ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.08.01 11:08

Л.Одсайхан: Улсын мэргэн цол миний 13 жилийн хөдөлмөрийн үр шим юм


Үндэсний сурын харвааны Улсын мэргэн, спортын мастер Л.Одсайхантай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын анхны эмэгтэй мэргэн юм.


-Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд тэргүүлж, Улсын мэргэн цол хүртлээ. Нийт 40 сум тавьснаас 36 нь байгаа онож, бахдам амжилт үзүүлжээ?

-Тийм ээ. Анхны эмэгтэй Улсын мэргэн болсон.Наадмын талбай дээр дөрвөн сумаа бүрэн тавьчихаад, айргийн тавдаа багтаж гарах байх гэж найдсан. Тухайн үед “Салхинаас айх юм байхгүй, маш зоригтой тавь” гэж манай багш Ц.Хүдэрчулуун хэлж сануулсан юм. Ингээд нэг л мэдэхэд түрүүлсэн гэдгээ сонсоод өөртөө итгэж өгдөггүй шүү. Тиймээс оноогоо сайн сонсох ёстой гэж бодоод хүлээсэн л дээ. Тэгсэн яалт ч үгүй 36 бай оносон байлаа. Энэ бол миний 13 жилийн хөдөлмөрийн үр шим учраас мэдээж маш их баярлалгүй яахав. Хөдөлмөрлөвөл хүнийг шагнадаг гэдгийг яс махандаа тултал мэдэрч байсан.

-Улсын мэргэн болох торгон агшинд юу бодогдож байсан бэ?

-Цар тахлын улмаас наадмын өмнө ямар нэгэн сорилго харваа байгаагүй, тэмцээн болоогүй. Тиймээс баяр наадмын харваанд шууд орсон гэсэн үг. Тавьсан сумныхаа оноог хараад өөрийгөө шинжээд үзэхэд эхний гурван байрт орох болов уу гэсэн итгэл байсан. Гэхдээ ямар нэг цолонд хүрнэ гэсэн бодол байснаас Улсын мэргэн болчихно гэж санаагүй. Тэнд чинь 37, 38-ын буурьтай хүмүүс харваж байгаа шүү дээ. Ингэхээр надад боломж бараг байхгүй биз. Тиймээс ч Улсын мэргэн болсон гэдгээ анх сонсоод магнайгаа хагартал баярласан.

-Наадмаас өмнө сорилго харваа байгаагүй. Дасгал сургуулилт, бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?

-Ноднин бэлтгэл оройтсон учраас хөл, гарын шөрмөс татаад улсад харваж чадаагүй. Харин энэ жил дотроо нэлээн тооцоолж зургадугаар сарын эхээр шахуу бэлтгэлдээ гарсан. Ер нь бол хангалттай харвасан л даа. Гадаа 38 градус хүрч халж байхад л өдөртөө 80-100 сумыг гаргаж бэлтгэлээ хийнэ. Ингээд зургадугаар сарын 31-нд хот орж “Ультра соник” дээр дахин бэлтгэлээ хангасан даа. Мөн л өдөрт 40-60 сум гаргаад, дүрэм нормоо бариад бэлтгэсэн. Миний ард 35 нь байтай бараг зургаан хүн гарч ирсэн.

-Амжилтад тань нөлөөлж, өнөөг хүртэл зааж дасгалжуулсан багшийн тань тухай асуух нь зүйтэй болов уу?

-Зүйн хэрэг. Анх би 2006 онд МУБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг төгсөж, нутагтаа ирээд мэргэжлээрээ “Тэнүүн цогцолбор” сургуульд ажилласан. Сүхбаатар аймгийн мэргэн, спортын мастер С.Байгальмаа багш анх надад нум атгуулсан. Багш минь санал тавьсны үндсэнд 2007 оноос эхэлж нум атгаж харваж эхэлсэн дээ. Миний анхны багш С.Байгальмаа намайг Монгол Улсын гавьяат тамирчин, дархан мэргэн Ц.Хүдэрчулуун багшид шавь оруулж, дөрвөн жил суралцсан. Энэ жилийн наадамд хоёрт ордог даян мэргэн Д.Эрдэнэтуяа багшийнхаа гар дээр зургаан жил болсон доо. Ингээд 2018 онд Сүхбаатар аймгийнхаа багт Ц.Хүдэрчулуун багш дээрээ буцаж ирж, хоёр жил бэлтгэл хийсэн. Багш нарынхаа хажууд сурч боловсорч, тэдний буянаар мэргэн болсон доо.

