ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.05.11 12:05

Мисс бүсгүйтэй өнгөрүүлсэн нэг өдөр

Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцож байсан Монголын миссүүдээс олны анхаарлыг хамгийн их татсан нь Т.Батцэцэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон тэмцээний үеэр 120 гаруй орны гоо бүсгүйчүүлтэй өрсөлдөн эх орныхоо нэрийг дуудуулж байхад монголчуудын анхаарал нэг хэсэгтээ л Лондонд төвлөрч байлаа. “Мисс Монголиа-2014” тэмцээний үндэсний ялагч болон дэлхийн миссийн тэмцээнд оролцсон мисс бүсгүйтэй уулзахаар цаг товлон гэрт нь очлоо. Өөрийнх нь төрсөн гэр Дарханд бөгөөд хотод том эгчийндээ байдаг юм байна.

Яваад очтол ээжтэйгээ хоёул байв. Эгч, хүргэн ах хоёр нь Бельги, Монголын хооронд бизнес эрхэлдэг болохоор хоёр өдрийн өмнө гадаад руу явчихаж. Ээж нь дуутай шуутай нэгэн юм. “Гадаа ямархуу байна. Ойрд жаахан сэрүүхэн л байна. Гэхдээ ирж яваа цаг хойно мөдхөн дулаараад цэцэг ногоо ургаж дэлгэр сайхан цаг ирнэ дээ” гэсээр угтлаа. Ээж А.Алтанцэцэгтэй нь танилцан ойр зуурыг ярих хооронд Т.Батцэцэг цай аягалж ширээнд суулаа. Өөрийнх нь тухай, миссийн тэмцээний талаар, дэлхийн мисст оролцож байсан үеийн сонин хачин гээд олон зүйл сонирхон асуухад ээж рүүгээ л харах ажээ. Ээж нь ч яриад өгөх юм. А.Алтанцэцэг эгч “Би уг нь охиноо спортын хүн болгоё гэж бодож байсан юм. Тэр үед би Солонгост таван жил ажиллаад ирсэн. Охиноо нэгдүгээр ангид ороход нь яваад зургадугаар ангид байхад нь ирж байлаа. Солонгосоос ирээд онгоцны буудал дээр буухад ард “Ээж ээ” гэх дуу гарч байна. Эргээд хартал нэг л их өндөр хүмүүс. Тэгэхээр нь андуурсан юм байлгүй гэж бодоод том охиноосоо “Батцэцэг ирээгүй юм уу” гэж асуутал ард чинь л зогсож байна шүү дээ гэсэн. Эргээд хартал миний жаахан охин надаас өндөр болчихсон зогсож байдаг байгаа. Тэгэхэд би нэгдүгээр ангийн охин л хайгаад байсан” гэж ярилаа. Тэр үед ээжид нь нэг л сайхан мэдрэмж төрсөн гэнэ. “Би охиноо спортоос гадна урлагаар явуулах ёстой юм байна. Миний охины царай урлагийн хүн байхад тохирно” гэж боджээ.

