ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.05.02 08:05

ММСУХ-ны Тэргүүлэгч гишүүн Т.Төрбат: Монголчуудын морио дээдэлдэг цагаан сэтгэлийг улс төрийн зорилгоор ашигладгаа болих хэрэгтэй


ММСУХ-ны ээлжит VII их хурал болж дүрэмдээ шинэчлэл хийж, бүтэц зохион байгуулалтаа өөрчилж, шинэ удирдлага, Тэргүүлэгчидээ сонгож, улмаар бодлого чиглэл, үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа билээ. Монголдоо хамгийн олон гишүүнчлэлтэй тус ТББ-ын ажлын алба нь өдөр тутмын үйл ажиллагаатай болжээ. Ингээд тус холбооны Тэргүүлэгч гишүүн Т.Төрбаттай сүүлийн үед өрнөж буй үйл явц, цаашдын чиглэл, бодлого зорилтынх нь талаар ярилцлаа.


-ММСУХ-ны 7 дугаар их хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд болж аймаг, сум бүрээс төлөөлөгч оролцсон маш өргөн бүрэлдэхүүнтэй хурал болох шиг болсон. Та бол хурлын бэлтгэл ажлын бүх процесст оролцсон хэдэн хүний нэг. Дүрмийн төсөл дээр ч хуульчийнхаа хувьд ажилласан. Их хурлын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Их хурлын гол онцлог нь өмнө болсон зургаан их хурлаасаа илүү ардчилалтай, төлөөлөгч бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн, зарчмын санал бүрийг дүрэмдээ тусгах эсэх талаар санал хураасан, энэ хэрээрээ бараг 20 цаг үргэлжилсэн хурал болсон. Хамгийн гол нь бүх аймаг, сум, дүүргээс төлөөлөгч ирсэн. 2018 оны хавар УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан. Төслийн хэлэлцүүлэгт ММСУХ, ММСЗУХ зэрэг ТББ-ууд оролцож тодорхой саналуудыг өгсөн. ММСЗУХ-ны хувьд Төрийн ордонд зөвлөгөөн хийж уяачдын саналыг нэгтгэсэн. Харин ММСУХ-ноос орон нутгийн салбар холбоодоороо тойрч, 20 аймагт очсон байдаг юм билээ. Энэ үеэр уяачдын зүгээс Холбооны их хуралд төлөөлөгчөөр оролцох хүсэлтэйгээ маш их илэрхийлсэн байдаг. Мөн дээрх хуулийн төслийн тодорхой өөрчлөлт, үзэл баримтлалд өгөх саналыг нийт уяачдын олонхын дагуу нэгтгэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр засаг захиргааны нэгж бүрээс төлөөлөл ирж нийтдээ 728 төлөөлөгч их хуралд оролцсон. Үүний 80 орчим хувь нь орон нутгийн төлөөлөгчид байсан. Их хурлаар холбооны удирдлагын асуудал яригдах нь тодорхой. Үүн дээр нэмэгдээд ер нь хурдан морины уралдаан гэдэг маань дан ганц Монголын ард түмний бий болгосон өв соёл, уламжлал гэдгээсээ гадна спортын чиг хандлагатай болсон, бусад нийгэм, эрх зүйн харилцаа үүсдэг болсныг тусган дүрэм журамдаа өөрчлөлт оруулж цаасан дээр буулган баталгаажуулах, энэхүү суурь баримт бичгүүдээ өнөөгийн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бусад захиргааны хэм хэмжээнд нийцүүлсэн байх, тийм ТББ-ын дүрэм, морин уралдааны дүрмийг батлах шаардлагатай болжээ гэж үзсэн. Холбооны их хурлаар хэлэлцэх суурь баримт бичгүүдийг боловсруулах ажлын хэсэг тусдаа байгуулсан юм. Ажлын хэсэгт голдуу хуульч, эрх зүйч мэргэжилтэй залуучууд орж ажилласнаараа мөн онцлог юм.

-Ажлын хэсэгт уяачдаас хүн ороогүй юм уу?

-Дан ганц хуульч, эрх зүйч хүмүүс биш л дээ, давхар хурдан морины уралдааныг сонирхдог, морь уядаг, морины орчинд ойр байдаг тийм хүмүүс дүрмийн төслийг боловсруулсан. Тус ажлын хэсгээс Их хуралд танилцуулсан дүрмийн төсөл бол маш сайн болсон гэж хувьдаа үзэж байгаа.

