ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.23 11:05

“Изинис Эйрвэйз” компанийн үйл ажиллагаа гурван жилийн өмнөөс доголджээ

-Э.Зоригт: Хамт олноосоо, үйлчлүүлэгчдээсээ дахин дахин уучлал хүсье-

Орон нутагт нислэг хийдэг “Изинис Эйрвэйз” компани өчигдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зог­соолоо. Уг компаниас гар­гасан мэдэгдэлд үйл ажил­лагаагаа зогсоох болсон шалт­гаанаа “Компанийн санхүү­гийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэжээ. Мөн үйлчлүүлэгч, ажилтнуудаасаа албан ёсоор уучлал хүссэн байсан.
“Изинис Эйрвэйз” компа­нийн мэдэгдэл өчигдөр үдээс өмнө гарсан. Биднийг үдээс хойш тийз захиалгын төвд нь очиход үйлчлүүлэгчид нэлээд бухимдалтай байсан. Тус компани өнгөрсөн сарын 1-нээс “Аз дагуулсан хямдрал” аян зарлаж Мөрөн, Чойбалсан, Өлгий, Улаангом чиглэлийн тийзийн үнээ хямдруулаад байсан юм. Хямдралтай үнээр тийз бичүүлсэн зорчигчид асуудлаа шийдүүлэхээр эхнээсээ ирсэн байв. Мэдэгдэлд дурьдсанаар тийз бичүүлсэн зорчигчдод хүндрэл учруулахгүйгээр орон нутагт нислэг үйлддэг хоёр авиа компани руу тийз шилжүүлэх байдлаар зохицуулна гэж байсан. Харин үйлчилгээний ажилтан “”Аеро Монголиа” компани зорчигч шилжүүлэх хүсэлтийг маань хүлээж авсангүй. Тиймээс мөнгөө буцааж авахаас өөр сонголт байхгүй” гэдэг хариултыг үйлчлүүлэгчдэдээ өгч байв. Үүнээс болж үйлчлүүлэгчид “Товлосон ажлаа яах билээ. “Аеро Монголиа” компанид тийз байхгүй гэдэг хариултыг хэлж байна. Мөн үнийн зөрүүг яах уу. Ингэж үйлчлүүлэгчээ хохироож болохгүй. Дампуурах байсан бол тийз захиалга авахгүй байх ёстой байсан юм” гэх мэтээр бухимдацгааж байв. Гэвч маргаашнаас ажилгүй болох гэж байгаа үйлчилгээний ажилтанд бу­химд­лаа илэрхийлээд байх зориг үйлчлүүлэгчдэд байхгүй байгаа нь ажиглагдсан. Учир нь тэнд байгаа ажилтнууд ч яахаа мэдэхгүй байгаа нь царайнаас нь харагдсан. “Уучлаарай. Бидэнд ч хэлэх үг алга. Ийм л юм болчихлоо. Мөнгөө л ав гэж хэлж байгаадаа уучлал хүсч байна” гэхээс өөрийг хэлэхгүй юм. Илүү их зүйл ярих тэнхэл ч тэдэнд байхгүй байгаа бололтой. Танхим тэр чигээрээ нам гүм, тун эвгүй байв. Ийм байдалтай газарт очсон үйлчлүүлэгч ч аядуухан болчих янзтай. Дэмий л хамаатан садан руугаа утас цохиж “Явах маань бүтэхээргүй болчихлоо. Тийз олдохгүй янзтай. Мөнгөө авахаас өөр аргагүй гэнэ” гэхчлэн ярина. Дараа нь мөнгөө буцааж аваад орон нутагт нислэг үйлддэг өөр компанийн тийз захиалгын төв рүү яаран явж байгаа нь харагдсан. Үйлчилгээний ажилтнуудын утас ч тасралтгүй дуугарна. “Харин тийм ээ, өнөөдөр дуудагдаж ирээд л мэдлээ. Сайтуудаар гарчихсан байна уу. Энэ долоо хоногт тийзээ буцааж дуусгаад учраа олно доо. Яахаа мэдэхгүй л байна” гэх зэргээр хэн нэгэнтэй утсаар ярьцгаах аж. Мөн албаных нь утас тасралтгүй дуугарна. “Та ирээд билетээ буцааж, мөнгөө авах боломжтой. Энэ долоо хоногт амжаад ирээрэй” гэх үгийг дуу султай хэлээд утсаа тавих юм, үйлчилгээний ажилтнууд.
“Изинис Эйрвэйз” компани нь Ньюком группын хөрөнгө оруулалттайгаар 2006 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулагдаж, Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдсэн иргэний агаарын тээврийн компани билээ. Тус компани Дорнод,  Хөвсгөл, Өмнөговь, Увс,  Баян-Өлгий  таван аймгийн зургаан чиглэлд нислэг үйлддэг байсан. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу захиалгат нислэг үйлддэг иргэний агаарын тээврийн  компани байлаа. “Туулах тэнгэр цэлмэг, Тухлах зорчигч амгалан“ гэсэн уриатай тус компани цаашид бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар зорилготой байсан юм.
Үүссэн нөхцөл байдлын талаар Ньюком группын Төр, олон нийтийн харил­цаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Э.Зоригт­той ярилцлаа.

