Нийгэм
2021.01.15 09:01

Лувсандамбын Дашням: Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад хэлэхэд манайх Үндсэн хуулиа хүртэл дураараа зөрчдөг, хуулиар биш тогтоолоор төрөө байгуулдаг улс шүү дээ

АИХ-ын орлогч дарга асан, профессор Лувсандамбын Дашнямтай ярилцлаа.


-Танд Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ дэвшүүлье. Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 29 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Та бүхний гар бие, хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан оролцож тогтоон баталсан. Ардчилсан Үндсэн хууль маань өөрийн утга агуулгаа таниулж, үүрэг, зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж чадав уу. Хэд хэдэн удаа өөрчлөлт орсон. Тэр нь яаж нөлөөлөв. Үндсэн хууль анх тогтоосон байдлаараа үүргээ гүйцэтгэсэн гэдэг яриа нэг үе байсан даа. Эндээс яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Юуны өмнө тэр аугаа том түүхэн үйл явдалд хүч хөдөлмөр,оюун ухаанаа зориулж, мөр зэрэгцэн оролцсон АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэн, бусад оролцогсод, нийт ард түмэндээ Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ дэвшүүлье. Бидний тогтоон баталсан Үндсэн хуульд эрдэмтэд, судлаачид, олон түмэн өөдрөг сайхан нэр хаяг зүүж, ач холбогдол, учир утгыг нь таниулж, тодорхойлж ирсэн дээ. Олон улсын зүгээс ч үнэлэгдсэн хууль. Хамгийн энгийнээр ойлгоход, шинэ Үндсэн хуулиа тогтоон батлаагүй бол Монголын ардчилал бодитой болж, нийгмийн өөрчлөлт бий болохгүй байсан. Тийм учир Үндсэн хууль бол бидний шинэ амьдралын үндсийн үндэс. Бүх ард түмэн оролцсон түүхэн бүтээл, Монгол түмний оюуны өв юм. Нөгөө талаар төр, ард түмэнтэйгээ байгуулсан хэлэлцээр гэдэг нь ч үнэн. Тийм болохоор 1992 оны Үндсэн хууль "Мэдэгтүн, Сахигтун!" гэдэг толгойд нэг юм данхийлгэсэн алдарт үгээ хэлсээр оршсоор л байх болно. Ардчиллын баталгаа болсон энэ хуулийг ард түмэн шинэ хууль, ардчилсан хууль гээд хүндэтгээд байдаг нь тийм л учир утгатай юм. Гэхдээ амьдрал баян, өөрчлөгддөггүй юм гэж үгүй. Тийм ч учраас нийгмийн хөгжил, амьдралын шаардлагыг дагаад Үндсэн хуульд нэмэлт оруулах, нарийсгаж тодотгох, учир утга, мөн чанарыг нь улам бүр гүнзгийлэх, шинэ харилцааг шинээр зохицуулсан заалт нэмэх, шинэчлэх шаардлага гарсаар байх нь зүй. Өнгөрсөн хугацаанд бодитой, бодигүй хандлага гаргаж, элдэв үг яриа дэлгэн, дордуулах, дээрдүүлэх ажил бишгүй л хийснийг ч бид мэдэж байгаа. Үндсэн хууль тогтоогчийн хувьд хэлэхэд, нийгэмд бий болсон олон шийдвэрлэх асуудал, болохгүй бүтэхгүй бүхэн Үндсэн хуулиас огтхон ч шалтгаалаагүй юм. Түүнийг сүүлд нэмсэн, тодотгосон элдэв олон өөрчлөлт бэлээхэн харуулаад байгаа шүү дээ. Бид шинэ Үндсэн хуулиа хэрэгжүүлж эхэлснээс хойших нийгмийн амьдралаа шинжлэх ухаанчаар, ултай нягт сайн задлан шинжилж,алдаа оноог зөв тогтоон, яавал юм сайжирч дээрдэх вэ гэдгээ тал талаас нь хэлэлцэн сайтар тунгаан бодоогүй мөртлөө яаран сандран олон өөрчлөлт хийсэн нь дутуу, түүхий болж, тэр нь амьдралд сайнаар биш нөлөөлөөд байгааг нүдээр харж л байна л даа. Яриад байвал их юм бий. Цаашид бодох санах ч юм бишгүй байгаа.

