ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2014.07.30 03:07

Монголбанк бодлогын хүүгээ нэмжээ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, өнөөдрөөс бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж байгаагаа зарлалаа. Инфляцийн өсөлт, ханшийн савалгааг тогтворжуулахын тулд төв банкнаас ийнхүү төсөв мөнгөний бодлогоо чангатгаж, ингэснээр эдийн засгийн хүндрэлийг саармагжуулна гэж үзэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг. Банкуудаас Төв банкин дээр байршуулж буй хөрөнгөнд Монголбанкнаас төлж буй хүү юм.

Бодлогын хүү өсөх нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Улаан буудай, гурил, бензин түлшний үнийн өсөлт, Засгийн газрын төсвөө тэлэх бодлого, сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөргөөр нөлөөлж байсан тул Монголбанк бодлогын хүүг 2007-2008 онд өсгөж байсан юм. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээдэг юм.

Онцлох нийтлэлүүд