ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.12.05 09:12

Л.Болд: Улс нэг тойргоор сонгогдох 26 нэр дэвшигчийг бүсчлэх нь зөв


УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуулийг өргөн барьчихлаа. Та энэхүү хуулийн ажлын хэсэгт ажилласан. Ирэх сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар тогтчихсон уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг дээр ямар ч байсан сонгуулийн тогтолцоог пропорциональ байхыг иргэд эсэргүүцсэн. Их хурал дээр ч энэ заалт унасан. Одоо олонхын бүлэг, АН 50:26 мажоритар маягийн тогтолцоогоор сонгуулийг явуулах санал өргөн барих шиг боллоо. Сонгуулийн хуулийг ажлын хэсэг дээр нэлээд бүрхэг ярьсаар байгаад шууд өргөн барьчихлаа. Шинэ Сонгуулийн хуулийг Б.Чимид гуай бид хамтарч хийсэн. Тэр сонгуулийн хуулиар өнөөдрийг хүртэл сонгууль том гэх маргаангүй явсанд хуулийн ач холбогдол харагдаж байгаа. Томсгосон мажоритар тойргийн санал гаргасан. Бүх хуулийг нь 100 хувь авч баталчихаад тойрог дээр нь өнөөдрийг хүртэл тойроод яваад байгаа. Энэ бас л алдаа болно. Түүнээс татгалзаад холимог, жижиг мажоритараар сонгууль явуулаад алдаа болсон. Одоо 50:26 дахиад алдаа болно. Хоёр чанартай, хоёр түвшний гишүүд байж болохгүй. Нэг нь бүх ард түмнээс сонгогдсон гэж ярьдаг. Нөгөө нь тойргоос сонгогдсон. Ингэх юм бол хоёр тусдаа танхим байх ёстой. Ард түмэн болоод тойргоос сонгогддог нь тусдаа байх ёстой. Аль аль нь ард түмнээс эх үүсвэртэй. Манай улс чинь гашуун туршлагатай шүү дээ. АИХ, УБХ гэж байсан. УБХ нь бүрэн эрхтэй парламент байдаг. Харин АИХ нь бүрэн эрх багатай парламентаасаа сонгогддог. Энэ хоёр цаашаа явахааргүй болсон. Тэгээд хоёр жил болоод Үндсэн хуулиа батлаад тарсан. Олон улсад нотлогдсон тогтолцоо Монголд ч тохирохгүй гэдэг нь харагдсан. Ямартаа ч эрх баригчид, сөрөг хүчний нам хамтраад холимог тогтолцоог сонгоод ярьж байна. Их хурал дээр нэлээд нухацтай ярина. Шинэ намын хувьд ард түмнээс асууна. Бид бүх аймгуудаар ажиллаж, ард түмнээс санал авч байна. Ард түмэн юу хүсч байна, тэр талд Шинэ нам байна.

-Туршлагатай улстөрчийн хувьд энэ сонгуулийн тогтолцоог жижиг намуудад ямар ашигтай гэж харж байна вэ. Эрх баригчид сонгуулийн хуулиа мэдээж өөрсдийн эрх ашгийн үүднээс шийдэх учраас ашиггүй байх тал байх юм биш үү?

-Ер нь аль ч сонгуулийн тогтолцоо том намуудад ашигтай байдаг. Тэд бүх тойрогт дэвшүүлдэг, бүхэлдээ том машин ажиллуулдаг. Жижиг намуудад пропорциональ тогтолцоо ашигтай байдаг. Үүнийг ард түмэн эрс эсэргүүцэж байгаа.

Ямар ч тогтолцоо байсан том намуудад ашигтай тогтолцоо гарна.

-Гэхдээ бараг пропорциональ тогтолцоо болчихлоо гэж байсан...

-Биш л дээ. Том намууд 26 хүнээ дэвшүүлнэ. Жижиг намууд цөөхөн хүн дэвшүүлнэ. Авах бүх саналаа авч чадахгүй л гэсэн үг. Том намууд авч болох бүх саналаа бүрэн хэмжээнд авна.

-УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль тус бүр онцлогтой учраас нэг хуулиар зохицуулах боломжгүй юм байна гэсэн нөхцөл байдал үүссэн гэж байгаа. Одоо үүнийг өөрчилж тус бүрийн хуулиар зохицуулахаар болж байна. Ингэж өөрчилснөөр ямар ач холбогдолтой вэ?

-Нэг хуультай ч, тусдаа хуультай ч сонгууль хийгээд л явж байсан. Чихрийн цаас нь ямар байхаас чихрийн амт шалтгаалдаггүй. Үүн шиг ямар ч ялгаа байхгүй. Сонгуулийн хуультай сайн танилцана. Сонгуулийн зөрчил, мөнгө тараадаг, авлига өгдөг бүхий л зөрчлийг арилгах хэрэгтэй. Мөн сонгуулийн тооллого, хяналтын асуудал байна. Сонгуулийн саналыг хар машинаар тоолж болно. Өнөөдрийг хүртэл хар машинаар санал тоолохыг эсэргүүцдэг байсан. Үүний цаана луйвраа нууж байсан байна. Машинаар тоолоод хянах юм бол гар аргаар тоолсонтой адилхан. Машинаар санал тоолвол хурдан хариу гарна. Гар аргаар тоолбол өглөө дүн гарна. Шөнө юу болдгийг бүгд л мэднэ.

-50 гишүүнийг одоогийн жижиг 76 гишүүн шиг тойргоос сонгоно. Харин улс төрийн намууд 26 нэр дэвшигчээ улс даяар нэг тойрог гэж зарлаад ард түмнээсээ санал авна гэж байгаа. Тэгэхээр танай нам 26 хүн нэр дэвшүүлэх үү?

