Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Өдрийн сонины дугаарт
2015.02.15 11:02

Инээд цалгисан, туршилтын туулай 8а-гийнхан

“Пастер хаана явна. Ирж байна уу” хэмээн Онцгойгийн цэнхэр хувцастай өндөр залуу өгүүлэв. Тэр цаанаас “Чапакад пастер ямар хамаа байна” хэмээн хөхиүн инээдээр дэмжих нэгэн нүднийхээ булангаар түүн рүү харлаа. Энэ бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын улсын тэргүүний нэгдүгээр сургуулийг 2001 онд төгссөн 8а ангийнхны уулзалт эхэлж байгаа дүр зураг юм. Улсын тэргүүний сургуулийн тэргүүний ангийнхан 1993 онд сургуулийн босго алхжээ. Тэд сургуульд ороод танилцсан гэвэл худлаа. Сургуульд орохоосоо өмнө цэцэрлэгт нэг ангид сурдаг байж. Бидний хэлдгээр ёстой л шороо идэж өсцгөөсөн юм байх. Ангийн хамгийн идэвхтэн сурагч байсан Т.Сайнжаргал “Май энэ зургаа ав. 20 жил хадгаллаа” хэмээн зураг сарвайхад “Юу юм бэ дээ” хэмээн зулайгаа илбэн гараа сунгах залуу бол “Дэлдэн, Пастер” гэгдээд байгаа Гүнчингийн Дашдаваа юм. “Жапак” гэх Баасангийн Жаргалтулгын хувьд сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэж сургуулийнхаа шигшээ багт хүртэл багтаж явсан спортлог эрхэм. Хэрхэн яаж яваад ийм хоч зүүх болсныг хэн ч хэлсэнгүй. Одоо тэрбээр Зүүнхараа хот дахь Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Улсын үрийн нөөцийн нягтлангаар ажиллаж байгаа гэнэ.

Нэгдүгээр ангид 40 шахам хүүхэд тохой нийлүүлэн сурагчийн ширээнээ суусан бол 27 нь эрэгтэй байсан гэхээр яаж ч бодсон томоотой анги байгаагүй гэдэг нь илт. Т.Сайнжаргал мөн нэгэн зураг гаргаж ирсэн нь бага ангидаа бүжиглэж байсан үеийнх нь зураг байв. “Бүжиглэж байхад ганцаараа зөрсөн энэ муу бүжигчин хэн бэ” гэхэд Жавхлант өндийн харснаа “За мангартаад байгаарай. Би л байна. Энэ зургаа надад өгчих” хэмээн өмчийн эзэн болохыг санаархав. “Хөлөө тааруулж чадахгүй байж бас машинист хийгээд байгаа” хэмээн Жавхлантыгаа явуулан хөхрөлдөнө. Улаанбаатар Төмөр замын удирдах газрын диспитчер ажилтай Ц.Жавхлант тэдний яриаг эрс эсэргүүцэн “Би ганцаараа буруу хөл тавиагүй байгаа биз дээ. Л.Урнаа ч гэсэн зөрчихсөн байхад. Гэхдээ хөлөө бүтэн тавиагүй байгаа юм чинь би хагас зөрсөн тийм ээ” гээд суудалдаа эргэн суулаа. Тэднийг сургуульд сурдаг байхад заавал сурах 10 бүжиг байсан аж. Тийм болохоор ангийн 40 орчим хүүхэд бүгд бүжиглэж сурсан гэнэ.

Тэдний ангийнхан өнөө уйгаржин, крилл бичгийн туршилтын туулай болсон гэгддэг 30 настнуудын үе юм байна. Анх нэгдүгээр ангид ороход нь уйгаржин бичиг зааж дөрөвдүгээр ангиас нь крилл үсэг үзэж ёстой л холион бантан болгосон юм байх. Цаана сууж байсан Ц.Жавхлант “Одоо хүртэл тэр уйгаржингийн хэллэг арилаагүй ш д. Аав гэдэг үгийг абу гээд шууд криллдэж байгаа юм” гээд бусдынхаа яриаг өөртөө хандуулна. Монгол Улсад пионерийн байгууллага татан буугдаж улаан, цэнхэр галстук халагдаж байх үед А.Алтантариа Улаанбаатараас тэдний ангид шилжин иржээ. Нийслэлийнхэн бүчнээсээ салчихсан байхад Мандалын нэгдүгээр сургуулийнхан тэр л хэвээрээ байсан гэнэ. Тэрбээр “Уйгаржин криллийн туршилтын туулайнууд галстукийг төрхөмд нь буцаасан” гэхэд Ч.Мөнхбаяр хэмээх даруухан царайтай хөрслөг бор залуу “Биднийг сурч байхад мөн онц сайн дунд муу гэдэг дүнг хэрэглэхээ больж одоогийн A, B, C, D, F үнэлгээг анх хэрэглэсэн” гэлээ. Ер нь бол туршилтууд ш дээ хэмээн Б.Жаргалсайхан үнэн голоосоо хэлэх ажээ. Боловсролын салбарын туршилт бүр тэдний ангийг дайрсан ч сайн багш нарын буянаар хөл алдаагүй тухай бахархан өгүүлнэ.

