Нийгэм
2014.05.10 02:05

Монголоос хураасан арслан зааны ясыг Оросын музейд бэлэглэнэ

ОХУ-ын Хиагт боомтоор хил гарах гэж байсан Монголын иргэн нэгэн эмэгтэйгээс хураан авсан арслан зааны шүдийг Буриадын үндэсний музейд шилжүүлэхээр болжээ. Өнгөрсөн 2013 онд тэр эмэгтэй ОХУ-д борлуулах зорилгоор арслан зааны яс нууж авч гарах гэж байгаад Оросын гаалийнханд баригдсан юм. Оросын гаальчид уг ясыг Эрхүү хотын эрдэмтдэд шинжлүүлэхээр явуулжээ. Эрдэмтэд судлаад залуу арслан зааны шүд, түүх соёл, шинжлэх ухааны асар их үнэ цэнэтэй эд гэж тогтоосон байна. Үүнээс өмнө Хиагтын гаалиас монголчуудаас хураасан динозаврын өндөг, ясыг мөн Буриадын үндэсний музейд шилжүүлэн өгч байсан билээ. 

Монгол арслан зааны шүдийг музейд гардуулан өгөх ёслолын ажиллагаа Улаан-Үд хотын Шүүхийн байранд энэ сарын 21-нд болох гэнэ. 

Онцлох нийтлэлүүд