-Манай нам 26 хүн нэр дэвшүүлнэ. Бүх аймагт манай нам байгуулагдаж байна. Бид ийм өргөн хүрээтэй нам болно гэж ерөөсөө бодоогүй. Хувьсгалаар гарч ирсан нам учраас цаанаа хувьсгалын үзэл санаатай, хийх ажилтай, тодорхой зорилготой баялгаа ард түмэндээ өгнө. Иргэд 20 гаруй жил иргэд цөхрөнгөө барчихсан. Шинэ намд баялгаа авах асуудал бодитоор ажил хэрэг болж хийгдэнэ. Яагаад гэхээр үүнийг ард түмэн өөрөө хийх юм. Бид хэнийг ч дээрээс дэвшүүлэхгүй нь бидний онцлог. Миний хувьд 26 нэр дэвшигчээ бүсчлэх саналтай байгаа. Ингэхээр тодорхой нэг тойрогтой болж, тэндээ ажиллана гэсэн үг. Ингэснээр бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсад эзэнтэй болж байгаа юм. Түүнчлэн санал хураалтын цаас ч ойлгомжтой болчихно.

-Шинэ сонгуулийн хуульд сонгуулийн үеэр цахим орчинд тодорхой хэмжээний хязгаарлалт хийнэ гэж байна. Энэ тухайд?

-Энэ бол маш буруу. Миний хувьд 100 хувь эсэргүүцэж байгаа. Намайг цахим орчинд хамгийн их гүтгэдэг, доромжилдог. Гэхдээ ардчиллын нэг баталгаа. Хэвлэлийн эрх чөлөөний баталгаа. Цахим орчны эрх чөлөө байхгүй бол өнөөдөр Монгол Улс сөнөчихсөн. Хэвлэлийн эрх чөлөө байхгүй. Харин хүн онлайнаар гүтгэлээ гэвэл хуулийн байгууллага руу явуулдаг. Хуулийн байгууллага тэр дор нь гүтгэсэн этгээдийг олдог, илрүүлдэг ёстой. Гүтгэлэг даамжирсаар сүүлдээ үнэн юм шиг болж байна шүү дээ.

-Ардчиллын 30 жилийн ой тохиож байна. Манай улсад ардчилал гажуудаж байна гэж ярьж байна. Ардчилал өнөөдөр ямар хэмжээнд байна гэж харж байна вэ?

-Ардчилал бол том хувьсгал, том ололт. Энэ бүх хугацаанд Монголын ардчилал хулгайд алдагдсан. Өнгөрсөн жил шударга ёсны хувьсгал гарч, ардчиллыг буцааж авчрах хувьсгал байсан. Яагаад гэвэл бид эд хөрөнгө, эрх чөлөөгөө алдсан. Дуртай хүнээ барьж хорьж, шоронд хийчихэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад эрх чөлөө, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө байхгүй болчихсон. Тэгэхээр энэ бүгдийг буцааж авах ёстой. Тэрнээс ардчилал гэдэг баяр биш юм аа. Тэмдэглэдэг баяр биш ээ. Октябрийн хувьсгалыг тэмдэглэдэг. Энэ бол дарангуйлал. Ардчилал дарангуйлал биш шүү дээ. Бид талбай дээр тэмцээд явж байхдаа Их хурлын гишүүн болъё, шагнал авъя, ямар нэг компани байгуулъя гэж яваагүй. Ардчиллыг хулгайлсан хүмүүс ийм зүйлийн тоглоом болгоод байгаа юм. Ардчилсан хувьсгал хуучин комминуст маягаар явж болохгүй. Ардчилал нь аюулд учирчихсан болохоор өнгөрсөн өвөл 50 мянга гаруй иргэн жагссан шүү дээ. Жагсаж байгаа орнуудыг хар л даа. Тэд ардчиллаа алдаж байгаа учраас жагсаж байна. Бид хуулиа сайжруулж, хүний эрхээ баталгаажуулж, ардчиллыг буцааж авчирна.

-Та болон Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын гишүүд тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболдыг огцруулъя гэж шаардлага өгч байсан. Тэр үеэр та хэдтэй хамт явсан нэг нь хутга гаргаж, М.Энхболд руу дайрсан гэх мэдээлэл байна. Ийм зүйл болсон юм уу?

-Энэ бол худал мэдээлэл. МАНАН-гаас явуулж байгаа ямар зорилготой мэдээлэл гэдгийг мэдэхгүй байна. Төрийн ордон руу нэвтрэхэд бүх зүйлийг л шалгадаг биз дээ. Байгаа бүх зүйлээ хураалгасан. Бид хэдтэй жагсагчдын төлөөлөл гэж гурав, дөрвөн хүн хамт орсон. Нэг залуу нь М.Энхболдыг огцрохгүй гэнгүүт нь бухимдаад суудлаасаа босоод ирсэн. Тэгээд шууд хамгаалагч өргөөд гараад явсан. Хутга шөвөг байтугай харандаа үзэг ч байгаагүй.

-Таныг гарч ирээд "Хүний амь эрсэдвэл бид хариуцахгүй" гэж мэдэгдэл хийсэн нь ийм учиртай байсан гэх зүйлс ч яригдаж байна...

-Тухайн үед ордны хоёр талд залуучуудад архи өгөөд байсан. Согтуу хүмүүс үймээн самуун үүсгэвэл жагсаал цуглаан зохион байгуулсан бид хуулийн хариуцлага хүлээнэ. Тийм утгаар мэдэгдэл хийсэн.


Онцлох нийтлэлүүд