Нийгэм
2021.04.08 05:04

Иргэдэд өгөх 300 мянган төгрөг инфляцид нөлөөлөхгүй гэв


Засгийн газар энэ сарын 10-аас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, иргэн бүрт өнөөдрөөс 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Уг ажлыг 7-10 хоногийн хугацаанд багтаан олгохоор төлөвлөжээ.

Дансгүй иргэдийг дансжуулах зэрэг асуудлууд дагаад гарч байгаа. НӨАТ-ын системд холбогдсон данс, Хүүхдийн мөнгөний данс зэрэг бэлэн байгаа сувгуудаар бол гүйлгээнүүд хийгдэж эхэлнэ гэв.

Тэгвэл үүнийг дагаад зах зээлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, төгрөгийн үнэ цэн унахтай холбоотой эрсдэл бий эсэхийг тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан “Наймдугаар сараас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2850 орчимд тогтвортой байна. Энэ жилийн инфляцын зорилтот түвшин 6 хувь юм. Одоо инфляц 2.6 хувь байна. Өөрөөр хэлбэл зорилтот түвшнээсээ нам дор байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг даана. Дээрээс нь төв банк өөрөө зорилтот түвшнийхээ төлөө ажиллана. Зүгээр хараад суухгүй шүү дээ. Мөнгөний бодлогын өөрийнх нь олон янзын хэрэгслүүд бий. Үүгээрээ дамжуулж инфляцыг зорилтот түвшинд байлгах бүрэн боломжтой гэж харж байна” гэсэн хариултыг өглөө.

2020 онд хүүхдийн мѳнгѳ 100 мянган төгрөг зэрэг халамжийн бодлого ихээр хэрэгжүүлсэн ч инфляц 2 хувьд хадгалагдаж, иргэдийн хадгаламж нэмэгдсэн юм. Эдийн засгийн хүндрэлийн үед хүмүүс мѳнгѳѳ үрэх бус хадгалах хандлага ажиглагддаг байна.

Онцлох нийтлэлүүд