ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.23 12:08

Л.Болормаа: “Гацуурт”-ын Л.Чинбат гэдэг хүн шударга бус үйлдэл хийж, холбооны нэр хүндийг унагалаа

Чөлөөт бөхийн барил­дааны насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болох билээ. Тиймээс өнгөрөгч лхагва гаригт Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс тус тэмцээнд оролцох баг, бүрэлдэхүүнийг олон ний­тэд зарласан юм. Гэхдээ уг бүрэлдэхүүн нь тамирчдын амжилтыг шударга бусаар үнэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаярын багш, дасгалжуулагч Л.Болормаатай ярилцлаа.  Тэрээр гавьяат тамирчин А.Энхээгийн гэргий бөгөөд гэр бүлийн хүнийхээ туслах дасгалжуулагчаар ажилладаг юм. Л.Болормаа олон улсын нэгдүгээр зэрэглэлтэй шүүгч билээ. Тэрээр мөн энэ удаагийн ДАШТ-д шүүгчээр оролцохоор болжээ.

 

-Таны шавь Э.Бэхбаяр УАШТ-д түрүүлж, улмаар Германд болсон тэмцээнд ч жиндээ илүүрхсэн байтал ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтаж чадсангүй. Яагаад ийм зүйл болчихов?

-ДАШТ-ий өмнө УАШТ гэсэн том сорилго болсон. Манайд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд эн тэнцүү барилддаг гурван сайн тамирчин бий. Гэхдээ УАШТ-д Б.Номин маань хөл нь гэмтсэн байсан учир ороогүй. Харин Э.Бэхбаяр, Д.Цогтбаатар хоёр барилдаж, Э.Бэхбаяр Улсын аварга болсон. Ингэж Э.Бэхбаяр зарчмын дагуу ДАШТ-д оролцох хамгийн эхний эрхээ авсан. Тиймээс ч бид ДАШТ-д явна гэсэн бат итгэлтэйгээр бэлтгэл, сургуулилтаа шаргуу хийсэн.

Гэхдээ би энэ удаагийн ярилцлагаараа ямар нэгэн байдлаар Чөлөөт бөхийн холбоо руугаа дайрч, эрх ашигт нь халдах, тэдний үйл ажиллагаанд оролцох гэж яриагүй гэдгээ эхлээд хэлмээр байна.

А.Энхээ бид хоёрын хувьд хамгийн их гомдолтой байгаа зүйл бол ДАШТ-ий өмнө чөлөөт бөхийн холбооны төлөөлөл, клубууд болон тамирчдын багш нар бүгдээрээ “Германы Дортмундад болох тэмцээнд хэн өндөр амжилт үзүүлснийг нь ДАШТ-д явуулна” гэдгийг ярилцсан, зөвшилцсөн. Үүнийг ч тухайн үед манай холбооны Удирдах зөвлөл хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн. Тэгээд бид зөвхөн 57 кг-ын гурван тамирчнаа авч явсан. Улмаар Германы энэхүү тэмцээн нь ДАШТ-ий сорилго барилдаан болохын хувьд маш их бэлтгэл хийж, тамирчид маань ч өндөр идэвхтэй оролцсон юм. Дортмундад очоод манай шавь үүргээ биелүүлж, алтан медаль авсан. Б.Номин мөнгө, Д.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн. Энэ бол гурвуулангийнх нь амжилт.

-Тэгвэл Э.Бэхбаяр хоёр ч удаагийн шалгаруулалт ёсоор ДАШТ-д явах эрхтэй болсон юм байна. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Бидний хувьд ч Дортмундад алтан медаль авч чадсан учир Э.Бэхбаярыг ДАШТ-д оролцох эрхээ бүрэн авлаа гэсэн ойлголттой болсон. Бүр шигшээ багийн дасгалжуулагчид нь хүртэл тэгж л бодсон. Холбооны удирдах түвшний хүмүүс ч тэгж ойлгоод, бүх зүйл жигдэрч, тамирчин маань сэтгэл зүйн болон биеийн тамирын бэлтгэлээ хийж, формондоо орчихсон байлаа. Гэтэл тэмцээн эхлэхээс сар хүрэхгүй хугацааны өмнө гэнэт ийм шийдвэр гарч, биднийг хүнд цохилтод орууллаа.

