ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.08.31 10:08

Манай тамирчид 16 медальтай боллоо

Өчигдөр 13 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмаас Монгол Улсын баг тамирчид 3 алт, 4 мөнгө, 9 хүрэл нийт 16 медальтай боллоо. Кураш бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 78 кг-д Монголын тамирчин Отгоны Мөнхцэцэг Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн бол 70 кг-д Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар нар тус тус хүрэл медаль хүртлээ.

МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд БНХАУ-ын тамирчин Лу Тонгжуань-ийг цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 2017 оны Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм. Ингэснээр хошой хүрэл медальтан болж байна. БНХАУ-ын тамирчин Лу Тонгжуаньтай Д.Сумъяа өмнө нь гурван удаа оноолт таарч ялж байв.

Дашрамд дуулгахад, МУХБ, МУГТ Д.Сумъяа шөвгийн 16-гийн барилдаанаа Вьетнамын Нгуен Ти Бичтэй хийж, даралтаар цэвэр ялсан. Тэрээр А хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын залуу бөх Ким Жин Атай эн тэнцүү барилдаж, цаг сунгасны эцэст цэвэр ялагдсан. Ингэснээр Д.Сумъяад дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болоод байсан юм.

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан өндөрлөж, хоёр монгол бөх хүрэл медаль хүртлээ.

48 кг-ын жинд А хэсгээс манай бөх дэлхийн аварга М.Уранцэцэг, Б хэсгээс БНСУ-ын бөх олимпийн мөнгөн медальт Жон Бо Кёон, С хэсгээс Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий медальт Г.Отгонцэцэг, Д хэсгээс дэлхийн аварга, Японы бөх Эми Кондо нар шалгарч үлдсэн. Улмаар Жон Бо Кёон М.Уранцэцэгийг, Эми Кондо Г.Отгонцэцэгийг ялж, аваргын төлөө шалгарсан юм. Алтан медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөх өрсөлдөгчөө ялснаар аваргаллаа.


Япон дөрвөн сагсан бөмбөгчийнхөө тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хасчээ

Японы Сагсан бөмбөгийн холбоо Индонезийн Жакарта хотноо болж буй Азийн наадамд оролцох хугацаандаа биеэ үнэлэгчидтэй зугаацсан сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчныхаа тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хассан талаар “The Japan Times" мэдээлэв.

Лхагва гаригт Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Юко Мицуя “Тэд үүрэг, хариуцлагаа ухамсарласангүй” хэмээн хэлээд, уучлалт хүссэн байна.

Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчинд дээрх шийтгэлийн ногдуулсны зэрэгцээ Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, 60 настай Юко Мицуягийн цалинг гурван сарын турш 10 хувиар бууруулахаар болжээ.

Японы “B-League”-ийн тамирчид болох 27 настай Юя Нагаёши, 23 настай Такуя Хашимото, 23 настай Такума Сато болон 22 настай Кэйта Имамура нар Индонезийн нийслэл Жакарта хотын зугаа цэнгээний дүүрэгт хэдэн эмэгтэйтэй танилцаж, тэдний хамтаар ойролцоох зочид буудалд орсон аж. Тухайн үед тэд үндэсний шигшээ багийн хувцсаа өмссөн байжээ.

Дөрвөн тамирчин эх орондоо буцаж очсоныхоо дараа наймдугаар сарын 21-нд Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр буруу зүйл хийсэндээ хүлцэл өчсөн байна.

Японы сагсан бөмбөгийн багийн үлдсэн найман тоглогч Азийн наадамд тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бөгөөд тэд ирэх баасан гаригт Индонез улсын шигшээ багтай долоо, наймдугаар байрын төлөө өрсөлдөх ажээ.


Азийн наадмын хаалтын ёслолын аюулгүйн байдлыг өндөр түвшинд хангана

Индонезийн нийслэл Жакарта хотын “Гелора Бун Карно” цэнгэлдэх хүрээлэнд ирэх ням гарагт буюу есдүгээр сарын 2-нд болох Азийн спортын 18-р наадмын хаалтын ёслолын ажиллагааны үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, цэрэг болон аюулаас хамгаалах бусад байгууллагын нийт 9422 албан хаагч ажиллана гэж тус улсын цагдаагийн ерөнхий газрын дарга Тито Карнавиан пүрэв гарагт мэдэгдэв.

Дээрх албан хаагчдаас гадна гал түймэртэй тэмцэх газар, эмнэлгийн түргэн тусламж болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд нэмэлтээр ажиллах юм байна.

“Наймдугаар сарын 18-нд эхэлсэн Азийн спортын наадам амжилттай үргэлжилсээр байна. Аюулгүй байдлын талаар санаа зовоосон онцгой асуудал гараагүй. Азийн наадмын хаалтын ёслолын үеэр эмх замбараагүй байдал болон осол аваар гарахгүй хэмээн найдаж байна” гэж Т.Карнавиан хаалтын ёслолын талаархи уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэжээ.

Уг уулзалтад Жакарта хотын цагдаагийн газрын өндөр албан тушаалтнууд оролцсон ба Индонезийн цэргийн командлагч Маршалл Хади Тхажанто болон “Азийн наадам-2018” тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Эрик Тхохир тэргүүтэй төлөөлөгчид оролцсон аж.

Хаалтын ёслолын үеэр нээлтийн ёслолын үеийнхтэй нэгэн адилаар “Гелора Бун Карно” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

Онцлох нийтлэлүүд