ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2017.05.19 11:05

Лхагвасүрэнгийн Батцэнгэл: Могой хаантан

Нийтлэлч: Өдрийн сонин

“Өдрийн сонин”-ы цахим сонинд өнөөдрөөс эхлэн үе үеийн яруу найрагчдын шүлэг, яруу найргийн мөрүүдийг уншигчдадаа улам ойртуулах үүднээс тусгай булан гарган нийтлэх боллоо. Та бүхэн шинэ төрсөн шүлэг, яруу найргаа илгээж байгаарай. Энэ удаад манай сонины яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэлийн “ХОНГОР НУТГАА САНАХУЙ”, МОГОЙ ХААНТАН” шүлгүүдийг хүргэж байна.


Тэрээр 2007 онд төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит шагналаар, 2009 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналаар шагнагдаж байжээ.

Лхагвасүрэнгийн Батцэнгэл

Лхагвасүрэнгийн Батцэнгэл Баянхонгор аймгийн Заг суманд 1974 онд төрсөн. Заг сумын арван жилийн сургуулийг 1992 онд төгсөж, С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын их сургууль (одоогийн “Их Монгол” дээд сургууль)-д 1994 онд элсэж, 1998 онд утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр төгссөн байна. “Бүсгүй цэнхэр салхи” шүлгийн түүврээрээ диплом хамгаалж, шүүмжлэгч багш Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбараас “Сэтгэлийн ариун сүмдээ залбирсан найрагч” хэмээх үнэлэлт авчээ. Л.Батцэнгэл “Эх орон таймс”, “Толь”, “Өнөөдөр”, “Нийслэл таймс” сонинуудад сэтгүүлч сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргын албыг хашжээ. Тэрээр яруу найргийн “Бүсгүй цэнхэр салхи”, “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат”, “Зүрх сэтгэлээ нэгжнэм”, “Өр зүрхний хавар”, “Миний элсэн цаг” түүврүүд , сэтгүүлзүйн “Сансраар жигүүрлэсэн өдрүүд”, “Батлан хамгаалах яам-100 жилд” гэрэл зургийн цомог номууд хэвлүүлжээ. Түүний бүтээл орос, англи, япон, солонгос, хятад зэрэг хэлнээ орчуулагдаж, “Монголын уран зохиолын цоморлиг”, “Монголын мөнгөн үеийн яруу найраг”, “Монголын мөнгөн үеийн хүүрнэл зохиол”, “Монгол найргийн сувдан сондор”, “Цэрэг-эх орны яруу найраг”, “Монголын хүүхдийн уран зохиолын дээжис”, “Монгол-Солонгосын зохиолчдын бүтээлүүд”, “Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан эх орон”, “Монгол салхи”, “Их Богдын шивнээн”, “Аргагүй амраг”, “100 яруу найрагч, 100 хайрын шүлэг” зэрэг антологиудад багтжээ. Л.Батцэнгэл “Хонгор нутгийн чулуу”, “Эх орон танаа”, “Эх орны дуулал”, “Боржигадай мэргэн” зэрэг яруу найргийн наадмуудын тэргүүн дэд байр эзлэн, 2010 оны бар жилийн “Хонгор нутгийн алдартан”-аар тодорсон байна. Тэрээр ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо болсон Монгол туургатны яруу найргийн “Эзэн хаадын яруу найрагчдын их тулаан” наадмаас мөнгөн медаль, Тайваньд төвтэй “Тогоруут уул” олон улсын яруу найргийн форумын алтан медаль хүртэж, шилдэг бүтээл туурвисны учир 2007 онд төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит шагналаар, 2009 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналаар тус тус шагнуулжээ. Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.

ХОНГОР НУТГАА САНАХУЙ

Хааяа хааяахан сэтгэлийн минь мандалд
Харваа од шиг шүлгийн гэгээ жимлэдэг ээ.
Холын голомтны бэр шиг сэтгэл сэмрэн гэгэлзээд
Хонгор нутгаа санагалзан сэмхэн сэмхэн мэлмэрдэг ээ.

Харанхуй живрээ өвлийн намуун шөнөөр
Харзны усанд өнчин ангир гунганах шиг
Хагацахуй бэрх ээнэг тэнгэр мэт нөмрөхүйд
Хайртай ээжийнхээ элгэнд нялхынх шигээ тэврүүлмээр.

Исгэлэндээ цадсан унага эхийгээ тойрон чавхдах шиг
Их ээ алсаас эжий минь зүүдэнд ивлээд мишээдэг ээ.
Ивээн цэлмэх тэнгэрт эгшиг ихэрлэх ангир шиг
Исэргэн цэцгийн сардаа эжийдээ золгохоо мэддэг ээ.

Үе үехэн цээжий минь хөндийд
Үргэсэн адуу шиг шүлгийн туурай нижгэнэдэг ээ.
Холын голомтны хүргэн шиг сэтгэл өмрөн гансрахуйд
Хотын тэнгэр ч давчдан шүлгээр аадарлан уужирдаг аа.

МОГОЙ ХААНТАН

$ шүтээнтнүүдэд

Алмаазан нүдэнд нь хөх гал сүүмэлзэж
Алтан хайрс нь хүн чанаргүй гилтэлзэж
Алдрын титмийг тэргүүн дээрээ асаасан
Аварга могой хаан ордонд заларна.

Хайрлахыг хүссэн хүүхнүүд өмнө этгээдэд нь бөхөлзөж
Хайрст хүйтэн бэлхүүсийг нь тэврэхээр нахилзахад
Цусгүй цэвдэг биеэ мурьс жирс гулилзуулж
Цугийнх нь зүрхээр жинтүү хийж хэвтэв.

Хатан Клеопатраг үхүүлсэн хорноос ч нөлөөтэй
Харь зүгийн хүйтэн ногоон цустанд хорлогдсон
Могойн хөлөгтэй бүсгүйчүүдийн сүнс
Монголдоо төрөхгүйгээр хил давж одно.