-Танай холбооны Удирдах зөвлөлийнхөн яагаад ийм шийдвэр гаргасан тухайгаа танд хэлсэн үү?

-Энэ хуралд маш цөөхөн хүн оролцсон. Миний хувьд холбоо руугаа дайрахгүй гэдгээ хэлсэн. Тэр тусмаа холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж аваргадаа хэзээ ч гомдохгүй. Яагаад гэвэл энэ хүн ерөнхийлөгч болсон цагаас эхлэн манай холбоо сэргэсэн, эв нэгдэлтэй болохоос гадна тамирчдын маань амжилт эрс дээшилсэн. Гэтэл ийм сайхан болж байгаа үед ганцхан хүний шийдвэрээр бүх зүйл өөрчлөгдөж, бие биенийгээ үл ойлгох зүйл гарч байна.

Бид хоёрын гол шаардаж, гомдоллоод байгаа зүйл бол холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Чинбат ганцаараа дур мэдэн тамирчдыг томилсонд л байгаа юм. Ингэж шийдвэр гаргахдаа холбооны хамт олноо огт сонсоогүй, доор байгаа дасгалжуулагчид, холбооны ерөнхий нарийн бичгийн даргынхаа гаргасан шийдвэрийг үл ойшоож, эрх мэдлээ ашиглан шийдвэр гаргасанд л маш их бухимдаж, гомдолтой байна. 

-А.Энхээ дасгалжуулагч та хоёр ССАЖ-ын сайдад өргөдөл өгсөн гэл үү?

-Манай шавь үндэсний шигшээ багийн тамирчин учир бид хоёр арга мухардахдаа Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад хандаж, хувийн өргөдлөө өгсөн. Өнгөрсөн нэг дэх өдөр өгсөн өргөдлийн маань хариу одоо болтол ирээгүй байна. Боломжгүй, боломжтой эсэхээ ч хэлсэнгүй. Гэтэл өнөөдөр (өнгөрөгч лхагва гариг) өглөө холбооноос ДАШТ-д орох бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар албан ёсоор зарлаж, бид хоёрт ч мэдэгдлээ. Ийм шийдвэр гарснаар зөвхөн дасгалжуулагч бидний төдийгүй тамирчны бэлтгэл сургуулилтад зарцуулсан цаг хугацаа бүр шигшээ багийн тамирчны хувьд улсаас түүнд өгдөг бэлтгэлийн зардал гэх мэт маш их зүйл хөсөр хаягдлаа. Тиймээс Л.Чинбат гэдэг хүний тухайд бид хоёр маш их гомдолтой байна гээд байгаа юм. Гэхдээ одоо нэгэнт холбооны шийдвэр гарчихсан учир бид үүнийг хүндэтгэн үзнэ. Энэ утгаараа бид хоёрын зүгээс уг тэмцэл буюу хэрүүлээ бүрмөсөн зогсооё гэсэн шийдэлд хүрээд байж байна даа.

-Санал хураалтад холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцоогүй гэсэн. Тэгэхээр магадгүй энэ нь шийдвэрийг буцаах боломж байж болох юм?

-Ерөнхийлөгч Д.Дагвадоржид бид хоёр өргөдөл өгсөн л дөө. Гэхдээ өргөдөлдөө Б.Номин, Э.Бэхбаяр хоёрыг шууд соль гээгүй. Энэ хоёрын дунд дахин сорилт явуулъя гэсэн гаргалгааг хийсэн. Гэвч холбоо нэгэнт шийдвэрээ гаргасан учир боломжгүй гэсэн хариу өгсөн.

-Б.Номин 57 кг-аас илүү жинтэй учир тохиромжгүй гэдгийг шигшээ багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр тамирчдыг батлах хурал дээр хэлсэн гэсэн?

