ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.03.27 08:03

Малчин А.Бүтэмж шилмэл үүлдрийн төл малаа хүлээж аваад байна


Төв аймгийн Зуунмод сумын III багийн малчин А.Бүтэмж шилмэл үүлдэр, омгийн төл малаа хүлээж аваад байна. Нийт төлийнхөө гуравны нэгийг нь одоогоор хүлээж аваад байгаа бөгөөд “Өглөөхөн тэр хар нүдэн маань хургаллаа” гэсээр угтлаа. Шинэ жилийн дараачаас л төлөө хүлээж авчээ. Хоёр сар гарантай хурганууд сүүлээ хөдөлгөн гүйж, ишигнүүд тоглоно. Харин өчигдөр, уржигдар, өглөөхөн төллөсөн ишиг, хурганууд хашааны унги, мухарт хэвтээд өдрийн наранд унтацгаана. Багсарсан хивэг, өвс хэвцгээж, түмпэн дэх уснаасаа тааваараа ууцгааж байлаа. Мал сүргээ хамгаалах үүрэгтэй хөгшин, том банхар мөн л өдрийн наранд ээгдэж, хуцахаас ч залхуурсан мэт нүдээ анина. Малчин А.Бүтэмжийн аав Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Мангалын Арьяа гэж хүн бий.

М.Арьяа аймгийн начин цолтой. Цэрэгт байхдаа Ховд аймгийн наадамд тав давж, зургаагийн даваанд дархан аварга Шаравын Батсуурийг өвдөг шороодуулж, аймгийн начин цол хүртэж тухайн үедээ бөхийн хорхойтнуудын дунд шуугиан дэгдээж явсан нэгэн. Харин М.Арьяа Зуунмодонд амьдарч байна.

А.Бүтэмж мянгат малчин болох тухай ерөөсөө боддоггүй. Харин маш сайн чанарын, өндөр ашиг шимтэй сүрэгтэй болохын төлөө ажилладаг юм байна. Өнгөрсөн намар Төв аймагт шилмэл үүлдэр, омгийн малын үзэсгэлэн худалдаа болоход шилмэл хонь, ямаагаа аваачиж оролцжээ. Нэг ишгээ 350 мянган төгрөгөөр зарсан байна. Түүний хувьд малын тоо толгой олон болох нь байгаль эх дэлхий, хөрс шороонд гамгүй болох нэг үндэс гэж үздэг учир малынхаа тоо толгойг 200-300-гийн хооронд барьж, жил ирэх бүр сүргээ сайжруулж, чанаржуулахад гол анхаарлаа хандуулна. Ойр хавийнх нь малчид ирж хонь, ямааг нь шинжиж “Ээ дээ, энэ чинь тэгээд ямар шидтэй мал вэ. Хэдэн литр сүү өгдөг ямаа юм бэ” гэж асуудаг юм байна. “Нэг удаадаа нэг литр өгдөг ямаа, та үнэмшихгүй байвал саагаад үз” гэжээ. Тэгээд саатал нэг шанага сүү гарсанд өнөөх малчин гайхаж “Шилмэл омог гэж өөр юм аа” гээд толгой сэгсэрч байсан гэнэ. Шилмэл үүлдрийн төлийн бие хаа цаанаа л өөр, тэнхээтэй. Өглөө нь эхээс гараад л орой нь тоглоод гүйж явна. Тэгтэл жирийн монгол хонины хурга төрөөд эхний хэд хоногтоо ядруухан байдаг. Ижилхэн хорь гаруй хоногтой жирийн монгол хонины хурга, шилмэл хурга хоёрыг харьцуулж хүртэл үзүүлээд “Огт өөр байгаа биз дээ. Биеэр том” гэж А.Бүтэмж хэллээ. Малчдын хувьд сүргээ сайжруулж, үүлдэр угсааг нь дээшлүүлэхийн тулд энд тэнд сайн бух, ухна, хуц байна гэдэг сургаар эрж хайж очдог. Зарим малчид нийлээд машин тэргэндээ бензин тос хийгээд сайн үүлдэр угсааны эрэлд гардаг. Харин А.Бүтэмжийн хувьд өөрөө олон жил туугчаар ажиллаж байсан учир Монголын аль өнцөг буланд, ямар малын үүлдэр угсаа байдгийг мэддэг учир аль аймгаас эр мал, аль аймгаас эм мал авахыг андахгүй. Малчдын хувьд ямаанд ихэд ач холбогдол өгч, аль болох их ноолуур авах тал дээр анхаардаг. Харин А.Бүтэмж ямаанаас илүү хонинд ач холбогдол өгч, үүлдэр угсааг нь сайжруулахад бусад малчдаас илүү ажилладаг аж.


