ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2019.06.29 12:06

Их хорийн уулзалт Японы Осакад эхэллээ

"Их хорь" буюу дэлхийн 20 улсын удирдагчдийн уулзалт Японы Осакад өнөөдөр эхэллээ.

"Их хорь" гэдэг нь дэлхийн 19 улс мөн Европын холбооны албан бус нэгдэл юм. Энэ нэгдэл нь дэлхийн хүн амын гуравны хоёр ба дэлхийн ДНБ-ний 80 хувийг хамардаг.Үнэн хэрэгтээ бол “Их долоогийн” өргөжүүлсэн хэлбэр юм. Их хорийг бий болгох санаачилга хамгийн анх 1999 онд G7 саммитийн Сангийн сайд нарын уулзалт дээр гарчээ. АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали, Япон бүсийн болон даяарчлалын нийгэм, эдийн засгийн хямралд нөлөөлөхийн тулд улс орнуудын хүрээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тэд ийм дүгнэлтийг 1997-1998 оны Азийн санхүүгийн хямралын дараа хийсэн байлаа.

Энэ нэгдлийн үйл ажиллагаа нь 2008 он хүртэл Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүн нарын түвшинд явагдаж иржээ.

Их хорийн уулзалтанд тусгай байгууллага гэж тоологдох Европын холбоог Европын зөвлөлийн дарга, Европын комиссын Ерөнхийлөгч төлөөлөх бөгөөд үлдсэн орнуудын тоонд:

  • Хойд Америкийн – Канад, АНУ, Мексик;
  • Өмнөд Америкийн – Бразил, Аргентин;
  • Европ ба Ойрхи Дорнодын – Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Турк, Саудын Араб;
  • Азийн – Энэтхэг, Индонез, Хятад, Өмнөд Солонгос, Япон;
  • Африкийн – ӨАБНУ;
  • Австрали багтдаг.

Дээд хэмжээний уулзалт бүр дээр тусгай улс орнууд уригддаг. “Байнгын зочин” гэх статус зөвхөн Испанид бий.Улс орнуудын тэргүүн нараас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг томоохон бүтцийн удирдлагууд оролцоно.

G20 нэгдлийн үндсэн зорилго ба ололтууд

G20 нэгдлийн үйл ажиллагаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, санхүүгийн хямралаас сэргийлэх, дэлхийн санхүүгийн бүтэц байгуулалтыг өөрчлөн шинэчлэхэд чиглэгджээ. “Их хорийн” үйл ажиллагааны буянаар ”татварын диваажин” гэх оффшорын бүсийн задлан буулгалтыг эхлүүлсэн юм.G20-ийн шийдвэрээр шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнууд Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдлагад саналын квоттой болжээ.

Сонирхуулахад: “Их хорийн уулзалт” өөрийн түүхэндээ 14 дэх нь бөгөөд Японд анх удаагаа зохион байгуулагдаж байна. Уулзалт Осакагийн булан дахь Сакишима гэх хиймэл арал дээр болж, 30 мянган аюулгүй байдлыг нь хамгаалах юм. Арга хэмжээг сурвалжлахаар 7000 сэтгүүлч бүртгүүлсэн байна.


Онцлох нийтлэлүүд