-Холбооны хуучин дүрэм журмуудыг үндсээр нь өөрчилсөн гэсэн үг үү?

-Хуучин холбооныхоо дүрмийг бол эвдээгүй. Нэмж сайжруулсан, баяжуулсан, илүү задалж нарийвчилсан. Ялангуяа цаашдаа уяачийн үүрэг хариуцлагын асуудлыг илүү сайжруулах зорилтынхоо дагуу тодорхой шинэ бүтцийг нэмж өгсөн гэх мэт шинэлэг өөрчлөлтүүд бий. Мөн цаашдаа төрийн байгууллагууд, салбар холбоодтойгоо уялдаж ажиллах чиглэлээ тодорхой болгож өгсөн байгаа.

-Сая болсон их хурлын үйл явцыг харж байхад уяачид яах аргагүй хоёр хуваагдан үзэж тарж байгаа харагдсан. Хэрүүлийн гол сэдэв нь өнөө л эрлийз, монголоор нь ялгаж уралдуулна, өндрийн хэмжээ, үүлдэрлэг байдлаар нь ялгана, ялгахгүй гэсэн хэрүүл байсан. Үүн дээр Монголын уяачид нэг мөр шийдэлд хүрч чадсан уу?

-Их хурлын төлөөлөгчдийн олонх нь энэ асуудалд л онцгой анхаарлаа хандуулсан тал бий. Энэ асуудал нь өөрөө зарим хүмүүсийн эрх ашгийг зөрчдөг, заримынх нь эрх ашигт нийцдэг маш их маргаан дагуулдаг сэдэв. Их хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг эвдэн түрүүлж яригдсан нь зарчмын хувьд алдаатай мэт боловч тийм хурцадмал түвшинд хүрснийг илтгэнэ. Уг нь бид эхлээд суурь бичиг баримтуудаа батлаад явах ёстой. Гэвч уяачдын маань өмнө тулгараад байгаа гол асуудал учраас энийгээ эхэлж ярих нь зөв юм байна гэж үзээд энэ асуудлаар холбогдох шийдвэрүүдийг эцэслэсэн байгаа.

-Яаж эцэслэсэн юм бэ. Өнөөдөр ч маргаантай л байх шиг харагдах юм?

-Их хурал хангалттай хэлэлцэж, олонхоороо шийдсэн. Нээлттэй, бүгдийнх нь үг, үнэт санал бодлыг сонсож, түүнээс нь зарчмын зөрүүтэй саналууд гарч маш тодорхой санал хураалтуудыг явуулсан. Жишээ нь, монгол адууг эрлийзээс ялгах ёстой юм уу, үгүй юм уу гэдэг дээр санал хураагаад олонх нь “Ялгах ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Ялгахдаа яаж ялгах юм, үүлдэрлэг байдлаар нь уу, сэрвээний өндрөөр нь үү, эсвэл хоёуланг нь харгалзан үзэж ялгах уу гэхчлэн тус бүр дээр нь санал хурааж тооллогын комиссыг 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан саналыг нэгтгэсэн.

-Тодорхой л гээд байх юм, яг ямар үр дүн гарсан гэж?

-Олонхоороо зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгана гэсэн шийдвэр гаргасан байгаа. 2015 онд Улсын баяр наадмын зохион байгуулах хорооноос баталсан журамд заагдсан хэмжээнүүдийг нэг бүрчлэн танилцуулаад, үүн дээр зарчмын зөрүүтэй саналтай хүн байна уу гэж асууж байгаад баталсан. Ингээд цаашид сэрвээний өндрөөр нь эрлийз, монгол адууг ялгаж уралдуулах ММСУХ-ны байр суурийг тодорхой болгох тогтоолыг гаргасан. Энэ бол Их хурлын эцсийн шийдвэр. Харин зарим нэг уяачид үүн дээр их буруу зөрүү ойлголттой байгаа. Зөвхөн ММСУХ-ны шийдвэр мэтээр ярьдаг. Тийм биш. Тэгж яривал Холбооны их хурлыг зохион байгуулагчид буюу тодорхой хэлбэл ММСУХ-нынхон энэ асуудлыг бүр эсрэгээр нь гаргаж дэвшүүлсэн. Үүлдэрлэг байдал, сэрвээний өндөр хоёуланг нь харж ялгана гэсэн өмнөх шийдвэрээ хадаглах байр суурьтай байсан. Үүлдэрлэг байдлаа орхигдуулж болохгүй гэж шинэчилсэн дүрмийн төсөлдөө үүнийгээ үг үсгээр нь яг таг тусгаж Их хуралд оруулж ирсэн. Харин төлөөлөгчдийн уур амьсгал бол өөр байсан. Их хурлын төлөөлөгчид олонхоороо шийдсэн асуудал гэдгийг манай нийт уяачид маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ нь дан ганц Уяачдын холбооны шийдсэн асуудал биш гэдэг нь хэнд ч тодорхой юм шүү дээ.

