ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.09.13 08:09

Монголчууд нүүдлийн аж ахуйгаас үүдээд амин хувиа боддог зантай болсон улс гэв

Зүүн гар талаас химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба, техникийн ухааны магистр, инженер Н.Нацагням, байгалийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Намсрай, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Төмөрбат

Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналт эрдэмтдийн 100 саяас хязгааргүй хэлэлцүүлэг өчигдөр Монгол Улсын их сургуулийн Номын санд болсон билээ. Уг хэлэлцүүлэгт математикийн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Төмөрбат, байгалийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Намсрай, Техникийн ухааны магистр, инженер Н.Нацагням, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба, химийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Төрийн шагналт, академич Д.Батсүрэн нар зочин эрдэмтдээр уригдсан байлаа. Академич Д.Батсүрэнгийн бие тааруу байгаа учир гэргий нь төлөөлөн ирсэн байв.


Академич Х.НАмсрАй: -Шинжлэх ухааны талаар ярихаар зарим талаараа уйтгартай байдаг байхгүй юу. Нэг удаа Альберт Эйнштейнээс их гоё цэнхэр нүдтэй сэтгүүлч бүсгүй асуусан байгаа юм. “Та гайхамшигтай гоё нээлт хийсэн. Таны нээлтийн талаар бүх дэлхийн эрдэмтэд ярих юм. Та хийсэн юмаа тайлбарлаадахаач” гэж асууж л дээ. “Ээ, хүү минь. Тэр чинь их хэцүү юм. Олигтой юм байдаггүй юм. Аягүй хэцүү. Чи өмхий хүрэн гэж мэдэх үү. Газар доогуур явдаг” гэсэн чинь сэтгүүлч “Мэднэ ээ” гэж. “Тэр газар доогуур явдаг олон тэрбум өмхий хүрний нэг нь “Миний ухаж байгаа нүх жаахан мурийлттай юм байна” гэдгийг харсан. Тэгж харсан нь би байхгүй юу” гэж хэлтэл бөөн инээдэм болсон байгаа юм. Шинжлэх ухаан бол гайхамшигтай, бүтээлч, сонин зүйл. Аливаа шинжлэх ухаан маш жижигхэн юмнаас эхэлдэг. Мэрийлт чармайлт, хичээл зүтгэл байхад таны бүтээл олон тэрбумыг авчирна. Монголын шинжлэх ухаан дэлхийн түвшнээс давж байна гэж би хэлнэ (Бүгд алга ташив.сурв).

Инженер Н.Нацагням: -Сая Х.Намсрай багшийг бидний технологийн дэвшлийг дэлхийгээс давчихсан байна гэхэд та нар инээж байна шүү дээ. 1990 онд Х.Намсрай багшийг дэлхийг бишрүүлэх юмаа хийчихсэн гэж ярьдаг байсан юм. 28 жилийн дараа тэр бүтээлээрээ шагнал авахад хүмүүс гайхаж байна. Бидний түвшин бол тийм муу биш. Би сая Англид контрактаар дөрвөн сар ажиллаж байгаад ирлээ. Цагийн цалин нь 40 фаунд. Өдрийн цалин 320 фаунд. Монгол төгрөгөөр бол өдрийн сая төгрөгийн цалинтай. Тэр компанийн хийж чадахгүй юмыг контрактууд хийдэг. Тэд нь хөгжүүлдэг. Контрактууд нь Шри-Ланк, Иран, Пакистан хүмүүс байгаа юм. Бидний тогтолцоо нь социалист тогтолцооноос гараагүй болохоор бид ядуу, тэд баян байдаг юм байна. Тэд үндэсний стандарт, зах зээлээ хамгаалчихдаг. Тэнд төрийн бодлогыг Д.Дэмбэрэлнямба багш шиг, Х.Намсрай багш шиг хүмүүс гаргадаг юм байна. Манайх шиг төрийн томилгооны, цэцэрлэгийн хүүхэд төрийн бодлогыг гаргадаггүй. Намайг Үндэсний хөгжлийн газрын дэд дарга байхад монгол хэлний багш ирээд “Би эрчим хүч информатикийн төлөвлөгөө гаргах гэсэн юм. Та надад заагаад өгчих” гэж байсан. Тэгэхээр манай тогтолцоо болохгүй байгаа юм. Манай залуучууд англи залуучуудаас хамаагүй илүү юм билээ. Манай оюутнууд тултал нь сурдаг. Тэндхийн оюутнууд хэцүү. Ерөөсөө ойлгодоггүй. Нэг юм хэлэхээр дахин дахин асуудаг. Мах иддэг хүмүүс ухаантай байдгийг би тэнд харсан. Арай өөр юм билээ. Миний тэнд өдөрт авч байсан сая төгрөгийг монгол инженерүүд энд авах боломжтой. Залуучууд энд 2-3 мянган долларын цалин авах боломж байна. Энэ их цалин, энэ их мөнгийг бид хятадуудад өгч байна. Энэ бол төрийн гажуудлаас болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ гажуудлыг засч байж залуучууд минь ажилтай болно.

