ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.05.23 12:05

Л.Баттөр: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэх боловч нийт үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь энгийн иргэд байна


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор, хурандаа Лхагваагийн Баттөртэй ярилцлаа.


-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг бие даан шинээр үйл ажиллагаа явуулсан хугацаа яг хэзээнээс вэ. Уг нь 2017 оны эхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг ч 2018 онд жигдэрсэн байдаг?

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн анхны суурь 1933 онд тавигдсан байдаг. Тэр түүхээс авч үзвэл энэ эмнэлэг 87 жилийн түүхтэй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 2012 онд Цэргийн төв эмнэлэгтэй нийлээд Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болсон. Гэхдээ 2016 оны наймдугаар сард Засгийн газрын тогтоолоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг дахин сэргээн байгуулъя гэсэн шийдвэр гарсан. Тэгээд бэлтгэл ажлаа хангаж явсаар 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд амбулаторийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин 2018 оны нэгдүгээр сараас хэвтүүлэн эмчлүүлэх үйл ажиллагаагаа эхэлсэн боловч олон шинэ тоног төхөөрөмжийн суурилуулалт, хүний нөөцийн бүрдэлт, эмч, мэргэжилтний сургалт хийгдсээр 2019 онд л эмнэлэг бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа.

-Анх эмнэлгийн байр ашиглалтад ороход тоног төхөөрөмжийн хувьд ч тэр нэлээд хүнд нөхцөл байдалтай тулгарч байв уу?

-2016 онд Цэргийн төв эмнэлгээс тусгаарлаад энэ байранд нүүж ирэхэд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад тоног төхөөрөмжийн хувьд дутагталтай юм маш их байсан. Ингээд зарим тоног төхөөрөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яам, яамны харьяа агентлаг, байгууллагуудын дэмжлэгээр авч тухайн үед татан буугдаж байсан Тахарын албаны хэрэглэж байсан тавилга хэрэгслээс эмнэлгээ тохижуулж босгох зэргээр зохицуулалт хийж эхэлсэн дээ. Мөн 2018 онд Австрийн засгийн газрын долоон сая еврогийн төсөл хэрэгжсэнээрээ эмнэлгийн хэвтүүлэн эмчлүүлэх болон амбулаторийн тоног төхөөрөмж суурилуулагдсан. Ялангуяа хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгт ламинар урсгалтай орчин үеийн мэс заслын өрөөнүүд, эмнэлгийн хийн систем, дурангийн мэс заслын багажнууд, дүрс оношилгооны аппаратууд зэрэг бусад бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр бараг бүрэн хангагдсан байгаа. Товчхондоо хэлэхэд манай эмнэлгийн оношилгоо шинжилгээний төрөл, тоо бусад улсын эмнэлэг, хувийн эмнэлгүүдээс илүү гэж харж байгаа.Манайд эх барихаас бусад бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг гээд хэлэхэд буруудахгүй.

-Бусад улсын эмнэлэг болоод хувийн эмнэлэгт байхгүй, ховор ямар тоног төхөөрөмжүүд ашиглаж байна вэ?

-Нэн түрүүнд манай эмнэлэг Япон болон Монголын Нарлаг Улаанбаатар Ротари клубтэй хамтран 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Health Promotion center”буюу “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан. “Эрүүл мэндийг дэмжих төв” бол амбулаториос тусдаа бие даан нэг цонхны үйлчилгээ үзүүлж байгаагаараа давуу талтай юм. Нэг дор цус, шээсний шинжилгээ, рентген, эхо, зүрхний бичлэг гэх мэт шаардлагатай шинжилгээнүүдээ нэг дор бүгдийг өгчихнө гэсэн үг. Тэгээд эмчийн зөвлөгөө аваад гардаг. Энэ үйлчилгээ бол улсын эмнэлэгт анх удаагаа нэвтэрсэн гэдгээрээ онцлогтой. Мөн Монгол Улсад анхны “Нойрны төв”-ийг манай эмнэлэгт байгуулсан. Энэ төвийг Японы Эхимэ их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажилладаг бөгөөд манай хэд хэдэн эмч, сувилагч гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж мэргэшээд ирсэн. Зөвхөн оношилгоо хийхээс гадна эмчилгээ хийгддэг.

-“Нойрны төв”-ийн эмчилгээний онцлог нь юу вэ?

-“Нойрны төв” гэхээр манайхан нойргүйдлийн төв гэж ойлгоод байдаг. Нойрны төв бол нойртой холбоо бүхий эмгэгүүдийг оношилдог, эмчилдэг төв. Тэр дотроо мэдээж нойргүйдэл орчихож байгаа юм. Энгийн үгээр тайлбарлавал хурхирдаг, унтаж байх явцдаа амьсгал тасалдах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг оношилж, эмчилгээ хийдэг. Зөвхөн оношлоод орхичихгүй. Энэ төрлийн эмгэгийг зориулалтын аппаратаар эмчилгээ хийдэг. Мөн эмнэлгийнхээ түүхэнд анх удаа 20 ортой хүүхдийн тасаг, диализын таван аппараттай үйл ажиллагаа нээж, анхны хэвлийн диализыг амжилттай хийгээд байна.Спорт заалтай эмнэлэг, 450 хүний судаалтай, лед дэлгэцтэй хурлын танхимтай, хэвтэн эмчлүүлэх тасгийн өрөөний ор хооронд хөшигтэй, эмчлүүлэгчид нэгэн жигд хувцастай, таних бугуйвчтай гээд сүүлийн үеийн эмнэлгийн чиг хандлага ямар байх ёстой тийм л нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллаж байна. Эмнэлгийнхээ түүхэнд гэвэл харшлын шинжилгээ, гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, зүрхний ЭХО, ачаалалтай зүрхний бичлэг, сонсголын бичлэг, ясны сийрэгжилтийн аппарат, мэдрэлийн судасны өнгөт аппаратууд, шүдний дэлгэмэл зургийг авдаг аппараттай болсон гээд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүхэнд маш олон шинэчлэлүүд хийгдсэн байна. Шинэ технологиудаа энд дурдаад дуусахгүй юм байна.