Т.Батцэцэг таван хүүхэдтэй айлын отгон охин. Дээрээ хоёр эгч, хоёр ахтай. Эднийх Дарханы айл бөгөөд тэндхийн ШУТИС-ийн лицейг төгсчээ. Тэрээр багаасаа нуруулаг, үеийнхнээсээ өндөр байсан болохоор гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын төрлөөр хичээллэж эхэлсэн байна. Зүгээр нэг хичээллээд орхих биш олон уралдаан тэмцээнд оролцож сагсан бөмбөгийн спортын дэд мастерын зэрэг авч байжээ. Ээж нь биеийн тамирын багш бөгөөд залуу байхдаа бүжиглэдэг, дуулдаг, спортын олон төрлөөр хичээллэдэг, ёстой нэг адтай сэргэлэн бүсгүй байж. Тиймээс бага охиндоо “Чи ээжийнхээ шийрийг хатаах ёстой шүү” гэж захидаг гэнэ. Охин нь ч ээжийнхээ урмыг хугалалгүй бүжиглэвэл бүжиглэчихдэг, ямар ч дууг эвлэгхэн аялдаг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн шаггүй сайн тамирчин болжээ. Харин спортоор амжилт гаргах үедээ буюу наймдугаар ангийн сурагч байхдаа ангийнхаа охиныг дагаж яваад загварын дугуйланд санаандгүй очтол тэндхийн багш нь үндэсний дээл өмсгөж үзсэнээр загварын ертөнцөд хөл тавьжээ. А.Алтанцэцэг эгч “Манай Дарханы загварын агентлагийн Зоригоо гэж багш байдаг. Тэр хүн миний охиныг загварын ертөнцөд амжилт гаргаж чадна гэдгийг нээж өгсөн болохоор их талархаж явдаг юм” гэв. Ингээд Зоригоо багшийн загварын агентлагт ороод арав хонож байхдаа анхныхаа тэмцээнд оролцож тусгай байрын шагнал хүртсэн гэнэ. Тэр үед дөнгөж өсгийтэй гутал өмсөж сурч байсан цаг. Удалгүй Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн сайхан бүсгүйчүүдийн оролцсон “Шинэ давалгаа” нэртэй тэмцээнд түрүүлжээ. Ингээд ээж охин хоёр урамшин хот руу явсан байна. Хотод очоод “Монгол костюмс”-д ажилладаг Сэржмядаг гэж А.Алтанцэцэг эгчийн унаган багын найз дээр яваад очтол тэндхийн захирал Сувдаа охиныг нь олж харжээ. Дараа нь Сувдаа захирлын зөвлөснөөр “BBQ фото мисс” тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлжээ. Тэргүүн байрын шагналын эзэн Солонгосын “SK Cara” гоо сайхны брэндийн нүүр царай болох учиртай байсан гэнэ. Гэрээний дагуу зургаа авахуулахад Улсын их дэлгүүр, “Алтай центр” гэхчлэн томоохон худалдааны төвүүдээр таржээ. Тэр үед ээжид нь бас л их урам орж “Миний охинд хэнээс ч дутахгүй нүүр царай байна. Өндөр нуруу байна. Тэгш сайхан гар, хөл байна” гэж бодоод спортоос нь бага зэрэг хөндийрүүлэн загварын ертөнцийг илүүтэй анхаарах болжээ. Ингээд ээж нь найз Сэржмядагтайгаа ярьж байгаад Азийн топ модель Д.Болормаа дээр охиноо дагуулан очиж. Тэгсэн Д.Болормаа багш охиныг хараад “Энэ охин загварын ертөнцөд амжилт гаргаж чадна. Надад өгчих. Яг одооноос эхлээд манай агентлагт яв” гэжээ. Харин тэр үед ээж охин хоёр сургуулийнхаа амралтаар явж байсан болохоор “Оюутан болоод хотод ирэхээрээ тан дээр ирье” гээд буцсан байна. Дархандаа очиж ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хотод иржээ. Ирээд Д.Болормаа багшийн агентлагт яваад очтол нүүчихсэн, гар утасны дугаараа сольсон учраас холбоо барьж чадаагүй гэнэ. Хоёр ч өдөр байж болох газруудад нь очоод уулзаж чадаагүй болохоор ээж нь “За ямар ч байсан хичээлдээ шамдаж бай” гэж захижээ. Т.Батцэцэг МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Эдийн засгийн харилцааны ангийг төгссөн. Оюутан байхдаа гадуур явж байхад нь хэд хэдэн кино найруулагч кинонд тоглох санал тавьж байсан гэнэ. Бас загвар өмсөгч, миссийн тэмцээнд оролцуулаад өгье гэх санал ирж байжээ. Харин тэр үед “За ямар ч байсан ирээдүй байгаа юм байна. Одоохондоо хичээлдээ шамдъя” гэж бодсон гэнэ.

