ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.02.15 10:02

Их хамба Д.Чойжамц: Буян чуулганыг хурааж, нүглийг тэвчиж, ажил хөдөлмөр эрхэлбэл амьдрал сайхан байна

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Гавж Д.Чойжамц монгол түмэндээ зориулж ерөөлөө айлдлаа. Их хамбын айлдварыг толилуулж байна.

Нохой жил сайхан жил болно гэж бэлгэшээж байна. Цагаан сараар айл бүрийн тавгийн идээ тэргүүтэн дүүрэн байдаг нь монголчуудын буян заяа бялхалж байгаагийн илрэл билээ. Үүндээ сэтгэл хангалуун байж, энэ идээ будаа цэвэр ариун зүйлийг бусадтайгаа хуваалцаж, бэлэг сэлтээ түгээсэн өглөөгөөр шинийн 1-нээр сар шинийн баяр маань эхэлдэг уламжлалтай. Гурван төрлийн өглөг байдаг. Эхнийх нь эд эдлэгийн өглөг. Ийм өглөг өгсөн хүний цаад хүч нь өөрөө баян тансаг болдог гэсэн бэлгэдэлтэй. Тиймээс монголчууд өглөгийг их чухалчилж байсан. Бас сайхан урам зориг оруулах өглөг гэж байна. Гутруу яваа нэгнийгээ амьдралд нь тэнцүүлээд өндийлгөөд явж байгаа нь энэрэнгүйн сайхан өглөг.

Бие, хэл, сэтгэл гурвын үүднээс бусдадаа зөвлөгөө өгсөн, амьдралд нь тэнцүүлсэн, цаашдын зам мөрийнх нь чигийг заасан сургаалиа айлдаж байгаа бол бас нэгэн өглөг бөлгөө. Ертөнцийн бодит байдлыг танин ухуулж байгаа гэдэг бол өглөг байдаг. Монгол түмэн минь шинэ жилийн өглөө үр хүүхдээ үнсээд, хайрлаж, энэрч, нигүүлсэнгүй өглөг тэргүүтэй бие биедээ хандаж, сар шинээ бэлгэ дэмбэрэлтэйгээр угтаарай. Ялангуяа үр хүүхдүүддээ анхаарал тавьж, халамжаа бүү сулруулаарай. Тэд бол бидний ирээдүй юм шүү.

Энэ ертөнц дээр хүн сайхан амьдарна гэж бодох юм бол дараахь зүйлсийг монголчууд эрхэмлэдэг байсан юм. Хамгийн түрүүнд урт настай удаан жаргалтай байхыг хүсдэг. Ганцхан өөрөө биш, гэр бүлээрээ урт настай байх юм бол удаан жаргалтай байдаг. Зөвхөн урт нас байсан төдийгөөр биш, өвдөж, хавдаад байх юм бол жаргаж өгдөггүй. Тиймээс өвчингүй байхын төлөө тэмцэж, зүтгэдэг. Өвчингүй байх, урт наслахын тухай хамгийн бага эгэл зүйл дотор байдаг юм гэж бурхан багшийн сургаалд бий. Энэ бол идэж уух, хоол, хувцас гээд энгийн тэргүүтэй зүйлээс шалтгаална. Тиймээс үүнийгээ сайтар анхаарч, тунгааж явбал гэр бүлээрээ, хамт олноороо бүгдээрээ урт настай, өвчин зовлонгүй байна. Хүн төрөлхтөн сайхан амьдаръя гэж бодох юм бол барцад гэдэг зүйлээс хамгаалахыг боддог. Амьдралыг хорлодог архи, тамхи, осол аваар, хэрэг түвэг, зүйлүүдийг байнга санаж, “Би ийм муухай зүйлийг хийх юм бол өөрөө болоод гэр бүлээ сүйдэлчихнэ шүү дээ” гэдгийг санаж байх, мэдэж байх хоёроор хөллөж амьдралын саадаас өөрийгөө хамгаалж явах учиртай байдаг. Тэрний дараа эдийн засаг ордог. Өөрийн амьдралд хүрэлцээ муутай эдийн засагтай бол бусдыгаа татаад унагадаг. Бас нас богинодох талтай. Тиймээс ажил хөдөлмөрөө зөв сайхан хийж, хуримтлал үүсгэж, гамнаж, хэмнэж, эдийн засгаа өөрийнхөө амьдралд хүрэлцээтэй болгох ёстой. Энэ бүхэн таны амьдралд бүрдэх болтугай гэж ерөөл дэвшүүлье.

