ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.12.08 01:12

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.08) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтов.

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн хувьд хуулийн төсөлд мэргэжлийн нэр томъёо, нэршлийг зөв хэрэглэх, иргэдэд ойлгомжтой болгох, салбарын эрдэмтэн, мэргэдийн ойлголтыг нэгтгэхийг онцгойлон анхааруулж байлаа.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, дэд сайд Ж.Сауле болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Уг тогтоолд хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор батлах, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ц.Гарамжав тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд