ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.09.18 12:09

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Монгол улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд ахин хэлэлцэж байна.

Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос ирээдүй хойч үе, үр хүүхдүүддээ үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэн ийнхүү хэлэлцүүлж байгаа юм.

Хуулийн төслийг өмнө нь 2014 оны есдүгээр сарын 05-ны өдөр хэлэлцэхдээ үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах зарчим баримтлан мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны Баялгийн сангийн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулсан зохицуулалтууд оруулсан байна. Мөн оновчтой бүтэц, зохион байгуулалттай баялгийн сан ажиллуулснаар эдийн засгийг түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангах, хойч үедээ баялаг өвлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар дэмжихийн зэрэгцээ Сангийн яамнаас боловсруулсан холбогдох хуулийн төслийг хамтад нь УИХ-д өргөн барихаар тогтсон юм. 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын урт хугацааны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, эрдэс баялгийн нөөц шавхагдаж, эрдэс баялгийн орлого буурах үед уг бууралтын тодорхой хэсгийг нөхөх хуримтлалын санг бүрдүүлсэн байх юм гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж. 

Дэлхий дахинаа Баялгийн сан нь улс орон бүрт өөрийн оноосон нэртэй байдаг бөгөөд  энэ жишгийн дагуу Монгол Улсын Баялгийн сан нь “Ирээдүйн өв сан” гэсэн нэртэй байх гэнэ.

Онцлох нийтлэлүүд