ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.05 04:05

Микроавтобусныхан хариугаа шаардлаа

Бага оврын автобуснуудын чиглэлийг өөрчилж, богино шугамд явуулах болсны улмаас микроны жолооч, кондукторууд өнгөрсөн сарын 25-нд жагссан билээ. Жагсаалын үеэр тэд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд албан шаардлага хүргүүлжээ. Эл шаардах бичгийнхээ хариуг авахаар 60 гаруй микро автобусны 120 гаруй хүн дахин цуглав. Өглөө 07.00 цагаас эхэлсэн цуглаан 11.00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Хэдий олон хүн цугласан ч хуучин чиглэлээр явуулж өгөх хүсэлтийнхээ хариуг авч чадаагүй байна. "Э.Бат-Үүл дарга Нийслэлийн нийтийн тээврийн газар хариу өгсөн гэсэн. Бидэнд энэ талаар тодорхой хариу, мэдээлэл алга" хэмээн жолооч, кондукторууд хэлж байлаа. Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгч Б. Эрхбаяр "Бид нэг компанийн нэр дор нийтийн тээврийн үйлчилгээнд арав гаруй жил хүчин зүтгэчихээд амьдарлаараа хохирч үлдлээ. Парк шинэчлэлээр 3-5 жил болоод нэг машин сольдог. Байнга муу муухайгаараа чичлүүлж, цагдаад торгуулж явдаг. Арван жилд нэг ч удаа ээлжийн амралтгүй, өдөр шөнөгүй хүчин зүтгэж байсан. Эцсийн дүнд нь бид шаардлага хангахгүй байна гэсэн нэрээр хаягдлаа" хэмээж байв. "Микро автобуснуудыг хуучин шугамаараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх хугацааг хоёр жилээр сунгаж өгөөч. Бидэнд бололцоо олгооч. Эсвэл төрөөс зохион байгуулж, микроны хоёр жолооч нарын дунд нэг том оврын автобус өгөөчээ. Хэрвээ тэгэх юм бол өнөөдөр ч хамаагүй микрогоо зогсоож болж байна. Бид нарыг нэг өглөө ингээд хоолноос нь салгачихаж болохгүй биз дээ" хэмээн бага оврын автобусныхан  ярьж байлаа. 

Мөн тэд "Микро автобусны шугамыг өөрчилсөн нь иргэнд ч хохиролтой. Иргэд микрогоор хотын нэг захаас нөгөө зах хүртэл саадгүй явдаг байсан бол одоо хоёр, гурав дамжиж байна. Ажлаасаа хоцорч байна. Автобус нь хүрэлцэхгүй байна. Үүнийг зорчигчид ч хэлж байгаа" гэсэн юм.
Бага оврын автобусууд  хөдөлгөөний ачаалал түгжрэл үүсгэдэг тул төв орчмын гол гудамж, замуудыг өнгөрсөн сараас хаахаар болсон. Тодруулбал, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхсын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурын гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжны уулзвараас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлд хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэсэн ч нийтийн тээврийн үйлдвэрчний холбоо болон туслах чиглэлийн түр хорооны төлөөллүүд одоохондоо хуучин чиглэлээрээ үйлчилгээ явуулж байх шийдвэр гаргаад буй.

Э.Номин

Онцлох нийтлэлүүд