ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.12.05 03:12

Манай Ерөнхийлөгч Өмнөд хөршдөө очиж Си даргын гарыг атгах болоогүй юу

Хойд Солонгос манай улс хоёр Си даргын нүүрсний хоригт орчихлоо. Хойд Солонгосын нүүрсний экспортод НҮБ хориг тавьж, тэдний гол худалдан авагч манай өмнөд хөршид шахалт үзүүлсэн. Энэ хориг нь Хойд Солонгос цөмийн пуужингийн туршилтаа зогсоохгүй байгаатай холбоотой. Хойд Солонгост тавьсан хориг нь Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэлцэж манайхан баахан шуугив. Харин байдал эсрэгээрээ болж, Си дарга Хойд Солонгостой хамт манайд бас хориг тавьчихлаа. Албан ёсоор хориг тавилаа гэж зарласан юм байхгүй. Гэвч Өмнөговь аймгийн Гашуун сухайтын хилийн боомт дээр зуу гаруй км урт үргэлжилсэн нүүрс ачсан машины цуваа юуг хэлж байна. Нэг машин арав хоног түгжирч явсаар хилд хүрч байна.

Өмнө нь өдөрт 1200 хүртэл машин дөрвөн хаалгаар гардаг байсан бол одоо хоёр хаалгаар таван зуу хүрэхгүй машин нүүрс л Хятадын хилээр гарч байна. Хойд Солонгосоос хориг хэрэгжих хугацаа хүртэл нүүрс аваад л байсан. Тэндээс усан тээврээр очдог учраас зардал ч бага. Бараг л үнэгүй шахуу авчихдаг байлаа. Манайхан нүүрсээ гаргах гэж тоос манаргатал машин тэргээр зөөж, нүүгэлтсэн юм болдог. Ганц зах зээлтэй, тэр нь цензурдээд эхлэхээр нүүрс гаргадаг компаниуд, зөөж аваачиж байгаа жолооч нарын дунд бөөн дажин болно. Өмнөд хөршийн хил гааль, орон нутгийн хурган дарга нь толгой мэдэн манайхаас хоёрхон хаалгаар нүүрс авахыг шийдчихнэ гэж юу байхав.

2015 онд өмнөд хөршийн дарга Си Жинпин манайд айлчлахдаа юу гэж хэлж байлаа даа. “Эдийн засгаар дэмжиж, хөгжлийн замаар хамтдаа урагшилъя. Харилцан ашигтай наймаа хийж, танай улсын дотоод хэрэгт оролцохгүй” гэж хичнээн сайхан үг хэлж байлаа. Манай Улсыг хичнээн сайхан болохыг яаж магтаж байлаа даа.

Гэтэл яагаад энэ мэт хориг тавиад байна. Манай сонгуулийн хийрхэл арай л хэтэрчихсэн юм болов уу даа. Энэ хийрхлээсээ гарч дэлхийд нэгт орох эдийн засагтай, хөгжлөөрөө тэргүүлж, улс орны төрийн тэргүүнүүдийг хошууруулж байгаа ийм том хөрш орныхоо ашиг тусыг хүртэж чадахгүй бол хойч үе биднийг зүхэх болно. Адлаж зүхээд бид хөршийнхөө хаяанаас нүүгээд явж чадахгүй. Мууллаа гээд хөрш маань муу болохгүй нь тодорхой гэдгийг бид ч харлаа, бусад улс орнууд ч харлаа.