Доктор Д.Дэмбэрэлнямба: -Одоо бол шинээр юм хийх нь хязгаарлагдмал. Хамгийн чухал юм бол шинэ санаа. Шинэ санаагаа олоод явчихвал бүх юм болно. Санаа анхдагч. Дээр нь уйгагүй ажиллагаа. Угаасаа монголчууд нүүдлийн соёлтой байсан болохоор бүтэн сайн гэж амралтын өдөр байгаагүй. Яагаад бүтэн сайн гэж өдөр бий болов гэхээр Есүсийн сүмдээ мөргөхийн тулд ийм өдөр гарч ирсэн. Хүн хоол ундаа зөв хэрэглээд сайн унтаж амраад явж байвал эрүүл байдаг. Аливаа шинээр хийж байгаа юм судалгаа, шинжилгээн дээр үндэслэгдсэн байх ёстой. Нэвтрэхэд бэрхшээлтэй байж л амьдрах чадвар удаан байдаг. Монголчуудад хамтын ажиллагаа дутагдаад байдаг. Нүүдлийн аж ахуйгаас үүдээд амин хувиа боддог зантай болсон улс. Аливаа нэг шинэ санаа гаргасан, сод амжилтад хүрсэн хүмүүстэйгээ хамтарч ажиллаад мөнгө олоод дараа нь өөрийнхөө бодсоноо хэрэгжүүлэх боломж бий. Гэтэл өөрөө ганцаараа хийх гээд зүтгээд байдаг. Үүндээ маш их хэмжээний цаг алддаг.

Монголчуудын тэр дундаа улаанбаатарчуудын шийдэх ёстой хамгийн чухал асуудал бол утаа. Бид Солонгосын эрдэмтэдтэй хамтраад нүүрсийг шигшээд зууханд түлэхээр болгоод хоёр төрлийн ургамлын хандаар шүршээд ямар ч утаа гаргадаггүй болгосон. Гэтэл үүнийгээ амьдралд яаж нэвтрүүлэх вэ гэхээр урагш явахгүй зогсчихсон байна. Засгийн газар айлуудын янданд 500 мянган төгрөгийн шүүлтүүр шиг юм тавьж өгнө гээд байгаа. Өнөө жил утаанаас сална гээд байгаа. Салахгүй. Цаашдаа ч энэ байдлаараа байвал салахгүй. Бидний сэдсэнийг хурдан нэвтрүүлдэг төр засаг хэрэгтэй байна.

Энэ үеэр академич С.Төмөрбаттай ярилцсан юм. Тэрээр Цагиргийн радикал онолын зарим асуудал болон шийдэгдээгүй асуудлууд цуврал бүтээл-ээрээ Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал-ыг анх 2008 онд хүртэж байсан билээ.

