ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.23 01:08

Л.Хүрэлбаатар: Эмийн зааврыг бичээгүй нь “Монос”-ын биш Монголын бүх эмийн санд байдаг зөрчил шүү дээ

“Монос”-ын эмийн сан­­гийн жор баригчийн буруу­гаас болж 16 хүүхэд эмэнд хордсон тухай мэдээлэл сүүлийн үед шуугиан дэг­дээ­гээд байгаа. Уг үйл явц­тай холбогдуулан тус группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатараас байр суурийг нь сонслоо.   

-Сүүлийн үед “Монос” групптэй холбоотой эмийн асуудал газар авч байна. Хордсон 16 хүүхдийн биеийн байдал ямар байгаа бол?

-Үнэхээр харамсмаар зүйл болсон. Манай эмийн сангийн жор баригч нэг өдөрт 23 хүнд фенобарбитал эмийг олгосон байсан. Нэг талаасаа хяналт сайн байсан тул долоон хүүхдийг эм хэрэглэхээс өмнө сэргийлж чадсан. Тухайн эмийн сангийн эрхлэгч маргааш өглөө нь очоод жорын бүртгэлийн дэвтрийг үзээд “Энэ эмийг буруу өгчихсөн байна” гээд бүх хүүхдүүдийн эцэг эх рүү утасдсан байна лээ. Эдгээр хүүхдүүдээс долоон хүүхэд нь эм уугаагүй байсан. Долоон хүүхдийг хордохоос сэргийлж чадсан нь бага ч атугай бидэнд дэм болсон. Эм уусан 16 хүүхдийн хоёр нь эмнэлэгт очсон байсан. Харин нөгөө 14 хүүхэд нь гэртээ байхад нь бид эцэг эхтэй нь холбоо барьж яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн. 23 хүүхдэд эм өгөхдөө тунг нь хараагүй ч гэсэн гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг нь авсан. Тиймээс эдгээр хүүхдүүдтэй холбоо тогтоож чадсан хэрэг л дээ. Нэг талаа­саа жор баригч эмийн тунг хараагүй хариуцлагагүй мэт боловч нөгөө талдаа холбоо барих утасны дугаарыг нь авч үлдсэн нь өнөө долоон хүүхдийг урьдчилан сэргийлж амжсан.

Яагаад ийм байдалд орчи­хов гээд бид ч гэсэн өөрсдөө маш хүнд байдалд орсон. Уг эмийн насанд хүрсэн хүнд зориулан савласан савлагаа нь дотроо цавуутай цаасанд савласан эм ирдэг байсан юм. Харин хүүхдийнх нь мөн­гөн цаасанд савласан сав­ла­гаатай ирдэг байв. Гэтэл том хүний савлагаатай эмээ хүүхдийн эмийн савлагаатай адилхан болгоод ирснийг жор баригч анзаараагүй юм билээ. Ингэ­лээ гээд жор баригчаа өмгөөлж байгаа зүйл огт биш. Эмнэлэгт хэвтсэн 16 хүүхдийг өнөөдрийг хүртэл бид эмнэлэгт жижүүрлэн эмчил­гээ үйлчилгээнд нь анхаарч байгаа. Группийн зүгээс Монголын бүхий л нэртэй томоохон эмч нартай уулзсан. “Одоо яах вэ” гээд санал солилцоход “Эмчилгээ хэвийн явагдаж байна” гэсэн хариу өгсөн. Гэсэн хэдий ч бид Эрүүл мэндийн яаманд асуудал тавьж, Мон­голд байдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт өөрийн нэрийн өмнөөс хүсэлт тавьсан.

 -Тэр нь ямар хүсэлт юм бэ?

-Монголд яг энэ эмийн хордлогын талаар нарийн мэргэжлийн эмч алга. Бидэнд зөвлөгөө өгөөч гэсэн юм. Түүнчлэн уг асуудлын хүрээнд салбарын дэд сайдтай уулзаж “Энэ талаар зөвлөгөө авч өгөөч” гэсэн. Дэд сайд 48 цагийн дотор хариу ирүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Эмнэлэгт хэвтсэн 16 хүүхэд бүгд эдгээд эмнэлгээс гарсан байгаа. Эдгээр хүүхдүүд үнэхээр эдгээд гарч байна уу, хордлого бүрэн тайлагдсан уу, цусанд нь фенобарбитал гэдэг эм үлдсэн байна уу гэдгийг тодорхойлуулахаар болсон. Монголд хараахан үүнийг тодорхойлох урвалж бодис байхгүй тул цаг алдалгүй гаднаас авч ирж шинжилгээ хийж үзэхэд хүүхдүүдийн цусанд энэ бодис эмчилгээний хэмжээнд байна гэсэн хариу гарсан.

