ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.11.14 08:11

Манай дарга нарт итгэх маанаг энэ дэлхий дээр үлдээ болов уу?

Манай эрх баригчид “Улс орноо хөгжүүлэхийн тулд том том төслүүдээ хөдөлгөнө. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна” гэж байнга ярьдаг. Ер нь жижүүрийн хэдэн үг нь л дээ. Одоо ч түүнийгээ ярьсаар л байна. Үүнийгээ ажил хэрэг болгох нь уу гэлтэй нахилзаж дохилзсон нэг их сайхан ааштай хүмүүс гадныхантай гар барин гүйлдэж байна. Тэгвэл манай дарга нарын үнэн нүүр царайг гадны хөрөнгө оруулагчид нэвт шувт харчихсан, доогтойхон мушийж суугаа биз. Монголын хөгжлийн бодлогыг хэлэлцэж, улс эх орны хувь заяатай холбоотой чухал шийдвэрүүд гаргадаг хэмээн ард олон итгэж үнэмшдэг Төрийн ордноос өнгөрсөн өдрүүдэд зөвхөн хэрүүл, хараал, бие биенээ идсэн уусан, хулгайч худалч гэсэн үгс хөвөрлөө. УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд аа, Ерөнхий сайд аа” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат хоёрын хэрэлдэж байгааг олон түмэнд мэдүүлэх гэж орилоогүйсэн бол “Хадгаламж” банкнаас зувчуулсан 14 тэрбум төгрөгийн хэдээр нь хэн хэн казино тоглосон гэдгийг тэдний хэрүүлээс ард түмэн мэдчих боломжтой байлаа.

Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч хэлдэг тогтсон хэдэн үгтэй. Монголын 30 гэр бүл ашигт малтмалын бүхий л лицензийг авч, хамаг баялгийг эзэмшдэг. Уул уурхайгаас баяжсан бүх хүний хөрөнгийг хураана. Шоронд хийнэ гэж дэлхийгээр нэг орилж байхад гадаадын хөрөнгө оруулагчид бүү хэл дотооддоо гайхан шогширч байна. Үнэндээ харамсаж үхчих гээд, сүр дуулиан болгоод буй лицензний тоо нь улсын хэмжээнд 3000 хүрэхтэй үгүйтэй гэж байгаа. Энэ далай шиг элсэн дунд 3000 гэдэг бол маш бага тоо. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүх газар нутгийн дөнгөж найман хувийг эзэлдэг. Ийм байтал дөнгөж саяхан шинээр томилогдсон Уул уурхайн сайд нь хайгуулын лиценз олгох ажиллагааг дахин зогсоолоо. Өөрийнх нь тайлбарласнаар эмхэлж цэгцлэх юм байх. Үүнийг зарим хүмүүс хайгуулын лиценз дээр өөрийн ашиг сонирхлыг оруулах гэсэн үйлдэл хэмээн харддаг. Шинэ сайдын энэ үйлдэл шинэ ч юм бас биш билээ. 2010 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар ашигт малтмалын лиценз шинээр олгохыг хориглож байсан бөгөөд үр дүнд нь нийт лицензийн тоо 1000 хүртэл буурч байсан түүх бий.

Үүнээс харахад улстөрчдийн санаа нийлдэг зүйл нь уул уурхай болон уул уурхай, ашигт малтмалын бизнес эрхэлдэг хүмүүсийг үзэн ядах явдал юм. Ийм Ерөнхийлөгчтэй, ийм Ерөнхий сайдтай, ийм парламентын гишүүдтэй. Бүр сөрөг хүчин нь хүртэл ингэж ярьдаг. Ийм байдал тэгээд хэнд ашигтай, Монгол Улсад ямар ач холбогдолтой юм бэ? Мэдээж, Монгол Улс, ард түмэнд ямар ч ач холбогдолгүй. Харин хэдэн улстөрчдөд л ашигтай. Ингэж ярьсаар байгаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болчихож болдог юм чинь ийм үзэл санаанаас хэзээ ч ухрахгүй. Сөрөг хүчин нь ч ялгаагүй. Гадныхныг зайлуулна, уул уурхайг хаана, хэдэн баячуудын хөрөнгийг хураана гэсээр байгаад сонгогдоод гараад ирдэг. Хэрэв одоогийн эрх баригчид, сөрөг хүчнийг сольж өөрчиллөө гэж бодоход өмнөхөөсөө нэг их дээрдэхгүй хүмүүс сонгогдоод гараад ирнэ. Гадныхан болон уул уурхайг үзэн ядвал амархан сонгогддог юм чинь гээд яг л ийм үйлдэл хийнэ. Харин бүр “одоо миний идэх ээлж” гэсэн асар их шуналтайгаар төрд орж ирэхийг яана. Ард түмэнд юу ч долоолгохгүй.