-Эрдэмтдийн бүтээлийг нийгэмд нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн болгох ажил хэр байгаа вэ?

-Шинжлэх ухааны чиглэлийг үнэлэх анхны чиглэл нь шилдэг бүтээлийг 100 сая төгрөгөөр үнэлж буй явдал. Үүнийг би анхны цэг гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ сэдэв чинь 100 саяас хязгааргүй гэхээр эхний цэг нь 100 сая ч цаашаа хязгааргүй цацраг шиг л явах нь байна, тийм ээ. Эрдэмтдийг ингэж дэмжээд энэ шагналыг цааш үргэлжлүүлээд байвал эрдэмтэн судлаачид улам л хүчтэй, эрчтэйгээр ажиллах байх. Бүр илүү үр дүн гарахаар, дэлхий танигдах хэмжээний юм хийх байх гэж ойлгож байна.

-Сая академич Х.Намсрай гуай монголын шинжлэх ухааны түвшин дэлхийн түвшнээс давсан гэлээ?

-Үнэн шүү дээ. Монголын математик гэж байдаггүй. Монголын математикчид дэлхийн түвшний л юм хийж байгаа. Манай эрдэмтдээс хүчтэй, сайн ажил хийсэн хүмүүс зөндөө байна. Миний багш нар, дараа үеийн залуучууд байна. Математикийн хамгийн гол онцлог нь худлаа юм гэж байдаггүй. Тэрийг нэг л баталсан бол мөнхөд тэр хүний нэрээр л дурсагдана. Ямар үр дүн баталсан. Тэр нь тэр чигээрээ байна. Тэгэхээр математикаар баталсан юм болгон төгс гэж хэлж болно. Тэгэхээр бид дэлхийн түвшний ажил хийж байгаа юм даа. Математик гэлтгүй бүх юм дэлхийн түвшинд хүрчихсэн байгаа. Өнөөдөр ганцхан юу өөр гэхээр орчин, амьдрах амьжиргаа нь өөр. Тийм л дутагдалтай. Гадны эрдэмтэд ажлаасаа өөр юм бодохгүйгээр тэрийгээ л хийдэг. Орчныг нь бүрдүүлээд өгвөл манай эрдэмтэд дэлхийд цойлно гэж би ойлгодог.

-Аливаа улс орон шинжлэх ухаандаа түшиглэж л хөгждөг. Тиймээс энэ салбартаа их хэмжээгээр хөрөнгө хаядаг. гэтэл манайд үгүй шив?

-Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн том том академич, эрдэмтэн олон байна. Эдний залгамж холбоог цааш нь тасдахгүй бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр сурч, ажиллаж байгаа залуу хүмүүст дутагдалтай тал байна. Жаахан юм хийчихээд тэрийгээ нийтэд дэлгээд л карьер хөөгөөд явдаг. Энэ нь надад таалагддаггүй. Миний шавь ч бай, хэн ч бай тийм үйлдэл гаргавал надад таалагдахгүй. Номын хүнийг өөр юм бодолгүйгээр номыг нь хийлгэх юм бол манайх унахгүй л дээ. Тэтгэвэртээ гарсан, гараагүй том том эрдэмтдээс авах юм их байгаа. Тэднээсээ л юм олж авахгүй бол хүн шинжлэх ухааны араас нь мацаж гүйцээд уншина гэж байдаггүй юм. Тэгэхээр тэр том эрдэмтдийн тусламжтайгаар шинжлэх ухааны оргилд угтаж уулздаг. Тиймээс том эрдэмтдээ ашиглаад угтаж уулзах тэр зам руу залуусыг оруулбал маш хурдан, хүчтэй өгсөнө.

-Том эрдэмтэн, академичдын ширээний нүдэнд санхүүжилтийг нь шийдэж өгвөл асар их бэлэн болсон бүтээл, нөөц байгаа юу?