Бид дотооддоо бөөн дажин. Ерөнхий сайд нь парламентын индэр дээрээс хулгайчаа худалчаа дуудаж, хэрүүл хийнэ, халагдсан сайд өөдөөс нь хуц ульдаа хүрнэ. Засаг унагасанд нэг нь хорсож, нөгөө нь тэрэнд нь эгдүүцэж өдий болтол зуусаар байгаагаа индэр, микрофон ашиглаж илэрхийлж буй нь тэр аж. Төрийн ордонд хүчингийн хэргийн талаар мэдээлэл хийж, томчууд нь нэгийгээ тагнаж, чагнаж, намууд нь хоорондоо хэрэлддэг байсан бол одоо нам дотроо хэрэлдээд салахаа байлаа. Гучин гэр бүлд хэн хэнийх багтах талаар хэдэн өдөр үргэлжилсэн маргаан дэгдэж, идэр насныхан нь сэлэм жад, салаавч, зодоон нүдээн, хүчирхийлэл хэрээс хэтэрч, хууль хүчний байгууллагынхан нь УИХ-ын гишүүдээ дарамталж, хөл толгой нь мэдэгдэхээ байв. Сүүлийн үед Монголын төрийн гол асуудал Хурц гэдэг хүн болов. “Ярьчих уу, за ярихаас...” гээд хурц асуулт Хурцад тавьсан гишүүнийг баахан баалав. Гээд хэрүүл үргэлжилсээр л. Тэр хүнийг Солонгост томилно, томилохгүй гэж бөөн хэрүүл мандав. Ёстой л орондоо орох завгүй олзолдон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэнэ гэгч болох юм. Бид ингэж дотоодын дажингаа дийлж чадахгүй, түүхээ ярьж бахдан, аль XIII зуунаа дурсан, цээжээ дэлдэн тэмцэлдэх зуур дэлхий яаж байна. Хойд хөршийн Путин Оросынхоо том одонг тэврээд Си дарга руу очиж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Си даргад зориулж зээ охиноороо мандарин хэлээр хятад дуу дуулууллаа. Өөрөө ирж гар барилаа. АНУ-ын залуу тэрбумтан, фэйсбүүкийг үндэслэгч Цукербег Хятадад очиж эх хэлээр нь ярьж байна. Хятадын тэрбумтан Жек Ма 13 цагт 14 тэрбум доллар олж шуугиуллаа. Энэ нь нэг цагт тэрбум доллар олж байна гэсэн үг. Буман баячуудынх нь нэг ийм байхад Хятадын эдийн засгийн үзүүлэлт ямар байгааг олон тайлбаргүй хэлээд өгч байна. Дэлхий тэр чигээрээ Си даргатай найрсан дохилцож, хүндэтгэн гараа атгалцаж байна. Ийм байхад манай Ерөнхийлөгч дотоодынхоо хэрүүлийг харж, зарим үед дэвэргээд эндээ суугаад байж болохгүй. Ерөнхийлөгчийн ажлаа хийе. Эв нэгдлийг хангая. Арилжаа наймаа хийж, гадагш харилцаагаа өргөтгөе. Ямар даг идээнд баригдсан гэрийн чавганц байгаа биш дээ. Дэлхийтэй харилцаж улсдаа хөрөнгө оруулалт авчирмаар байна. Тэгэж чадна гэж л ард түмний олонх таныг сонгосон шүү дээ.

Си даргатай очиж гар барих хэрэгтэй байна. Хамтдаа хөгжье гэж хэлснийг нь дахин сануулъя, бид бас хөгжих хэрэгтэй байна гэж уриалмаар байна. Өмнөд хөршдөө хүндэтгэл үзүүлье. Яаж ч нэрэлхээд дэлхийн номер нэг эдийн засгийг бид муулаад сууж байгаа нь мулгуу хэрэг. Хүндэтгэл хоёр талын ашиг дагуулна гэсэн Хятадын зүйр үг байдаг юм билээ. Бид энэ уулын мухарт хөмөрсөн тогоондоо сэлэм эргүүлж, салаавч гаргалцаж, хуц ульдаа хүрч, ална хядна гэж, арай дөнгүүрийгээ адлаж суух зуур цаад улс орнууд чинь том том төслүүд дээр хамтраад манайхыг дайрч гарвал ашигтай зам, төмөр замаа тойруулж тавиад байх боллоо.

Манай Ерөнхийлөгч саяхан Орост нүүрсний тээвэр яриад ирнэ лээ. Путинтэй жигтэйхэн найрсаг байсан даа. Одоо бусад улстай очоод гар бариад, улсдаа хэрэгтэй юм яриад, зулгаагаад ир. Солонгос, Хятад, Япон, Америктай учир зүйгээ олж улам сайн найзалмаар байна. Вьетнам зэрэг хуучин нөхөрсөг харьцаатай орнуудтайгаа харьцаагаа сэргээе. Ерөнхийлөгч минь гадаад яв, ууланд гарч малгайныхаа утааг сэргээх хэрэгтэй байна. Алийн болгон саарал байшингийнхаа буланд шигдэх вэ. Таныг ертөнцийн орнуудаар явж улсынхаа төлөө уулзаад ирэх мөнгө эрхбиш тусгаар улс байна даа, олдох байлгүй дээ.

Тэд улам дотносож нөхөрлөж байгааг бид өдөр бүр харж байгаа. Бид хаяанаасаа цааш алсыг харж, хатавчнаасаа хол гишгэхгүй бол болохоо байлаа. Гэрээсээ дэлхийтэй яаж харьцах билээ дээ. Гэрээс гардаггүй эрийг эм нь гэрээс гаргадаг болгодог нэгэн үлгэрийг сануулдаг ч юм билүү. Гэрээсээ гарч гэдэс алддаггүй нөхрөө эхнэр нь гаргах арга бодож олоод явах замд нь шар тос тавьж, өнөөхийг нь олсон нөхөр жигтэйхэн баярлаж “Ингээд яваад байвал олз олох нь гээд сүүлдээ олзонд амтшин гэртээ тогтохоо байсан юм гэдэг шүү. Та нэг яваад ир. Гар бариад хүндлээд, ойлголцоод ир. Явсан нохой яс зууна гэдэг дээ. Цаад улс орнуудаараа очиж, төрийн тэргүүнүүдтэй нь гар бариад ир дээ. Явсан Ерөнхийлөгч юмтай ирэхдээ л ирнэ. Дэлхий бүгдээрээ очоод найрсан хүндлээд байгаа Си даргын гарыг атгах өдөр ирнэ гэж харж л сууя.

Онцлох нийтлэлүүд