ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.07.16 09:07

Монголд даавар орлуулах эм бэлдмэлийн хүрэлцээ муу, сонголт маш бага байна

Монголын менопауз, андропаузын зохицуулалтын нийгэмлэг (ММАЗН)-ийн нарийн бичгийн дарга Б.Мягмардагватай ярилцлаа.

-Юуны өмнө нийгэм­лэгийнхээ үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Манай нийгэмлэг 2010 онд байгуулагдсан. Нөхөн үржихүйн дараахь насны  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн даавар буурсантай холбоотойгоор үүсэх эрүүл мэндийн  өвчлөл, цэвэршилтийг судалж, эрүүл наслах тэр чиглэлээр эрдэм шинжилгээний ажил, баримт нотолгоо, дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн мэдээлэл, тусламж үйлчилгээ, эмчилгээний шинэ арга аргачлалуудыг Монголд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Клиникийн  мэргэжлийн эмч нарт зориулсан цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээний талаарх шинэ мэдээ, мэдээлэл хүргэх, эмчилгээний шинэ арга аргачлалуудыг танилцуулж, хамтарч судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажил зэргийг зохион байгуулдаг. Нөгөө талаар олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, сургалтын  ажлыг зохион байгуулж байна. Яагаад бидний хийж байгаа ажил нийгэмд хэрэгцээтэй тулгамдаад байгаа вэ гэхээр, монгол эмэгтэй хүний дундаж наслалт тогтмол өсч байна. Эмэгтэйчүүдийн  дундаж наслалт өсч байгаа ч бие физиологийн хувьд цэвэршилтийн нас хойшилдоггүй. Нэг ёсондоо эмэгтэйчүүд цэвэршсэнээсээ хойш илүү олон жил амьд байдаг буюу монгол эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгийг цэвэршилтийн бууралттай буюу цэвэршсэний дараахь үед өнгөрүүлдэг. Гэтэл 40-60 насныхан маань ажил амьдралын  арвин туршлагатай, хийж бүтээсэн юмтай, нийгэм, эдийн засгийг хөдөлгөгч гол насныхан байдаг.  Энэ хүмүүст тусгайлан зориулсан үйлчилгээ хангалттай биш байна. Тийм учраас энэ дутагдалтай байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, чанар хүртээмжийг нь  сайжруулахаар ажиллаж байгаа юм. 

-Саяхан цэвэршилтийн олон улсын хуралд оролцоод ирсэн гэсэн. Дэлхийн чиг хандлага хаашаа явж байна, ямар эмчилгээний шинэ арга барилыг баримталж ажиллаж байна вэ. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Манайх дотооддоо үйл ажиллагаа явуулахаас гадна, олон улсын хэмжээнд  идэвхтэй ажилладаг. Нийт 80 гаруй орны цэвэршилтийн нийгэмлэгийг нэгтгэсэн том байгууллага гэж бий. Энэ байгууллагад манайх 2011 онд гишүүнээр элссэн. Олон улсын цэвэршилтийн нийгэмлэг хоёр жилд  нэг удаа цэвэршилтийн дэлхийн конгрессыг  зохион байгуулдаг.  2012 онд Италийн нийслэл Ром хотод болсон конгрессээс эхлээд олон улсад болсон конгрессуудад оролцоод  явж байна. Хамгийн сүүлд 2014 оны тавдугаар сарын 1-4-ний хооронд болсон  цэвэршилтийн 14 дүгээр конгресст манай нийгэмлэгээс гурван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирлээ. Энэ чуулганд 80 гаруй орноос 1700 гаруй эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож, нөхөн үржихүйн дараахь насны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, эмчилгээний аргачлалууд, судалгаа эрдэм шинжилгээний ажлуудыг танилцуулж өргөн хүрээнд хэлэлцсэн. Бидний хамгийн ихээр сонирхол татсан эмчилгээ нь цэвэршилтийн насны даавар орлуулах  эмчилгээг  дэлхий нийтэд маш өргөн хүрээнд хэрэглэж байгаа явдал байлаа. Монголд хэрэглэгдэж байгаа даавар орлуулах эмчилгээний удирдамж нэлээд хуучирсан, эм, бэлдмэлийн хүрэлцээ, сонголт маш бага байна. Дэлхийн нийтийн даавар орлуулах эмчилгээний шинэчилсэн удирдамж маш чухал ач холбогдолтой зүйл. Энэхүү удирдамжаар  цэвэршилтийн хам шинж болон зовиурыг эмчилж, эмэгтэй хүнийг  цэвэршилтийн шилжилтийн үед ямар нэгэн шинж тэмдэггүй, зовиургүй, өөртөө тааламжтай байдлаар өнгөрөөх, цэвэршилтийн дараахь амьдралдаа сэтгэл хангалуун байх, өвчин  эмгэггүй, сэтгэл тайван насжих нөхцөлийг бүрдүүлсэн тийм  бүрэн эмчилгээний удирдамж байна. Манайд тэр удирдамж хараахан батлагдаагүй, дэлхийн хэмжээнд хэрэглэж байгаа  эм бэлдмэл орж ирээгүй  байгаа. Тиймээс манай нийгэмлэг 2013 онд Олон улсын цэвэршилтийн нийгэмлэгээс баталсан даавар орлуулах эмчилгээний шинэчилсэн удирдамжийг Монголд оруулж ирэхээр боловсруулах  ажил дээрээ явж байна. Боловсруулаад хэлэлцэн батлуулахаар ажиллаж байна. 