Ийм үзэл бодол, итгэл үнэмшилтэй манай дарга нарт итгэж хөрөнгө оруулах маанаг энэ дэлхийд одоо байхгүй болжээ. Өөрийнхөө улс, ард түмэнд итгэмээргүй хүнийрхэж ханддаг эрх баригчдад хэн итгэх билээ. Ялангуяа эрүүл саруул тогтолцоотой, өндөр хөгжилтэй орны хөрөнгө оруулагчид юу гэж ийм улс руу зүтгэх вэ. Ард түмнээ ингэж амьдруулж байгаа эрх баригчдын үнэн мөн чанарыг тэд алган дээрээ тавьсан мэт л харж суугаа. Ядаж байхад Ерөнхий сайд нь гэнэт л сэнтий дээрээсээ “хуц уль” гэж хараагаад эхэлдэг, авиргүй, араншингүй, барьцгүй хүн байх. Дэлхийн хайгуулын, тэр дундаа зөвхөн металл ашигт малтмалын салбарт олон зуун тэрбум ам.доллар эргэлдэж байдаг гэдэг. Энэ мөнгө ашигт малтмал илрэх боломжтой талбай, мэдээлэл нь ил тод байдаг орон, татвар, хууль эрх зүйн орчин нь өрсөлдөх чадвартай улсууд руу урсаж байна. Хайгуулын салбарт мөнгө хаях хөрөнгө оруулагчдын сонирхол ч байна. Гагцхүү бидэнд хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг, өдөөх мэдээлэл алга. Үүнээс гадна хамгийн аймшигтай нь хууль зүйн тогтвортой орчингүй. Эрх мэдэлтнүүд нь уул уурхай, хайгуул болон ашигт малтмалын лицензтэй хүмүүсээ үзэн яддаг. Олон улсад геологи, уул уурхайн салбарт судалгаа хийдэг Фрейзерийн институт гэж бие даасан байгууллага бий. Энэ байгууллагын судалгаагаар Монгол Улс сайн үнэлгээ аваагүй гэж албаны хүний мэдээлэл байна. Монгол Улс 109 орноос 85-д жагсчээ. Энэ байгууллагын ар талд геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид байдаг юм. Тэднийх Монголын эрх зүйн орчин боломжийн, гэхдээ хууль, дүрэм, журам, стандартын давхцал ихтэй гэсэн үнэлгээ өгсөн. Мөн геологи, уул уурхай, газрын тосны салбарын мэдээлэл нь ил тод биш, хөрөнгө оруулагчдад өгөх мэдээлэл дутмаг гэж онцолжээ.

Хэрэв ашигт малтмал илрэх боломжтой талбай, мэдээллээ ил тод болгон, хууль эрх зүйн орноо сайжруулаад, дарга нар уул уурхайг үзэн яддагаа больчихвол энэ салбарт эргэлддэг олон зуун тэрбум долларын тодорхой хувийг татах боломжтой гэдэг. Гадны гэлтгүй үндэсний том компаниуд ч энэ салбарт ажиллах сонирхол байдаг бөгөөд дарга нар түүнийг нь хааж бооно гэж жигтэйхэн.

Мөнгөнийхөө талыг өгсөн болохоор одоохондоо Олон улсын валютын сангийнхан л манайханд итгэсэн дүр үзүүлж байна. Өгсөн мөнгөө буцааж олж авахын тулд хэдэн дарга нарыг тойглож байх шиг байна. Валютын сангийнхан ч бас гэнэдчихсэн нөхөд л дөө. Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарын итгэл үнэмшил төрүүлэхүйц царайнаас гадна МАН нь АН-аасаа арай илүү хариуцлагатай гэсэн итгэлээр гэрээ хийсэн нь үнэн юм. Гэтэл өнөө айгаад байсан АН-ынхнаас нь ч дор хүмүүс гарч ирээд өөр хоорондоо алалдаж байна.

Монголын амьдрал, эрх баригчдын уул уурхайг үзэн ядах хийрхлийг дэлхий тэр чигээр нь тольдон харж байна. Хэрэв яг өнөөдрөөрөө ингээд уул уурхайг үзэн ядаад, лиценз эзэмшигчдээ шоронд хатаана гээд байх юм бол хөрөнгө оруулалт улам алсарч, том төслүүдийн хувьд заяа бүүдийсээр байна.

Онцлох нийтлэлүүд