ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.11.20 03:11

Ил тодын хурц гэрлийг бүх газарт тусгамаар байна

Ардчилсан хүчний ахмад зүтгэлтний хорооны тэргүүн Д.Энхтайвантай ярилцлаа.

-Та ардчилсан хувьсгалын партизануудын нэг. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харахад нийгмийн сэтгэл зүйн тодорхой хэсэг нь таны үеийнхнийг үүргээ гүйцэтгэчихсэн, одоо зайгаа тавьж өгөх хэрэгтэй гэсэн үзлээр хандаж эхлэв бололтой. Та санал нийлж байна уу?

-Шинэ үеийнхний хувьд бол зөв. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд бол танай манай үе гэхээсээ илүү хууль дээдлэх зарчмыг л ярих ёстой. Ардчилсан хүчний зүтгэлтнүүд бол эх орон, ард түмэн хүнд байдалд орсон үед ил гарч ирдэг, харин албан тушаал алдар нэртэй болох боломж бүрдсэн цаг үед арагшаа нуугдаж далд ордог ийм сонин хүмүүс.

Бид 1990 онд арын хаалгыг халъя, Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийг ард түмний онц зөвлөлд шилжүүлье, Ардын түр хурал байгуулъя, Улс төрийн товчоо, намын төв хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулъя, шударга ёсыг буй болгоё гэж жагсаж боссон. Энэ нь олон түмний дэмжлэгийг хүлээж 1990 оны Ардчилсан хувьсгалын уриа лоозон болж байлаа.

Одоо хэсэг бүлэг хүмүүс өөрсдийгөө нам гэдэг халхавчийн дор, намын дүрэм гэдэг халхавчийн дор Үндсэн хуулийг зөрчөөд бусдаас давуу эрхээр хуульд захирагдахгүй төрийн өмчийг шамшигдуулдаг. Ингээд төрөөс тэрбумтнууд төрдөг. Энэ байдал нь ч заримдаа ерэн оны өмнөхөөс дордсон юм шиг санагдах юм байна шүү дээ. Төрийн албыг төрлийн алба болгодог тогтолцоо бий болчихлоо. Үүнтэй манай 1990 оны Ардчилагчид эвлэршгүй тэмцэнэ. Энэ бидний хүсч байсан Ардчилал биш юм. -Энэ бүгдийн гол дүрд таны үеийнхэн л тоглож байна хэмээн хүмүүс үзэж байгаа юм биш үү?

-Хавтгайруулан үзэж болохгүй. Тотлитор нийгмийн тогтолцооны үед амь нас, хувь тавилангаа золиослож зогссон хүмүүс бол тусдаа. Бидний нэрийг ашиглаж бидний байгуулсан ардчиллын ариун сайхан нэрийг ашиглаж бузар буруу зүйл хийж байгаа, хуульд захирагдахгүй байгаа, дураараа авирлаж байгаа нөхдүүд бий. Энэхүү шударга бус тогтолцоогоор цаашид явахыг хүсэхгүй байгаа шинэ залуу үе, ардчиллын зүтгэлтнүүд хамтдаа өнөөдөр Монголын ирээдүйг эрүүл саруул болгох ёстой.

-Тогтолцоог өнөөдөр төрд байгаа хүмүүс өөрчилж чадах уу?

Тогтолцоог Монголын ард түмэн, сонгогчид өөрчилнө. Үүнийг нэг хүн өөрчлөхгүй. Нэг хэсэг бүлэг хүн өөрчлөхгүй. Яагаад гэхээр бид ард олноороо сонгууль өгдөг ардчилсан тогтолцоонд орсон. Сонгож байгаа хүнээ хэнийг сонгож байна гэдгийг сонгогчид өөрөө дүгнэлт хийх ёстой.

-Ард түмний сонголт буруу байгаа гэж та хэлж байна уу?

