ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.11.11 12:11

Минималист Ожинка

Зорьж анзаарахгүй л бол нүдэнд тусахааргүй даруухан хаягтай нэгэн дэлгүүр нийслэлчүүдэд байгальдаа ойр амьдрах ухаан, зөв хэрэглээг түгээж байна. Багавтар модон пайзан дээр “Био амьдрал” гэж бичиж хаалганыхаа хажууд өлгөсөн тэр дэлгүүрийг МУИС-ийн төв байрнаас дөрөвдүгээр дэлгүүр чигт алхдаг хүмүүс анзаарсан байж ч мэднэ. Хааяа ороход ургамал, жимсний үнэр сэнгэнэж угтдаг энэ газрын эзэн бүсгүйтэй уулзах завшаан саяхан тохиосон юм. Минималист хэв маягт дурлагчдын дунд Ожинка нэрээрээ танил болсон бүсгүйгээс нэрийн хуудсыг нь хүсэхэд “Би тийм зүйл ашигладаггүй. Аль болох илүү цаас хэрэглэхгүйг хичээдэг” гэснээр бидний яриа эхэлсэн юм. Ухаалаг амьдралын хэв маягийг нийслэлчүүдэд түгээж яваа ярилцагчийг маань А.Очгэрэл гэдэг. Өмнө нь ороод гардаг байсан газартаа энэ удаа цаг орчим тухлав. Хааяахан бүсгүйчүүд тойрч суугаад ярилцдаг, зориод ирсэн хэн ч ургамлын цай амтлаад гардаг цайны өрөөнийх нь ээлжит зочин боллоо. Явган ширээ тавьж, даавуун олбог дэвссэн энэ өрөөний тохижилт нь энгийн хэрнээ цаанаа л нүдэнд дулаахан юм. Бор шаргалдуу өнгийн нимгэн хөшиг, саарал ханын цаас, модоор урласан цэцгийн тавиур, хананд өлгөсөн уран зургуудтай цайны өрөөнд ургамлын таатай үнэр сэнгэнэнэ. Зуны жимс нэртэй байгалийн үнэртний цуглуулга гэнэ. “Зуун хувь органик учраас хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй” гэсэн тайлбарыг биднээс ямар цай уухыг асуух гэж орж ирсэн охиноос сонсов. А.Очгэрэл хажуунаас “Хүний хамгийн анхдагч мэдрэхүй бол үнэр. Үр хөврөл эхийн хэвлийд бүрэлдэхэд хамгийн түрүүнд тагнай, үнэрлэх эрхтэн, тархи хөгждөг. Үнэрээр хэвлийн орчноо таньдаг, мэдэрдэг. Үнэр шууд тархитай холбоотой. Бас хэзээ ч хүний ухамсарт захирагддаггүй. Тийм ч учраас анхны хайраа хүртэл үнэрээр нь сонгодог шиг санагддаг. Хичнээн сайхан хүн байлаа ч үнэр нь тааламжгүй бол сэтгэлээ татчихдаг. Ойр бүхэн сайхан үнэртэй. Хол бүхний үнэр тиймхэн. Үнэр бол маш том шинжлэх ухаан. Үнэрээр засах гээд эмгүй эмчилгээний нэг салбар хөгжиж байна. Үнэрээр хүний сэтгэлийн болон биеийн зовиурыг анагааж болдог. Дэлгүүрийн маань хамгийн том маркетинг үнэрээр татах. Гоё үнэртэй дэлгүүр гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг шүү” гэж сонирхууллаа.