10 жилд сурч байхад нь “Камертон” хамтлаг ид хүчээ авч байсан тул хувцаслалт, үс засалт гээд бүхий л зүйлээрээ ангийн хөвгүүд нь дуурайн гангардаг байсан аж.

Тус ангийнхны уулзалтын үеэр Болор цомын эзэд болох Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж, Хөөдөөгийн Эрдэнэбаатар нар явж таарсан юм. “А”-гийнхан үүнийг ихэд бэлгэшээж хамт зургаа татуулаад авлаа.

Тэдний ангийг нэгдүгээр ангид нь А.Баярмаа хэмээх дөнгөж сургуулиа төгссөн шавилхан багш даан авчээ. Тэднийг хоёрдугаар ангид байхад ангийн багш нь хот руу дахин сурахаар явахад нь хоёрдугаар ангийн бяцхан шавь нар нь аав ээжээрээ хоол, цай хийлгэн авч ирээд үдэлт хийж байснаа дурсацгаав.

Бурхан “Өндөр барзгар болох уу, хөөрхөн болох уу” гэхэд нь “Өндөр барзгар болъё” гэсэн гэдэг хэмээн тэд Д.Энх-Амгалангаа цаашлуулна. Х.Бямбазориг “Нэгдүгээр ангидаа ангийн дарга хийж байхад” гээд яриад эхэлтэд өнөө хэд нь үгийн зөрүүгүй “Чи ангийн дарга хийж байсан юм уу” гээд бүчээд авах нь тэр. Мань эр ч “Хийлгүй яадаг юм” гээд ам нь дийлдэхгүй адуу шиг л зүтгэчихэв. “Хэдэн сар хийсэн ш дээ” хэмээн улаа бутарсан нүүрээ хоёр алгаараа даран нугдайн инээдээ барьж ядан хөхөрнө. Гэтэл Т.Сайнжаргал “Би ч ангийн дарга байсан гэж дайрахгүй ээ. Ариун цэврийн дарга байснаа бол хүлээн зөвшөөрнө” гээд гараа өргөн өгүүлэв. Бямбазориг “Намайг ангийн дарга байсан гэдгийг мэдэж байгаа нь гараа өргөчих” гэлээ. Тэрбээр “Яагаав би Боргилыг ангид үймүүллээ гээд эрүү рүү нь хөшигний модоор цохиж уйлуулаа биз дээ” хэмээн ангийн дарга байснаа батлах гэж зүтгэх юм. Тэгснээ “Ганц удаа сонин дээр ангийн дарга болгочихгүй” гээд нөгөө хэд рүүгээ үг хаях.

Орчлон констракшнд менежерээр ажилладаг Х.Бямбазориг Т.Сайнжаргал хоёр нэг ангиас гадна хажуу байрны хоёр байжээ. Тэднийг бага байхад “Ядуугийн зовлон” хэмээх аймшгийн кино дөнгөж гараад хүчээ авч байсан үе юм байх. Сайнаа найзыгаа гэртээ дуудан приставакаар өнөө киногоо үзүүлэх ч гэж айлгасаар байгаад таарсан гэнэ. Кино дуусаад гэртээ харих гэтэл Бямбазориг буюу Жоожоо айгаад харьж чадахгүй найзыгаа гэрт оруулаад өг гэхэд нь өнөөх нь оруулах бүү хэл нэмж баахан айлгасан гэв.

