ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.10.07 02:10

Иракчууд Засгийн газрын бодлогоо эсэргүүцэн жагсав


Иракт Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, 113 хүн амиа алджээ. Өнгөрсөн бямба гаригт гэхэд нийслэл Багдадад таван хүн амиа алджээ. Жагсагчид авлига болон ажилгүйдлийн түвшин хэт өндөр, нийгмийн халамж үйлчилгээ нь муу байгаад бухимдаж эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлээд буй. Ард иргэд амьдрах нөхцөлийг нь сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдвэрлэж өгөхийг эрх баригчдаасаа шаардаж байгаа юм. Мөн хөдөлмөрийн зах зээлийг сайжруулж авлигатай үр дүнтэй тэмцэх талаар байр сууриа илэрхийлжээ. 2017 онд тус улсад Исламын улс зэвсэгт бүлэглэлийг устгасан. Түүнээс хойш хамгийн олон хүний амь үрэгдсэн анхны томоохон үймээн энэ болж байна.

Иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн гол буруутнаар байгуулагдаад жил орчим хугацаа өнгөрөөд байгаа ерөнхий сайд Адел Абдел Махдигийн засгийн газар болж байна. Засгийн газар тэмцлийг зогсоохын тулд хөл хорио тогтоох, интернэт хаах зэрэг хэд хэдэн арга хэмжээ аваад буй. Эсэргүүцлийн жагсаал нийслэл Багдадаас хальж, шиа муслим хүн ам голлодог тус улсын өмнөд хэсгийн Амара, Дивания, Хилла зэрэг хотыг ч хамарчээ. Мөргөлдөөний үеэр 500 гаруй хүнийг саатуулжээ. Мөн гурван мянга гаруй хүн бэртэл авчээ. Иракийн ерөнхий сайд Адел Абдел Махди өнгөрсөн баасан гаригт иргэдийн шаардлагыг биелүүлэхээ амлав. Гэсэн хэдий ч Иракийн асуудлыг бүрмөсөн шийдэх “ид шид” байхгүй болохыг сануулжээ.

Нэгдсэн Үндэсний Байгууллага болон Америкийн Нэгдсэн Улсын зүгээс Иракт өрнөж байгаа үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг Иракийн эрх баригчдаас хүсчээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Онцлох нийтлэлүүд