Цай хүлээх зуур яагаад органик дэлгүүр байгуулах болсныг нь лавлахад “Би 18 жил Чехэд амьдарч байгаад өнгөрсөн жил ирсэн юм. Сүүлийн тав, зургаан жилд бясалгал йогоор хичээллэсэн. Хүн байгальд ойртох тусмаа илүү энгийн, илүү үнэн, илүү чанартай амьдарч чаддагийг ойлгосон жилүүд л дээ. Эхлээд гэртээ ногоо тарьсан. Дараа нь гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ хийсэн. Өнөө бидний амьдарч буй нийгэм товчлуураас хамаардаг, автоматжсан орчин болчихсон нь гунигтай ч гэсэн үнэн. Ийм шалтгаанаар аз жаргалын гормоноо ялгаруулж чадахаа больсон. Гар бол нүдэнд харагддаг тархи. Гар ажиллах тусам тархи ажилладаг. Тэр хэрээр аз жаргалын гормон ялгардаг. Гэтэл бид гараараа юм хийхээ больчихсон. Бэлэн юм худалдаж авдаг, тэрийгээ хөгжил гээд харчихсан. Би сүүлийн жилүүдэд энэ хандлагаас татгалзаж аль болох өөрөө хийгээд үзье гэж хичээх болсон. Гэртээ ногоо тарьдаг. Монголд ямар ч ногоо ургадаг. Эрс тэс уур амьсгалтай орчинд зарим ногоо ургадаггүй гэдэг чинь залхуу хүний үг юм билээ. Одоо миний түрхсэн байгаа пудр, тос бүгд гараар хийсэн органик бүтээгдэхүүн. Манайхны нүүрсэн эм гэж ярьдаг зүйлийг нунтаглаж коксын тостой холиод л нүдний органик контур. Байгалийн шавар чулуу, ургамлаас гаргаж авсан өнгөнүүдийг ашиглаад дуртай уруулын будаг нүдний тениэ хийдэг. Би линз зүүдэг болохоор баргийн зүйлээс харшлаад байдаг. Өөрөө хийж хэрэглэдэг болсноос хойш асуудлаасаа салсан шүү. Хамаг юмаа өөрөө хийхээр зарим хүн ямар завтай юм бэ гэдэг л дээ. Мөнгө олох гэж үрсэн цаг, эдийн засгаа хэмнэж ногоо тарихад зарцуулсан хугацаа нэг их зөрүүтэй биш санагддаг. Амьдралынхаа хэв маягаас таатай мэдрэмж аваад эхэлсэн чинь мэдэрснээ хүмүүст түгээе гэж хүсэх болсон. Дэлгүүрээ нээсэн түүх маань энэ л дээ” гэж байна.

Дарсны бөглөөгөөр хийсэн түлхүүрийн оосор, тарагны шилэн чийдэн

“Дэлхийн алдартнуудаас маш олон хүн минималист амьдралыг сонгосон нь анзаарагддаг. Үлгэрлэдэг, үнэлдэг минималист тань хэн бэ” гэж сонирхоход “Мэдээж үнэлдэг, хардаг хүмүүс бий. Гэхдээ тэр энэ гэж онцолмооргүй байна. Гадагшаа харахаас илүү дотогшоогоо өнгийж харах дуртай. Хүмүүсийг ч тэгээсэй гэж хүсдэг. Монголын нүүдэлчдийн аж ахуй тэр чигээрээ минималист. Төрөлхийн заяагдмал зүйл. Дэлхийн брэнд бүтээе гэж ярьдаг. Магадгүй энэ суурь өгөгдлөө дэлхийн брэнд болгож болох юм. Учир нь бид барууныхан шиг урьд эртийн минималист ахуйгаасаа салаад 500, 600 жил болоогүй. Зуун жилээр л тасарсан учраас ахин сэргээхэд маш амархан” гэж хариулснаа нэг сонирхолтой дүгнэлт хэлэв. Монголчууд сүүлийн үед олноороо минималист амьдралыг сонгож эхэлсэн, тэр дундаа 1990 оноос хойш төрсөн залуус ухаалаг амьдралыг онцгой сонирхож байгаа гэнэ. А.Очгэрэл “Шинэ үеийн залуус ийм гоё хандлагатай болж байгаад баярлахгүй байхын аргагүй. Монголчуудын өмнө сайхан ирээдүй байна гэсэн үг” гэж хэлээд инээмсэглэв.

