ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.08.06 08:08

Медалиа даахгүй бөхийсөн үр хүүхдүүд минь

Хэд хоногийн өмнө МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн спортын цагаар гадаадад болсон олимпийн таеквондогийн цуврал тэмцээнээс монгол хүүхдүүд медалийг үй олноор нь авчирч байгаа тухай гарч байна аа. Бөөн бөөнөөрөө очсон тэмцээнээс 50 гаруй медальтай ирсэн хүүхдүүдийг энэ мэдээгээр магтан шагшив. Улсын данстай ганц телевиз нь Буян-Ухаа онгоцны буудал руу гүйж очоод л тэднийг угтаж авах нь сүртэй гэж.

Ер нь сүүлийн үед монголчууд яасан ч их медаль авдаг болоов дээ. Спортын төдийгүй урлагийн үзүүлбэрээр энд тэндээс баахан медальтай ирсэн тухай алхам тутамдаа та бид сонсч, харж байна. Тийм ч төгөлдөр хуур, хийл хөгжмийн тэмцээний тэргүүн байрын шагналтан төрлөө. Ийм ч дуу дуулаач, балет бүжгийн шилдгээр тодорлоо гэх юм. Эсвэл ой тогтоолтын шинэ рекордын эзэд, сарабон сампингийн төрлийн сайчуул гэж ирээд л хэдэн давхар медаль зүүсэн хүүхэд багачуудын тухай телевиз болгоноор гаргаж, сошиалын лайк цуглуулагчид шэйрлэцгээдэг болов. Цаашилбал, самбо, жудо, таеквондо, жизицу, каратэгийн гээд спортын тэмцээний төрөл болгонд хүүхэд залуус алгасалгүй оролцож, аваргаллаа гэж шуугих юм. Самбо бөх гэхэд л дотроо барилдааны, байлдааны гэсэн төрөлтэй. Энэ төрөл бүрт нь Монголын хүүхдүүд 20, 30-аараа очиж оролцоод л медаль авч байгаа харагдана. Тэдэн дээр нэмээд ахмадууд маань хүртэл овойж оцойтол нь медаль авчирдаг боллоо. Монголоос өөр оронд чадалтай, тэнхээтэй хөгшчүүд байхгүй юм шиг л гайхуулна. Өсвөр үе, оюутан залуус, ахмадууд гээд нас насныхаа ангиллаар зүүсэн медалиудаа шаржигнуулсаар онгоц онгоцоороо л ирцгээдэг. Ийм ч юмны дэлхийн аварга, тийм юмны олимпийн тэмцээний аварга гээд л медалиудаа даахгүй, бөхийчихсөн буух юм байна шүү дээ. Тэр дунд нь төрийнхөө далбааг буруу харуулаад нөмөрчихсөн долоо, наймхан настай хүүхэд “Алтан медаль авсан” гэж баярлан уйлаад л. Энэ бүх жүжиглэлт үнэхээр хэрээс хэтэрлээ. Тэр тэмцээн уралдаанд оролцохгүй бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд хүрчихсэн жижиг орон уу, манайх. Бидний тусгаар тогтнол ийм хэврэг болчихсон юм уу. Олимпод юм уу олон улсын ямар нэгэн тэмцээн уралдаанд заавал оролцож, дэлхийд Монгол гэж орон байдгийг сануулж байх хэмжээний өчүүхэн орон уу, ямар. Харин спортын тайлбарлагч, фанатууд нь болохоор “Олон улсын уралдаан тэмцээнээс медаль авах нь чухал биш. Оролцох нь гол юм” гэж хэлэх их дуртай. Уг нь энэ үгийг дөнгөж саяхан дайн хийсэн болж тусгаар тогтнолоо олж авсан Хорватын ерөнхийлөгч л бодож яваа байх. Монгол бол мянга, мянган жилийн түүхтэй. Дэлхийн түүхэнд баларшгүйгээр Монгол гэж тамгалсан улс.

Таван тивд болж буй уралдаан тэмцээнд урлаг, спортынхныг оролцохыг нь эсэргүүцэж, хориглох гэсэнгүй. Тэдний бяр хүч, оюун ухаан, авьяас билгээ сорьж байгаа тэмцээн, наадам бүхэн бол зөвхөн хувь хүний л сонголт. Бас хобби. Гэтэл түүнийг нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүүрч аваад л дөвийлгөж магтах нь хэрээс хэтэрлээ гээд байгаа юм. Дорж нь байна уу, Дулмаа нь ч байна уу хүссэн уралдаан тэмцээндээ оролцоод яваг л дээ. Энэ нь түүний хувийн амжилт, ажил, амьдрал нь юм байгаа биз. Гэтэл “Ингэж ч Монгол Улсынхаа гавьяаг гаргалаа. Машин, байр өгсөнгүй. Мэдсэн бол бөх болдог байж” гээд л Н.Батсуурь аваргатай барьцалдаж цахимаар баахан давалгаалахыг яалтай билээ. Бас гадаадаас ирэх медальтнуудаа угтахдаа зориуд зурагт телевиз бэлдээд оччихсон, нөгөө л ярьдгаа ярьж, гомдоллоод л. Тэдний нэр хүнд дээр Монгол Улс оршин тогтнож, эх орныхоо өмнөөс гавьяа байгуулж буй мэт сүйд болон хөөрцөглөцгөөх юм даа. Дээрээс нь онгоцны буудлаас тамирчдыг угтах ёслол гэж элэг эмтэрмээр арга хэмжээ манайд л байна. Том аянгад хийсэн сүү цагааг тэр олон хүнд тойруулан амсуулдаг. Сэжиг, цээр гэж байдаггүй юм уу. Энэ бүдүүлэг үйлдлээс чинь болж ханиад томуу, хоолойн өвчнөөс эхлээд сүрьеэ, элэгний вирус халдварлах аюултай. Одоо ийм хийрхэл, жүжиглэлтээ болих хэрэгтэй.