Хүүхдүүд хэдий эрүүл болсон ч бидний буруугаас болсон тул сувиллын газартай холбоо тогтоож олон хоног эмнэлэгт хэвтсэн эх хүүхдүүдийг сувилалд амраахаар болсон. Эхний ээлжинд дөрвөн хүүхэд эхийн хамт Богдхан ууланд сувилалд сувилуулж байгаа. Сувилалд ор гарангуут бусад хүүхдүүдийг хамруулна. Хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй байнга уулзаж байгаа.

-Фенобарбитал эм нь бүртгэлгүй гээд байгаа. Уг эмийг “Монос” групп өөрсдөө үйлдвэрлэсэн юм шиг ташаа мэдээлэл нийгэмд их таржээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Манайд 60 гаруй жилийн түүхтэй улсын эмийн үйлдвэр гэж байсан. Одоо Эмийн үйлдвэр ХХК болсон. Уг эмийг 1976 оноос хойш эл үйлдвэр үйлдвэрлэж эхэлсэн. 38 жил монгол хүний эрүүл мэндэд хэрэглэж байгаа эм л дээ. Манай оронд 1996 он хүртэл эмийн бүртгэл байгаагүй. Тэр оноос хойш манай улс эм бүртгэж эхэлсэн. Дотоодын эмүүдээ бүртгүүлэх гэхээр стандартуудаа шинэчилчихээд бүртгүүл гэдэг. Стандартаа шинэчлээд бүртгүүлнэ гэхээр стандартын газар очихын тулд дөрвөн хурлаар дамждаг. Хурал нь жилд нэгээс хоёр удаа болдог бөгөөд нэг удаадаа 3-4 эм л хэлэлцэнэ гээд байдаг. Давхардсан тоогоор манай орны 35 үйлдвэрийн 2500 орчим эм бий. Миний ойлгож байгаагаар одоо 200 гаруй эм л бүртгэгдсэн. Эх орны эмийн үйлдвэрийн эмүүдийн 90 хувь нь бүртгэлгүй байна. Бүртгүүлье гэхээр стандартын хурлууд нь цөөхөн болдог. Эм судлал, эмийн технологийн зөвлөлийн хурлаар орж лабораторид заавал шинжлүүлдэг. Бичиг баримтаа бүрдүүлээд очихоор нэг дор олон эм хэлэлцэхгүй гээд байдаг зовлонтой. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас эх орны эмийн үйлдвэрлэгчид эмээ бүртгүүлж чадахгүй байна. Хамгийн гол нь эмийг бүртгэдэг тогтолцоонд гажуудал бий. Эм үйлдвэрлэгч компани эмийн савлагаагаа өөрчлөхдөө хэрэглэгч болон эмийн сангууддаа мэдэгдээгүй. Үүнийг нь эмийн санч маань анзааралгүй хүүхдийн эм гээд мэдэмхийрээд өгчихөж л дээ.

-Эмийн савлагаа өөрчлөгдсөн гэдэг мэдээллээ уг нь өгчихсөн бол эмийн санч савлагааг нь харах л байж, тийм үү?

-Энэ хоёр талтай л даа. Эмийн савлагаа өөрчлөгдөж том хүнийх нь хүүхдийн тунтай адилхан болсон ч гэсэн нэг нь 5 мг, нөгөөх нь 100 мг гэсэн бичигтэй. Түүнийг жор баригч унших ёстой байсан.

-16 хүүхдийн гэр бүлийнхэн юу гэж байх юм. Тэдний байр суурь ямар байна?

-16 хүүхдийн ээжүүд нь хүүхдүүдээ сахиж байсан тул би аавуудтай нь уулзсан. Тэдний саналыг сонсч, уучлалт гуйсан. Ямар туслалцаа, дэмжлэг үзүүлэх үү гэдгээ ярилцсан. Эмийн хордлогын улмаас цаашид хүүхдүүдийн биед ямар нэгэн өөрчлөлт гарах юм бол “Монос” групп бүрэн хариуцна гэдгээ амласан. Хүүхдүүдийн гэр бүлийнхнийг Эрүүл мэндийн дэд сайд, ажлын комиссынхонтой уулзуулсан. Ажлын комисс хуралдвал эдгээр хүүхдүүдийг ямартай ч нэг жилийн хугацаанд нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байлгаасай гэсэн хүсэлтийг тавина. Ямар нэгэн зардал гарвал манай байгууллага бүрэн хариуцна. ЭХЭМҮТ-ийн дарга болон эмч нар шинжилгээ хийгээд “Хүүхдүүдийн биед ямар нэгэн сөрөг нөлөөлөл үлдээгүй. Цаашид ямар нэгэн ноцтой зүйл болохгүй” гэдгийг олон нийтэд мэдэгдсэн байна лээ.