-Мэдэгдлийг уншихад санхүүгийн хүндрэлээс болж үйл ажиллагаагаа зогсоосон гэж байна. Хэзээнээс санхүүгийн байдал хүндэрч эхэлсэн бэ. Эдийн засгийн хямрал нөлөөлөв үү?
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн нь нөлөөлсөн. Гэхдээ энэ үндсэн шалтгаан биш. Энэ салбарын зах зээл жижиг. Жижиг зах зээл дээр өрсөлдөхөд маш хүндрэлтэй байсан. “Изинис Эйрвэйз” компани үндсэндээ гурван жил алдагдалтай ажиллалаа. Алдагдлыг үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулсан “Ньюком групп” нөхөөд эцсийг нь тултал явж байлаа. Зах зээл дээрх нөхцөл байдал өөр болох байх гэж өнөөдрийг хүртэл явлаа. Үүнээс гадна хамт олныхоо ажлын байрыг хадгалахын тулд өнөөдрийг хүртэл алдагдалтай ажилласан. Иргэний нисэхийн салбарын нарийн мэргэжлийн хүмүүсээр хамт олон бүрдүүлэх, сургах, бэлтгэхэд маш их хугацаа шаарддаг. Боловсон хүчнээ бэлтгэчихээд үйл ажиллагаагаа шууд зогсооно гэдэг хүнд байсан. Нэгэнт алдагдалтай ажиллаж байсан учраас хоёр жилийн өмнө компанийн үйл ажиллагааг зогсоохоор ТУЗ-ийн шийдвэр гаргахаар бэлтгэж байсан юм билээ. Үйл ажиллагааг нь зогсоохдоо ямар дараалалтай явах вэ гэх зэргээр төлөвлөгөө нь гарчихсан байсан ч “Дахиад хэсэг хугацаанд явуулъя” гээд хүлээлгэчихсэн байсан. Тэр үед эдийн засгийн байдал харьцангуй сайн байсан шүү дээ.
-Орон нутагт нислэг үйлддэг танайхаас гадна хоёр компани бий. Жижиг зах зээлд олон өрсөлдөгч байснаас үйл ажиллагаагаа сэргээх боломж байсангүй юу?
-Зах зээл жижиг, хүн ам цөөн нь нэгдүгээр асуудал. Зорчигч тун цөөн байсан. Үүнээс гадна түлшний үнэ энэ салбарт маш их нөлөөлдөг. Дэлхийд хамгийн өндөр үнээр түлш авдаг. Нэг эх үүсвэрээс хамааралтай. Түлшний үнэ буулгах өрсөлдөөн байхгүй. Хятадаас агаарын хөлгийн түлш импортлоход татваргүй юм билээ. Гэвч импортолж байгаа компани байхгүй. Онгоцны түлшийг тусгай саваар зөөвөрлөдөг учраас галт тэргээр зөөвөрлөх боломжгүй. Өмнөд хилээр оруулж ирээд царигийн зөрүүнээс болж юүлэхэд л дахиад сав хэрэгтэй болдог. Тийм сав нь байхгүй. Тиймээс түлш импортолдог компаниуд ч ашиггүй ажилладаг. Түлш импортолдог компаниуд жилд 40 мянган тонн түлшийг маш өндөр шаардлагын доор импортолдог. Энэ мэт асуудал их байдаг юм билээ.
-Хоёр жилийн өмнө гаргах гэж байсан шийдвэрээ өөрчилж, хүлээх найдвар байсан гэж үү?