-Үндэсний сур харвааны хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Анх хичээллэж байсан үетэй харьцуулахад энэхүү төрлөөр хичээллэх хүн хэр олширсон байна вэ?

-Манай удамд нум сум харвадаг хүн байгаагүй. Намайг анх энэ спорт руу ороход аймаг гэлтгүй, улс даяар харваачид тун цөөтэй байсан. Тиймээс харваачдын эд хэрэглэл авахад ч хүндрэлтэй. Харин намайг нум сум харвадаг болох үед мөнгөө бариад очиход эдлэл хэрэглэл харьцангуй бэлэн болсон үе байлаа. Надаас өмнө харваж байсан хүмүүс хэдий мөнгөтэй ч нум, сум ховор учир харвах боломжгүй байжээ. Сүүлийн жилүүдэд харваа хөгжиж Сүхбаатар аймаг маань 150 гаруй харваачтай боллоо. Ер нь үндэсний сур харваа маань сайхан хөгжиж, залуус олноор хичээллэх хүсэл сонирхолтой болж байгаа нь сайхан байна.

-Хамгийн анхны цол хүртсэн наадмаа дурсаач?

-Одоогоос 11 жилийн өмнө аймгийн мэргэн цол хүртсэн. Харин 2014 оны дөрөвдүгээр сард хүүгээ төрүүлчихээд улсын наадамд орж чадаагүй. Тэгсэн ч аймагтаа харваад хоёр дахь удаагаа түрүүлж байлаа.

-Улсын наадамд нийт 144 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорьжээ. Ер нь тухайн байг онож харвана гэдэг маш мэдрэмж шаардах нь гарцаагүй?

-Энэ жилийн наадам нэлээн салхитай үед болсон л доо. Тиймээс салхины чигийг мэдэрч харвах нь чухал байсан. Гэхдээ тал нутагт төрж өссөн болохоор үүнд түүртээгүй. Манай аймгийн наадам дандаа салхитай үед болдог. Энэ жил бэлтгэлд гарсан газар маань ч баруун зүүн талаасаа гуядсан салхитай байсан. Салхиа мэдрээд яг нам л барьж харваж байгаа юм.

-Тамирчдад бие махбодын бэлтгэлээс гадна сэтгэлийн хат чухал байх. Наадмын үеэр таны сэтгэл зүй ямар байсан бэ?

-Би тамирчны гэр бүлд төрсөн болохоор сэтгэл зүйн хувьд зориг гарч байгаа юм. Аав маань Монгол Улсын харьшгүй мэргэн цолтой шагай харваач. Ээж волейболын спортын мастер цол хүртсэн. Аймгийн начин Л.Ганбаатар бол миний ах. Эгч маань хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч хийдэг. Харин дүү маань сагсан бөмбөгийн спортын мастер цолтой. Биеийн тамирын багшаар ажилладаг. Манай гэр бүлийн хүн бөх тайлбарладаг. Одоо шавь нараа бэлдээд нутагтаа байна даа. Ер нь спортод зориг, тэвчээр хоёр л хосолж явдаг. Миний хувьд багаасаа шороон дээр тоглож, мод түлээгээ хагалаад, наян литрийн бетонтой ус тэргэн дээр түрээд л гүйдэг спортод сонирхолтой хүүхэд байлаа.

-Та хүүхдээ спортын хүн болгоё гэж боддог уу?

-Энэ удам угшилтай, спортлог гэр бүлд төрсөндөө би маш их баярладаг. Миний хүү зургаан настай. Хүүгээ бөх болж магадгүй гэж горьдоод байгаа.

-Монгол Улсын анхны эмэгтэй мэргэн харваач болоод нутагтаа ирэхэд мэдээж маш сайхан хүлээж авсан байх даа?

-“Сүхбаатар аймгийн сурын холбоо”, Спорт холбоо, IV бүрэн дунд сургуулийн хамт олон сайхан хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн. Одоо миний цолны мялаалга наадмыг хийнэ гээд л байгаа.

-Та олон шавьтай юу?

-Ер нь шавь орсон хүмүүс бий. Гэхдээ яг байнга дагуулаад явдаг гарын шавь одоогоор алга.

П.САЙНЖАРГАЛ

Г.ХУЛАН

Онцлох нийтлэлүүд