-Хүүхэд хордсон асуудалтай зэрэгцэн “Монос” группийн эмүүд стандартын шаардлага хангаж байна уу гэсэн яриа гарч байна. Танай байгууллага олон улсын стандартыг ягштал баримталдаг уу?

-Саяын гарсан эмийн асуудал стандартын зөрчил биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Би “Монос”-ынхоо эмийн чанарт 100 хувь итгэлтэй байдаг. Бид дэлхийн шилдэг компаниудын эмийг оруулж ирдэг. Дэлхийн шилдэг 20 компанийн 15-ынх нь эмийг “Монос” оруулж ирдэг юм. Үүгээрээ бид бахархдаг. Эдгээрээс бид огт ашиг олдоггүй. Учир нь дэлхийн шилдэг компаниудын эм асар үнэтэй. Тиймээс бид орлого, зарлагын балансаа тэнцүүлж байвал боллоо гэж үздэг. Түүнчлэн ард түмэнд сонголт байгаасай гээд Европын дунд зэргийн компанийн эмийг оруулж ирдэг. Дунд зэргийн компанидаа Европын шаардлага хангасан эмүүд байдаг. Денк фарма, Актавис, KRKA зэрэг компанийг “Монос” компани анх оруулж ирсэн. Бид дэлхийн 40 гаруй улсын 100 гаруй компанийн эм оруулж ирдэг. Эмүүд бүгд бүртгэлтэй, найдвартай. Түүнээс гадна эх орныхоо үйлдвэрийг хөгжүүлье гээд олон улсын шаардлага хангасан гурван цогцолбор барьж байна. Эхний цогцолбор баригдаад байгаа бол хоёр дахь нь буюу үндсэн үйлдвэрийн барилга ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орно. Эх орны эмийн үйлдвэр ч гэсэн олон улсын стандартын шаардлагад нийцнэ гэж бодож байгаа.

-ШӨХТГ-аас “Монос”-ын эмийн сангуудад зөрчил байна гэдгийг мэдэгдсэн. Зарим эмийн сангуудын үйлчилгээний эрхийг хязгаарлана гэдэг зүйл яригдаад байна. Уул нь жор баригчийн энэ алдаа хаана ч байдаг л зүйл биз дээ. Ийм алдаа гарч л байдаг шүү дээ?

-Миний хувьд хоёр төрлийн зөрчил гарсан гэж ойлгоод байгаа. ШӨХТГ хэвлэлээр мэдэгдэл хийгээд байна. Гэсэн хэдий боловч нэг ч удаа компанийн удирдлагатай уулзаагүй, ингэх ёстой гэж нэг ч удаа хэлсэнгүй. Албан бичиг, шаардлага, зөвлөмжийг ч ирүүлээгүй. Тийм байж хэвлэл мэдээллээр мэдээлэл хийгээд байгаад харамсч байгаагаа нуугаад яахав. Алдаагаа сайн ойлгохгүй байна. Гэсэн хэдий ч бид төрийн хийсэн шалгалтыг хүндэтгэн хүлээж авсан. Үүнээс гол зөрчил нь жорын зөрчил гэж ойлгосон. Зөрчилтэй гэгдээд буй жоруудыг бид бичээгүй, эмч нар бичсэн. Жор дээрх эмчийн гарын үсэг, эмийн нэр гаргагдахгүй байна. Эмийн хэрэглэх зааврыг бичээгүй байна гэдэг. Энэ нь “Монос”-ын биш Монголын бүх эмийн санд байдаг зөрчил. Нэгдүгээрт, эмч нар завгүй байдаг. Олон улсын стандартын дагуу бол нэг эмч өдөрт 10 хүн үзэх ёстой бол манайд 30-40 хүнийг үздэг. Тиймээс эмч нар жороо яарч бичдэг. Тэр ч байтугай амбулаторынхоо карт дээр жороо биччихдэг. Тэгээд эм авах гээд ирэхээр нь жор байхгүй гэхээр бөөн маргаан үүсдэг. Жор дээрх гарын үсэг ойлгомжгүй байна гээд буцаахаар өвчтөнүүд уурладаг. ШӨХТГ үүнийг ил гаргаж ирсэнд баяртай байна. Цаашид Эрүүл мэндийн яам, эмнэлгүүд, эмч нарт асуудал тавиасай. Өвчтөнүүд “жороор авах эмийг жоргүй ирчихээд та нар өгсөнгүй” гээд загнаад унадаг. Жороо бариад ирэхээр нь “жор буруу байна” гэхээр бөөн асуудал болдог. Энэ тал дээр бид болоод яам, эмч нар бүгд л анхаарах хэрэгтэй.

