ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.05.06 12:05

И.Буян-Өлзий: Хөдөө орон нутгийн иргэдийг мэдээлэл багатайгаар нь далимдуулж залилж байна

“Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй залилах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт сургалт, зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ талаар ЦЕГ-ын Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзийтэй ярилцлаа.


-Цагдаагийн ерөнхий газар энэхүү зөвлөгөөнийг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Залилах гэмт хэргээс үүдэлтэй цагдаагийн байгууллагуудад өнөөдөр их ачаалал бий болгож байна. Нэг хэрэг дээр ганц хүн биш ажлын хэсгүүд гарч ажиллаж байж үр дүн гарна. Зарим залилах гэмт хэргүүд хэдэн сар, жилээс дээш хугацаанд шалгагдаад явж байна. Иймэрхүү гэмт хэргүүд ихээр үйлдэгдэж байгаа учраас ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албатай хамтраад урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ сард "Залилах гэмт хэргээс сэргийлэх аян" зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх аян маань нэлээн үр дүнгээ өгч чадаж байгаа. Өнөөдрийн сургалт, зөвлөгөөнөөр мэргэжлийн зөвлөгөөг өгч, санхүүгийн зохицуулах хороо, прокурорын зөрчилд хяналт тавих хэлтэстэй зөвлөлдөх болно. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа биш гэмт хэргийн бэлтгэлийн үед урьдчилан сэргийлж таслан зогсоох нь бидний гол зорилго юм. Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллавал сүлжээний бизнесээс ард иргэдийгээ хамгаалах, хохирол учруулахгүй байх, гэмт хэргээс сэргийлэх бүрэн боломжтой.

-Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын арга гэж юу вэ?

- Дэлхийд 1920-иод оны үед анх бий болсон.Энэ шинжлэх ухааны нэр томьёо биш Чалз Понзи гэх Итали гаралт АНУ-ын иргэний хүний нэрээр нэрлэгдсэн Понзийн схем болон пирамид тогтолцооны луйврын арга юм. Энэ аргыг олон улсад 1960-1970-аад оны үед хориглож эхэлсэн. Харин Монгол Улсын Их хурлаас 2001 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн найм дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаар үйл ажиллагаа явуулахыг хориглож хуульчилсан. Энэ нь өөрөө бизнес биш, цэвэр луйврын шинжтэй учраас хориглож байгаа юм. Пирамидын оройд гарсан хүмүүс их хэмжээний ашиг хонжоо олж амжилтад хүрч байгаа мэт харагддаг. Гэхдээ үнэн хэрэгтээ 2, 3, 4 дүгээр шатлалд орсон хүмүүсийн мөнгийг л аваад байгаа гэсэн үг. Доод шатлалд байгаа хүмүүс дээр байгаа хүмүүст л мөнгөө алдаад байна гэж ойлгож болно.

-Пирамид луйврын нуран ундаг гол шалтгаан юу вэ?

-Бодит бараа бүтээгдэхүүн үйлчилгээ эрхэлдэггүй, гишүүнээр элсэх хүнгүй болж улмаар пирамид нурдаг.Иймээс иргэд аль аль талаасаа хохирдог учраас хуулиараа хориглодог байна. Өмнөх пирамид үүсээд нурсны дараа дараагийн гарч ирсэн пирамид луйварт иргэд итгэдэг. Учир нь залилагч нэрээ өөрчилдөг, өндөр цалин урамшуулал амладаг, бараа бүтээгдэхүүнээр өнгөлөн далдлагдсан хэлбэрт шилжиж арга нь нарийсч байгаатай холбоотой.

Пирамид тогтолцооны луйврын аргаар бусдаас мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлдэг. Мөн түүнээс урамшуулал, цалин гэх зэргээр ашиг хүртэж байгаа хүмүүс хэзээ ч амжилтад хүрч байгаагүй. Гишүүнчлэл тасралтгүй эргэлдэж байх хугацаанд ашигтай, цалинтай, орлоготой мэт байдаг. Гэвч удаан хугацаанд үргэлжлэхгүй, тогтворгүй, өөрөөр хэлбэл гишүүнээр элсэх хүнгүй болдог. Түүнчлэн бодиттой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй учир эргэлтгүй болж пирамид нурдаг.

-Пирамид тогтолцооны залилан ямар байдлаар илэрч байна вэ?

- Манай улсын иргэдийн ихэнх нь нийслэл хотод төвлөрсөн байдаг. Иймээс нийслэлд ажилгүйдэл их байгаа. Ингэснээр айл бүрт мөнгөний асуудал, гачигдал үүсдэг. Үүнийг ашиглан залилан хийх тохиолдол элбэг байна. Залилангийн төрөл дотроос хамгийн их хохиролтой, олон хүнийг хамарч анхаарал татдаг залилан бол олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаар хийдэг луйвар юм. Энэ төрлийн луйвар нь арга зохион байгуулалтын хувьд их нарийн тогтолцоотой байдаг. Пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо өсөхөд үүнээс шууд хамааралтайгаар хохирлын хэмжээ нэмэгдэж байна. Энэ нь иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гол шалтгаан болдог. Иймээс цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх зүй ёсны шаардлага гарч байгаа юм.

