ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.06.28 07:06

Миний сургуулийнхан


...Далаад онд манай суманд давхар барилга ганцхан байсан нь сургууль. Үлдсэн зургийг нь харахад миниатюр аятай харагдах бяцхан мөртлөө давхар тэр барилга орон нутгийн хамгийн том ордон байлаа. Сум-нэгдлийн дарга, намын дарга нарын хонтоор дан байшинтай. Хонтоор гэдэг нь өнөө цагийнхаар бол оффис, орон нутгийн захиргааны ордон билээ. Тэр үед Тамгын газар нь хонтоор нэртэй болоод удаагүй байсан цаг гэсэн.

Манай сургуулийн үүдээр ороход “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл мөн. Д.Нацагдорж”, “Хүний зүрхийг үгээр дулаацуулна. А.С.Пушкин” гэсэн бичиг, зохиолчийнх нь зураг байх. Энэ хоёр үгийг анх уншаад л сэтгэл зүрхэндээ тогтоож авсан билээ.

Аа тиим, бас нэг айхавтар үг байсан нь өнөөгийн ногоон хөдөлгөөнийхний тархинд цус харвуулмаар утгатай. Бүрх малгайтай өвгөний зураг ба “Байгалиас хишгийг нь горьдон сууж болохгүй, харин түүний оронд булааж авах хэрэгтэй. И.Мичурин” гэсэн бичиг байх. Энийг тогтоосон нөхдүүд л нинжа болсон байх гэмээр үг байгаа биз.

Физикийн кабинет гээд баахан сонин багажтай нэг анги дээд давхарт байх, харин доод талд биологийн кабинет гээд бас нэг ургамлын гербари, амьтны араг яс, хэн нэгний шүдний оромтой лааван алим зэргээр дүүргэсэн шилэн шүүгээтэй ангид манайх хэдэн жил хичээллэсэн. Тэртээ хойно “Пионерийн булан” хэмээх бяцхан байшин. Ар талд нь долоо наймдугаар байр хэмээх хоёр талдаа хаалгатай сууц. Долдугаар байранд би сууна. Байрын ард талд дээвэртэй чацуу цас хунгарлах ба өвлийн шөнө салхи улин исгэхийг чагнан, пийшингийн амаар улалзах цогийг ажиглан хэвтэж үлгэр ярина. Заримдаа чөтгөр мөтгөр, хар гар мар ярихаар багачууд нь айгаад, цөмөөрөө ороо нийлүүлээд өвөртөө орж унтдаг сан.

Зүүнтэй нь түлээний хашаа. Түлээний хашаанд хэдэн поошиг байх. Бид бүгдээрээ поошгин дээрээ ухраад хүртэл явж сурсан ба овоолгоотой үртэс өөд өгсүүлж, цаад руу нь тоормозлон буулгаж сурсан сан. Бас байрны хөвүүд шургааган хашаан дээгүүрээ алхаад тойрчихож чадна. Энэ бүхэн бол багш нарын нүднээс далд хичээллэдэг спорт.

Физикийн кабинетад нэг тийм, маневильдэж байгаад хоёр савааны үзүүрийг нийлүүлэхээр оч үсэрч тог цохидог машин байх ба ахлах ангид орж физик үзэхээр түүн дээр туршилт хийлгэдэг гэж дуулсан байв. Бушуухан том ангид орж түүнийг үзэхийн бөөн хүслэн. Хамгийн гол нь хүүхдүүд тэр машины шонд гараа хүргэн, өөрийн биеэр тогонд цохиулж, шинжлэх ухаантай улаан нүүрээрээ тулж үздэг байсан нь сонин.