-Ард түмнийг сонгох бололцоогүй болгож байгаа намаас сонгогдож байгаа хүмүүс. Нам гэдэг коридороор орлоо л бол тэр харанхуй коридор дотор ард түмнээс нууц, хаалттай хуралдаанаар хэнийг Их хуралд дэвшүүлэх вэ, яах вэ гэдгээ шийддэг. Энэ хаалттай коридор дотор юу төлөвлөгддөг вэ гэхээр хэсэг бүлэг хүн нийлж нийтийн хөрөнгө, баялгийг идэхийг л төлөвлөдөг. Тэгж болохгүй гэсэн хүнийг нэр дэвшүүлдэггүй. Та нар надад жаахан юм өгчих, би та нарын хэлсэн зүйлийг үг дуугүй биелүүлнэ. 100 хувь дэмжинэ, гараа өргөнө, алгаа хорстол ташна гэсэн хүмүүсийг энэ нам гэдэг коридороор алхуулдаг. Энэ нь Цэдэнбалын үеийн намын амьдралыг сануулж байгаа юм.

-Урагшаагаа харж ярья. Тэгээд энэ болж бүтэхгүй байгаа тогтолцооны гажгаас гарах арга зам юу байна?

-Ил тод байдлын хурц гэрлийг бүх тогтолцоон дээр тусгах ёстой.

-Улс төр дэх бүх үйл явц алган дээр байгаа мэт харагддаг тогтолцоо дэлхийн түүхэнд байсан юм уу?

-Байна аа. Ерөөсөө ардчилал ил тод байдал гэдэг чинь 1990 оны бидний хүсэл мөрөөдөл. 1996-2000 оны хувьд ил тод байдал тодорхой хэмжээгээр улс төрд байсан. Тэгээд далд байдал руугаа шилжиж эхэлсэн. Одоо бүр дордсон. Өөрөөр хэлбэл, намын хурал хаалттай болох ёсгүй. Үндэсний зөвлөлдөх хороо гэдэг чинь гишүүдээс сонгогдсон юм. Гишүүдээсээ нууж хурал хаалттай хийдэг нь шударга ёс мөн үү. Гишүүдээ төлөөлж байгаа хүн нь төлөөлүүлж байгаа хүмүүсээсээ нууж хурал хийж болохгүй шүү дээ.

-Сөрөг хүчинд хэрүүлээ харуулах нь тэдэнд хоол болдог гэх. Тэр талаасаа байдаг юм болов уу?

-Том утгаараа харвал сөрөг ч бай, эерэг ч бай, эрх баригч ч бай, бүх улс төрийн хүчин нууц хурал хийх ёсгүй. Улс төрийн намын үйл ажиллагаа нууц байх ёсгүй. Улсын нууц биш шүү дээ энэ чинь. Нууц хуралдаанаар, нууц тохиролцоогоор, нууц амлалтаар, нууц нэр дэвшигчид далд амлалтууд улс орныг мөхөөж байна. Тэгэхээр Монгол Улсын нийт иргэдийн төлөө, тэдний эрх ашгийн төлөө гарч ирж байгаа төрийн эрх барих, эрх бүхий этгээд нууц байдлаар гарч ирэх ёсгүй.

-Өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд томилогдохгүй байна. Та төрийн гурван өндөрлөгийг ямар хүмүүс байгаасай гэж боддог вэ?

-Төрийн гурван өндөрлөг хэн ч байлаа гэсэн ил тод байдлыг хангаж өгөхгүй бол энэ хүмүүс ард түмний төлөө ажиллаж чадахгүй. Энэ далд тохиролцоо, далд бялуу хуваалт, бялуу хуваалтын цаана төсвийн мөнгийг идэх, элдэв тендэр булхайгаар гаднаас орж ирсэн зээл, тусламжийг хувааж идэх, бүгд далд явагдаж байгаа.

-Таны хэлж байгааг яриад л, бичээд л байдаг, тоож байгаа ч юм алга. Та УИХ-ын гишүүн байсан, улс төрийн тогоонд чанагдаж явсан хүн. Улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд хүмүүс ийм л байвал зохистой юм байна даа гэж боддог биз дээ?