-Эмчилгээний хувьд?

-Мөн хэвлийн хөндийн дурангийн мэс заслууд, үений дурангийн мэс засал, өвдөг түнхний үе солих мэс заслуудыг хийдэг. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн өндөр технологиуд нь мэс заслын үйл ажиллагааг найдвартай явагдах боломжоор хангаж байдаг. Ходоод, бүдүүн гэдсний дурангаар төрөл бүрийн эмчилгээ, ажилбаруудыг хийдэг. Нийт 10 тасаг нэгжид орчин үеийн болон уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

-Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадамжийн тал дээр хэр анхаардаг вэ?

-Япон, Солонгос, Тайванийн эмнэлгүүдтэй маш ойрхон хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд жилд 100 орчим эмч, эмнэлгийн ажилтнуудыг гадаад руу сургалтад хамруулж, олон улсын хурал семинарт оролцуулж байгаа. Тухайлбал, 2017 онд БНСУ-ын хамтын ажиллагаатай эмнэлэг рүү анхны 17 эмч, мэргэжилтнүүдийг долоо хоногийн хугацаатай явуулсан. Тэд маань өөрсдийгөө “Анхны 17” гээд нэрлэчихсэн байх жишээтэй. Австрийн засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 30 орчим эмч Австри болон Герман зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлээд ирсэн байдаг. Эмч нараас гадна сувилагч, тусгай мэргэжилтэн нарыг сургалтад хамруулахыг зорьдог. Онцлох сургалтаас дурдвал манай тасгийн бүх ахлах сувилагч нар БНСУ-ын сувилахуйн чиглэлийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах аялал хийгээд ирсэн. Тайванийн эмнэлгүүдэд манай 10 орчим эмч, мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлээд ирсэн. Тайванийн гурван эмч тус бүр 1-1,5 сарын хугацаатай манай эмнэлэг дээр ажлын байрны сургалт хийсэн. Тэрний хүчинд өнөөдөр манай мэдрэлийн тасаг, бөөрний тасгийн үйл ажиллагаа сайжирч анхны хэвлийн диализыг хийсэн байгаа. Дээрээс нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх гол зүйл бол олон улсын мэргэжлийн нийгэмлэгт гишүүнээр элсэх байдаг. 2019 онд давсан орлогоосоо 20 эмч, мэргэжилтэнд тус бүр нэг сая төгрөгийн “Грант” олгосон байгаа. Уг нь энэхүү “Грант”-аар 2020 онд олон улсын хурал зөвлөгөөнд оролцох зардлаа төлөх ёстой байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон учраас олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн төлбөрөө төлөх, сэтгүүлүүдийг нь захиалж авах боломжийг олгосон. Ингэснээр олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө адилхан мэдлэг, мэдээллээ аваад явах юм. Ийм эрдэмлэг, эрч хүчтэй хамт олон бол бидний бахархал юм.

-Энгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжууд хэр нээгдсэн бэ?

-Ихэнх хүмүүс манай эмнэлгийг зөвхөн Төрийн тусгай албан хаагчдын хаалттай эмнэлэг гэж ойлгодог. Нэгдүгээрт, мэдээж төрийн тусгай албан хаагчдад үйлчилнэ. Үндсэн үйлчилгээний хүрээнд төрийн тусгай албан хаагчийн эцэг, эх үйлчлүүлэх эрхтэй. Нэг албан хаагчийн цаана хоёр хүн үзүүлж болох нь. Дээр нь эхнэр эсвэл нөхөр нь. Дараа нь 0-16 насны хүүхдүүд. Тэгэхээр нэг албан хаагчийн цаана бараг 7-8 энгийн иргэн тус эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой байх нь. Мөн Чингэлтэй дүүргийн мэс заслыг энэ оны нэгдүгээр сараас авч эхэлсэн. 2019 онд эмнэлгийн хэмжээнд эхний нэгдүгээр улиралд 500 орчим мэс засал хийж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 700 гаруй мэс засал хийгдсэн байна. Энэ чинь үйлчлүүлэгчдийн хүрээ нэмэгдсэний тод илрэл гэж хэлж болно. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн I-VI хорооны 0-16 насны хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ингээд харахад эмнэлгийн 50 орчим хувийг энгийн иргэд эзэлж байгаа биз.Зарим ачаалал багатай кабинетэд энгийн иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжийг бий болгосон. Тухайлбал, иргэн л бол дүүрэг, харьяа хамаарахгүй харшлын кабинетээр үйлчлүүлж байгаа. Гэвч эрүүл мэндийн даатгалаас авдаг санхүүжилт хязгаарлагдмал байдаг тул бид тэр төсөвтөө багтаан тусламж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Мөн Монгол Улсын өнцөг булан бүрт төрийн тусгай албан хаагчид байдаг. Хамгийн алслагдсан хил хязгаарт хилчид маань үүргээ гүйцэтгэж байдаг. Тэдэндээ эмнэлгийн үйлчилгээг хүргэх үүднээс хилийн хөдөлгөөнт бүлэг ажиллуулдаг. Яг энэ цаг мөчид манай нэг хөдөлгөөнт бүлэг баруун аймгуудаар явж хилчдэд эмнэлгийн үзлэг, оношилгоо хийж үйлчилгээ үзүүлээд явж байгаа.

Онцлох нийтлэлүүд