Жигжидсүрэн гээд тоо физикийн багш эмэгтэй манайд хичээл оронгоо долоо наймынхнаас шалгалт авч байлаа. Зараа гэдэг хочтой Зандраа гэдэг хүүхэд асуугдаал “Ачаатай, ачаагүй хоёр машин явж байсан. Ачаатай нь удаан явж байсан. Яагаад гэвэл масс нь их” гээл ярьчихаад гартал, дараа нь нэг хүүхэд “уурших үзэгдлийн урвуу процессыг конденсаци гэнэ” хэмээн цээжилснээ дуржигнуулж байсан нь санаанд үлдэж. Юу нь мэдэгдэхгүй масс, конденсаци, процесс гэхчлэнгийн үгний цаана физик гуай ойртон ойртсоор... Гэтэл нэг удаа “том ангийн сахилгагүй хүүхдүүд өнөө машиныг чинь эвдэлсэн гэнээ” гэлцэн физикт хүрэх замд бөөн хар үүл нүүгэлтэж хүртэл байлаа. Гэвч удалгүй, “Электрофорны машин” хэмээх зөрж эргэдэг хоёр зээрэнцэгтэй тэр хэрэгслэл засагдаж, бид ч анги дэвшсээр хүсэн хүлээсэн тогондоо ээлж ээлжээр цохиулан хөөрцгөөж билээ.

Харин манай ангид байсан элдэв амьтны яс сонирхол их татна аа. Ургамал судлалын багш “хазаж болохгүй шүү” гэсэн сануулгатай үзүүлдэг шүдний ором бүхий алим, амандаа бариад үлээхээр заалт нь өгсөөд явчихдаг улаан шингэн бүхий термометр бас л сэтгэл гижигдсэн ертөнц байлаа. Шинжлэх ухааныг хав дарсан тэр шүүгээнүүдийг хичээлийн дундуур эргэн харж байгаад зэмлүүлдэг сэн.

Харин сургуулийн хаалгаар анх ороход уншигддаг Д.Нацагдорж, А.С.Пушкин хоёрын үг л намайг физик, биологиос булаан өдөр өдрөөр эзэмдсээр байсан юм.

Ингээд миний орогнох дуртай газар маань Пионерийн булан хэмээх жижигхэн цагаан байшин болов. Эзэн нь Пионерийн ахлах удирдагч Чанагчумаа багш маань. Би дөрөвдүгээр ангидаа билүү, бүлгийн дарга бүлгэмийн зөвлөлийн гишүүн хэмээх хүүхдэн –босс маягийн зиндаатай болсон тул Пионерийн буланд орох дархан эрхтэй болов. Гол нь тэнд сургуулийн номын сан байрлана. Дээд хэсэг нь шилэн нүүртэй, хоёр том шкаав дүүрэн ном, мэдээж тухайн үеийн журмын дагуу Лениний бүрэн боть, намын хурлын эмхтгэл энэ тэр томоохон зай эзлэх боловч цаана нь хүүхдийн зөндөө ном байна. Хичээл тараад тэнд сууж өдөржингөө ном унших дуртай сан. Чанагчумаа багш маань юм хэлэхгүй, өөрөө ажлаа хийгээд л суудаг, тэгж тэгж явах болохоор нь би ч гардаг сан. Жаахан хэнхэгтэй хүн байсан бол “Яг ямар ном уншаад байна, одоо тийм хичээлээ хий, явж нийгмийн тустай хөдөлмөрт оролц” гэхчлэнгээр авирлаж болох л байсан л даа. Харин багш маань намайг дуртай цагтаа өөрийнх нь өрөөнд нь хонтоорлож, шкаавыг дураараа онгичиж, хамаг юмыг нь урвуулж хаяхыг зөвшөөрдөг байсан юм.

Чанагчумаа багш уран хүн байсан болохоор нэг удаа сургуулийн усан сангийн голд бүрээ үлээж байгаа пионерийн баримал барьж билээ. Усан сан гэдэг нь усаар дүүргэж байгаад сургууль орчмын модыг усалдаг том сав байсан юм. Хэрвээ та “Голын тэртээх гацааны хавар” хошин туужийг маань үзсэн бол яг тэнд энэ тухай гардаг юм.

Манайд дүрслэх урлаг орж байгаад нэг удаа байгалийг харж зурах юм болов. Чанагчумаа багш бидэнд дэвтрийн нэг хуудас аваад, голд нь дөрвөлжин нүх гаргуулав. Ингээд тэр цоорхойгоороо уул усыг ажиглаж байгаад, хамгийн гоё хэсгийг сонгоод зурахыг зааж билээ. Энэ хичээл л намайг одоо болтол гэрэл зурагт дурлуулсаар байгаа бөгөөд хөдөө аялахдаа аппарат чирэх ажилтай болгосон юм. Мэдээж, мэргэжлийн зурагчин биш ч гэлээ, аяллыг маань утга учиртай, дүүрэн бэлэгтэй, баяр хөөртэй болгодог гэрэл зураг руу Чанагчумаа багшийн маань заасан тэр “цонх” хөтөлсөн хэрэг.

