ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2015.11.04 08:11

Л.Чинбат: Надад С.Баяр гэдэг хүн нэг талаасаа гай болоод, нөгөө талаасаа буян болсон

>>Түрүүч нь "Өдрийн сонин"-ы 266 (5218) дугаарт>>

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.

-Бизнест таатай улс байхын тулд яах ёстой юм бол. Та ямар гарц санал болгомоор байна?

-Манайхны хийгээд байгаа улс төр буруу байна. Хоёрдугаарт, монголчууд аль ч шатандаа стандарттай, хуулиа мөрддөг болох хэрэгтэй. Хуулиа баримталж чаддаг газар хөгждөг. Яг үнэндээ Монголд байшин барилга л хөгжиж байна. Гэхдээ стандартын дагуу хийсэн нь ховор. Нэгнийхээ цонхыг хаачихна, ойр хавьд нь явган хүний замгүй гээд тоочвол стандартгүй нь их. Урт нэртэй хууль гарсны дараа миний л хэдэн лиценз хураагдсан. Нэгэнт болохгүй л гэсэн учраас араас нь хөөцөлдөх шаардлагагүй гэж үзээд бүгдийг нь буцаагаад өгчихсөн. Гэтэл өөр бусдынх нь ажиллаад яваад байдаг. Нинжа гэж байгалийн баялгийг ямар ч хуульгүй ашигладаг хүмүүс байна. Миний хэмжээний тоног төхөөрөмжтэй болчихоод нинжа гэдэг нэрийн дор ашиглаад яваад байдаг нь нуух аргагүй үнэн. Хууль, журам, стандартаа мөрдөөд явсан нь хохироод, хуульгүй явсан нь хожоод байна л даа.

-Улс төр буруу байна гэдгээ тодруулаач?

-Яаж улстөрч болох вэ гэдэг хүмүүс их болчихож. Улстөрч болсныхоо дараа яаж мөнгөтэй болох вэ гэдэгт л анхаараад байгаа анзаарагдах юм. Энэ салбар ийм бодлоготой яваа, үүнийг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн залгамж алга. Засаг солигдонгуут бүх юм тэгээс эхэлдэг. Бид ерөөсөө буруу замаар явчихсан байна л даа. Засна гэхэд хэтэрхий их зардал хэрэгтэй. Буруу, стандартгүй юм хийчихээд өнөөхөө эргэж засах гэж бөөн мөнгө зараад байна.

-Та бид хоёрын яриад байгаа асуудал ойрын үед цэгцрэх болов уу. Байдал сайжирна гэсэн итгэл байна уу?

-Тийм итгэл алга. 2020, 2022 он хүртэл хүндхэн үеийг туулах байх. Туулах ч ёстой байх. Яагаад гэвэл хүн амьдрал үзэж, шалдаа бууж, юмны үнэ цэн, хөдөлмөрийн амт шимийг мэдэрч байж хөгждөг гэдгийг ойлгосон үедээ зөв замаар явдаг. Улс орон, компаниуд ч ялгаагүй. Олсон мөнгөө улс орон нь ариг гамтай хэрэглэдэг, хувь хүн нь зөв зарцуулж сурсан цагт л Монгол хөгжинө. Шалдаа унаж, гараагаа тэглэж байгаад эхэлбэл зөв явж магадгүй. Тэгэхгүйгээр нэгэнт буруу явчихсан одоогийн байдлыг яаж ч хараад засч чадахгүй нь гэсэн бодол төрөөд байгаа. Би өнгөрсөн хорин жилийнхээ юмыг алдчихсан хүн. Хорин жилийн өмнөх түвшиндээ оччихоод буцаад зүтгэнэ гэхээр зүрх үхээд эхэлж байна. Уг нь миний үеийн, зовлон үзсэн хүмүүс Монголын юм хийх хэсэг. Гэтэл ихэнх нь улс төр рүү орчихсон. Ороогүй зүтгэснийх нь бизнес бараг л зогсч байна. Өнөөдөр явж байгаа том бизнес бараг алга. Том компаниуд түрүүчээсээ хаалгаа барьж байна.

-Бизнесийн найз нөхөд чинь ямархуу байна, таны сая хэлсэн шиг хэцүүхэн байгаа юу, эсвэл...?

-Яг адилхан. Намайг хотод байх үед дор хаяж гурваас дөрвөн хүн ирдэг. Мөнгөтэй гэж бодоод ирж байгаа хэрэг л дээ. Мөнгө байхгүйгээ хэлэхээр “Та мөнгөгүй бол өөр хэн мөнгөтэй байх юм бэ” гэдэг юм. Бодит байдал ийм л байна.

-Бондоос мөнгө хөөцөлдөж үзсэн үү?

-Үгүй.

-Яагаад, арилжааны банкнаас хамаагүй бага хүүтэй урт хугацаатай дажгүй нөхцөлтэй зээл шүү дээ?

-Ялсан намынх нь хүмүүсийн бизнес явдаг зарчимтай болсон юм шиг. Надад С.Баяр гэдэг хүн нэг талаасаа гай болоод, нөгөө талаасаа буян болсон. Атрын гуравдугаар аяны дараа манай дээр очсоноос болоод намайг С.Баярын хүн гээд харчихсан. 2012 он гараад ирэнгүүт юм л бол энд тэндээс дууддаг, дарамталдаг болсон. Тийм болохоор бондоос мөнгө зээлье гэж бодоогүй. Бадамжунайгийн үед тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улаанбуудай, үрийн улаанбуудайны мөнгөө аваагүй байсан юм. Мөнгө өгөхгүй зовоож байтал засаг солигдож шинэ хүмүүс гарч ирсэн. Засаг солигдонгуут буудайны чинь мөнгийг өгөхгүй гээд эхэлж байгаа юм. Х.Баттулгыг сайд байхад би Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 18 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Өмнөх засгийн үеийн авлагаас үлдсэн мөнгө л дөө. Манайхаас үрийн буудай авсан юм. Бүтэн хоёр жил хадгалуулчихаад дараа нь авахгүй гэсэн. Бизнесийг тэгж түгжиж болохгүй. Өмнөх засгийн үед хийсэн гэрээ байна, хүлээн зөвшөөрөхгүй гэчихэж байгаа юм. Тохиролцоод, авлига өгөөд асуудлыг шийдэж болох байсан ч надад тийм хүсэл байхгүй. Ямар ч байсан хийдгээ хийгээд явна гэсэн зарчмаасаа буцахгүй амьдарна гэж боддог.

-Гэхдээ улс төрийн нөлөө яах аргагүй хүчтэй байна. Зарим үед хөлд нь суугаад ч болтугай бизнесээ урагшлуулахгүй бол унаж мэднэ гэж болгоомжлох ёстой юм шиг ээ...?

-Тавь хүртлээ ингэж амьдарчихаад үлдсэн амьдралдаа зарчмаасаа, өөрөөсөө урваад, ухраад яах юм. Надад арван жил л байна. Нэр төртэйгөөр явж байгаад дууссан нь дээр. Насаараа хийж сураагүй юмыг одоо өөрчилнө гэж юу байхав.

-Та хадгаламжтай юу, бүх мөнгөө ийм эрсдэлтэй салбарт хийдэггүй байх...?

-Надад нэг ч төгрөгийн хадгаламж байхгүй.

-Тэгвэл хүүхдүүд чинь хадгаламжтай юу?

-Үр хүүхдийн нэр дээр ч байхгүй. Дэлхийн аль ч цэгт ямар нэг хадгаламж огт байхгүй.

-АН таныг МАН-ын хүн гээд байдаг, МАН-ын үед илт дэмжлэг аваад байсан юм болов уу?

-Аль ч намынх нь үед би хийдгээ хийгээд л явсан. Ардчилсан нам нь Ардын намынх гэж хардаад, Ардын нам нь Ардчилсан намынх гэж сэрдээд байдаг. Надад аль нь ч ялгаагүй. МАН-ыг засаг барих үед “Анод”-оос намайг мөнгө авсан гэж буруутгаж байсан. Үнэндээ би нэг ч төгрөг аваагүй. Харин “Анод”-д би мөнгө зээлж байсан. Манай хөдөө аж ахуйн компанийн нэр дээр тэд зээл авсан юм. Шалгаад үзэхээр манай данс руу оруулаад “Анод”-ынхан данс руугаа буцаагаад татсан байдаг. Тэр нь Монголбанкны шалгалтаар гараад ирчихсэн. Чинбатын компанийн данс руу оруулаад буцаагаад “Анод”-ын данс руу хийгээд авчихжээ гэдгийг тогтоосоор байтал надаар таван тэрбум төгрөг төлүүлсэн.

-Таван тэрбум төгрөг өө, аваагүй нь тогтоогдчихоод байхад яагаад ийм их мөнгө төлсөн юм бэ?