-Тэр хурал дээр ямар асуудал болсныг нарийн сайн мэдэхгүй байна. Хүнээс дам дамдаа, бүүр түүр л сонссон.

Энэ хоёр хоёулаа сайн бөхчүүд, хоёулаа л Монголын ирээдүй болсон тамирчид. Нэг цаг үед эн тэнцүү өрсөлдөж байгаа хүүхдүүд. Тийм учраас бидний хувьд одоо хоёр хүүхдэдээ амжилт л хүснэ. Ер нь бол энэ хоёр маань ДАШТ, Азийн аварга шалгаруулах гэдэг хоёр тэмцээнд л байр нь солигдоод байгаа юм шүү дээ. Тиймээс одоо шийдвэрийн дагуу манай Э.Бэхбаяр Азийн тоглолтдоо оролцох ёстой болсон.

Б.Номин бол миний хүүхдээс ялгаагүй гялалзаж яваа тамирчин. Түүний жингийн тухайд 67, 68 кг байгаа гэдгийг Ц.Цогтбаяр дасгалжуулагч Л.Чинбатад хэлсэн л гэсэн. Түүнээс биш бидний хувьд шигшээ багийн бэлтгэлд хамрагддаггүй учир Б.Номинг яг хэдэн кг жинтэй байгааг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол жин нь илүү байдаг хүүхэд.

-Б.Номин бол “Гацуурт” компанийн нэр дээр барилддаг тамирчин. Тиймээс л өөрийнхөө тамирчныг ДАШТ-д явуулж байна л гэж хардаж байгаа байх?

-Тийм ээ. Нөгөө эрх ашгийн зөрчил бил үү, тэр нь л болоод байна. Гэхдээ ийм юм ярьж байгаа нь Б.Номинг болиулаад Э.Бэхбаярыг явуул гэж хэлж байгаа юм биш шүү дээ. Хамгийн гол нь сорил хийх гэх мэт ямар нэг гарц гаргаж өгөөч гэж л хүсэлт тавиад байгаа юм.

Ер нь бол “Гацуурт” компанийн бөхийг “Гацуурт”-ын эзэн өөрөө шийдвэр гаргаж, эрх мэдлээ ашиглаж томилсон нь шударга бус явдал. Үүнээс болж бид хоёр маш их бухимдал, стресстэй байна.

-Хэрэв танай шавь ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан бол хэр зэрэг амжилт үзүүлэх байсан гэж та дасгалжуулагчийн хувьд хэлэх вэ?

-Хоёр багшийн хувьд Э.Бэхбаярыг ДАШТ-д амжилт үзүүлнэ гэдэг 100 хувийн итгэлтэй байсан. Гэвч А.Энхээ бид хоёрын өмнөөс бус Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах гэж байсан хүүхдийн ирийг нь ийм сайхан ид үе дээр нь мохоож орхилоо. Цаашид ийм шударга бус байдал битгий давтагдаасай л гэж хэлэх байна.

-Өмнө нь танай холбоонд ийм асуудал гарч байсан уу?

-Бүр урд холбоонд иймэрхүү асуудал яригддаг байсан. Өнөөгийн удирлагуудын хувьд ийм зүйл гарч байгаагүй. Маш сайхан зөвшилцөл, шударга зарчмын үндсэн дээр явагддаг байлаа. Тиймээс ч бид хоёр холбоогоо дэмжиж ажилласаар ирсэн. Цаашид ч дэмжих болно. Ганцхан тэр хүндэт ерөнхийлөгч гээд байгаа Л.Чинбат гэдэг хүн ийм шударга бус үйлдэл хийж, холбооны нэр хүндийг унагалаа.

-Уг нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат танай холбоонд их зүйл хийсэн хүн биз дээ?

-Холбоонд “Гацуурт” компани, Л.Чинбат ямар нэгэн байдлаар маш их хөрөнгө оруулсан гэдгийг үгүйсгэхгүй. Харин бие дааж шийдвэр гаргах эрхгүй хүн компанийнхаа бөхийг ямар нэг шалгуургүйгээр шууд томилсонд л харамсаж байна.