Анги дэвшихийн хэрээр сургуулийн номын сан маань арай бяцхан нь мэдэгдэх болов. Хүүхдийн зурагт номд би ахдаж, марксизмын бүтээлүүд надад ахдаж эхлэв. Ингээд бас нэгэн том арын хаалгатай хүн гарч ирлээ. Тэр бол сумын номын сангийн эрхлэгч Марууш гуай байлаа. Манай Цэ багшийн (Цэдэндамбаа багш) эхнэр. Пионерийн буланд шкаав дүүрэн ном байсан бол сумын номын санд байшин дүүрэн ном, бурхан минь!

Надад лусын сан үүдээ нээсэн мэт санагдаж, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй сүрдэн самгардаж билээ...Систем муутайдуу боловч Монголын болон дэлхийн утга зохиолын алтан сан руу чадах чинээгээрээ шумбан орж билээ. Марууш гуай сүүлдээ надад түлхүүрээ өгөөд явуулдаг сан. Том арын хаалга байгаа биз?

Манай үеийнхэн номд дуртай байсан нь их учиртай. Оюун санааны бараг цор ганц зугаа цэнгэл нь ном унших явдал байсан учраас л тэр. Харин өнөөгийн хүүхдүүд ном бага уншдаг, зөвхөн тэр үеийнхэн л номд дуртай байсан гэдэгтэй бол санал нэг их нийлдэггүй. Хэрвээ, надад кабелийн телевиз, ай пад, ухаалаг утас байсансан бол “Тэнгист аялагч Робинзон Крузо, түүнтэй учирсан гайхамшигт явдлууд” гэдэг номыг уншихын оронд киног нь үзчихээд л явчих байсан байх оо.

Үе үеийнхэн өөр өөрийн хувь заяатай, өөр өөрийн бэрхшээл, тус тусын тавилантай байдгийн жишээ л тэр байх. Тэр үед уншиж, таньснаа өнөөгийн багачуудынхтай харьцуулахад даанч өчүүхэн байдаг юм, ер нь. Гэхдээ улс үндэстнээрээ, танин мэдэх ба урагшлан хөгжих ер бусын эрмэлзэлтэй үед миний хүүхэд ахуй нас таарсан юм.

Кино болон бусад энтертаймэнт хэрэгсэл ховор болохоор бид биедээ уншсан номоо их ярьж өгдөг байсан. Номын хорхойтнууд ч хоорондоо их ойр байсан. Номыг дамжуулж зээлдүүлж их уншуулна. Манай сумын номын санд А.Дюмагийн “Монте Кристо гүн” зөвхөн эхний дэвтэр нь байдаг байж. П.Гансүх гээд нэг ах хоёрдугаар дэвтрийг нь уншихын мөн болсон нэгэн байх. Суманд шинэ багш, албан хаагч шилжиж ирэхээр л “Танайд Монтогрийсто гүн” байхгүй биз гэж сураглах.

Анх “Тунгалаг тамир”-ыг манай ангийн Түдэг хэмээх Түдэвваанчигийнхаас, “Робинзон Крузо” Намхайнямбуу гэж жаалаас, Димовын “Тамхи” гэдэг хувьсгалч зохиолыг Отгон сумын Шугаа гэж эгчээс авч уншиж байсан ба Наваансүрэнгийн “Минжийн хангай” романыг Отгон сумын сургуулиас гарсан нэг жаал хонины ээлж тааруулан уулзах зуураа ярьж өгсөн нь санаанд байна. Хожим санахад номыг нь хэд давуулаад уран сайхан ярьсан байдаг юм. Аймгаас ирсэн нэг нөхөр бидэнд “Фонтамас” үзсэнээ ярьж өгөөд “хамгийн сүүлд нисдэг машиныхаа утаагаар агаарт “Фонтомас” гэж гарын үсгээ зураад явдаг” тухай хуучилсан юм. Сүүлд киног үзэхэд, машинаар нисдэг нь үнэн боловч гарын үсгээ бус киноны “төгсөв” гэдэг үгийг бичдэг юм билээ.