-Байлгүй яах юм. Их байгаа. Дуусашгүй их байгаа. Тэрнийг л төр засаг минь хийчихвэл үү. Одоо эхэлж л байна даа. Арван жил болж байна, 100 сая төгрөг өгөөд. Тэр чинь нэмэртэй. Зөвхөн шагнал биш ерөөсөө амьжиргаа нь хангалттай байх хэрэгтэй. Ялангуяа академийн эрдэм шинжилгээний ажилтнууд ёстой үнэн сэтгэлээсээ хэдхэн төгрөгийн цалинтай ч ажилдаа, амьдралаа зориулчихсан хүмүүс байдаг юм. Тэдний амьжиргааны түвшин хангалттай байвал маш гоё гоё юмнууд хийнэ, хийчихсэн ч байгаа, гаргаж чадахгүй ч байгаа хүмүүс зөндөө байгаа.

-Манай голлох салбар уул уурхай юм биш үү, улс төрчдийн яриагаар. Тэдний ярьдаг ганц юм уул уурхай, эрдэс баялаг?

-Уул уурхайг тэргүүлэх салбар гээд байгаа юм. Миний бодлоор уул уурхай тэргүүлэх салбар биш. Байгалийн баялаг төгсгөлөг хэмжээтэй. Аваад л дуусна. Дуусдаггүй юм бол оюун ухаан. Шинжлэх ухаанаа өөд нь татаад явсан газарт байгаль экологи нь цэвэр, байгаль экологидоо хоргүй технологи нэвтрүүлээд явдаг. Уул уурхайгаас хэдэн тэрбумыг авна гэж яриад байгаа ч алсдаа шинжлэх ухаан л хамгийн найдвартай нь.

-Шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүст нэг том нийтлэг дутагдал байгаад байх шиг. Амбицгүй, хийсэн юмаа хүмүүст хүргэх, танилцуулах талаа орхигдуулаад байдаг. Хийсэн бүтээлийг нь цаасан дээрээс амьдрал руу бодит бүтээгдэхүүн болгох тийм санхүүгийн холбоос хэрэгтэй байна уу даа?

-Ер нь дуугүй байгаа эрдэмтэд их юм хийж байгаа. Зарим нэг нь “Би ийм юм хийчихсэн” гэж рекламдаад байдаг. Юмаа хийхээсээ өмнө тэгж зарлах нь зүгээр л шоу. Үнэхээр юм хийж байгаа хүн бусдад хэлдэггүй шүү дээ. Чимээгүй, дуугүй л шүүмжлүүлээд л яваад байдаг юм.

-Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналт эрдэмтэд өмнө нь нэг дор ингэж цуглаж, ийм хэлэлцүүлэгт орж байгаагүй байх шүү?

-Урьд нь ийм хэлэлцүүлэг болж байгаагүй. Зөвхөн тэр шагналыг авсан хүмүүс гэлтгүй том том эрдэмтэд, академичид сууж байна. Мэргэжил мэргэжлээрээ тэр хүмүүсээсээ зөвлөгөө аваад угтаж уулзах замыг нь эд нараараа заалгах хэрэгтэй. Түүнээс биш хойноос нь хөөгөөд тэдний гаргасан теорем юм уу, тэнд хийчихсэн туршлагыг хойноос нь хийгээд гүйцнэ гэж үгүй. Шинжлэх ухааныг угтаж уулзаж байж л урагшлуулна. Тийм бололцоо нь залууст байгаа. Төр засагт ч тэрийг нь дэмжих бололцоо байх ёстой. Тэгэхгүйгээр угтаж уулзуулаад залгаж өгөх хүмүүсийг нь тайраад хаячихаар чинь яаж уулзах юм. Араас нь хөөгөөд мөд гүйцэхгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Онцлох нийтлэлүүд