-Миний хувьд аваагүй юм чинь шоронд нь сууя гэж үзсэн л дээ. Гэтэл зээл авсан компани маань эхнэрийн нэр дээр байсан учраас яаж ч болоогүй. Тэгээд л бууж өгсөн. Ингээд мөнгө төлөх үү, хахуульдах уу гэдэг хоёр юмны зааг дээр ирсэн дээ. Тэгээд шууд мөнгийг нь төлсөн. Хайран мөнгө ч гэлээ би сэтгэл амар явж байгаа юм.

-Яагаад нэр дээрээ зээл гаргуулсан юм бэ?

-Хөдөө аж ахуйн салбар эрсдэлтэй учраас банк итгэж зээл өгдөггүй. Ямар ч зээлгүй компани учраас нэрээр нь зээл гаргасан хэрэг. Тэр зээлэн дотор миний гарын үсэгтэй зээл бараг байхгүй. Эхнэр ганцхан баримтан дээр гарын үсэг зурсан байдаг юм. Тэр нь батлагдаагүй. Туслаач гээд байхаар нь тусал гэсэн нь бол үнэн. Адилхан бизнес хийж байгаа улс гэсэн сэтгэлээр хандсан хэрэг. Тэд манай компанийн нэр дээр зээл аваад буцааж тушаагаад, дахиж аваад эргүүлж тушаагаад явсан байгаа юм. Би мэдэж байсан бол тийм тайван байхгүй л дээ. Бүр баригдахынхаа урьд өдөр надаас 300 мянган ам.доллар зээлж байсан. Мэдэж байсан бол ийм хэмжээний мөнгө зээлэхгүй шүү дээ. “Анод” Монголын ард түмэнд ач гавьяагаа өгсөн банк. Олон хүн мөнгөө хадгалуулж хүүг нь авч амьдарсан. Би ч тэдний нэг. Хэрэгтэй үед нь харилцчихаад хэрэггүй цагт нь хаяж болохгүй гэсэн сэтгэлээр хандсан. Нэгэнт найз нөхөд гээд тусалж дэмжээд явж байснаа хэцүү болонгуут нь хаях жудаггүй хэрэг. Тэгээд л эцэст нь таван тэрбум төгрөг төлөөд дууссан. Өөрийнхөө эрсдэлийг тооцоогүй хийсэн алхам учраас төлөхөөс аргагүй. Төлчихөнгүүт ямар их мөнгөтэй хүн бэ гээд асуудал үүсч л байгаа юм. Гэхдээ сэтгэл тайван явна гэдэг сайхан. Сүүлд “Анод”-ын Даваа шоронгоос гарч ирчихээд “Уучлаарай. Яг амьдрал дээр танаас өөр хохирсон хүн байхгүй шүү дээ” гэж хэлсэн удаа бий. Өмнөөс нь намайг хохирсон гэдгийг “Анод”-ынхан бүгд мэдэж байгаа. Хаана хаанаа л хэцүү юм болсон.

-“Гацуурт” олон сайхан төсөл хэрэгжүүлж байна. Мөрөөдөл дуусах биш. Цаашдаа ямар төсөл хэрэгжүүлье гэсэн бодолтой яваа вэ?

-Зөндөө санаа байна. Эхэлчихсэн ажил ч бий. Газар тариалан маань цаашаа явчихна. Мал аж ахуйн төслүүд маань дөнгөж эхэлж байна. Хамгийн том төслөө мал аж ахуй дээрээ эхлүүлсэн. Зүрх үхнэ гэж том асуудал бий. Гэхдээ, ямар ч байсан зүтгэж яваад амжилтад хүргэнэ. Монголын малчдыг фермер болгоё гэсэн зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн төсөл. Монголчуудын хийж чаддаг юм нь ерөөсөө л мал маллах. Бидний тал хувь нь мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс тэр хүмүүсийг малыг нь маллуулаад сайхан амьдруулъя гэвэл фермер болгох хэрэгтэй. Одоогийн загвараар бол эдийн засгийн эргэлтэд орж өгөхгүй байна. Малтайгаа адилхан амьдралтай болчихсон. Бүдүүлэг, тог цахилгаангүй, газрын мухарт, дундаж нас нь богинохон.

-Малчдыг фермер болгохын тулд “Гацуурт” юу хийгээд эхэлсэн нь сонирхол татаж байна?