-Төрийн гурван өндөрлөг чинь гурван өөр хүн байх ёстой. Ард түмэн гэдэг чинь Улсын их хурлаас гарсан дүрмийг л мөрдөж ажиллана. Монголын гурван сая ард түмний амьдрах дүрмийг баталж өгөх ёстой. Тэгэхээр Их хурлын дарга хүн хамгийн гол нь хуулийн байгууллага дахь алдаа завхралыг мэдэрсэн. Эрх зүйн орчинд юуг өөрчлөх, юуг сайжруулахыг мэддэг тийм хүн байх ёстой. Улсын Ерөнхийлөгч хүн бол олон сахилгагүй хүүхэдтэй айлын эзэн. Дураараа авирладаг, сахилга бэт муутай, тийм өрхийн тэргүүн хүүхдүүддээ ойлгуулахыг нь ойлгуулж, учирлахыг нь учирлаж, суран бүсээ сугалж аваад ороолгохыг нь ороолгодог. Ингээд энэ гэр бүлээ бүтэн байлгадаг ийм үүрэг Ерөнхийлөгчид байдаг юм. Гадна талдаа манай гэр бүл бүтэн шүү гэдгээ харуулдаг байх ёстой. Бид дэлхийн бусад улс үндэстэнтэй эрх тэгш хамтын ажиллагааг явуулж, харилцан ашигтай үйл ажиллагаа явуулна. Ерөнхий сайд бол аж ахуйн хүн байх ёстой. Ерөнхий сайд бол ерөөсөө л тэр хоттой хэдэн хонио хэрхэн арвижуулах, хонины морио хурдан борлог болгох, Азийн баруудтай уралдчих санаа зорилгыг дотроо агуулсан хүн байх ёстой. Тэгэхээр энэ нь өөр өөр функц. Сая Чингэс бонд, Самурай бонд гээд хоёр их наяд ам.доллар орж ирсэн. Иймих мөнгө үнэндээ манайд хэрэггүй байсан юм. Энэ улс орны эдийн засагт нэг их наяд нь хангалттай хүрэлцэнэ. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал гаргаж байгаа. Энэ зэсийн баяжмалын агуулгад цэвэр зэс нь 20 хувь байдаг. Тэр цэвэр зэсийг тооцвол 120 мянган тонн болдог юм. Бондын мөнгөөр эхний удаад энэхүү 120 мянган тонн цэвэр зэсийг дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулах байлаа. Боловсруулах үйлдвэр нь өнөөдөртөөхамгийн хямд нь 250 сая доллар байгаа. Харин орчин үеийн технологийн сайн үйлдвэр бол 500 сая доллар байгаа болов уу. 120 мянган тонн дотоодын цэвэр аранжин зэсийг хайлаад гулдмайлаад үйлдвэрлэе л дээ. Зэсийн үнэ одоо 5700 ам.доллар болоод уначихсан байгаа. Эрдэнэт үйлдвэр 5500 ам доллараар гаргаж байгаа. Ашиг нь 200 сая ам.доллар байгаа болов уу. Хэрэвзээ цэвэр зэс болгоод гаргахад зардлаа хасаад нэг миллиард долларын ашиг харагдана шүү дээ.

-Үүнийг танаас бусад нь олж харахгүй байв гэж дээ. Хэт утопи сонсогдож байна шүү?

-Бодит тооцоо шүү. Хамаг зовлон нь сонгуульд ялалт байгуулсан улс төрийн хүчний Эрдэнэт дэх нөлөөлөл. Жишээлбэл Эрдэнэт үйлдвэрийн шахааны бизнес байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн зардлын 70 хувь нь шахааны бизнес байдаг. Хуучин юу ч хамаагүй нийлүүлдэг байсан юм. Одоо арай дээрдсэн байх гэж найдаж байна. Тэрхүү юу ч хамаагүй шахаж, нийлүүлж байх үед Эрдэнэт үйлдвэрийн хоёр скалад дүүрээд ирэхээр нь гал гаргаад шатаачихдаг байсан юм. Санхүүгийн архивын өрөөг бас шатаачихдаг байсан юм. Ер нь улс төрийн намууд ялалт байгуулаад хэдхэн бялуу хуваадаг юм. Хамгийн эхнийх нь Эрдэнэт үйлдвэр шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн шахааны бизнесийн ил тод болгож чадвал дор хаяж 600 сая доллар улсад орж болно. Өөрөөр хэлбэл 600 сая долларын хэрэгтэй, хэрэггүй зүйл шахдаг шахааны бизнесийг үгүй болгоно гэсэн үг. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ашиг 600 сая доллараар нэмэгдэх юм л даа. Цэвэр зэс Лондонгийн металлийн бирж дээр очоод л арилжаа ил тод байдаг. Тэгээд л биржийн арилжаанд ороод явахад хамгийн багаар бодоход миллиард доллар орж ирнэ. Ингээл миллиард доллар орж ирэхэд Чингэс бондын өрийг жилийн дотор төлнө.

-Ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн фракцууд буланд шахах юм байна. Яг л Н.Алтанхуягийг аваад хаячихсан шиг?

-Төрийн механизм ил тод л байх юм бол авч хаях боломжгүй. Тэр фракцуудын хууль бус шахаа, шаардлагуудыг олон нийтэд ил болгохын тулд тэдний уулзалтын олон нийтэд ил тод, камерийн өмнө уулзалтаа хийдэг жишгийг одоо болох Ерөнхий сайд зарчим болгох ёстой.

-Та шинээр байгуулагдах Засгийн газрын ирээдүйг яаж харж байна. Өөр удирдлага, өөр бодлого орж ирэх болов уу?

-Өнөөдөр Монголд хууль хэрэгжихгүй болчихоод байна. Хуулийн байгууллагууд ньаль нам гарна тэрний төлөө ажилладаг болчихсон. Ямар ч улс төрийн хүчин гарсан хуулиа дээдэлдэг байх. Ардчилсан нийгмийн үнэт зүйл юу гэвэл хараат бус шүүх засаглал, чөлөөт сэтгүүл зүйг хэлнэ. Энэ бол ардчиллын алтан дүрэм. Энэ алтан дүрэм гажуудаад байна. Бид ардчиллын алтан дүрмээс дэндүү хазайсан. Хуулиа дээдлэх ёстой. Хууль бидэнд байна. Шинээр хууль зохиох шаардлага байхгүй. Хуулийг уландаа гишгэж, ер хэрэгжихгүй байгаад л эмгэнэл нь байгаа юм.

-Хуулиа хэрэгжүүлээд явахад л бүх зүйл зөв голдрилоороо явна гэж үзэж байгаа юм байна.

-Тэгэхээр нам гэдэг харанхуй коридороор явахаар ямар ч шударга хүнийг чи энэ бүлэг фракцийн эрх ашгийг хамгаалахгүй л юм бол чамайг дээш нь гаргахгүй гэдэг тогтолцоо манайд байна. Тиймээс манай нийгмийн хямралын голомт нь энэ нам гэдэг каналаар л дамжиж төрийг удирдах тогтолцоог зөв хэмнэлд нь оруулах. Өнөөдөр хуулиа ягштал баривал асуудалгүй. Хоёрт, Ардчиллын алтан дүрэм болсон ил тод байдал байхгүй байна. Ил тод байдлын хурц гэрлийг шүүх дээр, хаалттай хуралдаанууд дээр, фракцуудын уулзалтууд дээр тусгах хэрэгтэй. Ил тод гэрэл туссан газар жоом, хархнууд байж чадахгүй. Ил тодын гэрэл бол ардчиллын гол эм нь, эмчилгээ нь.

Эцсийн дүндээ намын дүрмэнд мэс засал хийх ёстой. Бохир орчинд л нян үрждэг. Нам гэдэг хууль зөрчсөн, хяналтгүй газар Засгийн эрхийг бариад төрийн өмчийг идэж байна. Бизнес хийлгүйгээр төрөөс тэрбумтан төрүүлдэг дамжлага болсон. Мөнгө олъё, эрх мэдэлд хүрье гэсэн хүн болгон нам руу дайрч байна. Нам хэмээн хошуурч байгаа хүмүүс зүгээр бизнесээ эрхлээд яв. Үүн рүү хэт шунавал шоронд ордог юм байна гэдгийг харж байгаа биздээ. Энэ гаж тогтолцоог л засч залруулахгүйгээр цааш явахгүй.

Онцлох нийтлэлүүд