ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.08.31 01:08

Малчин сумын анхны нэг ангийнхан

“Манай ангийн дарга яг л хэвээрээ шив дээ. Багын л нямбай шар охин байсан сан” хэмээн хоорондоо ярилцаж “Батхүрэлийнхээ ачаар бид хэд ингэж уулздаг байжээ” гэж ирээд л хөгшчүүд гар барин мэндэлнэ. Энэ бол Увс аймгийн Малчин сумын анхны сурагчид болох “1а” ангийнхан. Тэд сургуулиа төгссөнөөсөө хойш 50 гаруй жилийн дараа анх удаа ангиараа уулзаж байгаа нь энэ. Нэг ангийнхан Сонгинохайрхан дүүрэгт байрлах цахилгаан шуудангийн гадаа уулзав. Ангийн дарга Л.Батхүрэл ангийнхантайгаа холбоо тогтоож өглөө 08.00 цаг гэхэд бэлэн байхаар үүрэг өгсөн бололтой. Харин хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй уулзалтынхаа хугацаанаас цаг гаруйн өмнө ирж ийн дуу шуу болсон хэрэг. Ихэнх нь үр, хүүхдээрээ унаа тэргээр хүргүүлж ирж харагдав. Ингээд арваад хүн цугларлаа. Ангийн дарга Л.Батхүрэл гэх 60 гаруй насны шав хийсэн хөдөлгөөнтэй хөгшин автобусны жолоочид хөдлөхийг үүрэгдэв. Замаараа Чингэсийн талбайгаас ангийнхаа хэсэг нөхдийг аваад Тэрэлж орох юм гэнэ. Учир нь Тэрэлжид бага ангийн багш Басангийн Пэлжээ 85 насныхаа ойг тэмдэглэж байгаа аж. Ингээд багшийнхаа баяраас хоцорч болохгүй гэсээр хөгшчүүл яаран хөдлөв. Машин хөдлөө юу үгүй юу хоорондоо шуугилдах агаад шуугилдсан анги дунд яваад орчихсон мэт санагдав. Нэг нэгнийгээ ануухан, залуухан хэвээрээ байна гэж байнга л магтана. Автобусны арын суудалд суусан хоёр эрэгтэй “Манай Сэрчмаа, Н.Огоо ирсэн үү, одоо хэдэн хүн талбай дээрээс суух юм бэ” гэж ангийн даргыгаа шалгаана. Энэ зуурыг хөөрөлдсөөр талбай хүрлээ. Автобусны буудлын сандал дээр сууж байсан зургаа долоон хүн шуугилдсаар автобусанд орж ирэв.

Цэнхэр дээл өмсч, жанжин малгай тавьсан уяач болов уу гэмээр 70 орчим насны эрэгтэй их л хөнгөн шингэн хөдөлгөөнтэй аж. Хүн бүр дэргэд нь очиж гар барин, хөөрөг зөрүүлээд “Үгүй ээ мөн ийм сайхан өдөр ирдэг ээ” гэсээр хөлсөө арчих аж. Тэрээр хөдөөнөөс иржээ. Хөдөөнөөс ирсэн гэх тав зургаан хүн байлаа. 50 гаруй жилийн дараа ангийнхантай уулзаж байгаа болохоор ч тэр үү сэтгэл хөдлөөд ойрын гурван хоног нойргүй хонолоо гэх хүмүүс ч байв. Зарим нь нэгнийгээ танихгүй бишүүрхэж хэсэг зогсонгоо “Чамайг гэж таньсангүй ш дээ. Эвий минь бие нь сайн уу, хаана амьдарч байна” гээд л тэврэлдэж хоолой нь зангиран, нулимс унагаж харагдав. Харин насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх офицер эр “За хөвгүүд минь мэнд мэдээд охидоо үнсэхдээ үнсэлцэхгүй шүү” хэмээн хошигноод авав. Ингээд мэнд усаа мэдэлцэж аваад багшийнхаа зүг яаравчлан хөдөллөө. 