-Дэлхий нийтэд эмчилгээний шинэ чиглэл, эм бэлдмэлүүд нэвтэрсэн байна гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Маш нарийн эмчилгээ, оношилгооны шинэ аргууд  дэлхий нийтэд нэвтэрчээ. Энэ зүйлүүдийг Монголынхоо эмч нарт  бид тайлагнана. Цэвэршилтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухайд өвчин, эмгэг биш учраас нарийн тоног төхөөрөмж багаж шаардахгүй. Харин лабораторийн нарийн оношилгоонууд нэвтэрсэн байна. Цэвэршилтийн эрүүл мэндийн гол эмчилгээ цэвэршилтийн даавар орлуулах эмчилгээ. Даавар орлуулах  эмчилгээн дээр маш олон төрлийн шинэ эмүүд бий болжээ. Шинэ эмүүдээс гадна өмнө нь хэрэглэж байсан эмүүдийн тун нь багассан байна. 2010 оноос хойш хэт бага  тунгийн даавруудыг хэрэглээд эхэлжээ. Даавар  орлуулах эмчилгээг  өндөр тунтай хэрэглэснээс болоод хөхний хорт хавдар үүсгэх зэрэг олон  эрсдлийг нэмэгдүүлдэг гэдэг. Тэгэхээр  нэг хэсэг дэлхий нийтээрээ даавар орлуулах эмчилгээнээс татгалзаад байсан. Тэгвэл сүүлийн үед хэт бага тунтай дааврын  бэлдмэл хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд даавар орлуулах эмчилгээ нь аюулгүй даавар орлуулах эмчилгээ рүүгээ шилжсэн байна. Тиймээс Монголдоо шинэ бага тунтай даавар орлуулах эмийг оруулж ирэх нь чухал байна. Одоо Монголд зөвхөн уудаг даавар  хэрэглээд байгаа. Дээр нь орж ирж байгаа дааврын эмийн сонголт маш бага байна. Харин дэлхий нийтэд уудаг дааврын  эмнээс гадна тарилга, тос наалт, лаа, гель гээд маш олон төрөл байна. Өөрөөр хэлбэл, заавал дааврын эмийг ууж элгэндээ ачаалал өгөхгүйгээр лаа,  тос зэргийг хэрэглэж болж байна.

-Монгол эмэгтэйчүүдийн дунджаар хэдэн насандаа цэвэршдэг вэ. Цэвэршилтийн зовиуртай үед ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-2008 онд манай зарим эрдэмтдийн хийсэн судалгаагаар монгол эмэгтэйчүүд дунджаар 49.5 насандаа цэвэршиж байна гэсэн. Энэ нас  дэлхийн бусад улс оронд хийсэн судалгаатай ойролцоо байгаа. Цэвэршилтийн нас ойролцоо байгаа боловч, цэвэршилтийн дараахь болон өмнөх үед гарч байгаа дааврын өөрчлөлтүүд их, тэр өөрчлөлтүүдийн үед гарч  байгаа хямралууд маш их зовиуртай байгаа юм. Тэгэхээр  эмэгтэйчүүд маань зовиуруудыг багасгахад юуны өмнө мэргэжлийн эмчид үзүүлж цусны шинжилгээ хийлгээд хувь хүнд  тохирсон хамгийн бага тунгаар  дааврын эм бэлдмэл өгөх ёстой. Одоо болохоор манайхан өндөр тунтай дааврыг эмчийн заа­вар­гүй,  буруу мэдээллээр хамаа замбараагүй хэрэглээд байгаа. Тэгж буруу хэрэглээд байгаагийн сөрөг үр дагавар маш их. Тиймээс манай ний­гэм­лэгийн  гол зорилгын нэг нь иргэдэд төдийгүй эмч мэр­гэжилтнүүдэд дааврыг зөв хэрэглэх тэр мэдээлэл өгөх юм. 

