнхүү бусад нам, эвслүүдэд албан тоот явуулсан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 33.2-т заасны дагуу буюу "Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах" гэсэн заалтыг үндэслэжээ.

Онцлох нийтлэлүүд