Бас киногоо ч ёстой “гурван ДИ” ярьж өгнө “Цагаан морьтой хүн баруун талаасаа гарч ирээл дндр дндр гээл давхиж байсан чинь...” гээл ярьж өгнө. Ном кино ярьж өгдөг хүүхдийг бусад нь их хүндэлнэ ээ. Тийм болохоор номын ертөнц надад танин мэдэхүйн баяр хөөрөөс гадна, ер бусын хүндлэл авчирч, орчин тойронд маань хүлээн зөвшөөрүүлнэ.

Уншсан ном, үлгэрээ ярих хүүхдүүдийн дунд төдийгүй, томчуудын дунд ч нэр хүнд олоход тусалж байлаа. Тэр үед хадланд явна гэж гоё юм байсан. Айл бүрээс нэг хүн хадланд явах учиртай боловч ихэнх нь хүүхдүүдээ илгээнэ. Яг л “Анхны алхам” кинон дээр гардаг шиг хэдэн хашир өвгөчүүл шимээсгээр хадаж, багачууд өвсөө хамах, эргүүлэн хатаах, тэмээгээр зөөх ажил хийнэ. Хамгийн гол нь хадланчид хонь гаргаж шинэ шөл уух тул махсаагаа гаргана. Бүтэн сар мах амсахгүй байж байгаад лавшаа идэхээр ямар амттай байдгийг хэлээд юүхэв дээ. Өнөө юун цагаан сар, юун наадам гэгчээр.

Дээр нь үе тэнгийхэнхэнтэйгээ тэнд нийлж дарвих ч сайхан. Нэгдлийн хэдэн номхон тэмээгээр өвс ачих ч зугаатай, тэнгээ тэнцүүлж чадахгүй өрөөсөн бөөрнөөс нь зүүгдээл чирэгдэж явах ч хөгжилтэй. Бидний хүүхдийн амралт, пионерийн зуслан тэр л байлаа.

Өглөө оройн сэрүүнд өвсөө хадчихаад, үдийн халуунд цайгаа уугаад, шимээсгээ давтан амрах хөгшчүүл хачин сайхан хууч хөөрнө. Тэнд л би алмасын домог анх сонсоод, тэр шөнөө Уртын хавцлын хаа нэгтэйгээс “Дэлт Сундуй эм алмаст хөөгдөн гарч ирэх” аятай сэрвэлзэн хонож билээ.

Ахмадуудын хууч ярианы хажуугаар би уншсан ном, үлгэрээ тэдэнд ярьж өгнө. Сүүлдээ жаахан ядраад, залхуу хүрээд ирэхээр ямар нэг сонин зохиол, ном чангаар ярьж эхлэх. Ах нар “Муу дэлдийсэн золиг, амаа тат. Ажил хийлгэхгүй яах гээд байгаа юм бэ” хэмээн уцаарлах боловч өөрийн эрхгүй сэм чагнасаар нэг мэдэхэд шимээсгээ ч юмуу, өвсний сэрээгээ тулчихсан амтархан чагнаж зогсдог сон. Сүүлдээ манай бригадын дарга Дүгэрсүрэн гуай надаас “ажлын цагаар юм ярихгүй” гэсэн амлалт авч байж хадланд явахыг зөвшөөрдөг болсон доо.

Миний хамгийн анх таньсан дарга, төрийн албат бол Нямаанбуу багш байсан санагддаг. Сургуулийн захирал л даа. Өнөө болтол надад төрийн жинхэнэ албат гэхээр л манай захирал санаанд буудаг даа. Намайг Шилүүстэйн сургуульд ороход захирал байсан, 10 дугаар анги төгсгөхөд захирал байсан, дунд нь хөдөлсөн эсэхийг мэдэхгүй. Ярвагар биш атлаа эрхэмсэг, ууртай биш атлаа сүрдэм нэг хүн байх. Хэн нэгнийг загнаж уурлаж байхыг бид огт хараагүй боловч бүгд эмээнэ. Ялангуяа, хүүхдүүдэд их санаа тавина. Дамаан дотуур байрны хүүхдүүдэд. Байрны хүүхдүүд хүйтэн өрөөнд өглөө босохдоо хөлөө шаланд хайруулж ханиад хатгаа тусна гээд хөвөнтэй ширмэл олбог маягийн зүйл өгдөг сөн. Орноосоо босоод гутлаа өмстлөө түүн дээр гишгэх ёстой. Найм төгсдөг жил бидэнд сургуулиас бүр союз цана хүртэл өгч байсан. Суманд байтугай, аймагт ховор тэр эдээр байрны хүүхдүүд Ягаан толгой руу гулгадаг байлаа.