-Та бол Ардын Их хурлын орлогч дарга байсан хүн. Одоогийн УИХ маань АИХ-тайгаа залгамж холбоотой, нэг үгээр хэлбэл үргэлжлэл нь гэж хэлж болох Төрийн дээд байгууллага биз дээ. Улсын Бага Хурал, Байнгын ажиллагаатай Парламент л гэж яриад байгаа болохоос АИХ-аа орхигдуулчихаад, Үндсэн хуулийн өдөр болохоор л сая нэг санадаг болчихоод байна уу. Тэр үед Их, Бага хурлууд маань ер нь ямар зохион байгуулалттай, яаж ажилладаг байсан юм бэ?

-Монгол төрийн залгамж холбоо тасраагүй л дээ. Шинэ Үндсэн хууль маань ч өмнөх хуулиудтайгаа, хэрвээ хөгжил дэвшлийн тухай учир утгатай, ултай ярья гэвэл мөн л хүйн холбоотой. Үндсэн хууль тогтоон батлахын өмнө нь Их хурлаа хоёр танхимтайгаар байгуулсан. Тэр хоёр танхим л нягт хамтран ажиллаж байж Үндсэн хуулиа тогтоон баталсан юм. Гэтэл одоо зөвхөн нэг танхимаар нь төлөөлүүлж ярих болсон учир таны яриад байгаа тэр байдал ажиглагдаж байгаа байж болно. Хоёр танхимтай байсан нь зөвхөн 1992 онд ч биш юм. Тэрнээс өмнө 1914,1924,1940 онуудад Монголын Төрийн дээд байгууллага хоёр танхимтай байсан. Тэгэхээр бидний үед Төрийн дээд эрхийг барих АИХ, хууль тогтоох байнгын ажиллагаатай танхим буюу Бага хуралтай байжээ л гэж ойлгож болно. Бага Хурлын гол зорилго нь Үндсэн хуулиа шинээр боловсруулж АИХ-даа өргөн барих л ажил байсан. Ардын Их Хурлаасаа байгуулагдсан танхим. Тэнд ард түмнээсээ сонгогдсон Төрийн түшээ депутатууд ч байсан, мөн АИХ-аас сонгогдон, зөвхөн Бага Хурлын үед л ажилласан. Бага хурлын гишүүд ч байсан. Дийлэнх нь АИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс байсан. Бага Хурлын гишүүн депутатууд дараа нь бусад депутатуудтайгаа нийлээд Үндсэн хуулийг хэлэлцэж,тогтоон баталсан түүхтэй. Харин АИХ-аас сонгогдсон гишүүд нь бол тогтоон батлах мандатгүй, зөвхөн хэлэлцүүлэх явцад л оролцож байсан юм. Ер нь ч тэгээд тэр үед байнгын ажиллагаатай нь ганцхан Бага хурал ч байсан юм биш. АИХ-ын Удирдлагын Зөвлөл, таван Байнгын комисс, Парламентын бүлэг гээд бүтцийн байгууллагууд нь байнга л ажиллаж байсан.Сайд нарын илтгэлийг сонсох, ард түмний санал гомдлыг хэлэлцэх, депутатуудын ажил, амьдралтай холбоотой асуудлуудыг шийдэх (тэднийг эргүүлэн татах, чөлөөх ажлыг хүртэл хийдэг), депутатуудаас ажлын хэсгүүд байгуулан, хяналт шалгалтын ажил явуулах, Парламентын бүлэгтэйгээ хамтран олон улсын үйл ажиллагаанд оролцох, гадаад томилолтын асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжүүлдэг байсан. АИХ-ын даргын захирамж, хэсгүүдийн санал, зөвлөмж хичнээн ч гарч байсан билээ. Тэр бүхэн чинь байнгын ажиллагаа шаардана. Тэр байтугай Бага Хурлыг муу ажиллаж байна гээд тараахад хүрч Улаанбаатар хотын, тэр үед хөдөөнөөс орж ирээд байсан депутатуудтайгаа нийлж 150 гаруй хүн за бараг л Өргөх бичиг бариад орж ирж байсан удаатай л даа. Тэр уур амьсгалыг намжуулж, депутатууд Үндсэн хууль боловсруулах ажилд санаачилгатай, идэвхтэй оролцъё, Бага хуралтайгаа хамтран ажиллая гээд Үндсэн хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх ажил зохион байгуулж байсан. Нэг үгээр, хоёр танхим хоёулаа л байнга ажиллаж байлаа. Тэр чинь л байнгын ажиллагаатай Их хурлын үүсгэл байхгүй юу. Таны асуултад хариулахад, Одоогийн УИХ бол 1992 онд сонгогдон байгуулагдсан АИХ-ыг залгамжилж байгаа Төрийн дээд байгууллага мөн. Тэгж үзвэл түүх үнэн болно.