Түүний гэргий аймгийн төвд ажилтай, бас нялх хүүхдүүдээ хардаг учир мал төллөж буй энэ өдрүүдээр А.Бүтэмж өөрөө хонь малаа хариулж, төлөө бойжуулж байна. Тэрээр “Хүн хүч багатай байж олон мал цуглуулбал бууц хөрзөнг нь цэвэрлэхээс эхлүүлээд ажил ихтэй. Бас хүн хөлсөлж ажиллуулах шаардлага гарна. Зар тавихаар олигтой хүн ч ирэхгүй юм. Тэгээд ер нь хүч чадалдаа таарсан тооны малтай байх нь зүйтэй. Цөөн тооны чанартай малтай байх нь малчиндаа төдийгүй байгальдаа ээлтэй. Дөрвөн ямааны нэг өдөрт өгөх сүүг манай ямаа нэг дор өгчихнө” гэлээ. Хашаагаар тарсан төлүүдийг тэвэрч зөөгөөд хурга, ишигний хашаанд аваачлаа. А.Бүтэмж “Эд нарын араас хөөцөлдсөөр байтал ядарчихдаг юм. Хивэгтэй тавгаар нь дагуулаад хашаанд оруулъя” гэлээ. Ингээд хоёулаа ишиг, хургаа хашаа руу хоёр хоёроор нь зөөж, том болсон хургануудыг тууж орууллаа. Энэ хооронд “Танайх хэдэн төл мал хүлээж аваад байна даа” гэж асуутал “Дээр үеийн настай малчид ялангуяа төл хүлээж авч байгаа энэ үед төлийн тоо хэлэхийг цээрлэдэг юм билээ. Би малын тоогоо ч өгдөггүй. Багцаагаа л хэлдэг юм” гэж хэлснээ “Нийт хүлээж авах төл малын гуравны нэгийг нь хүлээж аваад байна” гэв.

А.Бүтэмж 35 настай бөгөөд хонины үүлдэр угсааг ихэд сонирхон судалдаг нь ярианаас нь анзаарагдаж байлаа. Өглөө малаа урд толгой давуулаад бэлчээрт гаргажээ. Толгой руу заагаад “Тийшээ туусан” гэв. Угжны хурга зургийн аппаратад толгойгоо наачихаад дэргэдээс холддоггүй. А.Бүтэмж “Эх нь сүүгүй болоод угжинд оруулчихсан юм. Тэгээд л угж хайж, хуруу гар руу чинь дөхөж байгаа юм. Манайд чинь ямаа хөхдөг хурга, хонь хөхдөг ишиг хүртэл байгаа. Юу юу ч болоод байна даа” гэж инээлээ.

Зуунмод сумын III багийн Засаг дарга Ш.Цэндсүрэн энэ үеэр ирлээ. Тэрээр 24 цагаар эргүүл хийж, маск зүүгээгүй хүмүүст шаардлага тавьж явж байгаа аж. Тэрээр “Манай баг малчин өрх олонтой. Малчид маань урагшаа Сэргэлэнгийн тийшээ нүүцгээсэн. Эндээ А.Бүтэмжийнх маань л төлөө хүлээж авч байгаа” гэлээ.


Шилмэл үүлдрийн төл мал хүлээж аваад байгаа залуу малчин А.Бүтэмжтэй төлийнх нь хашааны дэргэд ярилцлаа.


-Хэдэн оноос мал маллаж эхэлсэн бэ?

