Цаг үе
2020.12.03 05:12

Маргаашнаас "Нэг өрх-нэг иргэн" зарчмаар 70 мянган иргэнийг шинжилгээнд хамруулна

Иргэд COVID-19 шинжилгээний хариугаа 119.mn сайтаас авна

Нийслэлийн онцгой коммис коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Маргаашаас эхлэн нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэнд тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ хийнэ. Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ялангуяа, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар дүүргүүдийн Онцгой комисс болон Шуурхай штабуудад үүрэг чиглэл өгсөн. Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна.

Нийт 30 цэгийг танилцуулбал,

-Баянгол дүүрэгт 6 цэг,

-Баянзүрх дүүрэгт 6 цэг,

-Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг,

-Сүхбаатар дүүрэгт 3 цэг,

-Хан-Уул дүүрэгт 4 цэг,

-Чингэлтэй дүүрэгт 2 цэг,

-Багануур дүүрэгт 2 цэг,

-Налайх дүүрэгт 2 цэг,

-Багахангай дүүрэгт 1 цэгт тандалтын шинжилгээг тус тус авна.

Ялангуяа, халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулах чиглэлээр энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Иргэд энэхүү тандалтын шинжилгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэсэн юм.

Онцлох нийтлэлүүд