Онцлох нийтлэл
2020.11.22 10:11

Ковидын хажуугаарх далд улс төр


Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн хоногийн өмнө өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Хариуд нь Ерөнхий сайдын зүгээс цар тахлын тархалт нь нэг сарын хугацаанд өрнөх асуудал биш учраас зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийх боломжгүй. Зах зээл дээр гэнэтийн савлагаа өсч, валютын ханш зэргээ тогтоон барьж чадахгүй гэж үзэн Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй. Төрийн тэргүүний энэ саналд Ерөнхий сайд У.Хүрэлсүх их л ундуйцаж яваа гэнэ. Тэрээр нөхцөл байдал хүнд байхад сонгуульд зориулж над дээр чагт тавилаа гэж ихээхэн ууртай байгаа аж. Өрх бүрт сая төгрөг өгөхгүй гэхээр У.Хүрэлсүх зориуд өгсөнгүй гэх улс төр явна. Харин өгчихөөр нэр хүнд нь Хүрэлсүхэд биш, Ерөнхийлөгчид очих учраас ёстой л дайны хажуугаар дажин гэгч л юм болж байгаа юм байх.

Бүр болоогүй УОК-ын дарга Я.Содбаатарыг хувийн тоглолт хийгээд байна гэж үзэн огцруулах санаархал ч улс төрд явж байгаа аж. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн МАН-ын арын албанд Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар дөрөө харшуулан ажилласан. МАН олонх болж, ЖДҮ-чдээ өөд нь татаж томоохон албан тушаалд тавьсан. Ж.Энхбаярын хувьд ЖДҮ-ээс зээл авсан гэх хар толботой төдийгүй томоохон албан тушаалд тавигдаагүй. Тэгвэл энэ цаг үед тэрээр Засгийн газарт нэр хүндээ сэргээхээр идэвхийлэн ажиллаж байгаа гэнэ. Энэ өдрүүдэд Ж.Энхбаяр шиг л сайн хүнгүй боллоо. Түүнийг У.Хүрэлсүхийг барьцаалсан. Юу дуртайгаа хийх эрхтэй болчихсон хэмээн улс төрийнхний дунд яриа байдаг юм билээ. Энэ бүгдээс харахад Я.Содбаатарын оронд Ж.Энхбаярыг тавих санаархал аль хэдийнэ яваад эхэлсэн бололтой юм. Залгуулаад Засгаар ч оролдох далд санаархал өрнөж байгаа аж.
Түүнчлэн Д.Сумъяабазар хотын даргын албан тушаалыг аваад удаагүй байхад нь манай улс дотооддоо цар тахлыг алдсан. Хот, засаг хоёрын шийдвэрүүд нь нэг зүгт харахгүй байгаа. Хотын даргын нойр хоолоо хасан ажиллаж байна гэж хэлснийг иргэд ямбанд нь суучихаад ялархлаа хэмээн нэлээд шүүмилж харагдана лээ. МАН-ын доторх талцлын нэг болох МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын талцал орон нутгийн сонгуулиас өмнө эхтэй. Хотын намын хорооноос болж чулуу шидэлцсэн Д.Амарбаясгалан энэ цаг үеийг зүгээр нэг чимээгүй өнгөөрөөчихгүй байх. Түүний зүгээс хотын даргад улс төрийн давшилт хийх нь дамжиггүй бололтой.

Онцлох нийтлэлүүд