Одоо бол Т.Батцэцэг “Шилмэл загвар” агентлагийн гэрээт загвар өмсөгч. “Шилмэл загвар” агентлагтай холбогдсоноосоо хойш хилийн чанадад болж буй олон улсын тэмцээнд оролцож туршлага судлах болжээ. Улаан-Үдэд болсон тэмцээнд түрүүлээд зогсож байхад нь нэг юм авчраад нөмрүүлчихэж гэнэ. Хүйтэнд даарч байгаа гэж бодоод хэн нэгний хүрмийг нөмрүүлчихлээ дээ гэж бодоод зогсож байтал баяр хүргэж байгаа хүмүүс “Ямар гоё шуб вэ” гэж уулга алдаад байж. Тэгэхээр нь гайхаад “Юун шуб вэ” гээд хартал булган шубээр шагнуулсан байжээ. Тэр үед маш их баярлаж байсан бөгөөд Монголдоо ирсэн хойноо хэвлэлд “Шагнуулсан булган шубээ ээждээ бэлэглэнэ” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Тэр үед ээж нь Бельгид эмчилгээ хийлгэж байсан бөгөөд охиныхоо ярилцлагыг интернэтээс олж хараад баярын нулимс унагаж байсан нандин түүх ээж охин хоёрт бий. А.Алтанцэцэг эгч охиноо загвар өмсөж эхлэхээс өмнө “Хоосон толгойтой мисс хүүхэн. Миссүүд гоёж гангалахаас өөрийг мэддэггүй. Өөрийн толгойгоор амьдарч чадахгүй хүнээр ивээн тэтгүүлэн амьдардаг” гэхчлэн дандаа сөрөг яриаг олны амнаас сонсож байжээ. Тэгээд нээрээ л ийм байдаг юм байх гэж боддог байсан гэнэ. Харин охин нь загвар өмсөж эхлэхэд “Миний охин өөрийн боловсрол, мэдлэгээр хоолоо олж идэх ёстой шүү” гэдгийг хатуу анхааруулан захисан байна.

Мисс хүн болохоор хоолны дэглэм бариад эрүүл, зөв гэсэн бүхнийг л иддэг байх гэж бодоод “Чи хоолонд хэр вэ” гэж асуутал “Загвар өмсөгч гэхээр бараг шувууны порцоор хооллодог гэж боддог юм шиг байгаа юм. Та ямар хоол иддэг вэ, тэрийг би яг л адилхан иднэ. Эрүүл хооллохыг хүсэлгүй яахав. Гэхдээ эрүүл хооллоно гэдэг чинь өлсөөд, өөрийн дургүй зүйлээ хүчээр идэхийг хэлдэггүй. Би бол дуртай үедээ идэхийг хүссэн хоолоо иддэг” гэлээ. Харин багаасаа маханд дуртай биш байсан болохоор одоо ч гэсэн маханд тэгтлээ дурладаггүй гэсэн. Гэхдээ огт махгүйгээр амьдарч чадахгүй, монгол хүний бие организмд ч зохихгүй байх гэв. Бүр 18.00 цагаас хойш юм идэхгүй байх хэрэгтэй гэдгийг ч дагаад байдаггүй гэсэн. Орой 19, 20 цагийн үед өлсвөл хоол идчихнэ. “Хоолны дэглэм бариад хоосон ходоодтой явахыг би дэмждэггүй. Хоолоо хүссэнээрэээ идээд хөдөлгөөнтэй байхад л бол­чихно шүү дээ” гэж мисс бүсгүй зөвлөж байна лээ. Дэлхийн миссийн үеэр ч гэсэн тэр олон орны бүсгүйчүүд хоол сайн иддэг байсан гэнэ. Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний үеэр ч гэсэн бусад орны миссүүд хоолоо хангалттай сайн идэхийг ажиглаж явжээ. Лондонд байхдаа өдөр бүр өглөөний дөрвөн цагт босно. Өдөржин арга хэмжээнд очих, шалгаруулалтад оролцох гэхчлэн өндөр ачаалалтай ажилладаг байжээ. Арваад см-ийн өсгийтэй гутал өмсөөд тайзан дээр найм, есөн цаг зогсох бас тийм ч амар биш гэж байлаа.