Алтангэрэлийн Алтан­тариа эл ангид Улаанбаатараас шилжин ирж байсан аж. Аав нь Зүүнхараагийн цэргийн ангийн даргаар ирсэн тул аавыгаа даган ирсэн. Тухайн үед сургуулийн хүүхдүүдийн хамгийн сайхан тоглож болохоор газар нь цэргийн анги байсан аж. Алтантариа Жавхаагаа дагуулан цэргийн ангид байлдаж тоглодог байжээ. Жавхаа ч гэлтгүй ангийнхаа хөвгүүдийг дагуулан очиж төрийн хамгаалалтад тоглодог байлаа шүү дээ хэмээн ангийнхан нь бахархан ярьцгаав. Байшингийн дээвэр дээгүүр гүйхэд Бямбазориг коммунист зан гарган тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг байлаа хэмээн бас л явуулав. Тэдний ангийн А.Баяртулга нэг өдөр санаандгүй болжморын хос өндөгний нэгийг хагалтал Жоожоо ирээд “Чи яаж байгаа юм. Одоо эх нь голоод ирэхгүй. Чи яасан тэнэг хүүхэд вэ” гээд Баяртулгынхаа шилэн хүзүү рүү алгадан үхтэл айлгасан гэнэ.

Алтантариаг шилжиж ирэхэд хөдөлмөрийн кабинет бүрэн утгаараа ажиллаж байсан. Тийм ангид хөдөлмөрийн хичээл хийх үнэхээр урамтай. Улаанбаатарт байдаггүй олон сайхан зүйлсийг Зүүнхараад ирээд харсан гэлээ. Түүний хувьд Нийслэлийн цагдаад офицер цолтой зургаан жил ажиллаад одоо түр чөлөө аван хувийн бизнесээ эрхэлж байгаа юм байна. Тэдний яриа ийн үргэлжлэхдээ хөдөлмөрийн хичээлдээ хамгийн мундаг нь Г.Дашдаваа маань гэв. “Хөдөлмөрийн хичээл дээр тосгуур хийгээд ир гэхэд бараг л зуух хийгээд ирдэг байлаа. 1993 онд энэ жаал чинь утаагүй зуух гэдэг юм яриад явдаг байлаа шүү дээ” хэмээн хошигнов. Нийтлэлийн эхэнд пастер хэмээн дурдагдсан тэр эрхэм бол Г.Дашдаваа аж.

Математикийн хичээл дээр км, метр гээд хэмжигдэхүүнийг ангиараа нэрлэ гэжээ. Хамгийн урт нь юу вэ гэхэд нь км гэтэл дараагийнх нь гэхээр нь метр гэх мэтээр мм хүртэл нэрлэсэн байна. Тэднийг зургадугаар ангид байхад математикийн багш Гүрсэд нь “өшөө байгаа юу, өшөө байгаа юу” гээд шалаад байхаар нь тэдний ангийн Жоожоо “милограмм” гээд амандаа бувтнахыг сонссон Сайнаа “милограмм” гээд инээтэл Гүрсэд багшийнх нь уур хүрч “Чи гэрээсээ сургууль хүртэл хэдэн милограмм байна хэмжээтэх дээ” гээд алганы амт үзүүлжээ. Энэ мэтчилэн гэмгүй байж байгаад Т.Сайнжаргал хэрэгт уначихаад байдаг байсан тухай дурсан ярьцгаана. Дараагийн удаа математикийн хичээл дээр хошуу өнцгийн талаар ярихаар нь Сайнаа өмнө нь сайн авахуулсандаа шаралхан “Миний хошуу шиг биш байна” гээд амандаа бувтнатал өнөө Жоожоо нь “Багшаа Сайнжаргал миний хошуу шиг биш байна гэнээ” гээд матчихаж. Угийн чанга Гүрсэд багш нь “Чиний хушуу хошуу өнцөг үү” гээд дахин алганы амт үзүүлжээ. Тэгэхээр нь “Таныг өмнө нь намайг зодсон гээд аавд хэлчихсэн” гэтэл Гүрсэд багш нь “Аав чинь чамайг сайн зодоорой” гэсэн гээд дахин нэмчихсэн гэнэ. “Түүнээс хойш би айхтар үймүүлээгүй дээ” хэмээн Т.Сайнжаргал өгүүлсэн юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд боловсролын удирдлагын магистр юм байна. Сайнаа эхнэр хоёр хүүхэдтэй бөгөөд өдгөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Хамтын ажиллагаа, Олон нийттэй харилцах газрын даргаар ажилладаг аж. Тэгвэл ангийн дарга Э.Наран тэдний яриагаар бол олон харчуудынхаа зүрхийг эзэмдэж явсан байна. Төмөр замын зүтгүүрийн депод ажилладаг Б.Отгон ангийнхаа хамгийн сэргэлэн хүүхдүүдийн нэг байжээ. Ангийнхаа царайлаг хөвгүүн гэгддэг Х.Бямбазориг, Ч.Мөнхбаяр нарынхаа зургийг угаалган сэтгэлийн жолоогоо алдсан охидод сэтгэлийн дэм өгөх нэрээр үнэ хүргэн худалддаг багын сүйхээтэй нэгэн байсан тухай тэд ярьцгаасан юм. Ангийн анд А.Баяртулга нь Зүүнхараа хотын ШШГүйцэтгэх ангид төлөөлөгчөөр ажилладаг бол Т.Отгонбаатар, Г.Дашдаваа, Б.Боргил, Батжаргал, Төрбат, Ч.Мөнхбаяр, А.Алтантариа, М.Энхсайхан, Ц.Болортуяа нар хувиараа бизнес эрхэлдэг тухай ярьцгаав. Залуу хүмүүс гэхэд тэдний ангийнханы бизнес харьцангуй сайн яваа гэнэ. Зүүнхараа хотын өөр нэгэн томоохон ажлын байр бол мэдээж төмөр замын салбар. Тус ангиас Анхтөр Дарханы төмөр замд машинист, С.Гантөмөр Зүүнхараа вагон депод мастер, Ц.Жавхлант дээр хэлсэнчлэн Улаанбаатар төмөр замын удирдах газар деспитчер, Б.Отгон Суудлын вагон депод ажилладаг аж. Харин Өлзийбаатар, Г.Хүрэлтулга, Олъя, Мядагсүрэн, Э.Гэрэлцацрал, Т.Мөнххишиг, Доржханд, О.Золжаргал, Вандансүрэн нар хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм байна.

