ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.05.27 11:05

Компьютерийн хөгжлийн тав дахь хувьсгал Блокчейн

Блокчейн технологид суурилсан программ хөгжүүлэгч старт-апууд жилд 3.7 тэрбум ам.долларын токен худалдаа хийж байна. Ер нь блокчейний ирээдүйд эргэлзэх шалтгаан байхгүй. Крипто валютаар монголчуудад танил болсон блокчейн технологийн хэрэглээ ирээдүйд ганц салбараар хязгаарлагдахгүй. Биткойн блокчейний хэрэглээний нэг л жишээ юм. Блокчейн бүх салбарыг хамарч дэлхийг өөрчилнө гэсэн таамгийг баталсан үйл явдал шил дарж байна. Луйс Дрэфус блокчейн технологи ашигласан дэлхийн хамгийн анхны газар тариалангийн гэрээ хэлэлцээрийг хийсэн бол Амстердамын Guardtime групп блокчейн технологи бүхий платформыг ашиглан мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломж байгааг танилцуулсан юм.

Дээр дурдсан газар тариалангийн хэлэлцээр нь Америкаас урд хөрш рүү шар буурцаг тээвэрлэх бизнес байж. Худалдааны хэлэлцээрийг нь EasyTrad­ing Connect блокчейн платформын тусламжтайгаар хийжээ. Мөнгөн гүйлгээг нь ч цахим хэлбэрээр шийдсэн аж. Ингэснээр энгийн аргаар хийдэг хэлэлцээрээс тав дахин бага хугацаа зарцуулжээ. Мэдээж хэмнэсэн зардал мөнгө гээд өчнөөн давуу тал бий. Блокчейнд суурилсан онлайн санал хураалтын системийг Follow My Vote нэртэй старт ап компани хөгжүүлж байгаа. Үүнээс гадна Ubitquity компани үл хөдлөх хөрөнгийн худалдааг блокчейн платформд суурилсан байдлаар санал болгожээ.

IMB хоёр жилийн өмнө Сингапурт блокчейний шинэчлэлт, судалгааны төвөө нээсэн бол түрүү жил Harvard Business Review сэтгүүлд блокчейнийг эдийн засаг, нийгмийн системд шинэ үндэслэл бий болгох чадамж бүхий суурь технологи гэсэн агуулгатай нийтлэл хэвлэгджээ.

Ингээд бодохоор блокчейн технологи ирээдүйд ямар хурдтайгаар хүчээ авахыг таамаглах аргагүй. Блокчейнийг компьютерын ухаанд тав дахь хувьсгал буюу интернэтэд өмнө нь байгаагүй итгэлцлийн түвшин гэж нэрлэж байна. Хар үгээр хэлбэл ямар нэгэн мэдээлэл блокчейнд бичигдлээ гэхэд устгаж засварлах боломж байхгүй. Ийм онцлогтой учраас худалдааны гэрээ, бизнес, банкны гүйлгээнд ашиглаад байгаа хэрэг.

БЛОКЧЕЙН ГЭЖ ЮУ ВЭ?

Энгийнээр хэлбэл мэдээллийг үнэн зөвөөр найдвартайгаар тараан байршуулж хадгалах технологи. Мөнгөний шилжүүлгийн бүртгэлийг хадгалах боломжтойгоос гадна өгсөн зээлийн бүртгэл, өмчийн эрхийн бүртгэл, замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл гээд бүх төрлийн бүртгэлийн мэдээллийг хадгалах боломжтой.

Цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчейн дотор бичиж болно гэж мэргэжлийнхэн онцолдог. Гэхдээ цаасан дээр хуурамчаар дуурайж бичиж болох гэх мэт сул тал бий. Харин блокчейн дэх бүртгэлийг хуурамчаар дуурайх боломжгүй. Нэрнийх нь утгыг ухахад л энэ технологийн онцлогийг хялбархан ойлгох боломжтой. Блок бүр өмнөх блоктойгоо холбогддог мэдээллийн блокуудын гинж гээд тайлбарлачихаар нэрнийх нь утга гараад ирчихэж байгаа юм.

