ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.20 08:06

МоАХ хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулна

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн энэ сарын 21-нд болох аж. Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг сурталчилах зорилготой тус нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн есөн дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс баг бүрдүүлж оролцох юм байна. Нэг баг нь 20-иос дээш насны 13 хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд зохион байгуулж буй энэ тэмцээнд лигт тоглодог болон хөлбөмбөгийн спортын зэрэг цолтой тамирчдыг оролцуулахгүй гэдгийг зохион байгуулагчид анхаарууллаа. Эхний дөрвөн байр эзэлсэн багийг цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна.

Энэ жилийн хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнийг Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч, хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог аж. Түүнчлэн энэ өдөр Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээ болох юм байна.


Онцлох нийтлэлүүд