ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.11.15 11:11

З.Энхболд: Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингисийн одонг Н.Түвшинбаярт хүртээхээр шийдвэрлэлээ

11 сарын 19-н буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр Чингис хаан одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу явагдах болно хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг Монгол Улсын анхны олимпийн аварга, олимпийн хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээхээр шийдвэрлэснийг та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэлсэн юм.

Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон дахь хүүхэд болон мэндэлжээ. 2002 онд өсвөрийн үндэсний бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон.
Булган аймгийн 10 жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Аварга" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхэлжээ. 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд 100 кг жинд барилддаг болсон бөгөөд 2007 онд Эль-Кувейтын ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Мөн оны намар Бээжингийн зуны Олимпийн наадaмд таван учраагаа ялж, Монголын түүхэнд анхны алтан медалийг авчирсан билээ. Хамгийн сүүлд буюу энэ онд "Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ -ний +100 кг жинд барилдаж хүрэл медалийн эзэн болсон юм.

Олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсний дараа буюу 2008 оны 8 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн билээ.

Онцлох нийтлэлүүд