-Ер нь өмнөх холбооны дүрэм журам цаг үеэсээ хоцорсон гэж үзсэн үү?

-Тэгэлгүй яахав. ТББ-ын дүрэмд холбогдох хууль тогтоомж болон төрийн байгууллагуудын тавьсан шаардлагын дагуу батлагдах ёстой. Мөн 2005 онд Засгийн газраас баталсан “Хурдан морины уралдааны дүрэм” тогтоолын хавсралт байгаа, тэр дүрэм маань өнөөдрийн хурдан морины уралдаантай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад дутагдалтай зүйл их бий. Яг энэ хоёр асуудал дээр Холбоо бол эхлээд хуулийн шаардлагад нийцсэн дүрэмтэй байх ёстой юм байна. Хоёрдугаарт, өнөөдрийн хурдан морины уралдааны түвшинд яригдаж байгаа асуудлыг бүгдийг нь тусгасан, нарийвчилсан тодорхой зохицуулалттай болох ёстой юм байна гэсэн байр сууринаас хандсан. Бичиг баримтыг ч ингэж боловсруулсан. Их хурлын төлөөлөгчид үүнийг сайн нягталсан, зарчмын зөрүүтэй саналууд гарвал тухайн бүрт нь санал хураагаад асуудлыг эцэслэсэн байгаа. Цаашдаа бид дүрмээ улам сайжруулах, зорилго, зорилтдоо илүү сайн нийцүүлэх, түүнээсээ цаашлаад холбооны эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж ажиллах шаардлагатай байна. Үүнийг хуулинд тусгаж өгөх, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг олж авах замаар шийдэх арга замыг эрэлхийлж байна. Үүний тулд бид энэ баталсан дүрмээ ягштал дагаж мөрдөх хэрэгтэй. ММСУХ нь шинэ бүтцээрээ “Хууль эрх зүй, дүрмийн хэрэгжилтийн бодлогын хороо”-той болсон. Энэ Бодлогын хороо маань энэ бүх асуудалд анхааралтай хандаж, эрчимтэй ажиллаж байгаа.

-Бүтэц гэснээс саяны их хурлаар ММСУХ нь шинэ удирдлагуудтай болсон. Үүнийг уяачид, морь сонирхогчид маань сонирхож, анзаарч байгаа. Товчхон мэдээлэл өгөөч?

- Шинэ бүтцээрээ ММСУХ нь дотроо зургаан бодлогын хороо хариуцсан дэд Ерөнхийлөгч нартай болсон. Удирдах зөвлөл болон Тэргүүлэгчид маань 61 гишүүнтэй байгаа. Энэ 61 хүн зургаан бодлогын хороондоо хуваагдаж ажиллана. Өмнөх бүтэц дээр шинээр нэмэгдсэн нь дээрх Хууль эрх зүй, дүрмийн хэрэгжилтийн бодлогын хороо байна. Залуу уяачид, унаач хүүхдийн хөгжил, тэдний сургалтын асуудлыг хариуцсан бодлогын хороо, Бүртгэл мэдээллийн сан хариуцсан бодлогын хороо бас нэмэгдсэн. Хурдан морины уралдаанд оролцогчид болох уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан морьдоо бид бүртгэж, мэдээллийн сан үүсгэх ёстой. Гэхдээ энэ бол дунд хугацааны ч гэх юмуу, ирээдүйд зорьж буй ажил. Дээр нь холбооны ажлын алба өдөр тутмын байнгын ажиллагаатай болсон.