Хэдий 70 дөхөж яваа ч инээд цалгисан их өргөөндөө, хүүхэд ахуй цагтаа эргээд оччихсон юм шиг л хоорондоо хөгжилдөж, хөөр баяраар бялхсан инээд автобусаар нэг цангинана. Эрчүүд нь “Манай ангийн охид”, эмэгтэйчүүд нь “Хөвгүүд ээ” гэж дуудах аж. Тэгсэн хэрнээ хэн хэдэн хүүхэдтэй, хэдэн ач, зээтэй болсон гэж ирээд л яриа дэлгэнэ. Барилгын инженер О.Базар “Миний багш 20-хон настай, хонгор зүстэй байхад бид сэвлэг даахиа ч авахуулаагүй үе байсан. Тийм л залуугаараа биднийг хорвоотой танилцуулсан хүн дээ. Хичээлийн анхны өдөр 1958 оны есдүгээр сарын 25-нд манай ангийнхнаас хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн болохыг асуулаа. Хэн ч төрсөн өдрөө мэддэггүй. Тухайн үед аав, ээж чи хавар, намар төрсөн л гэж хэлэхээс биш нарийвчилж хэлэх биш. Тэгсэн багш та нарын хорвоод шинэ хүн болж мэндэлсэн өдөр энэ өдөр байх болно гэж хэлж билээ. Одоо бидний ихэнхийнх нь иргэний үнэмлэх дээр төрсөн өдөр нь 1958 оны есдүгээр сарын 25 гэсэн байдаг” гэж ярив. Тэрээр ангийнхаа хамгийн үг яриа хурц, уран цэцэн үгтэй нэгэн гэнэ. Бусад нь ч ам булаацалдан “Багш ёстой л шинэ хүн болгосон” гэх. Ингээд зорьсон газраа ирлээ. Нэг ангийнхан багштайгаа уулзана гэхээс их л догдолж харагдана. Автобусны хаалгаар эрчүүд нь эхэлж буулаа. Харин эмэгтэйчүүд цүнхнээсээ гоёлын дээл гаргаж өмсөцгөөв. Бүгд л дээлийнхээ энгэрт эхийн нэг, хоёрдугаар одон гялалзуулж, зарим нь тэргүүний ажилтан зэрэг хэд хэдэн тэмдгээр гоёжээ. Автобусны хаалгаар буунгуут эрчүүд нь “Манай хэд чинь нөгөө хувцсаа өмсөөд нүүрээ будчихаараа дажгүй харагдаж байна” гэж ангийнхаа охидыг цаашлуулна. Багшдаа өгөхөөр хөдөөнөөс айраг, цагаа хүртэл авчирсан байв. Бага ангийн багш Басангийн Пэлжээ нь өдгөө 85 нас зооглож яваа бөгөөд жаахан чих хатууг эс тооцвол ануухнаараа байна. Тэрээр 400 гаруй шавь нартай хүн аж. Нэг ангийнхан багшдаа хадаг барин золгож үнсүүлнэ. Багш “Миний анхны шавь нар. Ширээ сандал дээрээ ч яаж суухаа мэдэхгүй будилж явсан үрс одоо намайг дагаад өтөлжээ” гэсээр нулимс унагаж сүйд болов. Пэлжээ 30 гаруй жил багшилсан нэгэн, 400 гаруй шавьтай гэнэ. Түүний шавь нараас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, өмгөөлөгч Монгол зэрэг улс төр, нийгэмдээ танигдсан олон хүн бий.  

Түүнийг 14 настай байхад анх крилл үсэг гарч “шинэ үсгийн багш”-аар хөдөө томилжээ. Хөдөө айлуудаар явж малчдад бичиг үсэг заана. Ингээд 1955-1958 оны хооронд Багшийн их сургуульд сурч ирэхэд шинэ сургууль ч нээгдэж анхны ангийг нь дааж авчээ. 