-Багаасаа малчин байсан. 2000 оноос л бие даасан малчин гэгдэж явж байна.

-Та сүргийн тоонд биш чанартаа анхаардаг юм байна?

-Тийм, тийм. Жишээ нь, ямаа гэхэд Өнжүүлийн ангор байна. Ноолуурын гарцаараа тэргүүлдэг үүлдэр. Энэ дотор төл нь байна. Өмнөговийн Дон гэж байна. Баяндэлгэрийн улаан байна. Гэх мэтчилэнгээр Монголд байгаа сайн, сайхан үүлдрүүд байж л байна. Намар манай аймагт болсон шилмэл үүлдрийн үзэсгэлэн худалдаан дээр 21 аймгаас хуц, ухна ирсэн. Тэр хуц, ухна дээр үржлийн залуу эм хонь, эм ямаагаа оруулаад хээлтүүлээд авчихсан юм.

-Та туугчаар ажиллаж байжээ?

-Хөлсний туугчаар ажиллаж байсан. Ийш тийшээ нүүдэл суудал болоход, мөн Мах комбинат руу мал туухад хувь голдуу хүмүүстэй тохиролцоод малыг нь туудаг байлаа. Баруун, зүүн, говь, хойд, урд гэлтгүй бүх л аймгаас тууна. Тэгж явахдаа аль л сайн үүлдрийн мал харж явдаг байлаа. Хонь л гэхэд илүү нугаламтай хуцыг нь авчрах ч юм уу, эм хонь, хургыг нь ч авчрах жишээний. Сайн ноолууртай эм ямаа авчирна. Гол нь ухнад нь санаа тавих биш. Эмээ ямаандаа санаа тавих хэрэгтэй. Хонь ч ялгаагүй.

-Манайхан чинь сайн хуц, ухна, бух л эрээд явчихдаг?

-Заавал сайн хуц, ухна байх шаардлагагүй. Сайн эм хонь, сайн эм ямаа авчирвал тэр хонь, ямаа нутгаасаа хээлтэй ч ирж болно. Хээлтэй ирвэл нутгийн тэр сайн хонь, ямаа манайд төрнө. Хээлгүй ирлээ ч хоёр өөр, хол аймгийн хоёр мал нийлэхээр дундаас нь бүр ч илүү сайн цусны, удам нь сайжирч гарч ирдэг байхгүй юу.

-Тэгэхээр одоо энэ танай хашаанд байгаа төлүүд бараг бүгд шахуу шилмэл үүлдэр, угсааных болж таарлаа?

-Намар болсон тэр худалдааны үеэр хээлтэгч, хээлтүүлэгч малыг гурав хоногийн турш хамт байлгаад гаргасан юм. Тэр л үр төлүүд нь эд нар байхгүй юу. Би тэр худалдаагаар их явсан өөрийнхөө шилдэг үүлдрүүдээ зарсан, сольсон. Хэд хэдэн хуц, ухна авч үлдсэн л дээ. Эм хонь, ямаанаас нь ч авч үлдсэн. Нийтдээ 50 гаруй малыг тэр худалдаанаас авч үлдсэн шүү. Хэрвээ тийм худалдаа болоогүй бол бид өөрсдөө машин тэргээ, бензин тосоо гаргаад 21 аймгаар тойроод ч тэр олон сая малаас сайн болгоныг нь сугалж авчирч чадахгүй шүү дээ. Тийм болохоор Төв аймагт бүгд ирсэн дээр нь бүгдээс нь хээл авч үлдсэн. Хээл авч чадаагүй үүлдэр байвал худалдаж авч үлдсэн.

-Тэгэхээр таны хувьд өнөө жилийн төл хүлээн авалт өөр хүлээлттэй байгаа юм байна шүү?

-Тийм шүү. Ерөнхийдөө онцгой ач холбогдолтой төл хүлээж авчихаад байгаа санаатай.

-Эхний төлөө хэзээнээс авав?