-Их хурлаас хойш нэгэн шинэ мэдээлэл түгэх болсон нь хэсэг хүмүүс шинээр “Үндэсний морин уралдааны холбоо” байгуулснаа зарлаж, их хурлаа хийхээ мэдээлсэн. Тэгэхээр ММСУХ маань хоёр хуваагдчихав уу?

-Юуны өмнө нэг зүйлийг тодорхой хэлэхэд ММСУХ дотроо хуваагдаж, салж сарнисан зүйл огт байхгүй. Монгол Улсын хуулиар иргэн бүр эвлэлдэн нэгдэх, эвсэл холбоо, ТББ байгуулах эрх нь нээлттэй. Энэ хуулийн хүрээнд хэсэг хүмүүс Монголын Үндэсний морин уралдааны холбоо гэх ТББ байгуулж анхдугаар их хурлаа хийх гэж байх шиг байна. Үүн дээр ММСУХ ямар нэгэн сөрөг байр сууринаас хандсан асуудалгүй байгаа шүү гэдгийг онцлон хэлье. Бид бусдын үзэл бодол, үйл ажиллагаанд шууд оролцох эрхгүй. Гэхдээ цаашид бидний ярих сэдэв нэг учир тодорхой асуудлууд дээр байр сууриа илэрхийлэх байх. Ер нь өөр, өөрсдийн үйл ажиллагаагаараа ялгарах байлгүй дээ гэсэн төсөөлөлтэй байгаа.

-Тэгээд юу гэж, хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү. Монголд дорвитойхон үйл ажиллагаа явуулж байгаа, томоохон гишүүнчлэлтэй олон нийтийн байгууллагууд бүгдээрээ л ямар нэг байдлаар улс төрийн нөлөөнд ордог. Улстөрчдийн гар хөл болчих гээд байдаг. Монголын уяачид хоёр хэсэг болсон мэт харагдаж байгаа нь энэ хардлагыг бас төрүүлж байгаа. Танай холбоо жишээ нь улс төрөөс хэр ангид байгаа вэ?

-Энэ асуудлыг ярихаар эргээд Их хурлынхаа сэдэв рүү орох гээд байна. Би түрүүнд хэлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн үеэр хэсэг залуучууд хөдөлгөөн байгуулсан юм. “Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн” гэж. Энэ хөдөлгөөн маань тухайн үед үүссэн нөхцөл байдал, бий болсон асуудлыг хэлэлцэж 300-аад уяачийн төлөөлөл оролцсон зөвлөгөөнийг бас хийсэн. Тэндээсээ санал дүгнэлтээ нэгтгэж шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хүргүүлсэн байдаг юм билээ. Ингээд ММСУХ-ны VII их хурлын өмнөхөн тус хөдөлгөөн татан буугдсан. Татан буугдсан үндэслэлээ хэлэхдээ “Бид Уяачдын холбоотой нэг зүйлийн төлөө яваа, ижил зорилго чиглэлтэй учир нэгдмэл байх нь зүйтэй” гэсэн утга илэрхийлсэн байдаг. Ингээд VII их хурлын төлөөлөгчөөр тус хөдөлгөөний хүмүүс саналын эрхтэйгээр оролцсон. Тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг болох залуу их хурлаар хэлэлцэх дүрэм журмыг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Бид нэг зорилготой гэдэг дотор нь морин уралдаан бол цаашдаа улс төрөөс ангид байх ёстой, улстөрчдийн нөлөө байх ёсгүй, улстөрч удирдлагуудтай байж болохгүй гэдэг байр суурь орно. Их хурлаар өнгөрсөн хугацаанд холбоо улстөрч удирдлагуудтай байсан нь үйл ажиллагаа болон морин уралдаан, уяачдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэх асуудал нэлээн ширүүн яригдсан. Төлөөлөгчид хатуу байр суурь илэрхийлсэн. Хурлын уур амьсгал ширүүн байсан нь тухайн үед холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байсан улстөрч эрхэм нэрээ татах хүртэл хэмжээнд нөлөөлсөн. Өнөөдөр холбооны удирдлагад улс төрийн ямар нэгэн албан тушаал, эрх мэдэлтэй нэг ч хүн байхгүй. Цаашид ч үүн дээр хатуу байр суурьтай байна гэсэн бодлоготой байгаа. Уяачид маань ч бүгдээрээ тийм байр суурьтай байна. ММСУХ-ны хувьд улстөрчид үйл ажиллагаанд нь оролцдог, холбоог улс төрийн зорилгоор ашигладаг явдалд цэг тавьж цаашид улс төрийн нөлөөнд автахгүй байх арга замыг сонгосон гэдгийг хариуцлагатай хэлье. Мөн сая Удирдах ажилтны V зөвлөгөөнийг хийлээ. 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд цуглаж өөрсдийн санал, хүсэлтийг дэвшүүлсэн ба холбооны зүгээс цаашид VII Их хурлаас баталсан дүрэм, холбооны бодлого шийдвэрүүдийг ягштал мөрдөж байх чиглэлийг өгсөн байгаа.

