ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.04.24 08:04

Монголчууд уул, уснаасаа зугтааж амьдардаг

Дэлхийн хамгийн сэтгэл татам, үзэсгэлэнтэй, жуулчдыг ихээр татдаг суурин газруудыг хараад байхад бүгд уул, усандаа ойрхон төвлөрсөн байдаг. Хаана сайхан байгаль байна, тэнд хүн ард нь суурьшин тогтножээ. Нэг ёсондоо ийм байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт амьдрахад таатайн дээр эрүүл орчинтой болохоор сонгож амьдардаг. Харин монголчууд аль болох уул уснаасаа зугтааж, сум суурингаа байгуулсан байгаа юм. Нүүдэлчин түмний хувьд мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай учир цэлгэр уудам талыг сорчилж төвхнөдөг. Энэ нь ч тэгээд бэлчээр, адуу малаа аргамжих талбай, малынхаа хойноос байнгын хараа гүйлгэх боломж, жилийн дөрвөн улиралд нүүж, суух зэргээ бодолцдогтой холбоотой юм.

Ингэж явсаар байгаад уул, ус, ой модноосоо дэндүү хөндийрсөн. Юун уул модондоо амьдрах нь битгий хэл “Лус савдагтай” гээд айж, зугтдаг шүү дээ. “Ойн савдаг догшин. Хамаагүй ойртох юм бол мал хунар, хүүхэд, хөгшидийг авдаг” гэсэн айдас, цээр монголчуудын ухамсарт гүн бат шингэжээ. “Мод огтолж, газар сэндийчиж, гол горхио сэвтүүлбэл уул, усны эзэн савдгууд хилэгнэнэ” гэсэн мухар сүсэг хүн ардыг байгалийн сайхнаас холдуулсаар ирсэн юм. Энэ мунхаглал явсаар байгаад уул ус руугаа хүн, амьтныг ч хавьтуулахаа байлаа. Үүний тод жишээ бол “Дархан цаазат”, “Төрийн тахилгат” гэсэн нэрийн дор уул, овоод руугаа ойртохыг хориглосон шийдвэрүүдээр илэрч байна. Дээрээс нь иргэний хөдөлгөөнүүдийн “Байгаль экологио хайрлан, хамгаална” гэсэн хийрхэл ч эсрэгээрээ ард иргэдийг уул уснаас улам зааглаж байгаа юм. Тэд энэ үйлдлээ зөвтгөж, одоо бүр Туул голын хөвөөнд хүн амьдарч болохгүй, Богд ууланд мал, амьтны хөл хүргэхгүй гэж туйлширцгаах боллоо.

Туулын хөвөөнд орон сууцны хороолол боссоноос болж улаан голыг нь тасдаж байгаа мэт шуугьж байна. Үнэндээ хавар цагийн ус татралт тэдгээр хорооллуудаас болно гэж юу байхав. Гачууртаас доош хоёр, гуравхан жижиг булаг, зүүн баруун Сэлбийн гол Туул руу нийлдэг. Одоо эдгээр гол бүгд л урсч байгаа. Өдийд ямар зунтай адил шаагьтал бороо орж, голын түвшин нэмэгдэнэ гэх биш. Туулын ус багассан нь хаврын улирал болон түүн рүү нийлж байгаа гол, горхины урсацтай л холбоотой байдаг. Дээрээс нь томоохон голууд тасарч, шургахдаа тулдаг нь тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдал, ган гачигаас үүдэлтэйг бүгд мэднэ. Шинжлэх ухаанчаар харах юм бол энэ зэрэг олон хүчин зүйл голын урсацад нөлөөлж байна. Ийм байхад Туулын хөвөөнд амьдарч байгаа айлуудыг буруутгах ямар ч боломжгүй шүү дээ. Тэнд гэр хороолол гэж байхгүй. Харин дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн орон сууц, хотхонууд сүндэрлэсэн. Бохир нь газар доогуурх хоолойгоор гүйсээр шууд Төв цэвэрлэх байгууламж руу очдог. Туул гол руу цутгаж, бохирдуулах асуудал огт байхгүй.

