Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Эдийн засаг
2017.03.18 12:03

Монголбанк хуралдаад бодлогын хүүг хэвээр үлдээв

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр/2017.03.17/ хуралдаж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Тодруулбал, бодлогын хүүг 14 хувьтай хэвээр үлдээсэн байна. Өнгөрсөн онд МАН засгийн эрхийг авсны дараа бодлогын хүүг 11 хувиас 15 хувь болгосж өсгөсөн. Харин удалгүй нэг хувиар буулгаж, 14 хувьтай болгосон юм. Бодлогын хүүг өсгөсөн шалтгаанаа төв банкны удирдлагууд валютын нөөцийг хадгалах явдал хэмээн хэлж байсан юм.

Бодлогын хүүг хэвээр үлдээсэн шийдвэрээ Мөнгөний бодлогын зөвлөл “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьд хүрлээ. Инфляци цаашид алгуур өсөхөөр байгаа хэдий ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байна. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж, шинээр “Хуралдай” бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн дарамт буурлаа. Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр ийнхүү эерэг өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус байдал хэвээр байгаа”-тай холбон тайлбарлажээ. УИХ-аар 2017 оны төсвийн тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж Монголбанк үзэж байна.

Онцлох нийтлэлүүд