ЦАГААН САР БОЛ ЭВ НЭГДЛИЙН БАЯР

Хуучин цагт цагаа сар шашин төрийн баяр байсан. Сүүлийн үед нийтээрээ тэмдэглэдэг боллоо. Энэ бол эв нэгдлийн баяр. Ахмадаа эхэлж хүндэтгэн, үр хүүхдээ асарч, найз нөхөдтэйгээ найрсаж, хамаатан саднаа таньдаг баяр. Өсч үржиж байгаа үед бие биенээ танихаа байдаг. Шинээр мэндэлсэн хүүхэд, танилцаагүй байгаа хүмүүстэйгээ танилцаж, нэг нэгийгээ мэдэлцэх баяр бол цагаан сар. Тиймээс сар шинийн өдрүүд бол монголчуудад эрхэм чухал уулзалт байдаг. Энэ баяр цус холилдох болоод элдэв зүйлээс сэргийлэх ач холбогдолтой. Тэрнээс гадна зан заншлын баяр юм. Шинийн 29-нд гэр орноо цэвэрлэдэг. Мөн өр төлөөсөө төлдөг. Битүүний өдөр сар арвидаж эхэлдэг. Шинийн найман болоход сар тал дугуй болдог. Улам арвиссаар тэргэл буюу бүтэн болно. Үүнээс хойш дахин хомстоод, шинийн 22 гэхэд яг тал дугуй болдог. Битүүн гэдэг нь сар битүүрч, харагдахгүй болдог үе юм. Тийм учраас тэр өдөр битүүнийхээ баярыг эхлүүлдэг учиртай. Хуучин оныхоо ажил үйлсийг дүгнээд зочин гийчнээ урьдаг. Сэтгэлд зөрүүтэй маргалдаж барьсан зүйл байвал хөөрөг зөрүүлж эвлэрч хуучин ондоо цагааддаг юм. Золгож, бэлгэ дэмбэрэлийн сайхан үг хэлдэг. Таван мэдэлд зориулсан сайхан идээ будаагаа засч, ахмадаасаа эхэлж золгон хүндэлдэг шүү дээ. Нүдэнд нь сайхан дүрс, чихэнд сайхан дуу, аманд нь сайхан амт, хамарт сайхан үнэр буюу арц хүж уугиулан үнэртүүлэх хэрэгтэй. Харин энэ биенд нь хэв хадаг гэдэг. Хадгийг гадаа хөдөө уяж хаядаггүй. Хадаг тогтвол буян тогтдог гэдэг яриа бий. Дээр үед хадгаар эд бараа худалдаж авдаг байв. Хүндэтгэлийн эдийг мэдэхгүйгээс болоод өнөө цагт хаа хамаагүй хаядаг болжээ. Хадгийн үйлдвэрлэгч нь ч үүнийг мэдэхээ байжээ. Хэв хадаг биед их зөөлөн мэдрэмж өгдөг. Бие хэл сэтгэл гурваараа биендээ сайхан харьцсан, дээл бүсээ бүсэлж товчилсон, малгайгаа сайхан түвшинд тавьсан, айлд орохдоо бол нүдний харц эхлээд хоймор өөд харж, дараа нь бусад улсуудтай мэндэлдэг. Цагаан сараар бэлгэ дэмбэрэлгүй зүйл амнаасаа унагаж огт болохгүй. Муу үг хэлдэг хүнийг сар шинээр дахин гэртээ урьдаггүй. Би багадаа ийм явдал нэг удаа харсан юм. Тиймээс монголчууд бие, хэл, сэтгэл гурвын үүднээс эв нэгдэл, буян чуулганыг хураадаг, нүглийг тэвчдэг ийм сайхан баяр юм. Энэ сайхан баяртаа бэлгэ дэмбэрлээ дээдэлдэг. Ер асар том дэлхийд амьдарч байгаа монголчууд дархлаа суулгах ёстой. Энэ биеэ авч явж байгаа байдал бидний идээ будаа, ямба ёслол ирээдүйд залгамжлан үлдэх ёстой. Цагаан сар, Наадам нь энэ талаасаа гайхамшигтай болдог баяр. Торгон дээлээ өмсөөд, нэг өдөр ч болов монгол хүн болоорой. Энэ даяаршиж буй ертөнцөд энэ бол ховор үзэгдэл боллоо. Европын орнуудад дуурьд л хуучин хувцас хунараа хардаг болсон байх жишээтэй. Харин бид өнөөг хүртэл уламжлалаа хадгалж ирсэн, үндэсний дээл хувцсаа өмсч байгаа нь сайхан.

ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ӨНГӨ

Бид хүн төрөлхтний жилийн эхлэлийг тавиад зурхайгаар бодоод одон гаригс хоорондын шүтэн барилдлагыг үндэслэж ямарваа нэгэн юмыг зурдаг боловч хүн өөрөө хичээвэл бүхнийг даван туулж чадна. Нохой жилийн өнгийг сайхан болно гэж бэлгэшээж байгаа. Гэхдээ зарим үед ган гачигтай харагдсан. Ахмадууд эрүүл мэнд, биедээ болгоомжтой байхыг зурхайд зурагдсан байгаа. Мөн малчид их хянуур байх хэрэгтэй. Мал бусдын мэдэлд орж мэдэхээр байна. Тиймээс малдаа нэлээд анхаарал тавиарай. Бид өөрсдөө зүтгэвэл муу зүйлийг үгүй болгох нь ертөнцийн хууль. “Чи төгс гэгээрсэн бурхны хутгийг олж болно” гэж бурхан багшийн айлдсан байдаг. Бие, хэл, сэтгэл гурвын хөгжил дэвшил ирдэг юм гэдгийн үндэс. Тиймээс сайн сайхан явахыг бид өөрсдөө мэднэ. Буян чуулганыг хурааж, нүглийг тэвчиж ажил хөдөлмөр эрхлэх юм бол амьдрал сайхан байх учиртай. Ирж буй жилдээ эв түнжинтэй, бие биедээ хүндэтгэлтэй, сайхан үг хэлэхэд гадна талын ертөнц над руу хардаг болдог. Муухай үгээр давшиж дайрч, муухай харах юм бол тэндээс яг л тийм хэмжээний хариу ирдэг нь хүн төрөлхтний араншингийн хууль юм шүү. Тиймээс бусадтай, үр хүүхэд, хамаатан садантайгаа хичнээн сайхан ухаанаар эвсэг хандана, тэр ертөнц буцаад эвсэг хандах юм байгаа. Тийм учраас та бүхэндээ эвтэй зүйтэй, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, харшлах зүйлгүй, архи, тамхи тэргүүтэй зүйлээс ангид, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг, үр хүүхэд өнөр өтгөн байхын хамгийн сайхан зүйлийг хүсэн ерөөе.

НОДЛИНГООС НОХОЙ ЖИЛИЙНГ ХҮРТЭЛ УЛС ОРНЫ ХЭМЖЭЭНД ИХЭЭХЭН ӨӨРЧЛӨЛТ ГАРГАСАН ЖИЛ БОЛЛОО

Их хамбатан XVII жарны тийн унжлагат хэмээх нохой жилийн босгон дээр монгол түмэндээ дэвшүүлсэн айлдвартаа өнгөрсөн жилийн үр дүнг ч сонирхуулсан юм. Өнгөрсөн жил Монгол орны хөгжил дэвшсэн, ард түмний амьдрал дээшилсэн, засаг төр нь цэгцэрсэн сайхан жил байлаа. Монгол оронд ихээхэн өөрчлөлт орсон.

1990 оноос хойш үзэгдээгүй өөрчлөлт боллоо. Миний багадаа мэдэх Ленин клуб, Ард кино театр гээд ярихаар одоогийн залуус ойлгохоо байж. Улаанбаатарын зам харгуй их сайхан болж байна. Сүүлийн 20 гаруй жилд Монгол орон хөгжиж дэвшлээ. Гэхдээ нодлингоос нохой жилийнг хүртэл улс орны хэмжээнд ихээхэн өөрчлөлт гаргасан жил боллоо гэж бодож байна. Хүмүүсийн ярьж байгаа, сонин хэвлэл, цахим ертөнц зэргийг ажиглаж байхад их зүйл өөрчлөгджээ. Ер нь бол яриа хөөрөө хүртэл их өөрчлөгдлөө. 1990-ээд оны эхэнд Америк ингэдэг, Англи тэгдэг гэхээр бид тийм юм байхдаа гээд ангайж хардаг байсан. Тэр үе ард хоцорчээ. Тэр үед Засаг төр улс төрийн бодлогоо шууд явуулдаг байлаа. Харин одоо ард түмнээ сонсож, буруу зүйл хийвэл эргээд залруулдаг болжээ. Энэ нь жинхэнэ ардчилал руу орж байгаагийн шинж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалыг харж байна. Энэ засаг төр бидний байгуулсан засаг гэж иргэд мэддэг боллоо. Хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт гарч байна. Энэ бол дэвшил. Өнгөрсөн жилд улс төр, эдийн засагт сайхан өөрчлөлт гарсан. Өр ширээ эхнээс нь төлсөн. Жинхэнэ ардчилал руу орж, ард түмнийхээ үгийг сонсож байгаа нь их сайхан санагдлаа. УИХ-ын гишүүд юу ч хийж байсан бидэнд хамаагүй мэт байсан боловч одоо өөр болж. Тэгэхээр хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт ихээхэн гарлаа. Намуудын хоорондын харилцаанд өөрчлөлт гарч байна. Энэ бол Ардчилсан орны эхлэл.

