Улс төр
2021.03.01 09:03

МАН-ынхан Ху-д хадаг бариад байгаагийн учрыг З.Энхболд тайлав

MAH, MAXH хоёр 100 жилийн ойгоороо нэгдэх тухай яриа хүчтэй яригдах боллоо. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуульд зааснаар бол MAH, МАХН хоёр нэгдэх биш, МАХН-ын үйл ажиллагааг зогсоож, МАН-д нэгтгэнэ гэдэг нь хуулийн зөв ойлголт. Ер нь бол хоёр нам нэгдлээ гэхэд хамгийн гол утга нь УИХ-д суудал бүхий улс төрийн намын хувьд МАХН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхээсээ татгалзана л гэсэн үг. Нэгдэх тухай ярианы улс төрийн ач холбогдол нь үүнд оршиж байгаа юм байна. Энэхүү нэгдэх тухай асуудал хамгийн санаачилгатай, хадаг барин гүйж байгаа тал нь үнэндээ МАН өөрөө юм. Үүнийгээ маш сайн нууцлахыг хичээж байгаа. Үнэн хэрэгтээ МАН-ын зүгээс тодорхой түвшинд хоёр нам нэгдэх ажлыг хариуцсан бүтэц ажиллаж байгааг эх сурвалж мэдээлж байгаа. Энэхүү нэгдэх процессын талаар олон янзын л байр суурь нийгэмд явах болсон. Болно, болохгүй, худлаа үнэн... гээд. Ямар ч байсан нэгдэх асуудал бодитой нь тодорхой болж байна. Улс төрийн агуулгатай ажил болох нь ч тодорхой болж эхэллээ.

Саяхан МАН ингэж гүйгээд байгаагийн учир жанцанг З.Энхболд тайлж өглөө. Тэрбээр хоёрдугаар сарын 23-ны “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ... 50 нас хүрсэн хүнийг нэг удаа зургаан жилээр сонгоно. Тийм болохоор өмнөх бүх Ерөнхийлөгч нарын хэн нь ч дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй. Тэр битгий хэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дахин нэр дэвших эрхтэй. Үндсэн хуульд авлигын хэргээр ял эдэлсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэх заалт байхгүй. УИХ тийм хууль баталсан бол Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсвэл Цэцэд хандаж үндсэн хууль зөрчсөн сонгуулийн хуулийн заалтыг хүчингүй болгосны дараа дэвшиж болно...” хэмээн маш тодорхой ярьсан нь нийгмийн анхаарлыг татлаа.

Судлаачдын зүгээс “МАН маш санаачилгатай, хадаг барин МАХН-ын араас гүйж, түүнийгээ нууц түвшинд хийж байгаагийн цаад учир энэ юм байна” хэмээн дүгнэх боллоо. Ерөөсөө энэ л байсан юм байна. Намууд энэ хэвээр сонгуульд орох аваас Н.Энхбаяр нэр дэвших нь тодорхой байна. Хэрэвзээ Н.Энхбаяр нэр дэвшин өрсөлдвөл МАН-д үнэхээр халгаатай. Бодитойгоор МАН-ын нэр дэвшигчийн саналаас хуваах нь тодорхой. Энэ бол МАН-аас нэр дэвших нь тодорхой У.Хүрэлсүхийн хувьд цохилт юм. Ингэсэн тохиолдолд АН-аас нэр дэвшигчийн талд ялалт улам баталгаажих юм. Энэ бүх эрсдэлээс зайлсхийх хамгийн том алхам нь МАН-даа МАХН-ыг нэгтгэх. Үүнийгээ юугаар далдалж байна вэ гэхээр “Түүхт 100 жилийнхээ ойгоор бид нэгдэх ёстой” гэсэн далдлалт юм. Хоёр намын гишүүдийн дийлэнхэд нь энэхүү хоёр нам нэгдэж нийлэх асуудал таалагдаж байх шиг. Гэтэл үнэн санаа нь ерөөсөө л Н.Энхбаяраас айсан айдас юм байна шүү дээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрийг зургадугаар сарын 9-нд товлосон. Нэр дэвшүүлэх ажиллагааг үүнээс 40 хоногийн өмнө эхлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын сүүлийн өдрүүдэд намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд МАН, МАХН-ын нэгдэх, эвсэх, эсэх нь энэ үед нэг тийшээ шийдэгдсэн байх учиртай. Үндсэндээ тэдэнд хоёр сарын хугацаа байгаа. Үүнээс хойш, сонгуулийн дараа энэ яриаг ажил хэрэг болгох үйл явц газар авахгүй ч байх талтай...

Тэдний нэгдлийг МАН, МАХН-ын аль аль нь их хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх ёстой. МАН үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 1-2-нд ээлжит XXX их хурлаа хийхээр товлоод буй. Магадгүй 10 хоногийн дараах их хурлаараа ажлын хэсэг байгуулж, эл асуудлын талаар албан ёсоор ярилцаж эхлэхийг үгүйсгэхгүй. Нэг талаас Ерөнхийлөгчийн сонгууль, нөгөө талаас 100 жилийн ой нь МАН-ын хувьд алгуурлаж үл болох шалтгаан юм. Аль ч шатны, тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн МАН-ын нэр дэвшигчийн саналаас АН гэхээс илүүтэй МАХН-аас сойсон хүн, бүр тодорхой хэлбэл Н.Энхбаяр аюул учраас одоо яаж шийдэгдэхийг нь харж байя. Таван жилийн өмнө УИХ-ын сонгуульд МАН, МАХН эвсэж оролцохтой холбоотойгоор байгуулагдсан ажлын хэсгийнхний маргаангүйгээр санал нэгдсэн асуудал нь ч энэ. Тэд нэгдүгээрт, хоёр нам сонгуульд тус тусдаа оролцвол саналаа хуваагаад 2012 оны сонгуулийн үр дүн хэвээрээ гарна гэдгийг санал нэгтэй мэдэгдэж байсан юм. Улмаар нийгэм, олон нийтийн хүлээлтийг хангаж, цаашдаа МАН, МАХН нэгдэх боломж бүрдэнэ хэмээн онцолж байлаа. Үнэхээр ч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ саналаа өгсөн нийт сонгогчийн 41.97, МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал 6.5, АН-ын Ц.Элбэгдорж 50.23 хувийн дэмжлэг авсан байдаг. Мөн 2017 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 38.11, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 30.32, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 30.19 хувийн санал авч, хэн нь ч олонхын дэмжлэг хүлээгээгүй тул хоёр үе шаттай явуулсан билээ. Тэгээд ч АН-ын нэр дэвшигч ялж, Төрийн тэргүүний суудлыг гурван удаагийн сонгуулиар алдсан Ардын намынхан энэ удаа ямар ч үнээр хамаагүй олонхын дэмжлэг хүлээхийг хүсч буй нь лав. 100 жилийн ойгоороо ялагдлын буухиаг үргэлжлүүлж, Ерөнхийлөгчийн суудлыг өөр нам, хүчинд алдах вий гэхээс илүү Ардын намынхныг айлгах зүйл одоохондоо алга. Тийм болохоор ямар ч үнээр хамаагүй МАН-ын зүгээс МАХН-тай нэгдэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнд хүрэхийг зорих нь тодорхой биз ээ.

Б.НЯМАА

Онцлох нийтлэлүүд