Сумын сургуулийн дотуур байранд цагаан сар их сайхан болно. Гэрээсээ хол дотуур байранд суугаа хүүхдүүдэд сургуулиас сайхан бэлэг, ёслол бэлдэнэ. Өглөө эрт Нямаанбуу захирал биечлэн ирж хүүхдүүдтэй золгоод, жилийн турш нөөсөн нандин бэлгээ тараахад сумын байтугай хотын хүүхдэд ховор олддог алим жимс гарч ирдэг сэн.

Харин долоо, наймд орсон хойно манайд уран зохиол орж “Монголын нууц товчоо” заахад нь Нямаанбуу гуай маань захирал төдийгүй хэл, уран зохиолын багш болохыг мэдсэн сэн.

Хамгийн сүүлд сумынхаа сургуулийн анхны 10 ангийн төгсөлт болж, биднийг алсын замд үдэхэд Нямаанбуу захирал банкет хийлээ. Тэр үеийн хүлээн авалтыг банкет гэдэг байсан юм.

Хүүхдүүдийн өмнө идээ будаа засснаас гадна, энд тэнд архи тавьсан нь биднийг цочроомоор байв. Захирал багш бидэнд дунд сургуулиа амжилттай төгсгөсөнд баяр хүргэж, сумын сургуулийн анхны 10 дугаар ангийн төгсөгч болсныг тэмдэглээд хундага өргөлөө.

Зүгээр ч өргөсөнгүй, энэ хатуу идээ амьдралын чинь замд бишгүй таарна. Хэн ч хорьж чадахгүй. Сэтгэлийн тэнхээ, биеэ авч явах чадварыг чинь сорих болно гэсэн утгатай сургаал бас дайж билээ. Сурагч ахуй насны турш захирал хэмээн эмээж ирсэн тэр хүний өргөсөн хундаганд би ёс болгон уруулаа хүргээд тавьж билээ. Нэг л бахадмаар, бас сүрдмээр мэдрэмж төрөөд байсан сан.

Анги дааж байсан Цэндээхүү багш, Доржпагам багш, Гомбожав багш, Доржсүрэн багш, Хадбаатар багш, Бадам-Одсэр багш, дотуур байрын Дагва багш бас энэ хорвоод багш л болох гэж төрөө болов уу гэмээр сайхан ахмадууд байсан Бө багш, До багш, анх надаар шүлэг бичүүлж ханын сонинд гаргаж байсан Цэрэннамжил багш, сургуульд ганцхан хувь байсан зарим номыг надаар уншуулаад бусдад маань яриулдаг байсан Тэрбиш багш..гээд олон сайхан хүмүүсийг дурснам. Тэр үед залуухан багш нар байсан манай ангийн Ганаагийн ах Чимиддаш багш, үе дамжсан сурган хүмүүжүүлэгч Чимидцэеэ багш гээд олон хүнийг дурсамжаа хүүрнэсэн ахмадууд болсныг харахад бас л сайхан.

Манай сургуулийн наян жилийн ой болж байгаа юм. 1938 онд тэр үеийн жишгээр ганц гэр ганц багштай байгуулагдаж байжээ. Яг л “Түмний нэг”-ийн Чимид багшийн сургууль шиг. Тэгээл гэрээсээ байшин, байшингаасаа цогцолбор болон хөгжсөөр иржээ.

Сургуулийн хананд байсан мэргэдийн үгтэй бичээс, пионерийн булангийн дүүрэн номтой хоёр шкаав, долдугаар байр, түлээний хашаан дахь цирк, бие биедээ ярьсан ном, хоёрдугаар дэвтэр нь олдоогүй үлдсэн цуврал, сумын номын санчийн арын хаалга, хадланд гардаг ханагар хөгшдийн хууч эд бүгд цөмөөрөө л миний сургууль байлаа. Сургуулийнхаа ойгоор энэ бүхнийг тэр чигээр нь дурсан санах сайхан байна.

Намо гүрүви!

Онцлох нийтлэлүүд