-Шинээр байгуулагдсанаа зарласан Үндэсний морин уралдааны холбооныхон төрийн ордноор нэлээн байршингуй, томоохон улс төрчидтэй их холбоотой байх шиг харагдсан. Төрийн өндөрлөгүүдтэй уулзаж дэмжлэг авсан гэж дуулддаг. Та бүхэн хоорондоо уулзсан уу, ойлголцсон уу. Үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст энэхүү шинэ холбоо чинь албан ёсоор оролцох чимээтэй байна уу, үгүй юу?

-Тантай санал нийлж байна. Маш тодорхой хэлэхэд Үндэсний морин уралдааны холбоог үүсгэн байгуулагчдыг миний хувьд одоогийн байдлаар улс төрчдийн гар хөл болсон гэж харахгүй байгаа. Харин нөхдүүд өөрсдийн зорилгодоо хүрэх арга замаа сонгохдоо улс төрчдийг ашиглаж байгаа байж магадгүй гэсэн бодитой хардлагууд харагдаж эхэлсэн. Шинэ холбооны үүсгэн байгуулагч болох нэг залуу бий. ММСУХ-ны VII Их хурлаар хэлэлцэх шинэ дүрмийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан залуу. Үйл явдлыг дарааллаар нь ярья. Их хурлаар дэвшүүлсэн дүрмийн төслүүдийг 100 хувийн саналаар баталсан байгаа. Мэдээж дээр дурдсан “ялгах” асуудал дээр зарчмын зөрүүтэй санал гарч тэр нь олонхоор дэмжигдсэн. Үүний дараа холбооны Ерөнхийлөгч сонгох процесс явагдсан. Нөгөө залуу маань өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн бөгөөд олонхын дэмжлэг аваагүй. Логикоор бодоход зохион байгуулах ажлын хэсэгт байсан техникийн ажилтан нь удирдлагад нэрээ дэвшүүлж болох уу даа.. Үүнийг нөгөө талаас нь харвал хэрвээ тэр залуу олонхын дэмжлэг авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол, тухайн их хурлаар хэлэлцэн баталсан дүрмийг хэрэгжүүлэх үүрэгтэй л Ерөнхийлөгчийн албанд очно. Тэгэхээр тухайн батлагдсан дүрмийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг мөн биз дээ. Гэтэл одоо өөрийнх нь яриад байгаа зарчмын байр суурь нь болохоор нөгөө “ялгах” асуудлын тухайд шийдвэрлэсэн сэрвээний өндөр хэмжих VII Их хурлын тогтоол болоод байгаа юм. Тэгэхээр шийдвэр бол гарсан, тухайн үед тэр залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол тэр шийдвэрийг биелүүлэх л үүрэгтэй. Дахин хэлэхэд эндээс юу харагдаж байна гэхээр тэр хүн олонхын шийдвэрийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өөрийнхөө нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлсэн байна, хэрвээ сонгогдсон тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ гэсэн маш тодорхой логик ойлгогдож байна. Тухайн үед холбооны Ерөнхийлөгчид хэд хэдэн хүн нэрээ дэвшүүлсэн. Тэр дотор тус холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Мөнхбаясгалан гэж хүний нэрийг заалнаас дэвшүүлсэн ч нэрээ татсан. Татсан шалтгаанаа тайлбарлахдаа “Өнөөдрийн их хурлаар зөвхөн сэрвээний өндрөөр ялгана гэсэн олонхын шийдвэртэй би хувьдаа санал нийлэхгүй. Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол олонхын энэ шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа учраас нэрээ татаж байна” гэсэн. Яг л энэ шүү дээ. Зарчмын маш тодорхой байр суурь харагдаж байгаа юм. Ингээд шинээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Батсайхан өөрийн багийг бүрдүүлэхдээ нөгөө нэр дэвшсэн залуу болоод түүний хөдөлгөөний бусад залуусыг хамтарч ажиллахыг урьсан. Гэвч тэр залуу маань өөрөө татгалзсан. Мөн бусад хамтрагчид нь ч идэвхи гаргаагүй. Ингээд их хурлаас хойш сар хүрэхгүйн дараа шинэ холбоо байгуулж байгаагаа зарлаж хэвлэлийн бага хурал хийсэн. Эндээс харахад тэр хүнд ямар нэг хувийн шинжтэй ашиг сонирхол байгаа ба олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх огт боломжгүй гэж миний хувьд үзэж байгаа. Энэ бол зөвхөн миний л байр суурь шүү. Харин өнөөдөр тэр хүн гаргасан санал санаачлагадаа уяачдынхаа дэмжлэгийг эхлээд авах ёстой байтал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд, Засгийн Газрын тэргүүн бусад улстөрчдөд хандаад яваад байгааг гайхаж байна.