Тэгэхээр Туулын эрэг орчмын хорооллуудаас болж гол ширгэсэн гэдэг нь худлаа юм. Агаарын бохирдол багатай энэ бүсэд мэдээж орон сууц илүү үнэтэй байдаг. Боломжтой, мөнгөтэй хүмүүс ихэвчлэн ийм л газарт амьдрахыг хүснэ. Гэтэл нийгмээрээ баячуудыг үзэн яддаг давлагааг иргэний хөдөлгөөнийнхөн өдөөж, Туул голыг иргэдээсээ харамлах юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд том, том хотууд голынхоо эргийг дагаж боссон байдаг. Ойрын жишээ гэхэд Москва хот байна. Европ тив дэх хамгийн томд тооцогддог энэ хот Москва голын эрэгт байршсан болохоор ингэж нэрлэсэн түүхтэй. Мөн Германы Некар голын хөндийд сунаж тогтсон Хайдэлбэрг хот байна. Аглаг ногоон ой модоор хүрээлүүлсэн энэ хотын дундуур Некар гол намуухан урсдаг нь амар амгалангийн орон мэт. Уулын энгэрт болоод голын эрэг дагуу баригдсан байшин барилгууд байгалийн үзэсгэлэнтэй өнгө хосолж, үлгэрийн ертөнцийг санагдуулдаг сан. Бас Белгийн Льеж хот байна. Модтой уулан дунд баригдсан барилга байгууламж дундуур төмөр зам, авто зам сүлжилдэн цогцлоосон байдаг. Энэ мэтчилэн уулын модон дотроо, голын эрэг дагаж суурьшин хөгжсөн дэлхийн том том хотуудыг дурдвал олон бий. Азийн улс орнууд тэр дундаа Солонгос, Хятадын хот, тосгод эрт цагаас ууландаа суурьшин амьдарч ирсэн түүхэн уламжлал ч бий. Тухайн он цагийнхаа дайн байлдаант нөхцөл байдал зэргээс шалтгаалж, хадархаг газар, өндөр ууланд төвхнөсөн тосгод ч байгаа. Одоо тэдгээр газрууд нь жуулчдын хөлд дарагддаг бүс нутаг болон хөгжиж байна.

Дэлхийн жишгээр бид Туул голоо дагаж хөгжихөөс гадна Богд уулынхаа ам болгонд суурьшлын бүс байгуулах хэрэгтэй. Хөндийнүүдээр нь хотууд сүндэрлэж, хүн ардынхаа амар тайван амьдрах бүс болгож яагаад болохгүй гэж. Энэ хотуудаа төвлөрсөн шугам сүлжээ, зам гүүр гээд дэд бүтцээр холбож хөгжүүлье. Ууландаа дугуйн болон явган хүний зам тойруулан барьж, тэр дагуу төвлөрсөн бие засах газар, үзвэр үйлчилгээний төвүүдийг байгуулах юм бол ард түмэн байгаль дэлхийтэйгээ улам ойртож чадна. Ингэж амьдарч байж бид уул, усаа хамгаалж, онгон дагшиныг нь хүртэл мэдэрнэ. Ер нь хүн хэрэглэж байгаа зүйлдээ гамтай ханддаг шүү дээ. Үүнтэй адил бид байгальдаа ойр амьдрах тусам хайрлан хамгаалах сэтгэлтэй болно. Гэтэл манайхан уул, усаа зураг мэт хөндлөнгөөс харж байх ёстой юм шиг хавьтуулдаггүй. Бид өргөн уудам нутагтай, байгалийн үзэсгэлэн цогцолсон оронд амьдарч байгаа гэж цээжээ дэлдээд байдаг хэрнээ тэр сайхныг нь үнэндээ мэдэрч, хүртэж, очиж чадахгүй байгаа нь эмгэнэл юм. Яг л ил захидал уншиж байгаагаас өөрцгүй байна. Ил захидлыг хүн эхнээс нь дуустал уншчихаад ураад л хаячихдаг шүү дээ. Үүнтэй адил уул, уснаасаа зугтаах тусам хэн нэгэн газрыг нь ухаж төнхөчсөн ч үхэн хатан тэмцэж чадахгүй. Ирээдүй хойчдоо “Тэр уулыг ухаад дууссан юм гэсэн. Энэ гол нь ширгэчихсэн байна лээ” гэж ярихаас цаашгүй. Харин уул, устай ойр амьдарснаар ядаж л эзэн суухаас гадна ан амьтад нь хүртэл хүнд дасдаг.

Дэлхий дахин байгаль экологитойгоо түшилцэн хөгжиж байна. Тэгвэл бид ой модоо эзэнгүйтүүлж, хар буруу санаатнууд хөндийлөх үүр болгож хувиргаад байгаа юм. Тийм болохоор байгальдаа ханддаг нүүдэлчин сэтгэлгээнээсээ салж, Богд ууландаа шигдэн амьдарч, Туул голоо дагуулж хотоо хөгжүүлмээр байна.


Онцлох нийтлэлүүд