-Шинэ жилээс хойш. Ерөнхийдөө 12 дугаар сараас ганц, нэгээр гарсан. Худалдааны үеэр хээлтсэн мал 12 дугаар сараас эхэлж төллөсөн.

-Шилмэл үүлдрийн малын төл өөр байдаг юм байна уу?

-Өөр байлгүй яахав. Бие, хааны жин өөр. Гол нь жин шүү дээ. Адуу хурдаараа яригдана. Үхэр сүү саалиар яригдана. Бага мал махны жин, ноос, ноолуурын гарц нь их байж байж илүү ашиг шим өгнө.

Жишээ нь, тэр хар нүдэн хонийг (Заав.сурв) өнгөрсөн жил худалдаанаас худалдаж авсан. Баянцагааны илүү нугаламт. Өглөө хургаллаа. Хурга нь тэр зогсож байна. Баянцагааны илүү нугаламт дээр Сүхбаатарын Эрдэнэцагааны үзэмчин, баргын илүү нугаламтыг нийлүүлэхээр тийм хурга гарч байна (заав.сурв). Өглөө төрсөн гэхэд итгэмгүй. Дундговийн Дэрэн сумын хонийг сайн жинтэй гэж ярьдаг. Тэр хүрэн толгойт, энэ хар толгойт Дэрэнгийн хонины үр төл. Алтанбулагийн улаан хуцны төл байна. Ингээд яривал бүгд шахуу байна. Говь-Алтайн хивсний ноос гаргадаг хонь гэж бий дээ. Тэрнээс хүртэл манайд төл нь байна. Говь-Алтайн тэр хониноос эм хонь, хуц, хургыг нь аваад үлдчихсэн юм. Ноос нь их сайн. Мах нь их биш. Энгийн хоньтой адил.

-Малчид ямаа л яриад байдаг. Гэтэл та хонь ярих юм?

-(Инээв). Тийм ээ. Манайд махны гарц сайтай ямаа бий. Тэр алгууд байгаа биз (Заав.сурв). Гэдсэндээ цагаантай. Эд нарыг надад худалдсан нөхөд махны гарцаараа тэргүүлдэг гэж хэлсэн юм. Ашиг багатай олон малтай хөөцөлдөж өөрийгөө ядраагаад, адаглаад л энэ хөрзөнг нь ухахад дийлдэхгүй. Хүн хүч муутай улсуудад олон мал хэцүү. Тийм болохоор ашиг шим ихтэй, цөөн малтай байвал дээр юм уу гээд эд нарын чинь эх, эцэг малыг нь тал бүрээс цуглууллаа. Одоо манайх гаднаас дахиж мал авч сүргээ сайжруулах шаардлагагүй болсон. Одоо болчихсон. Одоо гаргаж авсан төлөө маллах нь чухал болсон.

Тэр эхээ хөхөж байгаа хургыг хар даа (заав.сурв). Дөнгөж өглөө гарсан гэхэд уртлаг нуруутай. Нуруу, сээрний байдлыг нь хар даа. Тэгтэл тэр цаана нь байгаа хурга төрөөд хориод хоночихсон. Энэ хоёрыг харьцуулаад харвал бараг л адилхан, биеийн жин нь ойролцоо байгаа биз.

-Төл малын бойжилт хэр байна?

-Бойжилт гайгүй ээ. Сүүлийн хоёр, гурван цасны үеэр хэцүү байсан ч хэцүүг чадах ядахаараа болгоод давсан. Малчин хүний хувьд хамгийн хэцүү үе бол өвөл, хаврын зааг л байдаг юм.

-Төлийн дуу сонсох нь малчин хүний нэг жаргал байх шүү?

-Тэгэлгүй яахав. Бас мал сүрэг ногоонд цадаад тэвээрэгтэй болчихоор сайхан байдаг юм. Ногоонд цадсан малд хүний арчилгаа шаардлагагүй байдаг юм. Байгальдаа идээд л гол усаа уугаад л тааваараа байж байдаг. Харин өдийд бол арчилгаа ихтэй. Хивэг, тэжээл, өвс, ус, хужир гээд олон юм шаардагддаг.


Онцлох нийтлэлүүд