Удсан ч үгүй өнөө үнэртэн тайлбарладаг охин уур савссан ургамлын цай барьсаар орж ирэв. Уураар хатаасан ургамалтай, химийн бодисгүй энэ цайг органик бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан Австрийн компанид үйлдвэрлэжээ. А.Очгэрэл цай аягалах зуураа “Сүүлийн үед органик гэхээр home made буюу гэртээ гараараа хийсэн зүйл гэж андуурдаг тал анзаарагддаг. Үнэн хэрэгтээ органик гэдэг өргөн ойлголт л доо. Дэлхийн худалдааны маш чухал хэсэг. Цай гээд ярихад л хэн, хаана, ямар нөхцөлд тарьж, яаж хурааж авсан гээд бүх процесс нь нарийн. Маш нарийн шүүлтүүр давж байж органик гэдэг тэмдэглэгээ авдаг. Био амьдрал гэхээр хүмүүс нэг л эрүүл хоол идсэн улс гэж хараад байдаг. Хувьсах чадвартай үг л дээ. Хүн мөн чанар руугаа явахыг л био гэж тодотгоод байгаа юм. Хүний мөн чанар бол байгаль. Байгалийн мөн чанар нь бодит үнэн. Үнэн бодит чанараас хүн тайвшрал мэдэрдэг. Би байгалийг сэтгэлийн сүм гэж хэлэх дуртай. Хүн хөгжил нэрийн дор хэт хөгжсөн үйлдвэрлэл, техникийнхээ боол болчихсон. Европ хөгжлийнхөө оргилд хүрсэн. Тийм өндөр хөгжилтэй орнуудын иргэд эргээд байгаль руугаа хандаж байна. Хөгжил гэж тодорхойлдог зүйл нь эргээд байгалиа сүйтгэдэгийг ухаарч эхэлсэн. Буцаад энгийн амьдрал руугаа орж байгаа нь ийм учиртай” хэмээн ярив.

А.Очгэрэл Чехэд 18 жил амьдраад өнгөрсөн жилээс Монголдоо иржээ. Хоёр жилийн өмнө фэйсбүүкт “Био амьдрал” нэртэйгээр нээсэн групп нь 11 мянган гишүүнтэй гэнэ. Групп нээх болсон шалтгаанаа “Амьдралынхаа хэв маягийг олонд түгээе гээд нээсэн” гэж тайлбарлав.

Эдний дэлгүүрийг өдөрт 10-15 үйлчлүүлэгч зорьж ирдэг гэнэ. Хэрэглэгчээ нэмэгдүүлэх маркетинг хийдэг эсэхийг нь сонирхоход дэлгүүрийн эзэн бүсгүй “Анх дэлгүүрээ нээх үед олны танил хүмүүс сурталчилгааг чинь хийж өгье гэж хандаж байсан. Тийм санал бүрт үгүй гэсэн хариу өгсөн. Ямар нэг шинэлэг зүйлийг олны танил хүмүүсээр дамжуулан таниулах аргыг түлхүү хэрэглээд байгаа анзаарагддаг. Манай дэлгүүрээр олны танил хүмүүс үйлчлүүлдэг. Гэлээ гээд тэр хүмүүсээр маркетинг хийнэ гэж сэтгэж харж болохгүй. Миний барьдаг бас нэг зарчим бий. Хэрэглэгчдээ ялгах дургүй. Манайд тусгай үйлчилгээ гэж байхгүй. Хүсч л байвал хаанаас ч ирж болно. Тэр утгаараа дэлгүүрээ хотын төв цэгт нээе гэж шийдсэн. Зүгээр дэлгүүр ороод юм авъя гэсэн хүмүүс орж ирдэггүй нь бас манай дэлгүүрийн онцлог. Мэдлэг, мэдээлэл, мэдрэмж авъя гэсэн хүмүүс зорьж ирдэг. Бидний өгөхийг хүсдэг мессэж энэ л дээ. Орж ирсэн үйлчлүүлэгчид маань гоо сайхны таашаал мэдэрч, хэрэгтэй зөв мэдээллээ аваад гараасай гэж хүсдэг. Гарт нь атгагдаж, биед нь мэдрэгдэх зүйл өгөхийг боддог. Эрүүл гэхээр сайн гэж туйлширч болохгүй. Ямар процесс явагдаад тийм өөрчлөлт гардаг гэх мэтээр нарийн мэдээлэл өгөх нь миний зорилго” гэж хэлээд цайны өрөөний хажуугийн хаалга руу алхлаа.