-Тэрээр ДАШТ-д ээлжилж явуулъя гэхдээ л ийм шийдвэр гаргасан юм биш үү?

-ДАШТ-д тамирчдыг ээлжилж явуулдаггүй юм. Л.Чинбат ерөнхийлөгч хэлсэн байна лээ “Өнгөрсөн жил Э.Бэхбаяр явсан. Энэ жил Б.Номинг явуулна” гэж. Монголын нэр хүндийг гаргах гэж байгаа ийм том тэмцээнд ээлжилнэ гэж юу яриад байгаа юм бэ. Хэн сайн байгаа, хэн формдоо орсон, хэн амжилт үзүүлэх магадлал өндөр байгаа гэх мэт олон талаас нь судалж байж шийддэг юм. Бүр эмнэлгийн тусгай ажилтнууд тамирчны бие организмыг судалж, яг өнөөдрийн байдлаар аль нь ачаалал даах чадвартай байна вэ нарийн судалж байж саналаа оруулдаг юм шү дээ.

-Энэ удаагийн тэмцээнд тамирчид муу оролцвол дасгалжуулагч хариуцлагыг нь хүлээнэ шүү гэж Удирдах зөвлөлөөс хэлсэн гэсэн?

-Яг тэгж хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ тамирчин муу оролцоход дасгалжуулагч л хариуцлагыг нь хүлээнэ шүү дээ.

-Гэхдээ энэ удаа дасгалжуулагчийн санал болгосон тамирчин оролцохгүй нь байна шүү дээ?

-Зарчим нь тийм болохоор хариуцлагыг нь хүлээж л таарна л даа. Гэхдээ миний хувьд Б.Номинг муу оролцохгүй байх гэж бодож байна. Би Б.Номиндоо итгэж байна. Миний хоёр хүү яг ижилхэн. Хэрэв муугаар бодоод амжилт муутай оролцвол Л.Чинбат өөрөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Би бол хатуу хэлнэ.

Хамгийн гол нь Л.Чинбат гуай “Германд болсон тэмцээнийг хэн тэмцээн гэх юм, цөөхөн тамирчин оролцсон” гэсэн байна лээ. Гэхдээ хамгийн гол нь тэр үед Э.Бэхбаяр, Б.Номин хоёрын дунд сорилго болсон юм шүү.

Эцэст нь хэлэхэд энэ шийдвэр их дээрээс, босоо маягтай удирдлагын зүгээс уналаа. Ингэх л байсан юм бол тэр дор дасгалжуулагчдын зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга байгаад яах юм бэ. Тэд нарын санал юу болж хувирах вэ. Хамт олныхоо саналыг сонсохгүй шийдвэр гаргана гэдэг маш том, бүдүүлэг эрх мэдэл.

Л.Чинбат гэдэг хүн бол холбооны төлөөлөл. Доошоо бүх тамирчин, дасгалжуулагчидтайгаа харьцаж, тэднийхээ санал бодлыг сонсох ёстой хүн. Гэтэл өнөөдөр А.Энхээ гэж хүний гарт байдаг хүн тэргэн дээрээ түрүүлээд ямар нөхцөлд, яаж бэлтгэл хийж яваад шавиа ийм амжилтад хүргэсэн бэ гэдгийг нэг удаа ирээд ажил байдалтай нь танилцсан юм уу. Нүдээрээ үзсэн үү. Үгүй л байхгүй юу.

-Эмэгтэйчүүдийн багт ч А.Батцэцэгийг шууд оруулж ирсэн гэсэн маргаан бас гараад байгаа?

-Эмэгтэйчүүдийн багийн тухайд би яримааргүй байна. Өнөөдөр зөвхөн өөрийнхөө шавийн тухай л ярьж байгаа болохоос бус эмэгтэйчүүдийн багийн үйл ажиллагаанд оролцох эрх бидэнд байхгүй. Тиймээс эмэгтэйчүүдийн багийн бүрдүүлэлтийн талаар өөрсдөө дотроо аваад үлдье.

Т.ГЭРЭЛМАА

 

Онцлох нийтлэлүүд