Пэлжээ багш нь морьтой явж ангийнхаа хүүхэд бүрийн гэрээр орж сургуульдаа явахыг шаарддаг байсан гэнэ. Шинэ залуу багшийн ангийнханд ч “Хорвоотой анх танилцсан нь”  зохиол дээр гардаг шиг  бүх зүйл ховор, сонин, содон харагддаг байж. О.Базар “Багийн даргын балыг харж байснаас гарнаас нь авч барьж үзээгүй байсан үе” хэмээн тухайн цаг үеэ тодотгоно. “1а” ангийнхан хоёрдугаар ангид ороход  сургуулийн хамгийн том ах эгч нар болж хувирахын зэрэгцээ доод ангийнхнаа асрах ажил гүйцэтгэдэг байжээ. Одоогийнх шиг паартай байшин, паалантай жорлон байх биш үүрийн 05 цагт босч хоёр хоёроороо сургууль дээрээ ирж жижүүрлэдэг байсан аж. Гал түлнэ, ангиараа мод хөрөөднө гээд аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй бяцхан багачуудын хувьд ахадсан ажил байсан нь тодорхой. Харин тэдний хувьд хамт олонтойгоо хөгжилдөж, эрдэм ном сурна гэдэг дээдийн жаргал байсан гэнэ. Нэг удаа М.Жөвжөө гэх охин ангийнхаа цоожийг хөшөөд эвдчихэж. Эрт ирээд ангидаа орох санаатай явсан нь тэр. Цоож онгойлгох гэж байгаад багшийнхаа хайчийг хүртэл хугалж байсан паянгаа ярьж “Тэр үед чинь хайч ховор байсан байхгүй юу” хэмээн ангийнхандаа хэлж инээлдэв. Мөн ангийнхаа зуухан дээр мөнгөлөг цаас тавьж байгаад элсэн чихэр хайлуулж иддэг байснаа дурсав. Бас болоогүй тэрийгээ булаацалдаж байгаад нэгнийхээ гарыг түлэх энүүхэнд байж. 

Тэд ангийнхаа даргыг сонгохдоо сумын төвийн цагаан охин гэх шалтгаанаар Л.Батхүрэлийг сонгосон гэнэ. Бүгд л малчдын хүүхэд байсан болохоор сумын төвийн хүүхэд арай өөр байх гээд шууд л гар өргөж сонгожээ. Харин ангийн дарга нь “Тухайн үед би сумын төвийнх гэлтгүй адилхан хөдөөний л хүүхэд байж таарна ш дээ” хэмээн даруухан инээнэ. Олон жил уулзалдаагүй ангийн нөхөд энэ мэт олон дурсамж хүүрнэж багшдаа “Үзэг барьсан турьхан гарт минь үг холбох аргыг заасан ... Бага ангийн багшдаа баярлалаа” хэмээн нүдэндээ нулимстай аялж өгч Ц.Гунгаа, М.Жөвжөө, Н.Огоо, П.Долгор, Ц.Батчулуун, О.Базар, О.Хартолгой, Ж.Улаантолгой, Ц.Сэржмаа, И.Бат-Очир, С.Дэмбэрэл, Н.Лхагваа, Н.Дүүрэн, Л.Батхүрэл, Д.Дэмбэрэл гэж нэрээ бичсэн дурсгалын зүйлс гардуулав. Ингээд нар ч шингэж, нэг ангийнхан ч яарсаар хотын зүг хүлгийн жолоо залав. Буцах зуур нь нэг нь  “Энэ бидний ангиараа цугларсан сүүлчийн уулзалт байх даа” гэж гунигтайхан хэлэхэд нөгөө нь “Яалаа гэж багш минь буянтай хүн юм биднийг уулзуулаад. Үүнээс хойш холбоотой байж байнга уулзана шүү” гэсээр салцгаав.

Д.ДАВААСҮРЭН   

Онцлох нийтлэлүүд