ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.05 08:06

Монголчууд аливаад үнэнч хандана гэдгийг мэддэг болов уу?

Аливаад чин үнэнчээр хандаж, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг гаргана гэдэг “уул шугамандаа” бол сайнсан. Гэвч манайхан хэзээд ч чин сэтгэлээ бусдад үзүүлж, хэн нэгэнд мэдрүүлдэггүй. Дандаа л худал хуурамч сэтгэлээ олны өмнө дэлгэж, нэг л их өө сэвгүй цэвэр цэмцгэр хүн болж хувирах нь бий.

Үнэн чанартаа чин сэтгэл гэдэг юугаар ч үнэлшгүй эрдэнэ байдаг. Ингэхэд “юугаар ч үнэлшгүй” гэдэг үг бас буруу юм. Хэн нэгэн найрагчийн ухаандаа,билэг туурвилын төлөө шаналж явдаг миний бүтээл туурвилыг алт, эрдэнэстэй зүйрлэвэл би лав дургүйцнэ. Ядмаг амьтан даа гэж байгаа ч юм шиг юм нэг л ёозгүй санагдана биз дээ.

Саяхан даа, зохиолчдын гар бичмэлийг хавсаргасан “Монгол найргийн сувдан шастир” гэсэн ном гарсан. Уг номонд энэ цагийн бүхий л нэртэй зохиолчид шүлэг найргаа гараар бичиж оруулсан байна лээ. Харин Д.Урианхай зохиолч л гар бичмэлийн анхны хувилбар гэдгийг нь үнэнчээр гаргасан байгаа юм.

“…Аялгуу сайхан монгол хэлээр хүмүүс ярьж л байвал би амьд явна

Тэр хэлэнд би хачин их хайртай

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна

Тэр оронд би хачин их хайртай

Хайраар би амьдардаг аа” гэх “Мөнхийн шалтгаан” шүлгийнхээ эх нооргийг, балласан, зассан, шинээр сэргээсэн бүгдтэй нь номонд хэвлүүлжээ. Бусад нөхөд маань шүлгийнхээ эх нооргийг бус зүгээр л шүлгээ хуулаад, гараараа бичээд л өгсөн байна. Үүнээс нэг зүйл нэвт шувт уншигдсан хэрэг л дээ. Манайхан аль ч салбартаа үнэнч байна гэдэг худлаа болжээ. Бүгд л хуурамч, нэг л цэмцгэр гялтганаж, гялалзсан гоё ганган хээнцэр хүмүүс. Уран бүтээлчдийн гараар бэлдээд өгсөн бүтээлээс Д.Урианхайн баллаж цохлосон эх ноорог ямар үнэн, ямар гоё, ямар хайр хүрмээр харагдсан гэж санана.

Н.ГАНТУЛГА

Онцлох нийтлэлүүд