Монгол Улсын нэр хүндийг спортоор дэлхийд гаргая гэвэл хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн багийн спортыг л сайн дэмжиж, хөгжүүлмээр байгаа юм. Үнэхээр энэ гурван төрлөөр монголчууд медальтай ирж чаддаг юм бол мандуулж байя. Бусад спорт нь хувь хүний цэвэр амбиц. Монголын тамирчин олимпоос алт авснаараа ард түмнийхээ амьдралд нэмэр болдог бол болохоор л олон жилийг бид үдлээ, харлаа. Гэвч олимпийн аварга болчихоод Их хурлын гишүүн болно гэдгээс өөр ямар ч дэвшлийг мэдэрсэнгүй.

Та бүхний магтан шагшаад, хуйлран туйлширдаг урлаг, спортын энэ олон төрлөөр хоолоо олно гэвэл тун бүрхэг ирээдүй угтаж буйг мэдэж байгаа юу. Хэдийгээр олон улсын зэрэглэлтэй уралдаан тэмцээнүүдэд хүүхэд, залуус маань оролцож, медалиа даахгүй ирдэг ч Монголд зах зээл байхгүй. Самбо, жудо, чөлөөт бөх, таеквондо, каратэгийн гэх зэрэг спортын ганцаарчилсан төрлөөр хичээллээд, хийл, төгөлдөр хуур, балет, дуу дуулаач гээд урлагаар явсан хүн болгон Монголд сайхан амьдарна гэвэл эргэлзээтэй. Жудогийн төрөлд эрэгтэйчүүдээс Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдээс Д.Сумъяа хоёроос өөр зах зээл байхгүй. Ийм байхад тэр мянга мянган жудочид, самбочид, таеквондочид яаж амьдрах гэж байгаа юм бэ. Тэгээд ч жудо бол 30 нас хүрээд л хүссэн хүсээгүй ахидаггүй спортын төрөл. Балет, дуу, хөгжим ч ялгаагүй. Сонгодог бүжгээр 35 нас хүртлээ яваад л тайзнаа буудаг. Залуу нас, гоо үзэсгэлэнг илтгэсэн мэргэжил. Тиймээс одоохондоо Монголд балетаар Д.Алтанхуяг, дуурийн дуулаачаар Г.Ариунбаатар, төгөлдөр хуураар Н.Жанцанноров нарын луугарууд салбар салбарынхаа зах зээлийг тодорхойлж байгаа. Тэмцээн уралдаануудаас хэдэн арван медаль авчирсан тамирчид, тоо бодогчид, гоц авьяастнууд гээд бүгдийг нь манай улс байртай, машинтай болгож чадахгүй.

Үнэнийг хэлэхэд, энэ бүх хийрхэл хүүхэд залуусыг бага балчраас нь нэр төрийн хойноос хөөцөлдүүлсэн, медаль цуглуулах донтой, хөнгөн хийсвэр сэтгэлгээтэй болгоод хөдөлмөрөөс хөндийрүүлээд байна. “Нохойндоо эхлээд титэм өмсгөчихсөн бол дараа нь хүзүүвч зүүлгэх гэж зовно доо” гэсэн үг бий. Зах зээл байхгүй нийгэмд хөдөлмөрлөхгүй л юм бол яаж амьдрах вэ. Иймд үр тариа ургуулж, малаа өсгөн үржүүлж, ноос, ноолуураар хувцас хунар нэхэж, мах, ногоогоор хоол хийх зэрэг ажилд хүүхдүүдээ багаас нь сургая. Бидэнд байгаа зах зээл нь энэ. За тэгээд, дэлхий дахинд гарсан брэндийн үйлдвэрлэгч болоход суралцаж, хөдөлмөрлөж чадвал ирээдүйн амьдрал нь илүү баталгаатай болно. “Hand made” буюу гар хийцийн тансаг зэрэглэлийн гутал, хувцас өндөр үнэд хүрч буй энэ цаг үед ажил хэрэгч ботинк урлах нарийн технологийг сурчихад л алзахгүй. Газрын доорх баялгаа түшиж амьдардаг манай улсад уул уурхайн машинистууд бүр ч эрэлттэй байдаг. Энэ мэт хүний хөдөлмөрийн үнэлэмж өндөртэй ажил мэргэжлээс гадна бусдыг энэрэн хайрлаж, хүндэтгэн дээдэлдэг олон сайхан мэргэжлүүд бий. Хүний хүүхдэд эрдэм ном зааж, зөв ёс суртахуунаар хүмүүжүүлдэг багшийн мэргэжил хамгаас сайхан нь. Ард түмнийхээ амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаа нар үргэлжийн бэлэн байдалд зогсоцгоодог шонхорууд. Эх орныхоо хил хязгаар, аюулгүй байдлыг эгнэгт хамгаалдаг баатарлаг цэргүүд бас байна. Энэ мэтчилэн хүн байхын жаргал, хөдөлмөрийн амт шим, хүмүүжил төлөвшлийг мэдрүүлсэн зөв үлгэр дуурайлал, амьдрах ухааныг үр хойчдоо сурталчилдаг байя.


Онцлох нийтлэлүүд