-Улсын Бага Хурлын дарга асан Р.Гончигдорж манай сонинд өгсөн ярилцлагадаа одоогийн Ерөнхийлөгч 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй, бүрэн эрх нь 2023 онд дуусна гэсэн байсан. Ер нь хүмүүс одоогийн Ерөнхийлөгчийг энэ оны сонгуульд нэр дэвших эрхтэй,эрхгүй гээд л маргалдаад эхэллээ. Таны бодол юу байна?

-Энд хоёр өөр хуулийн заалт яригдах болоод байна л даа. Өмнөх хуулиар бол Ерөнхийлөгч энэ жил нэг удаагийн сонголтын бүрэн эрх нь дуусч байгаа ч дахин нэг удаа нэр дэвших эрхтэй. Өөрчлөлт орсон хуулинд Ерөнхийлөгчөөр хэн нэгэн хүн ганцхан удаа л сонгогдоно, тэгээд зургаан жил ажиллана гэж зааж. Энэ хууль одоо хүчин төгөлдөр байгаа. Одоо бол хуульд заасан нөхцөлийг хангасан хүмүүс л нэр дэвших нь байна. МАН, АН, МАХН, ХҮН намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшсэн хүмүүсээс Сонгуулийн хороо хүчин төгөлдөр хуулийнхаа нөхцөлийг нэхнэ ээ дээ. За тэгсэн МАН-Багабандиа, АН-Баттулга аа, МАХН-Энхбаярыгаа, ХҮН-Очирбат Ерөнхийлөгч асныг дэвшүүлээд очиж гэж бодъё. Сонгуулийн хороо наад нэр дэвшигчид чинь Үндсэн хуулийн заалтад тохирохгүй, байна. Цөм нэг нэг удаа, зарим нь хоёр удаа Ерөнхийлөгч байсан байна гэж хэлнэ. АН маргах нь л дээ. "Манай Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусаагүй байгаа. Тэгэхээр нэг удаа Ерөнхийлөгч хийсэн гэдэг заалтад хамаарахгүй" гэнэ. Сонгуулийн хороо хэдэн жил ажиллаад байгааг асууна. АН дөрвөн жил гэдгийг хэлнэ. Сонгуулийн хороо "За тэгвэл наад хүн чинь сонгогдсон хуулиараа бүрэн эрхийн хугацаа нь дууссан хүн байна. Тэгэхээр нэг удаа Ерөнхийлөгч байжээ гэж үзнээ, одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна даа" гэнэ. Ингээд л Баттулга Ерөнхийлөгч нэр дэвших боломжгүй болно доо. Гэвч манайх Үндсэн хуулиа хүртэл дураараа зөрчдөг,тэр байтугай хуулиар биш тогтоолоор төрөө байгуулдаг улс шүү дээ. Миний хариулт ийм л байна.

-Монголын нийгмийн амьдрал, улс орны хөгжлийг өөр замналд гаргаж, эрхзүйн бүхий л үндэс, нийгмийн харилцааны цоо шинэ хөрс суурийг бий болгосон Ардчилсан Үндсэн хуулиа хэрэгжүүлэх явцад Таны бодлоор ямар юм нь буруу хазгай болж, өөрчилж засахдаа хүрэв ээ. Хэдэн жишээ дурдахгүй юу?