-За тийм байж, тэгэхээр тавдугаар сарын 1-нээс албан ёсоор хурдан морины уралдаанууд эхэлж байгаа. Удахгүй Засгийн газрын тогтоолтой томоохон бүсийн уралдаанууд эхэлнэ. Улсын наадам болно. Энэ бүгдийн зохион байгуулалтад энэ хоёр холбооны чинь аль нь албан ёсоор оролцох юм бэ. Уяачид төөрөгдсөн үйл явц болж байна?

-Үнэхээр уяачид төөрөлдчих гээд байгаа. Тодорхой жишээ хэлье. Сая дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2019 оны бүсийн уралдаануудын товыг тогтоосон. Засгийн газраас тогтоолын төсөлд уралдааныг зохион байгуулах байгууллагуудийн нэр, чиг үүргийг тодорхой зааж өгдөг. Өмнөх жилүүдэд бол тогтоолын төсөлд “...зохион байгуулалтыг аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгасугай” гэж тодорхой зааж ирсэн. Энэ жилийн товыг тогтоох тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан санал дэвшүүлсэн байна лээ. Тогтоолын төсөлд санал оруулахдаа тодорхой чиг үүргийг бүрхэгдүүлж, тодорхойгүй болгож “Морин уралдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодод” гэсэн маш бөөрөнхий утгатай заалт оруулсан байна. Энэ нь үл ойлгогдох байдал үүсгэж байгаа юм. Эндээс харахаар шинээр байгуулагдаж буй гэх холбоо маань үйл ажиллагаандаа улстөрчдийн идэвх оролцоог гүнзгий оруулж эхэлжээ гэсэн хардлагыг гарцаагүй төрүүлж байна. Шууд хэлэхэд Ч.Улаан сайд энэ холбоог дэмжиж байгаа юм байна. Эзэн биегүй, хамааруулах этгээдгүй тогтоол Засгийн газраас гарч болохгүй. Шинэ холбоо маань хамгийн түрүүнд уяачдынхаа дэмжлэгийг авах ёстой гэж би түрүүнд хэлсэн. Гэтэл үүнийг алгасаад Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нараас дэмжлэг хүсээд явсан. Одоо Ч.Улаан сайдаар дэмжүүлж байгаа нь тодорхой харагдлаа. ММСУХ-ны VII Их хурлаар улс төрийн нөлөөллөөс салснаа илтгэсэн Монголын уяачдыг төөрөгдүүлж, эргээд улс төр рүү чирч байгаа нь харамсалтай. Тэрнээс биш тэр хүмүүсийн үзэл бодол, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хүндлэх ёстой. Ганцхан шүүмжлэхээс өөр аргагүй зүйл нь Их хурлын шийдвэрт цөөнх болсон уяачдыг дөрөөлөн, нэмээд улстөрчдийг ашиглан тодорхой зорилгод хүрэх гэж идэвх үзүүлж байгаа нь үнэхээр буруу байна. Эргээд энэ нь морин уралдааныг, уяачдыг энэ улстөрчид нь ашиг сонирхлынхоо дагуу хөдөлгөдөг болох вий, үүнээс улбаатай талцал, турхиралд уяачид автах вий гэж л ММСУХ-ны зүгээс санаа зовниж байгаа.