Т.Батцэцэг гоо сайхандаа анхаарч байна гээд үнэтэй гэсэн болгоныг авч хэрэглээд байдаггүй гэсэн. Голдуу ээжийнхээ зааж өгсөн жорын дагуу маск тавьж арьсаа арчилдаг юм байна. Нүүрэндээ тэжээл өгье гэвэл нэг амны халбага зөгийн бал, оливын тос, элсэн чихрийг хольж хутгаад нүүрэндээ тавьдаг ажээ. Цайруулахаар бол өндөгний цагааныг зөгийн балтай хольж хэрэглэдэг гэсэн. Бас алим жижиглэж байгаад элсэн чихэр, зөгийн балтай холиод маск тавихад арьс толийгоод өнгө нь сэргэдэг юм байна. Энэ мэтээр дандаа гэрийн нөхцөлд маск бэлддэг гэнэ. Харин ээж охин хоёрын гоо сайхны жоронд элсэн чихэр өндөр байр суурь эзэлдэг юм билээ. А.Алтанцэцэг эгч “Элсэн чихэр гайхалтай үр дүнтэй шүү дээ” гэж магтаж байна лээ. Харин үсээ арчлахдаа халгайг чухалчилдаг юм байна. “Тавдугаар сард халгай ургаад хуруун чинээ болж байгаа. Тэр үед нь хайчилж аваад хатаах хэрэгтэй. Хатаасан халгайгаа нунтаглаж хадгалаарай. Нунтагласан халгайнаасаа хоёр халбагыг 300 грамм буцалсан халуун усанд хийж хонуулаад үсээ шавшиж болно” гэж зөвлөв. Ингэж бэлтгэсэн халгайн ханд үсний өнгийг сэргээдэг гэсэн. Ямар ч үнэтэй шампуниас илүү гялалзуулахаас гадна үсний уналтыг зогсоож, ургалтыг дэмждэг ажээ. Тэрээр өчигдөрхөн охиндоо ийм ханд бэлтгэснээ үзүүлэв. “Орчин үеийн хүүхдүүд гоо сайхандаа их анхаардаг болсон. Давхраа оюулаад, хамраа өндөрлүүлээд, хиймэл хумс наан хөөрхөн болдог. Энэ бүхнийг үгүйсгэхгүй ч охиндоо мэс хүргэхийг зөвшөөрөхгүй. Харин аав ээжээс заяасан биеэ арчлаад гоё сайхан яваасай гэж хүсдэг” гэлээ.