Дэлгүүрт зардаг чийдэнгийн оронд тарагны шилээр хийсэн хэд хэдэн чийдэн унжуулсан энэ өрөөнд хус модны мөчрийг эгнүүлж хийсэн авсаархан өлгүүр байна. Гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг ургамлуудаа жимсний чанамал, сокны шилэн саванд хийж тусгай тавиурт эгнүүлжээ. Бүх л эд хогшлоос нь ухаалаг хэрэглээ үнэртсэн энэ өрөөнд био амьдралын сургалтууд болдог юм байна. А.Очгэрэл “Энэ өрөөнд бид хэрэглээний соёлыг түгээж, яаж хэрэглэхийг нь заадаг. Сониуч зан, өөрийгөө олсон амьдралын хэв маяг маань бусдад эерэгээр нөлөөлөх боломжтойг ухааруулсан. Хүн өөрөө хэрэглэж мэдэрч байж л бусдад түгээхийг хүсдэг юм билээ” гэж ярилаа. Сургалтад нь сууж, дэлгүүрээр нь ороод гарсан хүмүүсээс талархлын маш олон мессэж ирүүлжээ. Органик уруулын будаг, нүүрсний тос хийж сурчихаад гарсан бүсгүйчүүд арьсны асуудлаа шийдчихлээ, харшилгүй боллоо гэж олноороо холбогддог гэнэ. Дашрамд дуулгахад сард гурван удаа болдог сургалтынхаа зарыг “Био амьдрал” групптээ тавьдаг аж.

Дэлгүүрийн хананд даавуун, сүлжмэл тор өлгөж, бясалгал, эрүүл хооллолт, зөв амьдралын дадал, үнэртний анагаахын чигийн номнууд өрсөн нь бас л содон харагдана. Дарсны үйсэн бөглөөгөөр хийсэн түлхүүрийн оосор, гар аргаар урласан цэцэгс, шувууны зургаар чимсэн хүзүүний зүүлт, модон халбага сэрээ, олон дахин хэрэглэдэг соруул, соруул цэвэрлэдэг жижигхэн шүүр, үнэргүй саван, дан ургамлаас бүтсэн тасалгааны анхилам үнэртүүлэгч, коксоос гаргасан сахар, саван, угаалгын нунтаг хийдэг самар гээд тэр бүр хараад байхгүй ховор, содон бараатай энэ дэлгүүр нээлтээ хийснээсээ хойш гялгар уут, хуванцар огт хэрэглээгүй гэнэ. Торгүй ирсэн хэрэглэгчдээ худалдаж авсан бүтээгдэхүүнийг нь цаасанд боож өгдөг юм байна. Ургамлын самраас гаргаж авсан угаалгын шингэнийг нь сонирхох хүн олон болжээ.

Сурвалжлагынхаа төгсгөлд А.Очгэрэлтэй хөөрөлдсөнөө хүргэе.


-Хүмүүс яагаад минимал амьдралыг сонирхож эхэлдэг гэж та боддог вэ?

- Бид маш олон сонголтон дунд амьдардаг. Ийм шалтгаанаар тархиа их ядраадаг. Сонголт багасах тусам стресстэх нь багасдаг. Өөрийгөө олсон хүмүүс сонголт багатайгаар, стресстэхгүй амьдрах нь чухал гэдгийг ойлгодог.

-Өглөө хэр эрт сэрж байна?

