ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2015.08.18 07:08

Кавальерс Смитэд цуцалсан гэрээнээс нь бага цалин санал болгожээ

Чөлөөт агент болсон бүхэн ялдаггүй. Чөлөөт агент болсон л бол хүссэн цалингаа авахгүй. Тод жишээ Ж.Р.Смит болох нь.

2015-16 оны улиралд тоглох 6.4 сая долларын гэрээнээсээ татгалзаж, илүү урт хугацааны, өндөр үнэтэй гэрээ хийх сонирхолтой байсан Смит эцэстээ нэг жилийн гэрээгээр Кавальерсдээ үлдэхээр шийдсэн бололтой.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Кавальерс Смитэд нэг жилийн 6.4 саяас бага дүнтэй гэрээг санал болгосон гэнэ. Кавальерсын дээрхи шийдвэрийг ойлгоход амархан. Багийн цалингийн цэс хэдийнээ хэтэрчихсэн бөгөөд одоо доллар бүрт долларын нэмэлт татварыг лигт төлнө.

Иймд Тристан Томпсон, Ж.Р.Смит нарт их хэмжээний цалинг санал болгож чадахгүй. Хэдийнээ Леброн, Лав, Шумперт, Деллаведова, Уильямс нартай гэрээ хийсэн Кавальерст яг үнэндээ Смитийн хэрэг тийм ч их биш.

Ирэх улиралд Деллаведова холбогчоор сэлгээнээс тоглолоо гэж бодоход Мо Уильямс шидэгчийн байрлалд гарна. Тэгэхээр Смиттэй минут хуваах болж байгаа юм. Ийм байхад Кливленд шаардлагагүй тоглогчийг 6,7 саяар авч үлдэхгүй нь тодорхой боловч Смитэд өөр бусад багуудаас санал ирээгүй учир арга буюу тэрбээр нэг жилийн илүү хямд гэрээгээр тоглохоор шийдсэн бололтой.

Смит нэгдүгээр сард Кавальерсд солигдож ирснээсээ хойш 46 тоглолтонд оролцож 12.7 оноо 3.5 самбар 2.5 дамжуулалт 1.4 бөмбөг таслалтыг дунджилсан юм.

Онцлох нийтлэлүүд