-Энэ төрлийн залиланд хэчнээн иргэн хохироод байна вэ?

-Монгол Улсад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн сүүлийн гурван жилийн статистик мэдээнээс харахад залилах гэмт хэрэг нь 2016 онд бүртгэгдсэн гэмт хэргийн 7,9 хувийг эзэлсэн байна. Харин 2017 онд 9,2 хувь бол энэ оны эхний гурван сарын байдлаар 12,7 хувийг эзэлсэн байдаг.Ингэхээр энэ төрлийн гэмт хэрэг байнга өссөн дүнтэй байгаа юм. Мөн энэ төрлийн аргаар үйлдэгдэх залилах гэмт хэргийн улмаас 35 мянга гаруй иргэнд 56,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн 40-45 хувь нь 22-30 насны залуучууд, 75 хувь эмэгтэйчүүд эзэлж байна. Харин ямар үйл ажиллагаанд оролцож байгаагаа мэдэлгүй гишүүнээр бүртгүүлсэн иргэд 16-20 хувийг эзэлсэн байгаа. Үүнээс 15-20 хувь нь ашиг, урамшуулал авсан иргэд, 80-85 хувь нь хохирсон иргэд эзэлж байна.

-Залилан хийсэн этгээдүүд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-Залилангийн гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-12 жилийн хугацаанд хорих ял шийтгэхээр заасан байгаа. Мөн пирамид нурсан тохиолдолд асуудал үүсдэг. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад анх оруулсан мөнгөн дүнгээс давсан цалин, урамшуулал авсан хүмүүс иргэний хариуцагчаар татагдаг. Эдгээр иргэн оруулсан мөнгөн хөрөнгөнөөсөө давсан хэмжээгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээдэг юм. Ингэхээр залилан гэдгийг мэдэхгүй орсон ч хариуцлга хүлээдэг гэж болно. Пирамид тогтолцооны луйврын аргаар 2007-2012 онуудад өөрөөр хэлбэл сүлжээний гэх тодотголтой хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. Мөн 7600 гаруй иргэдэд 4,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 36 иргэнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоосон. Хэд хэдэн жишээ дурдахад Жавхланг Бадруулагч, Шинэ Санаа Төв, Глобал Ньюс, Байгалийн Нөхөр Сан, Гүн галуутын Оюун-Эрдэнэ сан зэрэг байна.

- Цагдаагийн байгууллага, төрийн бусад байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсээр байхад иргэд яагаад энэ гэмт хэрэгт өртөж хохироод байна?

-Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах явцад дараахь шалтгаантай байна гэж үзэж байгаа юм. Нэгт, дэлхийн аль нэг улсад сүлжээний гэх тодотголтой пирамид луйврын аргыг Монгол Улсад оруулж, иргэдийг элсүүлэн ашиг хонжоо олж байгаа хэсэг хүмүүс байна. Хоёрт, иргэдийн дунд “Сүлжээ” гэж нэрлэгдэх болсон пирамид луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж хүмүүс иргэдийн мөнгөн хөрөнгийг татах, гишүүнээр элсүүлэхийн тулд аргаа улам нарийсгаж байна. Жишээ нь, хуучин нэрээ өөрчлөх, өндөр ногдол ашиг, урамшууллын болзол тавих, гадаадын хөрөнгө оруулалттай гэх нэр барих, Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч байгууллага, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй хэрнээ бодитой бараатай мэт, бараа бүтээгдэхүүнээр өнгөлөн далдлагдах, гадаад улс руу аялуулах зэрэгт иргэд хууртаж хохирч байна. Гуравт, манай иргэдийн өөрсдийнх нь маш богино хугацаанд өндөр ашигтай ажиллаж амар хялбар аргаар мөнгөө өсгөх гэсэн сэдэл, бодол санаанд тулгуурлаж байна. Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө ятгалга, гуйлтаар хөгшчүүд тэтгэврийн хэдэн төгрөг, тэтгэврийн зээл авч мөнгөө оруулж хохирдог. Дөрөвт, иргэд нэн хайхрамжгүй ханддаг асуудал бол залилагч нар “сүлжээ биш” гэхээр л сонирхож эхэлдэг.Ингээд дээрх хэлсэн аргуудад итгэж мөнгөө оруулж хохирч байна. Тавд, хөдөө орон нутгийн иргэдийг мэдээлэл багатайгаар нь далимдуулж хөдөөд чиглэдэг. Мал мах үнэтэй үед, хавар ямааны ноолуураа борлуулж хэдэн төгрөгтэй болох энэ үеэр хөдөөд гарч хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр шалтгаанаас иргэд залилангийн хэрэгт их өртөж байдаг.


Онцлох нийтлэлүүд