-Дордуулсан долоо бол үнэнд гүйцэгдсэн. Түүнийг яагаад муу өөрчлөлтийн жишээнд оруулаад байдаг нь одоо ойлгомжтой болсон. Сайн өөрчлөлтийн жишээнд сүүлчийн өөрчлөлтийг оруулж байгаа. Тэр юу л бол! Амьдрал харуулна л даа. Би юуг нь шүүмжилдэг бэ гэвэл 1992 оны Үндсэн хуулийн гол баримтлалыг хөндсөн өөрчлөлт болчихжээ гээд байгаа юм. Социализмын үед Төрийн эрхийг МАХН дангаараа барьдаг байсан. Ард түмэн биш шүү. Тэгж ярьдаг байсан ч тэр нь худлаа. Гэтэл 1992 оны Үндсэн хууль тогтоохоос ч өмнө тэр эрхээсээ татгалзсан. Намын хувьд бид олон Намын тогтолцоонд шилжсэн. Төрийн эрх мэдэл Намын гараас ард түмэнд шилжсэн нь Ардчилсан Үндсэн хуулийн маань хамгийн гол ололт, бахархал болгох зүйл нь шүү дээ. Үндсэн хуулийн гол заалт, ноён нуруу,жанжин шугам нь бол тэр. Ард түмэн Төрөө байгуулна гэдэг Ардчилал. Амьдрал дээр бол ард түмэн одоо тэр эрхээ эдэлж чадахгүй л байгаа л даа. Чадуулахгүй байгаа гэж хэлсэн нь ч дээр байх, үнэнд ойртоно. Гэтэл сүүлчийн өөрчлөлтөөр тэр дархан эрх эргээд намын эрх мэдэл рүү явчихлаа. Сайн судлаад үзээрэй. За тэгээд ер нь бурууг хууль руугаа чихэж, төрийн түшиг тулгуур болж буй намууд, түшээ нар нь өөрсдөө хэн болчихоод байнаа гэдгээ чин үнэнээр олж хараагүй байгаа цагт нийгэм, төрийн тогтолцоонд бодитой өөрчлөлт гарч чадахгүй л дээ. Монголын намуудыг шударгаар шүүмжилбэл бие биенээ чөдөрлөж, хийж бүтээснийг нь нураах, харлуулах, яавал амархан унагаж оронд нь байр суурийг нь эзлэх вэ төдийхөн л юм боддог мафижсан хэсэг бүлэг л болоод байгаа. Удаж байна даа. Хууль тогтоохдоо хүртэл дор дорынхоо эрх ашгийг хамгаалж тэмцэлддэг, Монголд дандаа муу хүн байгаа мэт сэтгэж,тэгвэл тэр тэгчихнэ, ингэвэл энэ ингэчихнэ гэсэн юм ярьдаг улс болсон. Хууль гэдэг уг нь бидний сайн нөхөр, зөвлөгч, урьдчилан сэргийлэгч, найдвартай анд юм. Ямар ч хатуу хууль байсан түүнийг зөрчихгүй л бол тэр цаас хэвээрээ л үлдэнэ. Жишээ нь, хүнийг алах хуультай байлаа гэхэд тийм хэрэг хэн ч хийхгүй бол хэнийг алах юм бэ. Харин ч тийм муухай юм хийвэл би толгойдоо хүрнэ гэдгийг мэдэж, ухаарч, өөрийгөө аварна, урьдчилан сэргийлнэ биз дээ. Хүн ардаа болон бие биенээ тэгнэ ингэнэ гэж хардахын оронд ард түмнээ соён гэгээрүүлэх, амьдралыг нь сайн сайхан болгох л хэрэгтэй шүү дээ.

-Төрийн үйл ажиллагаа, Үндсэн хуулиа ойлгуулж таниулах, судлах ажил ер нь хэр явагддаг юм бэ. Энэ талаар жаахан дутагдалтай байдаг юм биш үү. Үндсэн хууль гардан баригч гэгддэг байсан. Б.Чимид гуай амьд сэрүүн байхдаа их ажил хийсэн дээ. Ялангуяа АИХ-ыг даргалж байсан Ж.Гомбожав гуай, Ж.Уртнасан гуай нарын үг яриа дурсамжийг бид хэр уншдаг, анзаарч сонсдог билээ. Ахмад үеэ ер нь сонсож байна уу гээд таны яриаг сонсож суухад дотор юм бодогдож л байна аа. Ярихыг ч яахав бид чадаад байх шиг байна,харин хийхийг...?