-Эдгээр тусдаа гараад байгаа хүмүүсийн үндсэн шалтгаан нь нөгөө л монгол наадамд зөвхөн Монгол адуу уралдах ёстой гэсэн байр суурь уу. Эсвэл хүмүүс анзаарахгүй байгаа огт өөр шалтгаан байдаг юм уу?

-Монгол наадамд монгол адуу л уралдах ёстой гэдэг дээр бидний байр суурь нэг шүү дээ. Монгол адуугаа бид цаашид яаж ойлгох юм гэдэг санал хөтөлбөрүүд явж байна. Эрлийз, монголоо яаж ялгах юм гэдэг дээр бид хамтраад ажиллачихсан, хамт сууж байгаад дүрэм журмаа баталчихсан. Бид цаашдаа ойлголтоо, зорилгоо нэгтгээд явахад тулгамдсан асуудлуудаа шийдээд явчихаж чадна. Хаврын уралдааныг хэзээ, хэрхэн, яаж зохион байгуулах нь оновчтой байх вэ, уралдаанч хүүхэдтэй холбоотой харилцаагаа яаж улам сайжруулах вэ, Өвөр Монгол руу ажиллахаар явж байгаа адуучин, уяач залуус, хурдан морины хүүхдүүдийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ, Үндэсний баяр наадмын тухай хууль маань өнөөдрийн шаардлагад нийцэж байна уу гэх мэт олон асуудлууд дээр бид гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой. Гэтэл уяачдын маргааны сэдвийг үндэслээд, улстөрчдийн дэмжлэгийг аваад, ММСУХ-ны хамтран ажиллах саналыг үгүйсгээд, өөрсдийгөө тусгаарлаад явж байгаа энэ хэсэг хүмүүсийг харахаар хувийн эрх ашигтай л гэж дүгнэж байгаа. Энд олон нийтийн эрх ашиг харагдахгүй байна. Олон нийтийн эрх ашиг байгаа бол бид хамтарч ажиллах ёстой. Миний хувьд ийм л байр суурьтай байгаа. ММСУХ ч ийм байр суурьтай байгаа.

ММСУХ бол 24 жилийн түүхтэй байгууллага. Төлөвлөгдсөн ажлууд хийгдээд явж байна. 21 аймгийн салбар холбоодын удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг хийлээ. Дараагийн Их хурлаараа дэвшүүлэх бодлогын шинж чанартай асуудал, алхамуудаа одооноос боловсруулаад эхэлсэн байна. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хамгийн том ТББ-ын хувьд өдөр тутмын үйл ажиллагаа маань тасалдахгүй, идэвхтэй, ачаалалтай л байна.

-ММСУХ-ноос эхний уралдааны тов гарчих шиг болсон, хамгийн эхний уралдаан хаана, хэзээ болох вэ?

- Ер нь бол тавдугаар сарын 1 хүртэл морин уралдааныг хорьсон шийдвэр нь унаач хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой гарсан. Хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай манай холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодорхой асуудлууд дээр ойлголцлууд явагдсан. Хамтран ажиллах санамж бичгийн дагуу бид харилцан мэдээлэл солилцон судалгаануудаа нэгтгэж, бодитой төлөвлөгөө гарган энэ бүгдийгээ шийдвэр гаргагчдад хүргүүлж хаврын морин уралдааны асуудлыг эргэн харж хэлэлцэнэ гэдгийг хэлье. Аливаа дүрэм журам, шийдвэр нь амьдралд ойр, нийцэлтэй байх ёстой. Аливаа хориглосон шийдвэрийн сөрөг тал заавал бий. Асуудлыг олон талаас нь харж ажиллаж байгаа. Эхний уралдааны тухайд ирэх тавдугаар сарын 12-нд ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын бүсийн уралдаан Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болно. Энэ уралдаан дээр бид анх удаа холбооны их хурлаас гарсан шийдвэрийн дагуу сэрвээний өндрийг хэмжих шинэ төхөөрөмжийг ашиглана.

-Хаанахын ямар төхөөрөмжийг ашиглахаар болов?