-Нөхөн үржихүйн дараахь насныханд зориулсан эмчилгээ үйлчилгээ хангалтгүй байдаг гэсэн үг үү?

-Хангалтгүй байдаг. Нөхөн үржихүйн насны хүмүүсийн тусламж үйлчилгээ сайн байгаа болохоос нөхөн үржихүйн дараахь хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээ ерөөсөө орхигдчихсон. Нөгөө талаар эмнэлгүүд ачаалал ихтэй байдгаас болдог байх. Тэгвэл хувь хүн энэ талаар сайн мэдээлэлтэй байж чадвал өөрийнхөө амьдралын хэв маягийг зөв зохицуулаад энэ насандаа өөртөө илүү  анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнсэндээ  анхаарч, стрессээс хол байж,  нийгмийн идэвхтэй байж, өөрөө өөртөө туслах бүрэн боломжтой юм. Харин бие организмд дутагдаад байгаа дааврыг заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой. Дэлхий  нийтээр баримталж байгаа даавар орлуулах эмчилгээний шинэ удирдамж маань хамгийн гол нь бага тунг хувь хүний  онцлогт тохируулж  хийнэ гэж заасан байгаа.  Надад тохирч байгаа эмчилгээ өөр хүнд тохирохгүй байж болно. Даавар бол тоглоом биш. Гэтэл өнөөдөр манайд дааврын эмийг эмийн санд жоргүйгээр олгодог. Эмэгтэйчүүд  найзаасаа юм уу, хамт ажилладаг хүнээсээ  асуугаад, “нүүр улайгаад байна, билгийн  дур сонирхол буураад байна, нөгөө цэвэршилт гэдэг нь болж  байх шиг байна, тэр эм сайн гэсэн” гэх зэргээр ам дамжсан яриагаар  даавар аваад хэрэглэчихдэг. Энэ бол маш буруу олон сөрөг дагавартай.   

-Сүүлийн үед цэвэршилт залуужиж байна гэж сонссон. Энэ үнэн бол ямар шалтгаантай юм бол?

-Олон шалтгаантай л даа. Дааврыг буруу хэрэглэсэнтэй холбоотой үүсч байгаа сөрөг нөлөө юм.  Жирэмснээс хамгаалах эм бэлдмэлүүдийг охидууд маань замбараагүй хэрэглэж байна. Зарим эмнэлгүүд жирэмнээс хамгаалах тариа, арьсан доорх суулгацыг ямарч гаж нөлөөгүй гэж мэдээлж, олон удаагийн дамтамжтайгаар өгч байна. Үүнээс шалтгаалж залуухан охидууд эрт цэвэршиж байгаа.  Мөн ямар нэг өвчний улмаас өндгөвч, умай зэрэг нөхөн үржихүйн эрхтнүүддээ мэс засал хийлгэж тайруулж авахуулсны дараа цэвэршилт явагддаг. Хэдэн ч настай байсан ийм мэс ажилбар хийлгэсэн бол үүний дараа шууд цэвэршилт  явагддаг. Энэ хүмүүст цэвэршилтийн даавар орлуулах эмчилгээг шууд хэрэглэх хэрэгтэй юм. Энэ эмчилгээ ч гэсэн манайд тааруу байна. Үүнээс гадна амьдралын хэв маяг нөлөөлж байна. Хооллолт дасгал хөдөлгөөн, гадаад орчны нөлөө, стресс  зэрэг нөлөөлдөг. Мөн удамшил их нөлөөлдөг. Эмэгтэй хүүхэд  ээжийнхээ  цэвэршилтийн түүхийг тодорхой хэмжээгээр давтах тохиолдол  элбэг байдаг. Тиймээс ээж нь эрт цэвэршсэн бол охин нь мөн эрт цэвэрших ийм тохиолдол элбэг. 

Х.ЦЭНД


Онцлох нийтлэлүүд