-Ажил ам хоёр алд дэлэм зөрүүтэй байдаг нь хэвээрээ л байгаа. Ялангуяа нийгмээ соён гэгээрүүлэх ажлыг бид хол орхисон. Нэг л баярлаж хөөрсөн, найр наадам хийсэн, дуулж хуурдсан, бие биенээ муулж дордчилсон, улс орноо голж гоодсон хүмүүс л бужигнаад байх болж. Сайн юмаа, урагш ахиж байгаа юмаа олж харахаа больсон шиг байна. Мэдээллийн хэрэгсэл, зарим сонин хэвлэл ч ялгаагүй хүний толгой тархийг бохирдуулагч, хогийн сав болж хувирсан даа. Их сөргөлдөцгөөх боллоо, талцаж байна, хонхор, дов жалгаараа нутгархах, намчирхах үзэл үржээд л байна. Нэг үгээр нийгэм маань их хэврэгшиж байна. УИХ-ын гишүүн гэдэг чинь Монгол төрийн бодлогыг тодорхойлогч, нэг л хэсгээс нь сонгогдсон болохоос хаана ч очсон төрийн түшээ хүн шүү дээ. Одоо яаж байна, сонгогдсон "хонхортоо" л очихгүй бол бараг нулимаад хөөж байгаа биз? Өөрсдөө ч сонгогдсон хонхроосоо өөр нутаг оронд очих ч дургүй юм. Ер нь бол Монгол төрийн ажил,түшээдийн үзэл бодол нэг л хонхрын болжээ. Яаж ахин дахин сонгогдох вэ гэдэгт л хамаг ажил чиглэгдэх болсон байна. Тийм учир "Та бэлэнчилж, халамж хандив гуйж хэвтэхийн оронд улс орныхоо бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруул, юм хий, тэгвэл амьдрал чинь сайн сайхан болно" гэж сонгогчиддоо хэлдэг нэг ч түшээ байхгүй байна. Төрийн хатуу чанд үг, нөгөө төмөр нударга гэж ярьдаг зүйл бол бүр ч хулжчихсан. Яагаад гэвэл ард түмний өмнө бөхөлзөхгүй бол дахиад сонгогдохгүй гэдэг ганцхан их айдастай хүмүүс л цаана чинь "ухаанаа улайтгаж" явна шүү дээ. Нарийндаа тэр сул талыг нь ашиглаад ард түмэн ч задарч гүйцсэн. Эрх, эрх чөлөө, ардчилал гэдэг үг ногтолж буулгаж авдаг зэвсэг болсон. Өөрөө юм хийх биш хүний хийж бүтээснийг л дамлах дамжуулах бодолтой, тийм ажилтай л хүмүүс олон болоод байгаа гэж хэлэхэд ер хатуудахгүй. Сулбагар төртэй, улбагар ард түмэнтэй л орон болоод байна даа. Гэхдээ бүтэж байгаа, өөрчлөгдөж байгаа юм ч чамлахааргүй арвин байгаа. Түүнийг л жишээ болгоод, үзүүлж харуулаад, яриад, бахархаад байх хэрэгтэй. Чухалчлах ажил үйл маань тэр байх ёстой. Мууг шүүмжлэхээс гадна сайныг л дагаж сайн болдог Үндсэн хуулийг таниулах, ойлгуулах, судлах ажил бол хүрээ хүрээндээ яваад л байна аа. Гэвч үр дүн, бодит өгөөж нь муу байна. Ард түмэн ч тоомжиргүй болж дээ. Тийм л болгож л дээ Гавьяат хуульч Б.Чимид гуайн "Үндсэн хуулийн мэдлэг" нэртэй маш ойлгомжтой, их юм мэдүүлдэг ном бий шүү. Депутатуудын ярьж хэлсэн үг, дурсамж, ойнуудын үеэр нийтэлсэн ном товхимлууд ч бий. Таниулах, ойлгуулж ухааруулах ажил хийх шаардлага улам нэмэгдээд л байгааг та олж харсан байна. Тэр үнэн. Одоо бол хүн амын дийлэнх хувь нь 90 оноос хойших л хүмүүс болчихлоо. Үе солигдоод байна. Гучаад жил хүнээ, боловсрол, соёлоо цалгардуулсны гор ч мэдэгдэж байна. Энэ хүнд үе, цар тахал гэдэг юм л гэхэд монгол хүнд юу харуулж, юу ойлгуулж байгааг хар л даа. Хоёулаа яриагаа юм сайхан болно, бид өөрчлөгдөж чадна, Монгол гэдэг гайхамшигтай сайхан орон. Эзэнтэй,эзэн бид нь эзний ёсоор ажиллаж, амьдарч чадна, хүн төрөлхтөн Монгол руу маань тэмүүлдэг зүтгэдэг болно, улам ч найрсаг дотно нүдээр хардаг болно гэдэг өөдрөг сайхан үгээр төгсгөе. Ард түмэн одоо өөрсдийгөө дахин нэг тогтон харж, юмыг эргэцүүлж бодох,болгоох цаг болсон шүү гэдгийг ч бас хэлье дээ.

Онцлох нийтлэлүүд