-Айл бүрт гучин гурван үхэр тарааж өгч байгаа. Өөрт нь гурван үхэр өгч байна. Гучийг нь маллуулаад хорин тугалыг нь буцааж өг, арвыг нь өөрөө ав гэсэн тохироо хийх юм. Хээлтүүлэг, тариа, эм, вакциныг нь манай компани, бусдыг нь малчин хариуцна. Гучаас илүү үхэр ч авч болно. Хүсвэл бид худаг, ус цахилгаан зэрэг дээр хөрөнгө оруулж болно. Тэгээд тухайн малчны мэдэлд байгаа үхрийг зах зээлийн үнээр худалдаж аваад махны үйлдвэрт өгнө. Ингэвэл малчид суурин амьдралд шилжинэ. Монголчууд малаа дагаад өдөржин хөдөө хөхөрч, гадаа ганддаг. Үүнийг нь өөрчлөх гэсэн санаа. Хэдхэн хашаа бариад, тэндээ үхрээ бэлчээрлүүлээд, тэр зуур нь бусад ажлаа амжуулах боломжтой болно. Нэг үхэрт гурван га-гаар бодоод газраа тооцчихно. Тэгээд хагас сардаа нэг хашаанд, дараагийн 14 хоногт нөгөө хашаанд гэх мэтээр сэлгээд бэлчээрлүүлчих бололцоотой. Бэлчээрийн мөртлөө суурин амьдрал руу шилжих загвар байгаа юм. Тэжээлээ бэлдээд цөөхөн үхэр маллана гэсэн үг. Нэг малаас авдаг ашиг шим нь өндөр болчихоор нутагтаа сайхан амьдрах боломж нээгдэнэ. Зуун үхрээс авдаг өгөөжөө гучин үхрээс авна гээд ойлгочихож болно.

-Үхрээ тараагаад эхэлчихсэн үү, ер нь хэчнээн айлд тараая гэсэн бодолтой байгаа вэ?

-Сэлэнгийн хэд хэдэн сумын айлуудад үхрээ тараагаад өгчихсөн. Одоогоор арваад айл хамрагдсан. Манай компани 7000 гаруй үхэртэй. Бүгдийг нь тараая гэсэн бодол байна. Бид махныхаа үйлдвэрт л үхрүүдээ авъя гэж байгаа юм. Манай компани тугалыг нь найман сартайгаас нь аваад тэжээх тохироо хийж байгаа. Тэжээсэн үхрээ махныхаа үйлдвэрт оруулна. Үйлдвэрээсээ гарсан махыг экспорт хийдэг улсад нь өгнө. Ийм тойрсон схемд оруулах гээд зүтгэж байна. Мал аж ахуй хөгжих үндэс нь энэ болов уу. Үлдсэн хугацаандаа хийх ажил гэвэл энэ л байна даа.

-Тариа хураалт дуусч байна. Одоо нэг амсхийх нь үү?

-Хаврынхаа бэлтгэлийг өвөл хийдэг болохоор амрах зав байхгүй. Одоо л гэхэд би хагас сарын хугацаатай гадаад руу явах гэж байна. Мөнгөтэй байхдаа техник, сэлбэгээ урьдчилгаа төлөөд захиалдаг байлаа. Мөнгөө төлж чадахгүй учраас улаан нүүрээрээ уулзаад дараа нь төлье, манай сэлбэг, техникийг явуулаач гэж гуйхаас аргагүй болчихлоо. Олон жил харилцсан учраас хүрээд ир гэж байна. Эдийн засаг хэчнээн хямралтай ч зогсох арга байхгүй. Ирэх жил үр цэвэрлэх үйлдвэр нээнэ. Хоёр гурван лаборатори ажиллуулах гэж байна. Улаан буудай, гурилын лабораторио хийчихсэн. Ирэх хавар хөрсний лаборатори нээнэ. Хэзээ ч арилахгүй юм хөрсөндөө хийчихээд идэх юмаа ургуулаад байвал эрсдэлтэй.

-Монголын хөрс сэрэмжлэхээр байдалд хүрчихсэн хэрэг үү?