Ээж охин хоёртой ийн ярилцаж байтал Т.Бат­цэцэгийн гадагш гарах цаг болов. Өнгөрсөн бямба гариг мод тарих үндэсний өдөр байсан болохоор тэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж “Golden gym”-ийн хамт олонтой мод тарихаар болжээ. Тэрээр “Golden gym” фитнес клубт сүүлийн хоёр жил хичээллэж байгаа бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа олон ажилд тун идэвхтэй оролцдог гэнэ. Ингээд гадагш гарахаар болов. Тэрээр “Мерседес бенц” маркийн дунд оврын жийп унадаг юм байна. Энэ машиныг дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд ээж болон эгч, ах, хамаатан садангууд нь мөнгөө нийлүүлэн авч өгчээ. Одоо бол тэрээр дажгүй сайн жолооч юм билээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12 цагийн үед ирэхэд энд тэндгүй мод тарьж байгаа хүмүүс байв. “Golden gym”-ийнхэн тэнд өөрсдийн гэсэн төгөл байгуулахаар багш, ажилчид, хичээллэдэг хүмүүсийнхээ хамтаар 1000 мод суулгаад дуусах дөхжээ. Т.Батцэцэг тус фитнес төвд идэвхтэй хичээллэдэг хүний хувьд дэмжин оролцоно гэдгээ урьдчилан хэлсэн болохоор түүний тарих модыг үлдээчихэж. Савхин өмд, хүрэм өмссөн тэрээр бээлий өмсөж байгаад суулгацынхаа нүхийг хүрзээр хурдан гэгч нь ухчихлаа. Хажуунаас нь харж зогссон ээж нь “Манай Баагий хар ажилд сайн. Би таван хүүхдээ багаас нь ажилд сургасан. Гар хөдөлбөл ам тосдоно гэдгийг мэддэг. Хоол хийх болон гэрийн ажилд ч сайн” гэлээ. Мисс маань ч түргэхэн гэгч модоо тариад арвын хувинтай усыг ганцаараа өргөж авчраад усалчихлаа. Бусад нь хэдийнэ модоо тарьж дуусаж байсан болохоор бөөнөөрөө зургаа авахуулаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ажил дуусав. Тэндээс хөдөлж ээжийг нь буулгаад “Централ тауэр” руу явлаа. Тэнд “Мисс Монголиа” тэмцээний бүртгэл явагдаж байгаа юм байна. Т.Батцэцэг тус тэмцээний зохион байгуулагчаар оролцож байгаа болохоор өөрийн биеэр оролцогчдоо бүртгэж байгаа ажээ. “Централ тауэр”-ын хоёр давхарт байх дэлгүүрт бүртгэл явагдаж байлаа. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм гэнэ. Өнгөрсөн жил Т.Батцэцэг дэлхийн миссийн тэмцээнд тун амжилттай оролцож байсан болохоор охид “Мисс монголиа”-д оролцохыг тун их сонирхож байгаа гэнэ. Биднийг тэнд байх үед ээжийгээ, эгчийгээ, найзыгаа дагуулсан охид ирж тэмцээнд оролцохоор бүртгүүлж байсан. Бас хувийн зүгээс ямархуу бэлтгэлтэй байх вэ гэж Т.Батцэцэгээс зөвлөгөө авч байв.

Бүртгэлийн ажлын дараа тэрээр фитнестээ явна гэв. Хажууханд нь буюу “Тусгаар тогтнол”-ын ордны дөрвөн давхарт байх “Gоlden gym”-ын төв салбарт хичээллэдэг юм байна. Гадуур түүнтэй явахад зөрсөн хүн бүрийн харцыг булаах ажээ. Харин олны харцнаас тэгтлээ төвөгшөөдөггүй гэсэн. Заримдаа хэтэрхий удаан ширтээд, эрээ цээргүй хараад байгааүед л бага зэрэг эвгүйцдэг ажээ. Гэхдээ ээжийнхээ зөвлөсний дагуу олон хүний талархлыг хүлээж авч дотроо уйлмаар санагдсан үедээ ч гэсэн инээмсэглэх ёстойгоо байнга санадаг гэнэ. Т.Батцэцэг одоогоор найз залуугүй бөгөөд гэр бүл зохиоход тэгтлээ яардаггүй гэсэн.

Тэрээр фитнесээр хичээллэхийн ач тусыг сайн мэддэг болохоор ямар ч ажилтай байсан аль болох цаг гаргаад өдөр бүр явахыг хичээдэг аж. Гэхдээ заримдаа яаж ч хойшлуулж боломгүй чухал ажилтай үедээ алгасчихдаг байна. Фитнест хоёр цаг орчим хичээллэдэг болохоор бэлтгэлийн дундуур бид явахаар болов. “Миний ажил дуусахыг хүлээнэ гэвэл гэгээ тасрах байх аа” гэсээр заалнаас гаргаж өглөө. Бас “Эндхийн бэлтгэлээ дуусгаад шууд Эрдэнэт рүү явна. Тэнд “JCI”-ынхантайгаа сагсны тэмцээнд оролцох юм” гэсээр үлдэв.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Онцлох нийтлэлүүд