-Мөн танайхыг өөр барааг эмийн сангаараа зарж байна гэж буруутгаад байгаа?

-Манайхыг Германд үйлдвэрлэсэн шошготой хүнсний бараа зарж байна гээд байгаа юм. Энэ нь чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан сахаргүй бүтээгдэхүүн. Үүнийг эмийн санд зарах ёстой гэж би хувьдаа ойлгодог. Хэрэглэх заавар нь алга гэсэн зүйлийг мөн ярьдаг. Бидний хувьд хэрэглэх зааврыг гарын авлага болгоод хэвлүүлээд гаргачихсан юм. Уг нь өвчтөн гарын авлагаа хараад эмээ уух байтал савлагаан дээр нь заавар алга гээд байгаа. Үүн дээр ч гэсэн бид анхаарах л ёстой юм билээ. Мөн хүүхдийн тоглоом зарж байгаа гэдэгт тайлбар өгөхөд гадаадын эмийн сангуудад хуулиар хориглоогүй бүх барааг зардаг. Ном, сонин, ил захидал гээд байж л байдаг. Бусад бараанаас ашиг олбол эмнээс ашиг олох гэж дураар загнахгүй шүү дээ. Тиймээс энэ тал дээр хэн хэнээ зөв ойлгох ёстой юм болов уу гэж санагддаг.

-Дайран дээр давс гэгчээр энэ асуудлын хажуугаар “Монос”-ыг дарах гэсэн үйл ажиллагаа явагдаад байх шиг. Бизнесийн нэр хүндэд чинь нэлээд халдаж байна?

-Манайхан хүнийг нэг алдахаар түүн дээр нь дарж шороонд булахыг хүсдэг. Ер нь хүний мөс чанарын асуудал л даа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шүү. Ганц нэг өрсөлдөгч, ганц хоёр гомдсон хүмүүс ийм зүйл хийж байхыг үгүйсгэхгүй. Тэртэй тэргүй бид 20 гаруй жил ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэснийг, Монголын эмийн салбарын 50 орчим хувийг хангаад явж байгааг эрүүл болсон, одоо ч гэсэн үйлчлүүлж байгаа хүмүүс мэднэ. Тиймээс бид үүнд эмзэглэхгүй байгаа. Гомдсон хүмүүс үүгээр дамжуулан стрессээ тайлж байгаа бол тайлахаас яахав.

-Уг эмийг эмчилгээнээс хасна гэж байгаа сурагтай. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?

-Энэ дуулианы хажуугаар фенобарбитал эмийг эмчилгээнээс хасна гэдэг зүйл яригдаад эхлэхэд эхчүүд их сандарч эхэлсэн. Тархины даралттай болон бие нь шарлалттай төрсөн хүүхдийг эмчилдэг ганц эм нь энэ л дээ. Энэ эмийг орлуулах эм одоогоор алга. Энэ удаагийн үйл явдал ганц “Монос” гэлтгүй эм хангамжийн салбарт маш том сургамж боллоо.

-Жор баригчийг танай “Монос” дээд сургуулийг төгссөн гэх юм билээ...

-Жор баригчийн хувьд ЭМШУИС-ийн Дархан салбарыг төгссөн эм найруулагч мэргэжилтэй. Эрүүл мэндийн яамны эм барих лицензтэй. 21 биш 23 настай ажилтан байгаа юм. Удахгүй төрж, өөрөө ч гэсэн ээж болох гэж байгаа хүн.

-“Монос” групп эмийн салбараас гадна Биомон гээд гоо сайхны иж бүрдлийг үйлдвэрлэдэг. Чанар нь хэр байдаг бол?

-Таныг орж ирэхийн өмнө Швейцарийн Анунаки компанийнхан манай эм судлалын хүрээлэн рүү явцгаасан. Тэд манай Биомоныг Швейцарьт импортлох сонирхолтой байгаа юм. Манай бүтээгдэхүүн олон улсын оюуны өмчийн байгууллагын алтан медаль авсан. Уг шагнал нь цар хүрээний хувьд томоохонд тооцогддог тул Ерөнхий сайд юм уу, Шадар сайд гардуулдаг юм билээ. Тиймээс манай шагналыг тухайн үед Шадар сайд байсан Ч.Улаан сайд гардуулсан. Ийм шагнал авсныг Швейцарийнхан мартаагүй юм шиг байна лээ. Яагаад гадныхан сонирхоод байгаа юм гэхээр арьс арчилгааны бүтээгдэхүүнийг цогцоор нь шийдсэн гэж үзсэн байна лээ.

 

Э.ЭНХБОЛД

Онцлох нийтлэлүүд