Нийгэм
2014.05.11 01:05

З.Энхболд: Манай улс мод тарих үндэсний өдөртэй дэлхийн 33 дахь орон

УИХ-ын дарга З.Энхболд бүх нийтээр мод тарих өдрөөр ойжуулах, байгаль дэлхийг ногооруулах үйл хэрэгт хувь нэмэр оруулсан, орон даяар энэ хөдөлгөөнд нэгдэн ажиллаж байгаа нийт иргэд, байгууллагуудад талархал илэрхийллээ.
Түүний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн нутаг “Элстэй” хэмээх газар мод тарив.

Тэрээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон бусад албаны хүмүүс, “Эко Ази” дээд  сургуулийн 20 гаруй оюутан, ШУТИС-ийн 140 гаруй оюутан, Ногоон Ази төрийн бус байгууллагын төлөөллүүд мод тарих арга хэмжээнд оролцов.
Тэрээр “Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 8.3 хувийг ойн сан эзэлдэг гэсэн тоо байгаа ч жил ирэх бүр багасаж байна. Цөлжилт нийт нутгийн 60 хувийг хамарч байгаа төдийгүй цаашид өсч 90 хувьд ч хүрч болзошгүйг судлаачид анхааруулж байна.
Тиймээс бид мод тарих ажлыг бүх нийтийн үйлс болгон идэвхтэй өрнүүлэх зайлшгүй шаардлагатай. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш иргэд, байгууллагууд мод тарих ажлыг жил бүр идэвхтэй өрнүүлж байгаа ч ойжуулах ажлын үр дүн нүдэнд харагдахуйц хэмжээнд хүрч чадаагүй хэвээр байна.
Мод тарих, арчлан ургуулах талаарх арга туршлага, менежментийн чадавхи сул байгаа нь үүний нэг шалтгаан болж байна. Мод тарих ажлыг тасралтгүй явуулж байгаа Сэрдарам багштай “Миний клуб” нэртэй оюутан залуучуудын онлайн клубт талархал илэрхийлье.
Монгол Улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь улс.
 Бидний тарьсан мод хэдэн тэрбумаар тоологдохуйц болж эх болсон тал нутаг маань өвч бүрэн ногоон хүрэмтэй болох болтугай

Онцлох нийтлэлүүд