МОНГОЛЫН БУДДЫН ШАШИН ИРЭЭДҮЙТЭЙ БОЛЖ ХӨГЖИЖ ДЭВШИЖ БАЙНА

Шашны хувьд ч өөрчлөлт гарч байна. 1937-аад онд энэ орны дархлаа болсон коммунизмын мөр дээр тээглэсэн бүхнийг устгаж ирсэн. 1937 онд 1000-аад сүм, хийдээ устгуулсан. Энэ байдал 1990 оноос арилсан. Комминузмын үлдэгдлийг хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай бүгдийг нь устгалаа. Хүний эрх эрх чөлөө, байгаль хамгаалал гээд олон төрлийн нигүүлсэн, энэрэл улам сайхан болж төгөлдөржиж байна. 1990-ээд оноос бурхан шашны сүм хийдээ сэргээж, 20-30 хүн эхлүүлж байлаа. 1970-2000 он хүртэл шалиагүй шашны сургалт явагдаж байсан.

Өнөөдөр Энэтхэгт 700 гаруй хүн сурч байгаа. Чойрын ном үзэж байна. Энэтхэгт зургаан том хийд байдаг. Энэ жил Энэтхэгт 18 жил сурсан Монголын лам шалгалтаараа нэгдүгээр зэрэгт орлоо. Тэрнээс гадна таван гавж гарсан. Шашин сэргэж байгаа байдал харагдаж байна. Сүм хийдийг нураасан ажиллагааг Монголын удирдлагууд удаа дараа уучлал гуйж байлаа. Монголын хоёр сая хүн буюу 60 хувь нь энэ шашныг шүтэн, мөргөж, хүндэлж байна. Сүм хийдийн үйл ажиллагаа цэвэр, ёс зүйтэй байх ёстой. Ингэхдээ хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлана. Төр шашныг буруу явуулахгүй байх үүрэгтэй. Иймд сайхан сүм хийдүүд барьж байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлахдаа Цогчин дуганаар зочилсон юм. Тэрээр айлчлалынхаа үеэр Энэтхэгээс улбаатай, гүн ухаанлаг ийм сайхан шашин Монголд ирээд дэлгэрч байгааг дэмжинэ гэсэн юм. Цогчин дуганы голд нь залах таван метр өндөртэй Бурхан багшийн дүрийг хийж залъя гэсэн. Одоо Энэтхэгт ажил нь өрнөж байна. Төвдөөр дамжиж ирсэн тул шашны түүхийг бүрдүүлье гэж далай багшид ярьж, айлтгасан. Моди Ерөнхий сайд ингэж дэмжиж байна гэлээ. Иймд Богд ламын хөшөөг далай Багш бүтээж дэмжин бүтээлгэж эхэллээ. Гурван метр орчим өндөртэй Богд ламыг хоёр шавьтай нь Далай багш бүтээж өгч байна. Ирээд Монголдоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид энэ бүхнийг дуулгахад Өндөр Гэгээн Занабазарын хөшөөг бүтээе гэсэн. Шашинд бол эрдэм соёлын олон сайхан зүйлүүд бий боллоо.

Дэлхийн буддын шашны Энх тайвны дээд хэмжээний хурал болдог. Намайг дөрвөн жилийн өмнө тэргүүнээр сонгосон юм. Тус байгууллагын олон улсын хурал саяхан Шри Ланка улсад боллоо. 47 орны Буддистүүд хамт хуралдаад ирлээ. Африкийн найм, Латин Америкийн гэх мэт орнуудаас төлөөлөл ирж, хуралд оролцлоо. Нигүүлсэл энэрэл, дэлхийд энх тайван тогтоох, хүүхдийн хүмүүжил, байгаль дэлхий гээд олон асуудлаар санал солилцлоо. Энэтхэгт мөн ийм үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бий. Үүний удирдах зөвлөлд би багтан ажилладаг. Эдгээр нь бидний гадаад харилцааны салбарт хийж буй ажлууд юм. Үүнийг Монголын буддын шашины тэргүүнүүдтэй хамт орлоо. Энэ бол монголын буддын шашин ирээдүйтэй болж хөгжиж дэвшиж байгаа нэг гэрч юм. Гадаад дотоод харилцаа болоод бүтээн байгуулалтын хувьд Гандантэгчэнлэн хийд бол олон ажлуудыг хийлээ. Хамгийн сүүлд гэхэд Бяцхан Будда буюу Бурхан багшийн балчир үеийг дүрсэлсэн хөшөөг хийддээ заллаа. Цэцэрлэгийн хүүхдүүдэд эргэж тойрдог, тэндээ концерт тоглодог тийм сайхан ажил болж байна. Шашин төр хоёуланд нь сайхан үйл явдал үргэлжилсэн жил байлаа.


Онцлох нийтлэлүүд