-Хүний оролцоо маш бага, олон нийтэд ил тод байх гэсэн хоёр үндсэн шаардлагын дагуу ажиллах шинэ төхөөрөмж хийх үйл явц өнөөдөр 90 орчим хувьтай байна. Анхны туршилтаа хийгээд үзчихсэн. “Цагаан хөтөл”-д албан ёсоор ашиглана. Хэмжих төхөөрөмж үр дүнтэй ажиллавал холбогдох мэргэжлийн байгууллагаар оруулж албан ёсны бүртгэл, гэрчилгээг авна. Цаашлаад Үндэсний баяр наадмын комисст албан ёсоор санал болгоно. Уг нь шинэ холбооныхон маань энэ эхний уралдааны хэмжилтийн үр дүнг гарсны дараа асуудлыг баримт нотолгоотой дэвшүүлэх ёстой байсан юм. Яарах ашиг сонирхол байдаг л юм байлгүй дээ. Ер нь нэг зүйлийг тодотгож хэлэхэд уяачидтай холбоотой бүх шийдвэр их хурлаас гарсан олонхын шийдвэр. Бид ямар ч тохиолдолд олонхын шийдвэрээ дагадаг тийм нийгэмд амьдарч байна. Хэрэв шийдвэрүүд буруу, алдаатай, хандлага нь буруу үр дүн үзүүлээд байвал бид бүгдээрээ нийлж асуудлыг эргэж харах, дүрмийн дагуу ММСУХ-ны ээлжит бус их хурлыг зарлах хүртэл шийдэх боломж нь нээлттэй юм. Тийм учраас эхний уралдаан, эхний хэмжилтийг харж байж дараагийн асуудлыг ярих дүгнэх ёстой ганц л зарчим баймаар. Түүнээс биш хэн нэгний “мэргэн” санаачилгыг зөв буруу гэж нийтээрээ ярих, дагах нь боломжгүй зүйл. Бөхийн холбоо хоёр хуваагдчихлаа, Сагсан бөмбөгийн холбоо хоёр хуваагдчихлаа. Монголчуудын хамгийн их сонирхдог, анхаардаг спортын хоёр салбар мөн. Салж сарнилаа гээд юу хожсон юм, ямар ахиц дэвшил гараад байгаа юм. Улам л дампуурал руугаа явж, нийгэмд нэр хүндээ алдаж байгааг бид бэлэхнээ харж байна шүү дээ. ММСУХ ийм замаар явах хэрэггүй. Нэгэнт их хурлаараа, олонхоороо, нийт уяачдынхаа төлөөллөөр ярилцаад “Уяачдын холбоо улстөрчдөөс ангид байна” гэсэн шийдвэрийг нэг мөр гаргасан. Нэг талдаа гарцгаасан. Тэгэхээр цаашид улстөрчдийн оролцоотойгоор, тэдний дэмжлэгтэйгээр уяачдыг хооронд нь хагалах гэсэн, монгол хүний морио дээдэлдэг тэр цагаан сэтгэлийг улс төрийн зорилгодоо ашиглах гэсэн увайгүй үйлдлээ болих хэрэгтэй. Үүнийг улстөрчид өөрсдөө гүнээ ухамсарлаж, хүндэтгэлтэй хандаж, ямар нэг оролдлого хийхгүй байгаасай гэдгийг хүсэх байна. Энэ бол ММСУХ-ны байр суурь гэж ойлгож болно. Миний хувьд VII их хурлын ажлын хэсэгт нь ажилласан, тус холбооны Тэргүүлэгч гишүүн учраас тодорхой зарим асуудлаар ММСУХ-г төлөөлөх бүрэн эрхтэй. Тус холбооны Хууль эрх зүйн бодлогын хорооны гишүүн хүний хувьд хэлэхэд холбоо цаашид дахиж улс төртэй хутгалдахгүй ээ. Ижил төстэй үйл ажиллагаа явуулна гэж шинээр байгуулагдсан холбооны нөхдөдөө хандаж хэлэхэд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд улстөрчдийн, улс төрийн ашиг сонирхлыг битгий ашигла. Эргээд тэднийхээ “хоол” нь болно шүү. Үүнийг Монголын нийт уяачид хүсч байгаа шүү. Уяачдын энэ хандлагыг уяачдын холбооны VII их хурал дээр та бид бүгдээрээ харсан шүү гэдгийг онцгойлон хэлмээр байна.

Онцлох нийтлэлүүд