ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.06.02 09:06

Их Британи Европын холбооноос гарна хэмээн анхааруулав

Европын парламентын сонгууль өнгөрсөн долоо хоногт өндөрлөж санал хураалтын дүн гарсан билээ. Харин сүүлийн өдрүүдэд Европын комиссын тэргүүнд хэнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Люксембургийн улстөрч Жан-Клод Юнкерийг уг албанд дэвшүүлж түүнийг ХБНГУ-ын канцлер А.Меркель маш ихээр дэмжиж байгаа билээ. Гэвч үүнийг тус холбооны зарим гишүүд эсэргүүцжээ. Хэрвээ Жан-Клод Юнкерийг уг албанд томилох юм бол Европын холбооноос гарна хэмээн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт Европын комиссын тэргүүнийг томилох  асуудлыг хэлэлцэх үеэр Д.Камерон ийнхүү мэдэгджээ. Их Британийн Засгийн газрын тэргүүн  яагаад эсэргүүцэж байгаагаа тайлбарлахдаа “1980-аад оны үеийн үзэл бодлоосоо салаагүй энэ хүн ирээдүйн таван жилд тулгарах асуудлыг шийдвэрлэх чадваргүй” гэжээ. Хэрвээ Жан-Клод Юнкерийг уг албанд томилох юм бол Их Британийн Засгийн газрын үйл ажиллагааг тогтворгүй болгоод зогсохгүй олон орон Европын Холбооноос гаргахад хүргэнэ гэдгийг ч хэлсэн байна. Түүнээс гадна ирэх жил Их Британид болох  паралментын сонгуульд Д.Кэмероны тэргүүлдэг Консерватив нам ялалт байгуулбаас  Европын Холбооноос гарах асуудлаар ард иргэдийнхээ дунд бүх нийтийн санал асуулгыг явуулах гэнэ.
Өнгөрсөн тавдугаар сарын 22-25-ны өдрүүдэд явагдаж Европын парламентын сонгууль болж барууны төвч, социалист болон либерал үзлийг баримталдаг намууд олонх суудлыг авсан. Люксембургийн улстөрч Жан-Клод Юнкерийн тэргүүлдэг Европын ардын нам хамгийн олон санал аваад байгаа юм.

Онцлох нийтлэлүүд