СҮҮЛЧИЙН ГАНЦ КОМПЬЮТЕРИЙГ УНТРААХ ХҮРТЭЛ АЖИЛЛАСААР БАЙНА

Дэлхийн сүүлчийн ганц компьютерийг унтраах хүртэл ажилласаар байх технологи бол блокчейн. Хэзээ ч унтрахгүй, бас эвдрэхгүй. Шинэ хэрэглэгч нэмэгдэхэд сүлжээ өргөжиж бэхэжсээр байдаг. Бүх компьютер тэнцүү эрхтэй. Ямар нэг зохион байгуулагч, зохицуулагч, хянагч менежерийн үүрэг гүйцэтгэдэг тусгай компьютер байхгүй. Блокчейний бүх мэдээлэл буюу блокууд хүн бүрт нээлттэй. Гинжин хэлхээг харж мэдээллийн өөрчлөлтүүдийг ажиж болно. Илүү тодорхой жишээлье гэвэл хэн нэгэнд 45 сая ам.доллар байгааг харах боломжтой. Гэхдээ тэр хүнийг түлхүүрээ явуултал хэн бэ гэдгийг нь мэдэх ямар ч боломж байхгүй. Блокчейны найдвартай, аюулгүй байдлыг криптографийн түлхүүрээр эзэмшдэг. Криптографийн түлхүүр гээд байгаа нь зүгээр л тоонууд. Маш их тоонуудыг л түлхүүр гээд байгаа юм.

АЛГОРИМТААР БОДОЖ БАЙЖ ОЛДОГ ТҮЛХҮҮР

Түлхүүрийг нь хэш-функц нэртэй тусгай алгоритмаар бодож гаргадаг. Хэш-функц эцэст нь маш чухал хоёр шинжтэй ганцхан түлхүүр олгодог. Түлхүүр байхад ч эх үүсвэрийн багц мэдээллийг мэдэх боломжгүй нь түлхүүрийн эхний шинж. Яг тийм түлхүүр олгох өөр нэг багц мэдээлэл дахин олдох боломж огт байхгүй гэдэг нь түлхүүрийн хоёр дахь шинж. Товчхондоо түлхүүртэй байлаа гээд бүхнийг мэдэх боломжгүй гэсэн үг. Нөгөө талаас нь харвал таны хувийн мэдээлэл алдагдаж, эрсдэлд орохгүй амьдрах бүрэн баталгаа блокчейнд байгаа гэж ойлгож болно.

БАНКУУД БЛОКЧЕЙН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ

Блокчейний нөлөөгөөр 2009 оноос банк, санхүүгийн салбар огцом өөрчлөгджээ. Хоёр жилийн өмнө IBM компаниас 200 банкинд судалгаа явуулсан аж. Дэлхийн том банкуудын 15 хувь нь хоёр жилийн дотор блокчейн технологийг ашигласан санхүүгийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөснөө мэдээлжээ. Харин 65 хувь нь гурван жилийн дотор блокчейн төслүүдийг хэрэгжүүлнэ гэцгээж. Даатгалын компаниудын хувьд блокчейн технологи байнгын автомат гэрээ хэлцэл гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд маш том нөлөө үзүүлэх нь. Гэрээ болон гүйлгээнүүдийн түүх нь даатгалын компаниудын дундын бүртгэлд хадгалагдах аж. Хөгжмийн салбар дахь зарим асуудлыг блокчейний туслалцаатайгаар шийдэх ажил эхэлчихэж. BSAC Business Paper-т блокчейн технологи дуу хөгжмийн салбарт зохиогчийн эрхийг баталгаажуулахад оновчтой шийдэл болох боломжтой гэсэн агуулга бүхий нийтлэл гарчээ. PledgeMusic компанийн үүсгэн байгуулагчдын нэг Бенжи Рожерсийн хэлж байгаагаар блокчейн технологид суурилсан, дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой мэдээллийн санд одоогоор бүтээгдсэн, ирээдүйд бүтээгдэх бүх дуу хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэж магадгүй нь. “Хөгжмийн шударга худалдааны мэдээллийн сан” гэж нэрлэх хувилбар ч яригдаж байгаа гэнэ. Энэ санд орсон уран бүтээл бүр зохиогч болон эзэмшигчийн мэдээллийг MVD гэсэн форматаар хамт агуулж байх юм байна.

Оросын Хадгаламжийн банкны тэргүүн Герман Греф блокчейнийг бизнес, төрийн удирдлагад ашигласнаар эдийн засагт огцом тэсрэлт болно гэж үздэг хүмүүсийн нэг. Тэрээр тав хүрэхгүй жилийн дотор блокчейнийг аж үйлдвэрийн загваруудад хэрэглэх боломжтой гэж хэлж байна. Амьдралд бүрэн хэрэгжих хугацааг нь 7-10 жил гэж таамаглажээ. Герман Греф “Надаас блокчейн технологи хөгжин нэвтрээд ирэхээр Оросын Хадгаламжийн банк байх уу гэж асуудаг. Ерөөсөө бизнесийн ямар төрлүүд тэсч үлдэх нь маш том асуудал юм. Бид одоо блокчейн эдийн засгийн тухай ярьж байна, яагаад гэвэл энэ технологи бүх салбарыг хамарсан технологи учир асар их боломжийг олгож байгаа юм. Бизнес-загварууд хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй” хэмээн ярьжээ.

Бэлтгэсэн Ц.СҮРЭН

Онцлох нийтлэлүүд