-Газар тариалангийн салбарт Хятадын маш олон компани байна. Бурмаагийн бас нэг гай нь одоо гарч ирж байна л даа. Тариаланчид мөнгөгүй болонгуутаа газраа, техникээ түрээслээд, зараад эхэлчихсэн. Би үүний эсрэг арван жил тэмцэж байгаа хүн. Хятадын компанид өгсөн газрыг сумын Засаг даргаас гуйсаар байгаад авсан түүх бий. Хойд талаар Хятадын компани бараг байхгүй. Гэтэл энэ жил хойшоо хүртэл ороод ирчихсэн ногоо тарьж байна. Дорнодод дөрөв, таван компани байна. Энэ зун Дорнодоор явлаа. Манайхаас тоног төхөөрөмж худалдаж авсан компанийн ард хятад иргэн байх жишээний. Тэр хүмүүс Монголын газрыг хэзээ ч хайрлахгүй. Гялс орж ирээд гайгүй ургац аваад гарахаа л бодно. Халх голд Хятад эзэнтэй хоёр компани бий. Нэг хятад нь мал, байр сав, бэлчээрийн газар худалдаж аваад байгаа. Очихоор япон паспорт үзүүлээд байгаа сураг дуулдсан. Монголд гадны компани ирээд мал худалдаж аваад амьдарч байгааг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй.

-Халх голд гадныхнаар тариа тариулаад түрээсийн мөнгө авах нь эдийн засагт нэмэртэй биш үү?

-Хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олох боломжтой ганц салбар гэдэг утгаар нь уул уурхайд гадныхан орсныг үгүйсгэхэд хэцүү. Харин газар тариаланд гадныхныг оруулахдаа болгоомжтой хандах учиртай. Зүүн талаар их олон газраар хил онгойж байна. Бидний хувьд тийм ч хүсээд байх зүйл биш. Халх гол хөрсний хувьд маш эмзэг. Үнэхээр ашиглая гэж байгаа бол бодлоготой хандах хэрэгтэй. Одоо байгаагаа олигтой ашиглаж сурчихаад дараагийнх руу нь орвол илүү зөв шийдэл болно. Манайхан га-гаас авдгаа сайжруулаад бүтээмжийг нь нэмэгдүүлье гэж огт бодохгүй суугаа нь гол аюул болоод байна. Сэлэнгэ, Булган, Төв аймгаас хүнсний хэрэглээгээ хангаад байх бүрэн боломжтой.

-“Гацуурт” гаднаас орж ирж байгаа бүх төрлийн хүнсийг шинжлээд аюултай, үгүйг нь тогтоодог том лаборатори нээх гэж байгаа дуулдсан. Хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

-Ирэх жилээс ажиллаж эхэлнэ. Хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулж хийж байгаа ажил. Хийхээс аргагүй л дээ. Гаднаас орж ирж буй хүнсийг шинжлээд телевизээр зарлаад байя гэж бодож байгаа. Араас нь шалгах эсэх нь хамаагүй. Ямар ч байсан чанарыг нь цаг алдахгүй мэдээлнэ. Дэлхийн нэг номерын том лаборатори оруулж ирэх учраас маргах юм байхгүй. Урд хил дээр очоод “Та нар ямар юмаар шалгадаг вэ” гэж асуухаар баримжаагаар, нүдэн ажиглалтаар шалгадаг гэж хэлдэг. Юу идэж уудгаа мэдэхгүй байна гэдэг хэтэрхий эрсдэлтэй.

-Та чөлөөт бөхийг санхүүжүүлэхээ болиод дугуйн спортыг дэмжинэ гэдгээ саяхан фэйсбүүкээрээ мэдэгдсэн. Яагаад ийм шийдвэр гаргачихав?

-Чөлөөт бөх хөл дээрээ зогссон топ таван спортын нэг. Төр хувийн хэвшлийн дэмжлэг дажгүй байгаа. Би багадаа дугуй их унадаг байлаа. Монголчуудад их тохиромжтой спортын төрөл гэж боддог. Ганц тамирчин гэхгүй нийт хүмүүсийн эрүүл амьдрах хэв маягийг өөрчлөх, эрүүл монгол хүнийг бүтээхэд хувь нэмрээ оруулах нь манай гэр бүлийн, найзуудын маань, миний мөрөөдөл. Монголын өнцөг булан бүрт амьдардаг багачуудад хүрч ажиллах бодол байна. Манай компани монголчуудыг эрүүл хүнсээр хангах гэж зүтгэж яваа. Одоо нийтээрээ яаж эрүүл болох вэ гэдэг дээр санаа тавья гэж бодож байна. Энэ зорилгоо биелүүлэхэд дугуй л хамгийн тохиромжтой спорт юм байна гээд дэмжихээр болсон юм.

Онцлох нийтлэлүүд