-Би шөнийн хүн. Ихэнх ажлаа шөнө хийдэг. Хүн төрөлхтөн үүссэн цагийн эхлэлийг харахаар, агуйн хүмүүсийн тухай уншихаар галаа манадаг, галаа манадаггүй гээд хоёр янз байсан. Галаа манадаг нь шөнийн хүмүүс. Галаа манадаггүй нь өглөөний хүмүүс.Тэр цагийн генийн мэдээлэл надад байх шиг байгаа юм (инээв). Ер нь өглөө зургаа, долоон цагаас босдог.

-Анзаарах нь ээ та өөрийнхөө тухай сэдвээс их тойрох юм...?

- Ер нь би гэх үзлээс хол, манайхан гэж ярих дуртай. Амьдрал ганц хүнээс биш олноос бүтдэг. Ганцаараа бодож хийх нэг өөр. Хамтраад биенээсээ суралцаад хийх огт өөр. Ер нь олуулаа хийж бүтээх нь сэтгэлийн таашаал өгдөг. Хэнд ч хэлэхгүй аз жаргалтай ганцаараа амьдарч болох байх л даа. Гэхдээ бид нийгмийн амьтан. Заавал аз жаргалаа хуваалцаж байж амтыг нь мэдэрдэг. Аливаад хамтдаа байна гэдэг хүчтэйгийн илэрхийлэл гэж боддог. Ер нь хүн ижил төстэй хүмүүстэйгээ найзалж нөхөрлөдөг шиг санагддаг. Найзуудтайгаа уулзахаараа ам уралдаад ярих бас л гоё мэдрэмж. Биенээ дэмжээд хөглөөд амьдрахаар өөрчлөлт маш хурдан өрнөдөг.

-Ресторанд орж шар айраг, дарс уунгаа найзуудтайгаа хөгжилддөг үү?

-Хүмүүс харин ингэж асуугаад байдаг юм. Өнөөдөр манай найзын төрсөн өдөр. Төрсөн өдөрт нь очно. Хааяа намайг шар айраг уугаад сууж байхад таарсан хүмүүс нүдээ том болгоод гайхна. Зарим нь “Наадах чинь органик ундаа юу” гэж хошигноно шүү дээ (инээв). Би экстрим юманд дургүй. Улаан бол улаан, хар бол саарал байж болохгүй гэдэг үзэл бодолд үнэхээр дургүй. Тийм хандлага, үзлээс өөрийгөө татаж явдаг. Хүмүүс намайг био гэхээр тэнгэрийн амьтан шиг ойлгодог тал тод анзаарагддаг. Ерөөсөө тийм биш. Энэ миний ажлын нэг хэсэг, амьдралын хэв маяг. Гэхдээ нийгэм бас өөрийг шаардаж байна. Найзынхаа төрсөн өдрөөр ууж идэж, хөгжилдөх байх л асуудал. Гэхдээ алтан дундаж байх ёстой. Ингэж явбал илүү амжилттай, эерэг сайхан амьдарна. Түүнээс биш хүмүүст нэг өөр зүйл яриад хөшгөө хаангуутаа чипс идэж кола уудаг гэвэл бас үгүй л дээ. Ямар нэг зүйл экстрим болоод эхлэхээрээ л тархи угаалт болж хувирна. Би хэн нэгний тархийг угаамааргүй байна. Сонголт үргэлж тухайн хүний гарт байх учиртай. Хүсвэл үйлчлэхэд бэлэн. Мэдсэн сурснаа хуваалцахад бэлэн. Эцэст нь нэг зүйлийг хэлмээр байна. Байгаль бол төгс. Хүн байгалийн бүтээл учраас төгс. Тэгэхээр төгс рүү тэмүүлэх нь хүний мөн чанар. Хог битгий хая гэж Сүхбаатарын талбай дээр жагсахгүйгээр байгальдаа халгүй, ухаалаг амьдрах боломж хүн бүрт бий, хүн бүр тэгж ухаарч, ухаарлаа амьдралдаа хэрэгжүүлж чадвал маш олон зүйл өөрчлөгдөнө.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН


Онцлох нийтлэлүүд