Нийгэм
2021.02.24 02:02

Иргэдийн бөөгнөрөл үүсгэсэн худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоожээ


Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төвийн гадна өчигдөр (2021.02.23) "Бүх бараа 1999 төгрөг" гэсэн хямдралтай худалдаа зарласны улмаас иргэд бөөгнөрсөн тухай мэдээлэл гарсан билээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төв хямдрал зарлаж, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гарлаа. Иймд зөрчлийг арилгуулж, үйл ажиллагааг нь түр зогсоосон” гэв.

НМХГ-аас мэдээлснээр, тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг, 13 дугаар хороолол, “Хулан уул” ХХК-ийн Efes 13 дугаар салбарын хоёрдугаар давхарт талбай түрээслэгч иргэн П.Баярбат УОК-ын даргын түр журмыг зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр түрээсийн гэрээгээр талбай түрээслэн, хувцасны худалдаа эрхэлдэг ба УОК-ын даргын Сovid-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах түр журмыг зөрчиж, олон хүний бөөгнөрөл үүсгэжээ.

Иймд НМХГ-аас цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Иргэдийн бөөгнөрөл үүссэн талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Онцлох нийтлэлүүд