Гадаад
2020.11.22 08:11

Манжуур хотод хорио цээрийн дэглэм тогтоожээ


БЭЭЖИН. /ССTV/. ОХУ-ын Өвөр Байгалын хязгаартай хил залгаа оршдог БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод “COVID-19”-ийн хоёр тохиолдол илэрсний дараа хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

172 мянга гаруй хүн амтай Манжуур хотод “COVID-19”-ийн хоёр тохиолдол илэрсэн тухай Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчид бямба гарагт мэдээлжээ. Халдвар илэрсэнтэй холбогдуулан эрх баригчид хотын бүх оршин суугчийг коронавирус илрүүлэх нуклеин хүчлийн шинжилгээнд хамруулахаар шийдсэн байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн хичээлийг түр зогсоож, олон нийтийн газруудыг мөн түр хугацаагаар хааж, будаалга, дайллага зэрэг олон хүн оролцсон арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Мэргэжилтнүүд уг хоёр хүн хэрхэн, хаана халдвар авсан, өөр хүнд халдвар тарааж амжсан эсэхийг тодруулахаар тандалт судалгаа явуулж байна. Нийгмийн аюулгүй байдлын ажилтнууд Манжуур хот болон ойролцоох Жалайнор хотын хоорондох хүмүүсийн урсгалыг багасгахын тулд замуудын хяналтыг чангатгажээ.

Хятадын Манжуур хот бол Орос-Хятадын хил дээрх ложистикийн чухал төв бөгөөд зорчигч, ачаа тээврийн “Өвөр Байгалын хязгаар-Манжуур” хилийн боомт байрладаг юм.

Өнгөрсөн хоногт Хятадад коронавирусний халдварын 17 шинэ тохиолдол, шинж тэмдэггүй 11 тээгч илэрчээ. Есөн өвчтөн эмнэлгээс гарсан байна. Шинээр илэрсэн 17 тохиолдлын 14 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол гурав нь дотооддоо бүртгэгдсэний хоёр нь Өвөр Монголын өөртөө засах оронд, нэг нь Шанхай хотод илэрчээ.

Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад коронавирусний халдварын нийт 86431 тохиолдол бүртгэгдсэнээс 81481 хүн эдгэрч, 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар “COVID-19” оношлогдсон 316 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 3775 тохиолдол бүртгэгдэж, 3474 хүн эдгэрчээ.

Онцлох нийтлэлүүд