Ангийнхан уулзсаныхаа дараа дунд ангиасаа хойш холбоо тасраад буй Б.Золжаргалын сургийг гаргахаа хүсдэг гэдгээ хэлж байлаа. Үнэхээр нэг хүнээ ч гэсэн дэргэдээсээ холдуулах дургүй. Бүгд хамтдаа мөр зэрэгцэн явах дуртай тийм л нэг ангийнхан ажээ. 8а ангиас Л.Уранчимэг СББ ХК-д ажилладаг бол Т.Уранчимэг нь MCS дистрибишний Зүүнхараа дахь борлуулалтын албаны даргаар ажилладаг гэсэн юм. Эл ангийн толгойтой сурагчдын нэг болох Б.Уянга багш мэргэжилтэй бөгөөд АНУ-д магистрт суралцахаар хөлгийн жолоо залсан тухай Т.Сайнжаргал хэлж байлаа. Тэгвэл Пүрэвцэцэг төрсөн нутагтаа багшаар ажиллаж байгаа гэнэ. Сайнааг багад Памбага гэдэг байжээ. Сургуульд дөнгөж ороход нь ээж нь жинхэнэ нэрийг нь мартчихаад Төмөр замын Депо руу залган Түмэнбаяр (ааваас нь) гуайгаас “Манай Памбагыг хэн гэдэг билээ” хэмээн нэрийгнь асууж байсан тухай тэрбээр дурсан ярилаа. Тэдний сургуулийн хажууд галуутай айл байжээ. Угаасаа муу нохойтой байснаас галуутай байсан нь дээр гэдэг яриа байдаг. Памбагыг хичээлдээ явахад галуунууд дайрдаг байж. Нэг удаа хичээлдээ явж байхдаа өнөө галуунуудтай таарч. Эргэн тойрноо хартал хүн харагдахгүй байсан тул хариугаа авах сэдэл төрж чулуу аваад нүүлгэтэл өнөө галуунууд ч ганганалдаад мань хүн ч чавхны чулуу шиг эргэж ч харалгүй харвачихаж. Гэтэл нуруун дээрээс нь нэг хүнд юм өргөөд аваад явчихаар нь “Өнөө галуу нисч ирээд шүүрчихлээ” гэж бодтол галууны эзэн байсан гэнэ. Мэдээж зүгээр идээшилж байсан галуунуудыг нь чулуугаар нүүлгэсэн болохоор алганы амт үзсэн нь гарцаагүй. Зургадугаар ангидаа Гүрсэд багшаасаа алганы амт үзээд “Ерөөсөө тэрсэлдээд нэмэргүй юм байна. Одоо болъё” гээд эсрэгээрээ нийгмийн идэвхтэй жаал болжээ.