-Итгэл найдвар байсан учраас л явуулаад байсан. Манай компани үнэтэй онгоц авсан учраас зардал өндөртэй ажиллаж байсан нь нөлөөллөө. Санхүүгийн түрээсээр авсан учраас хоёр онгоцоо буцаах байх. Одоогоор тийм хэмжээний алдагдалтай байлаа гэж хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан маш их алдагдал хүлээлээ.
-Олон улсад нислэг хийж байсан бол байдал өөр байх байсан болов уу?
-Улаан-Үд, Хайлаар, Манжуур руу нисч байсан. Гэвч ашиггүй болоод нислэгээ зогсоосон. Иргэний агаарын салбарт төрөөс баримтлах бодлогын дагуу ашигтай чиглэл рүү үндэсний тээвэрлэгч л нисэх боломжтой.  
-“Изинис Эйрвэйз” ком­панид ажиллаж байсан хүмүүс одоо хаачих вэ?
-Хөдөлмөрийн гэрээгээ цуцлахаас өөр аргагүй нь харамсалтай. Нийт 225 хүн ажилладаг байсан. Хүн бүртэйгээ уулзаж, гэрээгээ цуцлахаар ярилцаж байна. Энэ салбарт ойрын үед нааштай өөрчлөлт харагдахгүй байгаа учраас хамт олноосоо уучлал гуйхаас өөр арга алга. Нисэхийн нарийн мэргэжилтнүүдэд ажил олдоход хүнд байгаа нь харамсалтай. Харин хөрвөх чадвартай мэргэжилтнүүд маань өөр салбарт ажиллах боломж бий.
Ажилтнуудынхаа нөхөн олговрыг хуулийн дагуу шийдэж байна. Олон хүн ажилгүй болж байгаа нь харамсалтай. Тиймээс ч хамт олноосоо албан ёсоор уучлал гуйж байна. Олон хүний ажил, амьдрал учраас ийм асуудал ярихад үнэхээр хэцүү юм. “Өдрийн сонин”-оор дамжуулаад хамт олноосоо дахиад уучлал хүсмээр байна.
-Үйл ажиллагаагаа зог­соочихоор нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг цуцал­чихсан уу?
-Одоохондоо тийм зүйл гараагүй байна.
-Танай компанийн он­гоцоор зорчихоор тийзээ захиалчихсан үйлч­­лүү­лэгчид хэрхэхээ мэдэхгүй байна. Үйлчлүүлэгчдийнхээ асуудлыг яаж шийдэх вэ?
-Ямар ч асуудал гарахгүй. Ямар нэгэн шалтгаанаар нислэх явахгүй бол зорчигчдыг нь авах гэрээг “Аеро Монголиа” компанитай хийсэн. Гэрээний дагуу зорчигчдоо шилжүүлнэ. Үнийн зөрүү гарвал бид төлнө. Мөнгөө авах хүн нь авч болно. Есдүгээр сар хүртэл 1800 гаруй тийз борлогдсон. Түүний 30 гаруй хувь нь аялал жуулчлалын компани. Тэдний мөнгийг дансаар нь шилжүүлчихнэ. (“Аеро Монголиа” компани зорчигчдыг шилжүүлж авахгүй байгаа талаар дахиж лавлахад “Өнөө өглөө асуудал ярихад боломжтой гэж байсан. Боломжгүй болсон юм болов уу” гэдэг хариултыг өглөө)

 Ц. Өрнөх

Онцлох нийтлэлүүд