ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.08.30 05:08

Л.Энхболд: 340 мянган тонн нүүрс хулгайлагдсан нь нотлогдлоо

УИХ-ын гишүүн Л.Энхболд Орон нутгийн өмчит Таван толгой компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас алдагдсан нүүрсний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Тавантолгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нүүрс алдагдсантай холбоотойгоор ажлын хэсгийн дүгнэлтийг 2018 оны наймдугаар сарын 22-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар шалгалтын дүгнэлтийг авч хэлэлцсэн байна. Ингээд тэмдэглэл гаргаж, гарсан бүх зөрчлүүдийг арилгуулахаар Сангийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Уул уурхайн сайд гээд бүх холбогдох сайдуудад үүрэг өгсөн байна.

Таван сарын өмнө миний бие “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Монгол Улсын гурван сая иргэний өмчөөс 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан эсэхийг холбогдох байгууллагуудыг нь шалгаач ээ гэдэг асуудлыг хөндөн тавьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл АТГ ахицтай зүйл хийсэн гэж би харахгүй байгаа. Тийм учраас АТГ-ыг ажлаа сайн хийгээсэй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хэлмээр байна.

Хилээр эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон.

Нүүрс алдагдсан асуудлаар Ерөнхий сайд Засгийн газарт чиглэл өгч Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан. МХЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагууд хамтарч ажилласан. Шалгалтын явцад ГЕГ-аас өгсөн дүгнэлтэд Монгол Улсын гаалиар эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дүгнэлтэд 2013-2017 онд цөөн тооны ачааны автомашин маш олон буюу 35,000 удаа хил нэвтэрсэн талаар дурдсан байна. Зарим нь хоосон хил гарсан гэнэ. Хоосон гарсан гээд байгаа машинуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Нүүрс тээвэрлэдэг автомашинууд нэг удаадаа 80,000-125,000 тонн нүүрс тээвэрлэдэг. Үүнийг дундажлаад бодохоор 3 сая орчим тонн нүүрсний асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.

Намайг энэ хэргийг анх мэдээлсний дараа хоёр компани ажиллаад тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс гарсан байна гэх дүн гаргасан. Харин МХЕГ-аас хийсэн шалгалтын дүнгээс харахад ЭТТ-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагджээ гэж тогтоосон байна. Үүнийг мөнгөн дүнгээр нь бодвол 60 орчим тэрбум төгрөг болно. Энэ хэмжээний өмч хөрөнгө монголын ард түмнээс алга болжээ. Энэ хохирлыг хэн, хэрхэн барагдуулах ёстойг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой.

Эх үүсвэргүй гарсан 390 мянган тонн нүүрс "Таван толгой транс" компаниар дамжиж хил гарсан нь тогтоогдсон. Шалгалтын материал дээр "Таван толгой транс" компанийн 70 хувийг Д.Бат-Эрдэнэ, 20 хувийг Д.Дагвадорж гэдэг хүн эзэмшдэг талаар дэлгэрэнгүй оруулсан байна.

Ингээд ямартай ч нүүрс хулгайлагдсан нь нотлогдлоо. Тодорхой хугацааны дараа энэ хохирлыг хэн төлөх нь тодорхой болох байх.

Түүнчлэн ажлын хэсэг, мэргэжлийн хяналтын шалгалтаар олон зөрчил илэрчээ. Тухайлбал, уулын ажлын төлөвлөгөөгүй зургаан жил явсан байна. Үүнд хуулиар зургаан жилийн хугацаанд олсон орлогыг хураах эсвэл хоёр сарын хугацаатай үйл ажиллагааг нь зогсоож, зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авах ёстой учраас мэргэжлийн хяналтаас үйл ажиллагааг нь зогсоохарга хэмжээ авсан юм байна лээ.

Орон нутгийн өмчит ТТ компани болон "Таван толгой транс" компани хоорондоо гэрээ хийж, Орон нутгийн өмчит ТТ компанийн захирал 268 мянган тонн нүүрсийг төлнө гэчихсэн байгаа нь маш ноцтой гэмт хэрэг. Орон нутгийн өмчит ТТ компанийн дансанд 268 мянга буюу мэргэжлийн хяналтын тогтоосноор 340 мянган тонн нүүрсний төлбөр ороогүй. Орон нутгийн буюу Өмнөговьчуудыг төлөөлж нэг гүйцэтгэх захирал гарын үсэг зураад хэн нь авсан тогтоогдоогүй нүүрсийг төлж болохгүй.

Энэ хэргийн талаар анх дуугарснаас хойш таван сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд миний хувьд хяналтын байгууллагын шалгалтын дүн гараагүй байсан учраас чимээгүй байсан. Гэтэл намайг "Таван толгой транс" компанийн хөрөнгө оруулагч "Ажнайн Бат-Эрдэнээс мөнгө аваад дуугай болчихлоо" гэх мэдээлэл гарсан. Өнгөрсөн таван сарын хугацаанд тэр хүн ганц нэг удаа надтай холбогдож ямар үндэслэлээр ийм юм ярьж байгааг маань асууж байсан. Миний зүгээс үүнийг шалгаж тогтоох ажлыг би биш хяналтын байгууллагууд хийнэ гэсэн хариулт өгсөн" хэмээн ярилаа.

Онцлох нийтлэлүүд