Б.Жаргалтулга Зүүнхараагийн Хоёрдугаар дунд сургуулиас шилжин иржээ. Тэрбээр “Хоёр давхар жижиг сургуулиас гурван давхар том сургуульд шилжиж ирээд төөрчихнө. Тэгээд ангийнхнаа бараадаад л явдаг байлаа” гэв. “Манай үхэр жилтнүүд тууштай шударга байдаг тухай зурхайд байдаг юм билээ. Дунд ангид манай ангийг дааж авсан Ш.Раднаасэд багш ганц анги дааж авсан нь манай анги байсан юм. Волейболын спортын мастер багштай манай анги спортоор давуу гэж жигтэйхэн. Ангийнхандаа нэр хоч ч их өгдөг байлаа. Манай ангиас хоч зүүгээгүй үлдсэн хүн нэг ч байдаггүй шүү” хэмээн ангийнхаа тухай ярив. Олон хөвгүүдтэй анги үймүүлэхгүй байна гэж юу байхав.

Цагаан сараар ангиараа айл хэсдэг байжээ. Наймдугаар ангид байхдаа ангиараа Т.Сайнжаргалын гэрт очсон юм байх. Ангиараа уулзаад байж байтал Жоожоо дуу муутайхан “Би зүгээ буруу гаргачихсан байна” гээд үглэж байсан гэнэ. Ангийнхан нь “Зүг буруу гаргах чинь муу. Энэ жилдээ чи ингэж явна” гээд сэтгэлзүйн дайралт хийжээ. Сайнаагийнхаа гэрээс гарахад хэцэн дээр нь эгчийнх нь хувцас байсныг анзааралгүй Жоожоо буюу Х.Бямбазориг куртикаа өмстөл эгчийнх нь хувцсыг тохож гараад галстук зангидсан мэт салхинд дэрвүүлэн явж өгч. Ангийнхан нь үүнийг мэдээд хэлсэн байж таарна. Дөнгөж тэндээс гараад А.Баярмаа багштайгаа золгохоор гэрт нь очтол хашааных нь банхар дайрсан гэнэ. Сайнаа, Жоожоо, Мөнхбаяр гурав гүйгээд модон жорлонд нь орсон юм байна. Гэтэл зүгээ буруу гаргагч Жоожоо нь хоёр модны голоор өтгөн шингэн рүү унах дөхөж арайхийн тогтжээ. Бямбазориг ярианд оролцон “Тэгэхэд гутал шар болчихсон. Айлд орохоор л өмхий үнэртээд ёстой балай юм болсон” гээд инээдээ барьж ядан суув. Багшийнхаасаа гараад явж байхдаа “Зүгээ буруу гаргаснаас боллоо” хэмээн өөр хоорондоо ярилцаад явж байтал замд нь жижиг гөлөг таарчээ. Нохой жил гарч байсан тул “Цээрээ гаргахын тулд Жоожоо чи наад гөлөгтэйгээ золго” гэсэн байгаа юм. “Би тэгээд яаж золгох юм” гэхээр нь “Хүнтэй яаж золгодог яг тэрэн шигээ золго” гэжээ. Хөөний эзэн Жоожоо ч өнөө муу гөлгийг тэвэрч аваад “Амар байна уу. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу” гээтэхэж. “Одоо яах вэ” гээд эргээд хартал Сайнаа “Хацар дээр нь үнс” гэхээр нь хоёр хацар дээр нь шоп хийтэл үнсээд “Яах уу” гээд эргээд хартал ангийнхан нь бараг элэг нь хөшин алдан инээлдэж байжээ. Энэ бол зүгээр л наад захын жишээ шүү хэмээн тус ангийнхан инээд цалгисан яриагаа үргэлжлүүлсэн юм. Инээд цалгисан 8а-гийнхан 10 жилийн дараа дахин “Нэг ангийнхан” буланд чинь орно шүү гэсээр үлдлээ.

Э.ЭНХБОЛД

Онцлох нийтлэлүүд